Ерөнхий сайд БНСУ-д айлчилна
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд БНСУ-ын Ерөнхий сайд Ким Хван Шигийн урилгаар 2011 оны 3 дугаар сарын 23-26-нд БНСУ-д албан ёсны айлчлал хийнэ.
Айлчлалын үеэр Ерөнхий сайд С.Батболд БНСУ-ын Ерөнхий сайд Ким Хван Шигтэй хэлэлцээ хийж, БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мен Багт бараалхана. Мөн “Солонгос дахь Монголын жил”-ийн арга хэмжээг албан ёсоор нээнэ. Ерөнхий сайд С.Батболд БНСУ-ын төр, засгийн удирдлагатай Монгол Улс, БНСУ-ын “Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны Түншлэл”-ийн харилцааг гүнзгийрүүлэх, улс төрийн яриа хэлэлцээ, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэд зорчих нөхцлийг хөнгөвчлөх асуудлаар санал солилцож ярилцана.
Ерөнхий сайд С.Батболд мөн айлчлалын үеэр Солонгосын эдийн засгийн гол холбоодын тэргүүн нартай уулзаж, эдийн засаг, хөрөнгө оруулалтын асуудлаар санал солилцож, Монгол-Солонгосын бизнес эрхлэгчдийн уулзалтад оролцоно.
Айлчлалын үеэр Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болон анагаах шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тухай, Барилга, боомт, тээвэр, логистикийн салбарт хамтран ажиллах тухай, Төмөр замын салбарт хамтран ажиллах тухай, Яармаг орчмын шинэ орон сууцны хорооллын усан хангамжийн эх үүсвэрийг барих төсөлд БНСУ-ын КОЙКА байгууллагаас буцалтгүй тусламж олгох тухай, Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу БНСУ-д ажилчид илгээх тухай баримт бичгийг тус тус байгуулна.
Ерөнхий сайд С.Батболд Сөүлд байх хугацаандаа БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа монгол иргэдтэй уулзалт хийнэ.