Сүхбаатарын Батболд Batbold Sukhbaatar

RSS Feed Facebook Twitter YouTube Wikipedia

Ерөнхий сайд АНУ-ын БХЯ-ны газрын даргыг хүлээн авч уулзав

Нийтэлсэн: - 2010/08/20 18:37 - Мэдээ, мэдээлэл , Мэдээ

Ерөнхий сайд АНУ-ын БХЯ-ны газрын даргыг хүлээн авч уулзав Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд АНУ-ын Батлан Хамгаалах Яамны Ази, Номхон далайн бүсийн аюулгүй байдлыг хариуцсан газрын дарга, дэслэгч генерал Уоллес Грегсоныг 2010 оны наймдугаар сарын 20-ны өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд манай орны гуравдахь хөрш болох АНУ-тай хоёр талын иж бүрэн түншлэлийн хүрээнд ардчиллыг бэхжүүлэн хөгжүүлэхэд болон худалдаа, эдийн засаг, боловсрол, хүмүүнлэг, батлан хамгаалах салбарт харилцаа идэвхтэй хөгжиж байгааг тэмдэглэлээ.

Түүнчлэн олон улсын тавцан дахь хоёр талын хамтын ажиллагаа хөгжиж байгааг мөн онцоллоо. Өнөөдөр дэлхийн халуун цэгүүдэд монгол цэргүүд энхийг сахиулах үүргээ нэр төртэйгээр биелүүлж байна. Монгол Улс олон улс болон бүс нутгийн аюулгүй байдлыг бэхжүүлэхэд АНУ-тай хамтран ажиллаж байгаа бөгөөд тэр дундаа Ази, Номхон далайн бүсийн аюулгүй байдлыг сахин хамгаалах, бэхжүүлэхэд хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх боломжтой юм гэж Ерөнхий сайд хэллээ. Хоёр талын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны чухал илрэл нь 2004 оноос зохиогдож эхэлсэн “Хааны Эрэлд” хамтарсан цэргийн сургууль билээ.

Тус дадлага, сургууль нь монгол дайчдын ур чадварыг нэмэгдүүлэх, олон улсын зэвсэгт хүчний хамтран ажиллах чадварыг дээшлүүлэх ач холбогдолтойгоос гадна бүс нутгийн орнуудын цэргийн итгэлцэл, ойлголцлыг бэхжүүлэх үүрэгтэй юм гэдгийг Ерөнхий сайд мөн тэмдэглэлээ. Дэслэгч генерал У.Грегсон Монгол-Америкийн харилцаа, тэр дундаа хоёр талын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны түвшинг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлээд, энхийг сахиулах үйл хэрэгт Монголын үүрэг нөлөө дэлхийн хэмжээнд хүрснийг энэ дашрамд онцоллоо. Цаашид хоёр орны цэргийн салбарын харилцааг бэхжүүлэн хөгжүүлэх, энхийг сахиулах, олон улс, бүс нутгийн аюулүй байдлыг сахин хамгаалах, бэхжүүлэхэд хамтран ажиллах болно гэж У.Грегсон хэллээ

Prime Minister S.Batbold

УИХ-ын гишүүн С.Батболд иргэд, сонгогч та бүхэнтэй тогтмол холбоотой ажиллаж, таны санал бодлыг өөрийн үйл ажиллагаанд тусгаж, харилцан мэдээлэл солилцож ажил­лахыг чухалчилж байна.

Бусад цахим хуудсууд

Шинэчлэлийг мэйлээр авах