Ерөнхий сайд аялал жуулчлалд ээлтэй төрийн түшээ боллоо
Монголын аялал жуулчлалын холбоо Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдыг “Аялал жуулчлалд ээлтэй төрийн түшээ”–гээр шалгаруулж батламжийг нь гардууллаа. Засгийн газраас 2010 оны 4-р сарын 1-нээс эхлэн Японы иргэдэд 30 хоногийн хугацаатай визгүй зорчих эрх олгосны дүнд энэ онд тус улсаас ирсэн жуулчдын тоо 30 хувиар өссөн. Мөн ирэх оны 3-р сард ХБНГУ-ын Берлин хотноо болох “ITB 2011” үзэсгэлэнд оролцох зардлыг Засгийн газраас гаргахаар болж томоохон дэмжлэг үзүүлсэн.
Түүнчлэн Монгол Улс, Европын Холбооны хооронд “Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр” үзэглэсэн нь Европын стандартыг эх орондоо нутагшуулах, Европын зах зээлд гарах боломжийг нээсэн зэргийг нь үнэлж аялал жуулчлалд ээлтэй төрийн түшээгээр тодруулсан байна. Энэ шагнал төр, засгийн үйл ажиллагаа, бодлого шийдвэрийг дэмжин, нөгөө талаас аялал жуулчлалын салбарт тавих анхаарал, цаашдын хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэх урам итгэл өглөө гэж Ерөнхий сайд С.Батболд хэллээ. Өнгөрөгч 2008-2009 онд эдийн засгийн хямралын улмаас манай улсад ирэх жуулчдын тоо буурч байсан бол энэ оноос огцом өсч эхэлжээ