Ерөнхий сайд С.Батболдын айлчлал Монгол улс, БНХАУ-тай нэг зиндаанд харьцах суурийг тавилаа
Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд БНХАУ-д албан ёсны айлчлал хийгээд ирсэн билээ. Тус айлчлалын үр дүнгээр өнөөдөр хэвлэлийн бага хурал хийв. Хэвлэлийн бага хуралд Сангийн сайд С.Баярцогт, БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр, Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх О.Оч, ГХЯ-ны стратеги төлөвлөлт, хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга Г.Батжаргал нар хүрэлцэн иржээ. Юуны өмнө Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдын тус улсад хийсэн айлчлал нь хоёр орны сайн хөршийн харилцан итгэсэн түншлэлийн харилцааг стратегийн түншлэлийн харилцаанд хүргэснээрээ түүхэнд үлдэх, ач холбогдолтой айлчлал боллоо гэж Сангийн сайд С.Баярцогт тодотголоо. Улс төрийн итгэлцлийг бэхжүүлэх, хамгийн гол нь худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг чанарын шинэ түвшинд гаргах,хүмүүнлэгийн солилцоог идэвхжүүлэх, олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх нь Монгол Хятадын стратегийн түншлэлийн гол агуулга ажээ. Айлчлалын хугацаанд Ерөнхий сайд С.Батболд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябаотай хэлэлцээ хийж, хоёр талын 10 баримт бичигт гарын үсэг зурсан нь эдийн засгийн харилцаанд өөрчлөлтийг авчирсан баримтууд боллоо хэмээн Сангийн сайд дурьдаж байна. 500 сая ам.долларын хөнгөлттэй зээлийн нөхцөлийг талууд тохирч, ерөнхий хэлэлцээрт гарын үсэг зурсан бөгөөд Хятадын тал 100 хувь санхүүжүүлэх ажээ. Урьд нь Хятадын талаас олгож байсан зээлийн нөхцөл хатуу байсан төдийгүй 100 хувь бие дааж санхүүжүүлж байсан түүх үгүй юм. Мөн төслийн гүйцэтгэгчээр урьд өмнөх жишгээр бол Хятадын компаниуд давуу эрхтэй оролцож байсан бол энэ удаад Монгол хятадын оролцоо тэнцвэртай байхаар Ерөнхий сайдын энэ айлчлалаар тохиролцсон нь онцгой ач холбогдолтой яриа хэлэлцээ байлаа гэж Сангийн сайд С.Баярцогт тодотголоо. Манай тал 500 сая ам.долларын энэ зээлийг хөдөө аж ахуй, дэд бүтэц, нийгмийн салбарт ашиглах юм байна. Мөн энэ удаагийн айлчлалаар хятадын талаас үзүүлэх буцалтгүй тусламжийн хэмжээ ихэсч, 60 сая юаныг өгөхөөр болсон нь бодлогын хувьд том хэмжээний өөрчлөлтийг авчирлаа хэмээн С.Баярцогт сайд тэмдэглэлээ. Нэг удаагийн тусламжаар 60 сая юаныг хятадын тал манайд өгч байсан түүх бас үгүй юм. 320 сая юаны буцалтгүй тусламжийн үлдэгдэл хэсгийг Оюутны хотхон, Бээжингийн гудамжны тохижилт зэрэгт зарцуулахаар болж байгаа аж. Айлчлалын хүрээнд Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд БХАТИХ-ын байнгын хорооны дарга У Бангуо, БНХАУ-ын дэд дарга Си Жиньпин нартай тус тус уулзаж, хоёр улсын харилцааны болон харилцан сонирхсон олон улс, бүс нутгийн өргөн хүрээтэй асуудлаар санал солилцож тодорхой үр дүнд хүрлээ. Хоёр улсын хамтарсан бизнес форум болж, 600-д бизнес эрхлэгчид оролцсоноос гадна Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд Циньхуагийн их сургуульд зочилж, “ Зүүн Хойд азийн эдийн засгийн хамтын ажиллагаа ба хөгжлийн асуудал” сэдвээр лекц уншиж, монгол оюутнуудтай уулзалт хийсэн байна. Харин БСШУ-ны сайд Ё.Отгонбаярын хэлснээр хоёр улсын боловсролын салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурсан байна. Таван жилээр хийж буй энэ хамтын ажиллагааны үр дүнд энэ оны хувьд 400 гаруй монгол оюутан бакалавр, магистр, докторын зэргээр тус улсад суралцахаар болжээ. Мөн түүнчлэн айлчлалын хугацаанд Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд тус улсын “ Яньшань” нефть боловсруулах үйлдвэртэй танилцсан бөгөөд газрын тос олборлох, боловсруулах, нефть бүтээгдэхүүн, шатахуун нийлүүлэх,үйлдвэрлэх асуудалд урт хугацаанд тогтвортой байдлаар хамтран ажиллахаар болсон гэдгийг Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх О.Оч хэвлэлийн бага хурлын үеэр нэмж тодотголоо. Газрын тос боловсруулах үйлдвэр барихад хятадын талаас шаардлагатай санхүүжилт, техникийн дэмжлэг үзүүлэхийг хүссэн манай саналыг тэд нааштай хүлээн авчээ. Орос хятадын хооронд барих байгалийн хийн хоолой, өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугамыг Монголын нутгаар дамжуулах Монгол улсын Ерөнхий сайдын саналыг тэд судалж үзэхээр болсон байна. Улаанбаатар- Бээжингийн чиглэлийн хурдны галт тэрэг явуулах боломжийн талаарх саналыг ч идэвхтэй судалж үзнэ гэдгээ амалжээ. 1949 оноос хойш манай улс төмөр замын шинэ урсгал, хурдны галт тэрэг барих тухай асуудлыг урд хөрштэйгөө ийнхүү ярьж эхэллээ. Мөн байгаль орчинд ээлтэй, өндөр технологид тулгуурлсан хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг бодлогоор дэмжихээ ч илэрхийлсэн байна. Харин Гонконгд хийсэн айлчлалын хувьд Монгол улсын Ерөнхий Консулын газрыг тус улсын Засаг захиргааны онцгой бүсд нээж, Улаанбаатар- Гонконгийн хооронд шууд нислэгтэй болсон нь онцлог боллоо гэдгийг хэвлэлийн бага хурлыг зохион байгуулагчид тэмдэглэлээ. Дэлхийн санхүүгийн төв болох Гонконгд Монголын компаниуд арилжаанд оролцож эхлэх боломж бүрдэв. Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдын БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлал манай улсын урд хөрштэйгөө харилцах харилцаанд ийнхүү түүхэн хуудас нээлээ. Индонезийн хувьд Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын Зүүн азийн хуралдаанд хүндэт зочноор оролцсон аж. Тайланд, Сингапурын ерөнхий сайд нар оролцсон тус хуралдаанд Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд шинэ эрсдэлд Монгол улс ямар хариу өгөх вэ сэдвээр гол илтгэл тавьсан байна. Түүнчлэн тус улсын Ерөнхийлөгчид бараалхаж, санал бодлоо солилцсон байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.