Ерөнхий сайд Баян-өлгий аймагт ажиллалаа
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболднаймдугаар сарын 4-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий хотод хүрэлцэн ирэв. Тэрбээр ирсэн даруйдаа Өлгий хотын иргэдтэй уулзан Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажил, цаашид хийхээр төлөвлөсөн зүйлийн талаар танилцуулж, иргэдийн санал бодлыг сонслоо. Өлгийчүүд Асгатын мөнгөний орд газрыг хэзээ эдийн засгийн эргэлтэд оруулах, алслагдсан бүсийн нэмэгдэл олгох боломж байгаа эсэх,1500 гаруй номтой номын санг байртай болгох талаар ихэвчлэн хөндөж ярилцаж байв.
Өнгөрсөн жилийн байгалийн гамшиг зуднаас сургамж авч малчдын бүлгэм, хоршоо зэрэг хамтын аж ахуйг хөгжүүлэх, малын үүлдэр угсааг сайжруулан эрчимжүүлэх, фермерийг дэмжих, сүргийн бүтцийг зохистой байлгах, тэжээлийн аж ахуйг өргөтгөн бэхжүүлэх, усалгаатай талбайг олшруулж хашиж хамгаалах зэрэг өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангахыг Ерөнхий сайд тэдэнтэй ярилцах зуур санууллаа. Баян-Өлгий аймагт малын гаралтай мах, сүү, ноос, арьс шир боловсруулах, загас олборлох боломж их байдаг аж. Энэ онд хуваарилсан 530 сая төгрөгийг үр ашигтай зарцуулна хэмээн аймгийн удирдлага ярьж байлаа.
Хэд хэдэн газарт гянт болд, алт, Асгатын мөнгө, Толбо сумын нутаг дахь холимог металлын, Булган сумын нутаг дахь төмрийн орд газрын хайгуул, судалгаа хийгдсэн байгаа юм байна. “Эдгээрийг эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэлээр орон нутгийн удирдлага, идэвх санаачлагатай ажиллах хэрэгтэй байна. Баян –Өлгий аймгийн бүх сум өндөр хүчдэлтэй, Улаан байшинт-Өлгий-Ховдын чиглэлийн хатуу хучилттай замын ажил үргэлжилж, Улаанбаатарыг баруун бүстэй холбох хугацаа наашилж байна. БНХАУ-ын Алтай аймгийг Баян-Өлгий аймаг, ОХУ-ын Уулын Алтайтай холбох 200 км хатуу хучилттай зам тавих яриа хэлэлцээ эхлээд байгааг Засгийн газар дэмжиж байгаа. Энэ нь Баян-Өлгий аймаг төдийгүй баруу бүсийн дэд бүтцийг цогцолбороор хөгжүүлэх сайхан төлөв юм.
Баян-Өлгий аймаг онгон байгаль, дэлхийд ховордсон ан амьтан, эртний түүхэн дурсгалууд, олон үндэстэн ястны өвөрмөц соёл, зан заншилтай ард түмэн. Үүнийгээ ашиглан аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж бий шүү. “ хэмээн Засгийн газрын тэргүүн онцолж байсан. Баян-Өлгийчүүд бүтээн байгуулалтын олон ажил хийжээ. Тухайлбал, 2009-2010 онд аймгийн хэмжээнд дэд бүтэц, гүүр барилгын салбарт 12 тэрбум төгрөгийн ажил гүйцэтгэсэн байна. Өлгий-Цагааннуурын хатуу хучилттай 30 км замыг үргэлжлүүлэн барих, Өлгий-Хашаатын чиглэлийн хатуу хучилттай замын ажлыг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээл буюу 13 тэрбум төгрөгийн төсөвтэйгөөр энэ оны гурав дугаар улирлаас эхлүүлжээ. Өлгий хотод нисэх буудлын 11,7 тэрбум төгрөгийн өртөгтэй хатуу хучилттай зурвас, 1,7 тэрбум төгрөгийн өртөгтэй Спорт цогцолборын барилгыг ирэх есдүгээр сард ашиглалтад хүлээн авахаар төлөвлөсөн байна.
Ерөнхий сайд хэлэхдээ, орон нутгийн удирдлагууд үүрэг хариуцлагаа сахиж, бие биенээ дэмжин, үг хэлээ ололцон ажлаа уялдуулж, хамтарч ажиллах нь чухал. Иргэдэд хүнд сурталгүй үйлчилж, ил тод шударга байх, ажлаа цалгардуулан зөрчил дутагдал гаргавал хариуцлагыг нь хүлээлгэдэг байх ёстой гэлээ. Аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын чанар, багш нарын мэдлэг мэргэжил дутмагаас сургуулийн үнэлгээгээр сүүлийн гурван жил бусад аймгуудаас сүүл мушгижээ. Үүнд анхаарах шаардлага байгааг гүйцэтгэх засаглалын тэргүүн хэлээд аймгийн төвийн сургуулийн барилгын байранд шаардагдах хөрөнгийг 2011 оны төсөвт суулгана гэж амалсан.
Тус аймгийн Хөгжимт драмын театрын техник тоноглолыг шинэчлэх, мэргэжлийн бүрэлдэхүүний тоог шаардлагын хэмжээнд хүргэх, шинээр бэлтгэх, давтан сургах, Домборын үндэсний найрал хөгжмийн оркестрыг сэргээн бэхжүүлмээр байна гэх Өлгийчүүдийн хүсэлтийг шийдвэрлэнэ хэмээн Ерөнхий сайд хэлэв. Аймгийн эрүүл мэндийн салбарт хүнд суртал, хариуцлагагүй байдал газар авсан тухай иргэдийн гомдол, шүүмжлэлд дүгнэлт хийж шат дараалсан ажил хийх шаардлагатай байгааг бас сануулж байлаа.
“Баян-Өлгий аймгийг хөгжүүлэх зорилт, чиглэл Монгол Улсын төр, засгийн анхаарлын төвд байнга байх болно. Анхаараад зогсохгүй шийдвэрлэх арга замыг нь ч хамтран эрэлхийлж, ажиллах болно “гэж Ерөнхий сайд хэлсэн үгийнхээ төгсгөлд тэмдэглэлээ. Тэрээр Өлгий суманд УАЗ-469 маркийн автомашин хүлээлгэн өгч, хоёр оюутанд Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг өгөхөөр болсноо дуулгалаа. Ерөнхий сайд С.Батболд дараа нь нутгийн төр, захиргааны байгууллагын ажилтнуудтай уулзаж, спорт цогцолборын барилгын ажлын явцтай танилцлаа. Засгийн газрын тэргүүн мөн өдрөө Баян-Өлгий аймгаас Ховд аймгийг зорилоо