Ерөнхий сайд С.Батболдын айлчлал хоёр орны харилцааг шинэ шатанд гаргалаа
В.Путин монголоор “ Тохирлоо” гэж хэлсэн нь дуулгах сонины нэг яах аргагүй мөн биз ээ -
ОХУ-д албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын айлчлалыг Монгол Оросын харилцааг шинэ шатанд гаргалаа гэж хоёр тал дүгнэжээ. Ерөнхий сайд С.Батболдын хувьд Засгийн газрын тэргүүн болсноосоо хойш хойд хөршдөө хийж байгаа анхны айлчлал бөгөөд гадаад харилцааг эдийн засагжууллаа гэдэг дүгнэлтээр айлчлалын ач холбогдлыг цэгнэж байна. Монгол Оросын харилцаанд байсан тодорхойгүй асуудлуудад энэ айлчлал цэг тавьж, цаашид олон зүйл яаж хөгжих нь тодорхой боллоо гэдгийг хоёр тал онцлон тэмдэглэсэн байна. Тэр ч байтугай ОХУ-ын Засгийн газрын тэргүүн В.В.Путин манай ерөнхий сайд С.Батболдтой хэлэлцээ хийх үеэрээ монголоор “ Тохирлоо ” гэдэг үгийг хэлсэн нь энэ айлчлалын дуулгах сонины нэг яах аргагүй мөн биз ээ.
Монгол-Оросын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг 2011-2015 онд хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх, Монгол Улсын эдийн засагт мэдэгдэхүйц үүрэг гүйцэтгэж байгаа монгол-оросын хамтарсан үйлдвэрүүд болох “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн үр ашгийг дээшлүүлэх нэмэлт арга хэмжээ боловсруулахаар талууд тохиролцож чадсан байна. Мөн монгол-оросын “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дүрмийн санг тэнцүү хэмжээгээр хуваарилж, эхний ээлжинд ОХУ дүрмийн сандаа 125 сая ам.доллар оруулах манай саналыг таатай хүлээн авчээ. Энэ нь тус газрыг ихээхэн хэмжээгээр шинэчлэх боломж олгож, Монгол Улсын төмөр замын дэд бүтцийн хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тус дөхөм болох нь гарцаагүй юм.
2011 оны хавар зуны улиралд үйл ажиллагаа явуулах боломжийг харгалзан Монголын нөөц баялгийг олборлож ашиглах хүрээнд монгол оросын “Дэд бүтцийн хөгжил” ХХК болон түүний түншүүд “УБТЗ”-тай холбогдох шинэ төмөр зам байгуулах ажилд оролцох нөхцөл, мөн Монгол Улсаас уул уурхайн бүтээгдэхүүнийг Оросын Холбооны Улсын алс дорнодын боомтуудад дамжин тээвэрлэх, түүний дотор төмөр замын урт хугацааны хөнгөлөлттэй тариф тогтоохтой холбогдсон асуудлуудыг ч тохиролцож чаджээ. Тохиролцсон зарчмуудын үндсэн дээр хамтарсан “Дорнод уран” ХХК-ыг үүсгэн байгуулах тухай баримт бичгүүдэд гарын үсэг зурсан байна.
Хөдөө аж ахуйн салбар дахь хил орчмын болон бүс нутгийн харилцан ажиллагааны боломж болон Оросын Холбооны Улсад нийлүүлэх монгол мах, махан бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх зорилгоор монгол малыг эрүүлжүүлэх хүч чармайлтад онцгой анхаарал хандуулан хоёр улсын харилцааны уламжлалт чиглэлүүдийн нэг болох энэхүү салбарт хамтын ажиллагаа хөгжүүлэх, Монгол Улсын Засгийн газрын “100000 айлын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд оросын барилгын компаниудыг үргэлжлүүлэн оролцуулах тухай монголын талын саналыг шуурхай авч үзэх, Монгол Улсын Оросын Холбооны Улс дахь, Оросын Холбооны Улсын Монгол Улс дахь үл хөдлөх хөрөнгийн асуудлууд болон газар ашиглах нөхцлийн талаар харилцан хүлээн авч болохуйц шийдвэрийн хувилбаруудыг олох ажлыг үргэлжлүүлэх; хоёр улсын үндэсний хууль тогтоомжтой нийцүүлэн Улаанбаатар, Дархан хотод байгаа орон сууцны найман байрыг Оросоос Монголд үнэ төлбөргүй шилжүүлэн хүлээж авах баримт бичгүүдийг ч энэ хэлэлцээрийн үеэр хөндөж, шийдвэрлэж чадсан байна