Ерөнхий сайд сайхан бичигтэнд шагнал гардуулав
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд “Монголын сайхан бичигтэн-2009” улсын уралдааны шагналтнуудад шагнал гардууллаа. Уралдаанд 21 аймаг, нийслэлийн дүүрэг бүрээс нийт 1000 орчим сайхан бичигтэн бүтээлээ ирүүлж дөрвөн ангилалд өрсөлджээ. Төв аймгийн Жаргалант сумын дунд сургуулийн монгол хэлний багш Б.Сэнгээ мэргэжлийн багш нарын дундаас шалгарсан бол уралдааны хамгийн олон оролцогчтой 1-10 ангийн сурагчдаас “Их засаг” лицей дунд сургуулийн наймдугаар ангийн сурагч А.Анармаа тэргүүлжээ.
Харин насанд хүрэгчдийн ирүүлсэн бүтээлээс МУИС-ийн Монгол хэл, соёлын сургуулийн Эх бичиг судлалын хоёрдугаар дамжааны оюутан Э.Эрдэнэзуугийн бүтээл шалгарсан байна. Монгол бичгээр дагнасан, долоо хоног тутмын “Хүмүн бичиг” сониноос зохион байгуулдаг энэ уралдаанд ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчид МУИС, МУБИС-д элсэх урилга, төрийн сангийн 100 хувийн тэтгэлгээр суралцах эрхийн төлөө өрсөлддөг ажээ. Энэ ангиллын эхний хоёр байрт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Хоёрдугаар дунд сургуулийн сурагч Б.Лхамхүү, Завхан аймгийн Баянхайрхан сумын дунд сургуулийн сурагч Б.Лхагважав нарын дөрвөн хүүхэд шалгарсан байна.
Сайхан бичигтнүүдэд шагнал олгосон Ерөнхий сайд С.Батболд тэдэнд хандаж “Уламжлалт сайхан бичгээ сурталчилж, ард түмэндээ хүртээл болгох ариун үйлсийг түгээж байгаа багш, сурагч та нартаа баяр хүргэхээр Засгийн газрын хуралдаанаас завсарлага аваад ирлээ. Үүх түүх, бичиг соёлоо бид ахмадуудаасаа өвлөсөн, хойч үеийнхэндээ нандигнан уламжлуулах үүрэгтэй. 11 ангийнхны өрсөлдсөн ангиллаас нэг, хоердугаар байр эзэлсэн дөрвөн сурагчийг Төрийн сангийн тэтгэлгээр сурах эрхээр шагнадаг байсан бол энэ удаад гуравдугаар байрт шалгарсан дөрвөн хүүхдэд мөн ийм боломж олгож байна” хэмээн хэллээ. Ерөнхий сайд дараа нь МОНЦАМЭ агентлагийн Мэдээллийн төвд дэлгэсэн “Монголын сайхан бичигтэн-2009” уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг үзэж сонирхов