Ерөнхий сайд С.Батболдын “Аялал жуулчлал XXIзуун” үндэсний чуулганы нээлтийн ажиллагаанд хэлсэн үг
“Аялал жуулчлал XXIзуун” үндэсний чуулганы эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,
Хатагтай, ноёд оо,
Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэн мэндчилье.
Улс орны маань хөгжилд томоохон хувь нэмэр оруулах болсон аялал жуулчлалын салбарын төлөөлөл Та бүхэн үндэсний чуулганаа зохион байгуулж, тулгамдсан асуудлаа хэлэлцэн шийдвэрлэж ойрын болон хэтийн зорилтоо тодорхойлж байгаад талархал илэрхийлье. Даян дэлхийн даяаршилын нөлөөгөөр олон улсын аялал жуулчлал жилээс жилд өсөн нэмэгдэж, хамгийн хурдацтай хөгжиж байгаа эдийн засгийн салбар, мөн олон улсын чанартай экспортын томоохон үйлдвэрлэлд тооцогдох болжээ. Аялал жуулчлалын байгууллагын албан ёсны мэдээнээс үзвэл дэлхий дахины дотоодын нийт бүтээгдэхүүний 5 гаруй хувь, нийт экспортын 6 орчим хувийг аялал жуулчлалын салбар дангаараа үйлдвэрлэдэг болж. Олон улсын жуулчдын тоо 2011 онд 980 саяд хүрч өмнөх оноос 4,4 хувиар өсчээ.
Өөрөөр хэлбэл Японд болсон байгалийн гамшиг, Ойрхи дорнод, Хойд Африкийн улс төрийн нөхцөл байдлын өөрчлөлт зэргээс үл хамаарч шинэ өсөлтийг үзүүлсэн бас онцлогтой гэж үзэж байна. Энэ өсөлт нь 2012 онд үргэлжилж нэг тэрбумд хүрэх тооцоо гарсан байна. Аялал жуулчлалын салбар ийнхүү өсч, түүнээс олох орлогын хэмжээ нэмэгдэхийн зэрэгцээ ажлын байр, эдийн засгийн шинэ боломжуудыг нээж байгаа юм. 2011 онд Ази Номхон далайн орнуудад ирсэн гадаадын жуулчдын тоо 11 саяар нэмэгдэж 216 саяд хүрсэн байна. Харин сүүлийн 3 жилд Монголд ирсэн жуулчдын тоо 11 хувь, аялалжуулчлалаасолсонорлого32,5 хувиар нэмэгдсэн байна. 2011 оны байдлаар аялал жуулчлалын салбарын нийт орлого 280 гаруй сая ам.доллар болж, дотоодын нийт бүтээгдэхүүний 5 орчим хувийг эзэлж, энэ салбарт 25мянга орчим ажлын байр бий болоод байна.
Аялал жуулчлалын салбарын энэхүү өсөлтийг даган шийдвэрлэх ёстой асуудал бэрхшээл ч урган гарах боллоо. Бидний өмнө тулгамдаж байгаа асуудал бэрхшээл бүрийг шийдвэрлэж байж л энэхүү салбарын хөгжлийг эрчимтэй нөхцөл бүрдэнэ. Тийм учраас Засгийн газар аялал, жуулчлалын салбарын хөгжилд илүү их анхаарч байна. Энэ салбарын тогтвортой хөгжлийг хангахад төрөөсиргэдийнхээ бизнес эрхлэх, хөрөнгө оруулалт хийх таатай орчин нөхцөл бүрдүүлэх, ядуурал ажилгүйдлийг бууруулахад аялал жуулчлалын салбар голлох үүрэг гүйцэтгэх ёстой гэж үзэж байна. Ингэснээр байгаль, экологид ээлтэй ногоон эдийн засгийн хөгжлийг дэмжих, тэргүүлэх салбар болгох учиртай юм.
Манай улсын хөгжлийн томоохон баримт бичигүүдэд аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлэх стратеги дэвшүүлсэнийг Та бүхэн сайн мэдэж байгаа. Энэ хүрээнд жуулчин тээвэрлэх болон хүлээн авах хүчин чадлыг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын гол бүс нутгийн зам харилцаа, холбоо, эрчим хүчний хангамжийг сайжруулах, томоохон цогцолборуудыг барьж байгуулах, аялагч, жуулчдын сонирхлыг татсан бүсүүдийг төрөлжүүлэн хөгжүүлэх, үйлчилгээний чанарыг олон улсын жишигт хүргэх зорилтуудыг тавьсан. Эдгээр зорилтууд маань ямархуу түвшинд хэрэгжиж байна вэ? аль асуудалд нь ямар хөрөнгө оруулалт хэрэгтэй, төрийн ямар дэмжлэг шаардлагатай байгаа, хувийн хэвшлийнхэнд ямар боломжийг бүрдүүлж өгөх талаар Та бүхнийг саналаа илэрхийлж байр сууриа нэгтгэсэн гэдэгт итгэж байна. Энэхүү үндэсний чуулганы дагуу манай Засгийн газар шаардлагатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх болно.
Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын төсөөлөлд дурьдснаар аялал жуулчлалын чиг хандлага Зүүн Азийн орнуудад чиглэгдэж, манай хөрш улсуудад зочлогчдын тоо эрс нэмэгдэх бодит боломжийг Та бид алдалгүй ашиглах ёстой. Монгол Улс энэ бүс нутагт хамрагдаж байгаа орны хувьд XXI зууны дэлхийн аялал, жуулчлалын хөгжлийн чиг хандлагыг судалж, тэргүүлэх салбарын хэмжээнд хөгжүүлэх эрх зүй, эдийн засгийн орчныг бүрдүүлж, үр өгөөжийг нь нэмэгдүүлэх шаардлага бий болж байна. Түүнчлэн манай Засгийн газар Япон улсын жуулчдад визгүй зорчих хөнгөлөлтийг үзүүлсэн нь Зүүн өмнөд Азийн бүсэд харилцан жуулчлах нөхцөл боломжийг нээж байгаа хэрэг юм. Энэ боломжийг манай аялал жуулачлалын байгууллагууд өргөнөөр ашиглах ёстой.
Эрхэм зочид, төлөөлөгчид өө,
Монгол Улсын аялал жуулчлалын салбар хөгжлийнхөө эхний хүндхэн үеийг ардаа орхиж хөгжлийн шинэ шатанд гарлаа. Хөгжлийн энэхүү шинэ шат нь манай улс байгалийн нөөц баялагаа олборлох, мэдлэгт суурилсан эдийн засаг, бүтээлч үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлэх цаг үед таарч байна. Энэ боломж, бололцоог ашиглахийн төлөө хамтран ажиллах хэрэгтэй. Тиймээс аялал жуулчлалын салбарын хөгжлийн зарим асуудлаар Та бүхэнтэйгээ саналаа хуваалцъя.
Нэгд: Аялал жуулчлалын хөгжлийн бодлого нь үйлдвэрлэл, үйлчилгээ, байгаль орчин, соёл урлаг, түүх соёлын өвийн асуудалтай холбогдож тэдгээрээс хамаарч байдаг. Жуулчин тээвэрлэх, хүлээн авах дэд бүтцийн хөгжил сул, тээврийн төрөл, хэлбэр зохистой хүрэлцээгүй, виз авах нөхцөл хүндрэлтэй, жуулчдын сонирхлыг татах бүтээгдэхүүн ховор, үйлчилгээний чанар харьцангуй муу, бүтээгдэхүүний үнэ өндөр, жуулчны улирал богино гэх зэрэг хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэхийн тулд эдийн засаг, эрх зүйн таатай орчин, бодит боломжийг бүрдүүлэх шаардлагатай юм. Аялал жуулчлалын салбарт төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, салбар хоорондын зохицуулалт, үүрэг хариуцлагыг тодорхой болгохын тулд аялал жуулчлалын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай.
Мөн аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын таатай орчинг бүрдүүлэх, томоохон цогцолборыг барьж байгуулах, маркетингийн оновчтой бодлого боловсруулж хэрэгжүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг тусган “Аялал жуулчлал” нэртэй үндэсний шинэ хөтөлбөрийг боловсруулж, батлуулах үүрэг чиглэл өгч байна.
Хоёрт: Аялал жуулчлал нь даяаршилын эрин үед нэг улс орны төдийгүй олон улсын шинж чанартай болж, үндэстэн дамнасан, хоршсон хэлбэрт шилжиж байна. Ийм нөхцөл байдалд бүс нутаг, олон улсын хэмжээнд монголын аялал жуулчлалын салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилт тулгарч байна.
Гадаадын жуулчдыг хүлээн авахын зэрэгцээ дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, монголчуудыг гадаадад жуулчлуулах нь өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхэд ихээхэн түлхэц болно. Дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд салбарын яам, аймаг, нийслэлийн Засаг дарга ихээхэн санаачлага гарган хамтран ажиллаж ахиц дэвшил гаргах цаг болсон. Дотоодын аялал жуулчлал бол хүн ардыг соён гэгээрүүлж, ашиг орлогоо нэмэгдүүлэхээс гадна нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, ажлын байр бий болгох, ядуурлыг бууруулах онцгой ач холбогдолтой.
Нөгөө талаас аялал жуулчлалын их түрэлтийг дагалдан хууль бус мөнгө угаах, хар тамхи, мансууруулах бодис түгээх зэрэг улс үндэстэн дамнасан гэмт хэрэг, нийгмийн шинж чанартай өвчин дэлгэрч байгааг бодлого, үйл ажиллагаандаа анхаарч ажиллах шаардлагатай. Тогтвортой хөгжлийн нийтлэг зарчмыг мөрдлөгө болгоогүй аялал жуулчлал нь хүрээлэн буй орчин, байгалийн нөөц баялаг, соёлын өв, үндэсний уламжлал, зан заншил, үнэт зүйлст хохирол учруулах аюултай байна. Тиймээс аялал жуулчлалын үйлдвэрлэлд байгаль орчин, нутгийн иргэдийг дэмжсэн хариуцлагатай хэлбэрийг сонгон бэхжүүлж, олон улсын стандартад хүргэх хэрэгтэй.
Гуравт: Жуулчдын сонирхлыг татах бүтээгдэхүүний асуудал бидний анхаарлын төвд байх учиртай. Манай улсад онгон дагшин байгаль, дэлхийд ховор нүүдэлчдийн ахуй, амьд соёл, зан заншил, газар дээрээ болон доороо түүхийн гайхамшигт дурсгалууд үелээстэй байгаагаараа бид зүй ёсоор бахархдаг. ЮНЕСКО үүнийг хүлээн зөвшөөрч Монголын өв соёлын арав гаруй үнэт зүйлсийг дэлхийн өвөөр бүртгэн авч, хүн төрөлхтний ирээдүй хойчийн тусын тулд хадгалан хамгаалах ёстой гэж дэлхийд зарлан тунхагласан билээ. Гэтэл бид гайхамшигт өв соёлоо хадгалан хамгаалах, сэргээн засах, шинэчлэн бүтээх, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох, сурталчилан алдаршуулахад хангалттай ажиллаж чадаагүй байна. Сүүлийн жилүүдэд түүх, соёлын үнэт дурсгалуудыг хууль бусаар ухаж төнхөх, тонох, эвдэн сүйтгэх, улмаар музейн үзмэрийг хулгайлах, наймаалах явдал оршсоор байна.
Мөн уул уурхайн үйл ажиллагаатай холбоотойгоор байгалийн унаган төрхийг алдагдуулах, түүх соёлын үнэт зүйлс, түүний орчныг бохирдуулах хандлага ч нэмэгдэх хандлагатай боллоо. Иймээс байгаль, соёлын өвийг хамгаалахад бүх нийтийн анхаарлыг хандуулах, аялал жуулчлалын дорвитой бүтээгдэхүүн бий болгох, үндэсний соёлын парк, палентеологийн орд болон томоохон археологийн дурсгалт газруудад нээлттэй музей түүх, соёлын томоохон цогцолборууд барьж байгуулах зэрэгт Засгийн газар дэмжлэг үзүүлж ажиллах болно.
Дөрөвт: Аялал жуулчлалын байгууллага, зочид буудал, жуулчны бааз, амралт аялал жуулчлалын цогцолборуудын үйлчилгээ, хөтөч, тайлбарлагчийн соёл, зан ааш, мэдлэг, ур чадвар нь Монгол улсын нүүр царай болдог. Тиймээс олон улсын стандартад нийцсэн үйлчилгээний байгууламж барьж ажиллуулах, мэргэжилтнүүдийн чадварыг сайжруулах шаардлага тулгарч байна. Энэ чиглэлээр төрөөс дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, татварын хөнгөлөлт үзүүлэх, хөнгөлөлттэй зээл олгох, тухайлбал, жижиг дунд үйлдвэрлэлийн хөтөлбөрт аялал жуулчлал эрхэлдэг байгууллага, компани, төрийн бус байгууллага хувь хүмүүсийг хамруулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.
Тавд: Манай улс дэлхийн Монгол судлал, Нүүдлийн соёл иргэншил судлал, сурталчилгааны эх орон, жинхэнэ төв нь байх учиртай. Монгол судлалыг өргөн хүрээнд хөгжүүлэх, монгол үндэстний байгаль, соёлын өвийг дэлхийн өвд бүртгүүлэн алдаршуулах, сурталчлах ажлыг аялал жуулчлалын дэлхийн сүлжээтэй холбох шаардлага байна. Монгол Улсын Засгийн газар энэ талаар анхаарч Монгол судлалыг хөгжүүлэх тусгай шийдвэр гаргаж санхүүгийн байнгын эх үүсвэрийг тодорхой болгосон. Цаашид төр, хувийн хэвшлийн байгууллагууд гадаад сурталчилгааны асуудалд хамтран ажиллахыг үүрэг болгож байна. Тиймээс монголын соёлыг сурталчилах, аялал жуулчлалын сурталчилгаа, бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх зорилгоор шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг жил бүрийн улсын төсөвт суулгах талаар бүгдээрээ санаачлагатай ажиллах хэрэгтэй байна.
Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд эдгээр асуудлыг анхааралдаа авч шийдвэрлэхийнтөлөө ажиллах болно. Мөн “Аялал жуулчлал XXIзуун” үндэсний чуулганы зочид төлөөлөгчид Та бүхний санал, санаачилга, зөвлөмжийг засгийн газрын үйл ажиллагаандаа тусган ажиллах болно.
Улсынхаа эдийн засгийн гол салбар болсон аялал жуулчлалыг хөгжүүлэх, эх орноо сурталчилах, байгаль орчин, түүх соёлын өвөө хайрлан хамгаалах их үйлсэд ажил амьдралаа зориулж ирсэн Та бүхэндээ сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье.
2012 оны 3 дугаар сар 23. Төрийн ордон