Сүхбаатарын Батболд Batbold Sukhbaatar

RSS Feed Facebook Twitter YouTube Wikipedia

Ерөнхий сайд ноолуур, ноос боловсруулах салбарынхныг гэрийн даалгавраа хийхийг даалгалаа

Нийтэлсэн: - 2011/02/08 18:46 - Мэдээ, мэдээлэл , Мэдээ

Ерөнхий сайд ноолуур, ноос боловсруулах салбарынхныг гэрийн даалгавраа хийхийг даалгалааМонгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр үдээс хойшхи ажлын цагаа ноолуур, ноос, арьс шир боловсруулах салбар болон ой модны үйлдвэрлэлийн салбарын үйлдвэрлэгчидтэй уулзахад зарцууллаа. Эдийн засагт үр өгөөж ихтэй, ажлын байрыг илүү олноор нэмэгдүүлэх боломж бүхий хөнгөн үйлдвэр тэр дундаа ноос, ноолуур боловсруулах салбарын үйлдвэрлэгчидтэй Засгийн газрын тэргүүн эхлээд уулзаж салбарын хөгжлийн талаарх тэдний байр суурь, тодорхой саналыг сонслоо.

Засгийн газрын тэргүүн уулзалтын эхэнд өнгөрсөн жил хийж бүтээсэн, суурийг нь тавьсан ажлуудаа үр дүнд хүргэж, ажлын байр хөдөлмөр эрхлэлтийг бодитой нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллах зорилгоор Засгийн газраас 2011 оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилээр зарласан. Магадгүй уул уурхайн салбараас ч урт хугацаанд, илүү үр өгөөжтэй байж чадах хөнгөн үйлдвэр, тэр дотроо ноос ноолуурын салбарынханд зах зээлд өрсөлдөх боломж бололцоо их байна. Харин энэ боломжийг тус салбарынхан бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байгаа талаар дурдаад хөнгөн үйлдвэрийн салбарт Засгийн газар онцгой анхаарч туулай жилийн гараан дээр тэднийг хүлээн авч уулзан санал солилцож байгаагаа хэлсэн юм.

Төр засгийн гол үүрэг бол зах зээлийн боломжийг нь нээж өгөх явдал. Харин тухайн салбарынхан энэхүү боломжийг ашиглах тал дээр идэвх санаачилгатай ажиллахыг уриаллаа. Ингэхдээ нэгдсэн бодлого хөтөлбөр гаргаж өмнөө тулгарч байгаа асуудлаа цогцоор нь шийдэж байж салбар өөрөө хурдацтай урагшилж хөгжинө. Та бүгд татвар тогтоогоод бага хүүтэй зээл өгчихвөл бүх зүйл болчих юм шиг яриад байна. Боловсон хүчин бэлтгэх, ажлын байр бий болгох зэрэг нийгмийн хариуцлагаа ухамсарлах ёстой гэлээ.

Зах зээлд боломж бий болгох тал дээр салбарынхан өөрсдөө идэвх санаачилгатай ажиллахыг Засгийн газрын тэргүүн уриаллаа. Тэдний үйлдвэрлэлийн бүтэц зохион байгуулалтын талаар хоршиж хамтарч ажиллах санал гаргаж буйг дэмжээд энэ саналыг ажил хэрэг болгохдоо  төр, засаг удирдан чиглүүлэх биш төрийн бус мэргэжлийн холбоод, үйлдвэрлэгч нар илүү идэвх санаачилгатай ажиллах ёстойг тэмдэглэлээ. Ингэхдээ Засгийн газраас салбарын бодлогыг хэрэгжүүлэх, хэрэгжилтэд нь хяналт тавихдаа мэргэжийн холбоодыг илүү түлхүү оролцуулж байх зорилт тавьж ажиллаж байгаагаа дурдлаа.

Ноолуурын салбар манай улсад ямар ач холбогдолтой талаар ном хаялцахаасаа илүүтэй цаашид ямар ажил хийх гэх мэт санал санаачилгатай ирж, ажил ярьсан уулзалт хийхийг тэдэнд анхаарууллаа. Ингэхдээ Ерөнхий сайд “Нийгэм, улс төр, эдийн засаг, гадаад зах зээл гэхчлэн бүхий л салбарт ноолуурын салбар ямар ач холбогдолтойг бүгд мэднэ. Тиймээс энэ удаагийнх шиг улс төржихөө больё. “Монгол ноолуур” нэгдлийн бүтэц зохион байгуулалт ямар байх юм, үүнд засгийн ямар оролцоо, дэмжлэг шаардлагатай байна гэхчлэн тодорхой санал боловсруулан энэ сарын сүүлээр болох Засгийн газрын хуралдаанд оруулж ирэхийг ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай болон ноолуур, ноос боловсруулах салбарын үйлдвэрлэгчдэд үүрэг болголоо.

Газар тариалангийн салбарт тухайлбал, гурил, будааны импортын татварт НӨАТ тавьж байгаа шиг ноос, ноолуурын салбарт ч импортыг хязгаарлах талаар төрийн бодлого гаргаж болно гэдгийг Ерөнхий сайд С.Батболд илэрхийлээд үйлдвэрлэгчид, холбоод нэгдээд энэ асуудлаар санал боловсруулах, үйлдвэрлэгчид мэргэжлийн холбоондоо ач холбогдол өгч, бодлого боловсруулах  чадавхийг нь нэмэгдүүлэх шаардлагатай, эдгээрт төрөөс ямар дэмжлэг хэрэгтэй байгаа талаар асууж сонирхлоо.  Энэчлэн бодитой ажил хэрэгч саналуудтай уулзалтад ирж байхыг дахин анхааруулаад уул уурхайн салбарынхан илүү санаачилгатай ажиллаж байгааг жишээ болгож байлаа.

Ерөнхий сайд энэ уулзалтын үеэр ноос, ноолуурын үйлдвэрүүд нэгдээд төр засгийн дэмжлэгтэйгээр хөнгөн үйлдвэрийн мэргэжил сургалт үйлдвэрийн төв байгуулах боломж байгаа талаар лавлаад Мянганы сорилтын сангаас ийм төв байгуулах, мэргэжилтэй ажилчин бэлтгэхэд ихээхэн хөрөнгө зарцуулж байна. Гэтэл танай холбоо санал өгөөгүй гэдгийг онцлон хэлээд “Аливаад бүтээлч талаас нь хандаач ээ. Бүгд л их гоё яриад байдаг. Бүгд улстөрч баймааргүй байна. Тодорхой ажил, санал л яримаар байна. Ажлын сайн санал өгөөч, энэ өрөөнд улс төрийн мэдэгдлүүд сонсмооргүй байна. Одоо эндээс гараад ярилц, тодорхой саналууд боловсруул. Ингэж чадвал дараа хийх уулзалт техник эдийн засгийн үндэслэл ярьсан ажил хэрэгч уулзалт болно гэлээ. Ингэхдээ тэрбээр “Та бүхнийг дэмжье гэсэндээ ийм хатуу үг хэллээ шүү” гэж байлаа.

Нэг удаагийн шийдлээр бүгдийг төгс төгөлдөр шийдэж чадахгүй, боломж ч байхгүй. Хамтарч ажиллах үйл ажиллагааны эхлэл, үүнийг төрийн бодлоготойгоор урагшлуулах суурь уулзалт боллоо. Энэ салбарын ажлыг бага багаар урагшлуулах боломж, шаардлага байгаа. Болж өгвөл томхон ахиулах боломжийг эрэлхийлж байгаагаа Ерөнхий сайд С.Батболд уулзалтад ирсэн хүмүүст хандаж хэллээ.

Уулзалтад “Ээрмэл”, “Буян”, “Гоёо”, “Алтай кашмир”, “Сор кашмир”, “Ханбогд кашмир” ХХК болон “Эрдэнэт хивс”, “Монгол нэхмэл” ХК-ийн гүйцэтгэх захирлууд болон ХХААХҮЯ, Сангийн яам, Монгол банкнаас албаны хүмүүс оролцлоо

Prime Minister S.Batbold

УИХ-ын гишүүн С.Батболд иргэд, сонгогч та бүхэнтэй тогтмол холбоотой ажиллаж, таны санал бодлыг өөрийн үйл ажиллагаанд тусгаж, харилцан мэдээлэл солилцож ажил­лахыг чухалчилж байна.

Бусад цахим хуудсууд

Шинэчлэлийг мэйлээр авах