Ерөнхий сайд ЖАЙКА-гийн сайн дурын гишүүдэд талархал илэрхийлэв
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд дэлхийн 85 оронд 35 мянган сайн дурын гишүүдээ илгээгээд буй ЖАЙКА-гийн сайн дурын гишүүдийг хүлээн авч уулзлаа. ЖАЙКА манай улсад 1991 оноос сайн дурын гишүүдээ томилж энэ хугацаанд 400 гаруй гишүүн томилогдон ажиллажээ. Сайн дурын гишүүд нь томилогдсон орныхоо ард иргэдэд Японы техник технологийн ололттой талыг хөгжиж буй орнуудын бүтээн байгуулалт, хүний нөөцийг хөгжүүлэхэд чиглэсэн “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд ажилладаг байна.
Ерөнхий сайд ЖАЙКА-гийн сайн дурын гишүүдэд хандаж “Анх Улаанбаатар хотоос эхэлсэн сайн дурын гишүүдийн үйл ажиллагаа эдүгээ хүрээгээ тэлж, Багануур дүүрэг, Дархан-Уул, Булган, Сэлэнгэ, Өмнөговь, Говьсүмбэр, Дорноговь, Сүхбаатар зэрэг 10 гаруй аймагт ажиллаж байна. Та бүгдийн нийгмийн бүхий л салбарыг хамарсан өргөн хүрээтэй үйл ажиллагаа нь монгол орны хөгжил төдийгүй манай хоёр орны харилцан ойлголцлыг нэмэгдүүлж, итгэлцлийг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэж, талархал илэрхийлье” гээд “Монгол орон, монголчуудын хэл соёл, зан заншлыг таньж мэдэн, Японы ард түмэнд түгээн хоёр орны ард иргэдийг холбосон гүүр байгаарай” гэж ерөөлөө.
2004 оноос Япон Улсын Засгийн газраас манай улсад үзүүлэх тусламжийн хөтөлбөрийг баталжээ. Тус хөтөлбөрт үндэслэн “Зах зээлийн эдийн засгийн тогтолцоог сайжруулах, боловсон хүчин бэлтгэхэд туслах”, “Хөдөө орон нутгийг хөгжүүлэх”, “Байгаль орчныг хамгаалахад чиглэсэн тусламж”, “Эдийн засгийн үйл ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн дэд бүтцийн хөгжил” зэрэг салбаруудад цэцэрлэгийн багш, бага ангийн багш, компьютерийн мэргэжилтэн, орон нутгийн хөгжлийн ажилтан, хог хаягдлын боловсруулалт, аялал жуулчлал, цахилгаан станцын тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ зэрэг мэргэжлээр сайн дурын гишүүд томилогдон ажиллаж байна. Уулзалтад Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кидокоро Такуо оролцлоо