Ерөнхий сайд С.Батболдын Завхан аймгийн Улиастай сумын иргэдтэй хийсэн уулзалтад хэлсэн үг
(Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, их бүтээн байгуулалтыг өрнүүлэх нь ажилгүйдэл, ядуурлыг туулах бодит гарц мөн) Энд хүрэлцэн ирсэн Эрхэм хүндэт иргэд ээ, Миний бие хамтарсан Засгийн газрын тэргүүний хариуцлагатай албанд томилогдоод 9 сарын нүүр үзэж байна. Ажил хүлээн авснаас хойш улсын төсвөө батлуулах, улс орны өмнө тулгамдсан болон цаг үеийн яаралтай ажлууд, төр засгийн бодлого чиглэл, хөтөлбөр төслүүдийг Улсын Их Хурлаар хэлэлцүүлж батлуулах гээд цаг хугацаатай уралдан ажиллалаа. Хоёр талын болон олон талын хэлэлцээ тохирооны дагуу хэд хэдэн гадаад томилолтыг үр дүнтэй хийгээд байна. УИХ-ын чуулган завсарлаж, улс амьтан хавар, намрын их ажлын заагт түр амсхийж буй энэ цаг үед орон нутагт ажиллах олон хоногийн томилолттой гарсан. Олдож буй энэ цаг мөчийг ашиглаж баруун бүс нутгийн бүх аймгаар орж, орон нутаг дахь төр засгийн ажил, олон түмний ахуй амьдралыг нүдээр үзэж, хөдөөгийн иргэдийнхээ санаа бодлыг сонсож явна. Завхан нутаг, Улиастай хотын иргэд Та бүхэнтэй уулзаж буй энэ завшааныг ашиглаж Засгийн газраас хийж хэрэгжүүлж буй гол ажил, ойрын ирээдүйн бодлого зорилт, орон нутгийн хөгжлийн асуудлаар зарим санал бодлоо би та бүхэнтэй хуваалцъя. Хамтарсан Засгийн газрын бодлого зорилтыг хамгийн товчоор “Хүний төлөө хөгжил, хөгжлийн төлөө хүн” хэмээн тодорхойлж байгаагаа Ерөнхий сайдаар томилогдох үедээ УИХ-ын индэр дээрээс илэрхийлснийг Та бүхэн санаж байгаа байхаа. Хүний хөгжлийг хангах манай Засгийн газрын бодлогын гол агуулга нь монгол хүн бүрээ эрүүл, боловсролтой, ажилтай, орлоготой болгоход чиглэгдэж байна. Ингэхдээ хүнийг бөөцийлөх, бэлэнчлэх сэтгэлгээнд сургах замаар бус хүн бүрийг хөдөлмөр эрхлүүлэх замаар энэ зорилтыг шийдвэрлэнэ гэж үзэж байна. Мэдээж бид үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгасан “Стратегийн болон томоохон орд газраас олсон орлогоос иргэн бүрдээ 1,5 сая төгрөг хүртээх” үүрэг, амлалтаа биелүүлнэ. Энэ чиглэлээр өнгөрсөн богино хугацаанд иргэддээ эх орны хишиг, хувь хүртээх эрх зүйн үндэс болох “Хүний хөгжил сан”-гийн тухай хуулийг УИХ-аар батлуулж, тус санд хөрөнгө мөнгө хуримтлуулж, эхний ээлжинд иргэн бүртээ 70000 төгрөгийг хүртээгээд байгаа. Гэвч мөнгийг бөөнөөр олгох нь эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж, инфляцийн түвшин өсч, зарим бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл бий болгох хандлага ажиглагдаж байна. Иймд үүнээс сэргийлэх, иргэддээ хишиг, хувийг байнга хүртээх нь зүйтэй гэж Засгийн газар үзэж, “Хүний хөгжил сан”-гаас иргэн бүрт энэ оны 8 дугаар сарын 1-нээс он дуустал 10 мянган төгрөг, 2011 оноос 21 мянган төгрөг сар бүрт тогтмол хүртээх шийдвэрийг саяхан гаргалаа. Энэ нь амьдрал ядуу, огт орлогогүй айл өрхөд сар бүр тогтмол хүн бүрийн тоогоор орлого болж очно. Бага ч гэсэн амин зуулгад нь нэмэр болно. Бололцоотой айл өрхөд бол нэмэгдэл орлого болж очно. Энэ тооцоог бид улс орны санхүүгийн өнөөгийн боломжид тулгуурлан гаргасан. 500.000 төгрөгийг ийнхүү үе шаттайгаар бэлэн мөнгөөр сар тутам олгоно. Үлдсэн 1 сая төгрөгийг тэтгэврийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх, боловсрол, эрүүл мэнд, орон сууцны эрхийн бичиг олгох, зээлийн төлбөрт шилжүүлэх зэргийн аль хэлбэрээр авахыг иргэдээсээ санал асуулга авсан. Засгийн газар иргэдийнхээ боловсрол, эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулах хэлбэрээр дээрх мөнгийг хүний хөгжлийг хангах том зорилттой уялдуулж байна. Гэхдээ иргэдийнхээ, аймаг бүрээс ирсэн саналыг харж үзэх болно. Төрийн албан хаагчдын цалин болон иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг 2010 оны 10 дугаар сарын 1-нээс 30 хувиар өсгөхийн зэрэгцээгээр төрийн албан хаагчдийг орон сууцжуулах үүднээс 4 мянган хүнийг хөнгөлттэй зээлд хамруулах шийдвэр гаргаж, зээл өгч эхлээд байна. Энэ мэтээр хүнд хандсан шууд хөрөнгө оруулалтад Засгийн газар олон тэрбум төгрөг зарцуулж байна. Цаашид бид бүтээн байгуулалтаар дамжуулж хүндээ хөрөнгө оруулах бодлогыг тууштай барьж ажиллана. Энэ нь олон талын ач холбогдолтой. Улс оронд хэрэгтэй бүтээн байгуулалт бий болно. Олон хүн ажил хөдөлмөр эрхэлж, ажлын байраар хангагдах нөхцөл бүрдэнэ. Иргэд байнгын орлоготой болно. Хамгийн гол нь хөдөлмөрч, бүтээлч, ажил хөдөлмөрийнхөө үр шимээр бахархдаг, эрүүл саруул, мэргэжил мэдлэгтэй хөгжлийн төлөө гэсэн эрмэлзэл тэмүүлэлтэй Монгол хүн төлөвшин хөгжүүлэх нь туйлын зорилго болно. Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, их бүтээн байгуулалтыг өрнүүлэх нь ажилгүйдэл, ядуурлыг даван туулах бодит гарц мөн. Эдийн засгийн салбар дахь бүтээн байгуулалтад оруулж буй хөрөнгө бол эцсийн дүндээ хүнд зориулж буй хөрөнгө оруулалт гэдэг нь ойлгомжтой. Бид халамжийн биш эдийн засгийн аргаар хүний нийгмийн асуудлыг шийдэхийг зорьж байна. Зах зээлийн үеийн Засгийн газарт үүнээс өөр үр дүнтэй гарц байхгүй. Иймээс бид эдийн засгийн салбарт ихээхэн анхаарч, томоохон хөрөнгө оруулалт хийнэ. Ингэж байж бид ажилгүй, ядуу, амьдрал хүрэлцэхгүй байна гэсэн 20 жилийн шилжилтийн, амаргүй бэрхшээлээс гарч хөгжлийн 20 жилээ эхэлнэ. Энэ онд Засгийн газраас улс орны цаашдын хөгжил, бүтээн байгуулалттай холбоотой олон томоохон асуудлыг боловсруулж, УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлсэн. Завхан нутгийн хөгжил дэвшлийн төлөө Засгийн газар 2009 онд 23.8 тэрбум, 2010 онд 21.8 тэрбум, баруун бүс нутгийн хөгжлийг дэмжих хөрөнгө оруулалтын хүрээнд 4.5 тэрбум төгрөг, нийтдээ 50,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын асуудлыг шийдвэрлэсэн. Төрийн байгууллагын ажиллах орчин нөхцлийг дэмжиж Аймгийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын хэлтсийн конторын барилга, хүн амын төвлөрөл ихтэй Тосонцэнгэл, Их-Уул, Отгон, Түдэвтэй сумын сургуулийг шинээр барих, боловсрол, соёл, эрүүл мэндийн салбарын байгууллагуудын стандарт орчин нөхцлийг бүрдүүлэх, үйлчилгээ үйл ажиллагааг дэмжсэн нэлээд хөрөнгө оруулалт хийсэн. Аймаг орон нутгийн хөгжлийн нэг тулгуур бол жижиг, дунд үйлдвэрлэл билээ. Энэ чиглэлээр улсын болон аймгийн хэмжээнд олон ажил хийж байна. Худалдаа наймаа эрхэлдэг гол төв болох захын үйл ажиллагааг сайжруулах, орчин үеийн тохилог худалдааны төв байгуулах ажлыг эхлүүлснийг үзлээ. Энэ ажилд дэмжлэг болгох зорилгоор Засгийн газраас энэ оны 5 дугаар сард тогтоол гарган, 500.0 сая төгрөгийн төсвийн зээл олгохоор шийдвэрлэсэн. Аймаг, орон нутагт бүтээн байгуулалтын олон ажил хийж байгааг харлаа. Хүнсний захаар орж, махны үйлдвэр, нэгдсэн эмнэлэг, замын ажлын эхлэлтэй танилцлаа. Орон нутгийн онцлогт тохирсон жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, бизнесийн орчинг сайжруулах замаар ажлын байр бий болгох асуудал маш чухал байна. Засгийн газраас орон нутагт жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх зорилгоор 2009, 2010 онд тус бүр 30 нийт 60 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг бүрдүүлж, зээлийг зохих журмын дагуу олгож байгаа. Завхан аймгийн хувьд 2009 онд аймгийн дэд санд Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас 570,0 сая, орон нутгаас 30,0 сая, оролцогч банкнаас 180,0 сая, нийт 780,0 сая төгрөгийн эх үүсвэр бүрдэж Монгол шуудан банкаар дамжуулан олгосон. Үр дүнд нь хүнсний үйлдвэрийн чиглэлд 18, хөдөө аж ахуйн салбарт 15, хөнгөн үйлдвэрийн салбарт 18, барилгын материалын үйлдвэрлэлд 7, ахуйн үйлчилгээний 14, худалдаа үйлчилгээний зориулалтаар 9, нийт 81 төсөлд санхүүжилт хийгдэж, 25 шинэ үйлдвэр, 334 ажлын байр шинээр бий болсон гэсэн тайлан мэдээг Засгийн газарт гаргаж өгсөн. Оны эхний хагас жилийн байдлаар аймгийн хэмжээнд хөдөлмөрийн биржэд бүртгэлтэй ажилгүй байгаа 2700 орчим иргэн ажил идэвхтэй хайж байгаа гэсэн мэдээлэл байна. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс даруй 900 орчим хүнээр нэмэгдсэн нь анхаарал татаж байна. Ийнхүү ажилгүйдлийн хэмжээ нэмэгдэж байгаа нь өнгөрсөн жилүүдэд тохиолдсон эдийн засгийн хямрал болон зудын хохирлоос шалтгаалсан гэж үзэж болох юм. Сүүлийн жилүүдэд Засгийн газраас жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, мэргэжлийн боловсролыг дэмжин хөгжүүлж байгаа, Завхан, Говь-Алтай аймагт эрчим хүчний найдвартай эх үүсвэрийг бий болгох чиглэлээр зарцуулсан ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт зэрэг олон талын арга хэмжээнийхээ эцсийн үр дүнг бид гаргаж, хүртэх ёстой. Иймээс аймаг, орон нутгийн удирдлагын зүгээс ирэх 2 жилийн хугацаанд ажилгүйдлийг бууруулах талаар тавьсан зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө ихээхэн хүч чармайлт гаргаж, санаачлагатай, зохион байгуулалттай ажиллах шаардлага улам нэмэгдэж байна. Ажлын байрыг зөвхөн энд, аймаг сумандаа гаргана гэж ойлговол учир дутагдалтай хэрэг болно. Уул уурхайн салбарыг дагасан бүтээн байгуулалтын ажил өрнөж байгаа говийн бүс нутагт шинээр олон мянган ажлын байрны эрэлт хэрэгцээ бий болж ажилгүй залуучуудыг зуучлах нэн таатай боломж бүрдэж байна. Оюутолгой, Тавантолгой орд газар болон удахгүй хэрэгжиж эхлэх автозам, төмөр зам, цахилгаан станцыг барьж байгуулах зэрэг дэд бүтцийн олон төсөл, үйлдвэрт дотоодын ажиллах хүчин ихээр шаардагдахаар байгаа юм. Шинээр бий болж байгаа энэ таатай боломжийг бүрэн дүүрэн ашиглах, ажил эрхлээгүй, ажлын байрны эрэлт хэрэгцээнд мэргэжил, ур чадвар нь дутагдаж байгаа залуучуудыг хөдөлмөр эрхлэлт, зуучлал, боловсролын байгууллагуудтай хамтран давтан сургалтад хамруулах зэрэг өргөн хүрээтэй ажлыг аймагтаа зохион байгуулах шаардлагатай. Сүүлийн үед өдөр тутмын сонин, хэвлэлийн нийтлэлд ажлын байрны зарлалын эзлэх хувь ихээхэн хурдацтай нэмэгдэж байгааг ч та бүхэн харж байгаа байх. Өнөөдөр бидэнд буюу Монгол улсад ажлын байрны эрэлт, хэрэгцээ нь байна, иргэдийг давтан сургах тодорхой хүчин чадал, багтаамж бүхий Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв сургалтын байгууллага, цаашдын ажиллах хүчин болох боломжтой хөдөлмөрийн насны залуучууд байна. Одоо энэ бүхнийг хооронд нь нэгтгэн зохион байгуулах санал санаачлага, үйл ажиллагаа хаа хаанаа чухал шаардлагатай байна. Залуучууд маань ч гэсэн зөвхөн өөрийн аймаг, сумандаа бүгж, ажилгүй хэмээн гансарч, гар хумхин суух хэрэггүй. Одоо үе алгаа тосч суудаг биш ажил хийж амьдрах цаг. Бүтээн байгуулалт өрнөж байгаа бүс нутаг, аймагт, ажлын байрыг зарлаж байгаа компаниудад хандаж ажил хөдөлмөр эрхлэх хүсэлтээ гаргах, давтан сургалтад хамрагдах чиглэлээр идэвхтэй байх хэрэгтэй. Бидний туулж ирсэн хуучин төвлөрсөн тогтолцооны үед ч залуучууд шинэ бүтээн байгуулалт өрнөж байгаа газарт өөрсдийн идэвх санаачлагаар “эвлэлийн илгээлтээр” очин ажиллаж байсан сайн туршлага байсныг ч бид мартах ёсгүй. Сайн туршлагаа шинэ цагийн нөхцөлд нийцүүлэн нэвтрүүлэхэд болохгүй гэх зүйлгүй юм. Шинэ үеийн “илгээлтийн эзэд” та бүхэн байх бүрэн бололцоотой. Манай улсын хүн ам 2008 оны байдлаар 2.6 саяд хүрч, өмнөх оноос 1.7 хувиар өссөн нь сүүлийн жилүүдийн хамгийн өндөр үзүүлэлт юм. Өнөөдөр хөдөлмөрийн насны хүн амын нийт хүн амд эзлэх хувь хамгийн их болж, судлаачдын хэллэгээр бол “хүн ам зүйн цонх”-ны гэж нэрлэдэг цаг үе эхлээд байна. Тиймээс энэ үеийг туйлын ухаалгаар ашиглах, бүтээн байгуулалтын цаг үетэй оновчтой хослох асуудал чухал байна. Хүн амаа өсгөх, хөдөлмөрт бэлтгэх бодлогод төр засгаас туйлын анхаарал хандуулж байгаа. Үүнд бодлого тодорхойлогчдын хүчин чармайлт ихээхэн чухал юм. Энэ ч үүднээс Та бүхний итгэлийг хүлээн сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нар “Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль”-ийг санаачлан УИХ-аар батлуулсныг хэлэхэд таатай байна. Ингэснээр 4 хүүхэд төрүүлж өсгөсөн эхэд Эхийн алдарт 2-р зэргийн одонг, 6 хүүхэд төрүүлж өсгөсөн эхэд 1-р зэргийн одонг олгох болж байгаа юм. Бидний ирээдүй болсон хүүхэд залуучууд маань эрүүл саруул, боловсрол мэдлэгтэй, ёс суртахуунлаг, ажилч хичээнгүй хүн болж өсөж төлөвших нь нэн чухал байна. Үүнд эцэг эх болон төр засгийн байгууллагын хамтын ажиллагаа хэрэгтэй. Засгийн газраас боловсролын салбарын шинэчлэлийг эрчимжүүлэхийг эн түрүүнд анхаарч, ерөнхий боловсролын хүрээнд олон улсын стандартыг нэвтрүүлэх, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг эрс шинэчлэн улс оронд хэрэгцээтэй, мэргэжилтэй ажилчин олноор бэлтгэх, их дээд сургуулиудыг хотхоноор хөгжүүлэх талаар дэс дараатай арга хэмжээ авч байна. Мөн эрүүл мэндийн салбарт бүтэц, үйл ажиллагааны өргөн хүрээтэй өөрчлөлт хийх, эрүүл мэндийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгох замаар нийгмийн эрүүл мэндийн төлөв байдалд эргэлт гаргахаар эрмэлзэж байна. Энэ бүхэн “Хүний төлөө хөгжил” гэсэн зорилгод чиглэгдэж байгаа юм. Хүндэт иргэдээ, “Атрын III аяны” үр дүнд өнгөрөгч онд хэрэгцээт үр тарианы 97.0 хувь, төмсний 100 хувь, хүнсний ногооны 50.0 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах нөхцөлийг бүрдүүлсэн бөгөөд 2010 онд улсын хэрэгцээт буудай, төмсийг 100 хувь, хүнсний ногооны 60.0 хувийг дотоодын ургацаас хангах зорилт тавин ажиллахын зэргэцээ 274,3 мянган га-д чанар сайтай уринш боловсруулаад байна. Мал аж ахуйг уур амьсгалын өөрчлөлт, нийгмийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн хөгжүүлэх, зах зээлийн нөхцөлд өрсөлдөх чадвартай, эдийн засгийн үр ашигтай салбар байх нөхцөлийг бүрдүүлэх, малыг эрүүлжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх зорилго бүхий “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг 5 дугаар сард УИХ-аас батлан гаргасныг Засгийн газар үе шаттайгаар хэрэгжүүлж эхлээд байна. Өнгөрсөн өвөл, хавар байгаль, цаг агаарын гамшигт үзэгдэл зуд турхан болж, мал аж ахуйн салбар, малчдын амьдралд ихээхэн хүндрэл учруулсан. Энэхүү зудын улмаас 44,0 сая толгойд хүрч байсан мал сүрэг 9 сая толгойгоор хорогдож, 8700 гаруй айл өрх огт малгүй болж 550 гаруй тэрбум төгрөгийн шууд хохирол учирсан. Энэ оны эхний хагас жилийн статистикийн тоо мэдээллээс үзвэл Завхан аймагт байгаль цаг уурын хүндрэл, зудын улмаас оны эхэнд тоологдсон нийт мал сүргийн 34,9 хувьтай тэнцэх 986,9 мянган толгой мал хорогджээ. Эх мал олноор хорогдсоны улмаас энэ онд гарсан төлийн тоо өнгөрсөн оны мөн үеийнхээс 2,7 дахин бага байгаа нь ихээхэн харамсалтай юм. Зудын хохирол зөвхөн энэ жил учраад зогсохгүй ойрын жилүүдэд төллөх малын тоо буурах, улмаар хүнсний хангамжид ч таагүй нөлөө үзүүлэх хандлагатай байна. Засгийн газраас зуншлагын байдал хүндрэхээс эхлээд, өвөлжилтийн бэлтгэлийг эртнээс хангах, өвөлжилт хүндэрсэн үед цаг алдалгүй шаардлагатай арга хэмжээ авах, малчдад хямдралтай өвс тэжээл нийлүүлэх, хандив тусламжийн ажил зохион байгуулах, малгүй болсон иргэдийг малжуулах зэрэг олон талын арга хэмжээ авч ажилласныг Та бүхэн мэдэж байгаа. Засгийн газар саяхан малгүй болсон айл өрхийг малжуулахад зориулж 3.0 тэрбум төгрөг зарцуулах шийдвэр гаргасан. Үүнээс Завхан аймагт 500 сая төгрөг хуваарилагдсан. Цаашдаа мал аж ахуйн салбарт сүргийн бүтцийг сайжруулж, өвөлжилтийн бэлтгэлээ бие даан хангадаг, мал сүргээ эрсдлээс хамгаалж чаддаг мал аж ахуйн үйлдвэрлэлийн шинэ бүтцийг бий болгох зүй ёсны шаардлага тавигдаж байна. Мал аж ахуйн үйлдвэрлэлийн зохион байгуулалтын асуудлыг малчдын өөрсдийн оролцоотойгоор багийн Иргэдийн нийтийн хурлаас эхлээд сум, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаараа хэлэлцэн орон нутгийн онцлогтоо тохирсон бодлогоо боловсруулж, хэрэгжүүлэх арга замаа тодорхойлох нь нутгийн удирдлагын байгууллагуудын нэн тэргүүний ажил гэдгийг энд Та бүхэнд сануулж хэлье. Тус аймгийн хувьд олон жилийн туршид тулгамдсан бүрэн шийдвэрлэгдээгүй хүндхэн асуудлын нэг бол цахилгаан эрчим хүчний хангамж, эх үүсвэрийн дутагдал байсан. Эрчим хүчний байнгын эх үүсвэрт холбогдоогүй Говь-Алтай, Завхан аймгийн эрчим хүчний хангамжийг шийдвэрлэхийн тулд Улсын Их Хурал, Засгийн газраас ихээхэн анхаарал тавьж өнгөрсөн 3 жилийн хугацаанд усан цахилгаан станц барьж байгуулахад 50 гаруй тэрбум төгрөг, 1800 гаруй км урттай сумдын цахилгаан дамжуулах шугам, дэд станцуудыг барьж байгуулахад 40,0 орчим тэрбум төгрөг нийтдээ 90,0-95,0 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна. Тухайлбал улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Завхан аймгийн 20 сум, Говь-Алтайн 11 сумыг Тайширын цахилгаан станцтай холбох цахилгаан дамжуулах шугам, дэд станцын ажил хийсэн. 35-110 кв-н нийт 1816 км шугам, 57 дэд станцаас бүрдсэн дамжуулах, түгээх шугам сүлжээнд 40 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгджээ. Усан цахилгаан станц нь байгаль орчинд хор нөлөө багатай, экологийн цэвэр үйлдвэрлэл гэж дэлхий нийтээр үзэж байгаа учир Засгийн газраас ийм төрлийн үйлдвэрлэлийг тууштай дэмжиж байгаа. Харин Тайширын усан цахилгаан станцын хувьд барьж байгуулах үе нь цаг агаарын өөрчлөлт, хуурайшилттай цаг таарсан, тухайн нутаг оронд жилд ордог хур тунадасны дундаж хэмжээ өөрчлөгдсөнтэй холбоотойгоор усан сангийн дүүргэлтэд төлөвлөснөөс нилээд их цаг хугацаа шаардагджээ. Сая бид Говь-Алтай аймгаас Улиастай ирэх замдаа Тайширын усан цахилгаан станцын ажил, өнөөгийн байдалтай газар дээр нь үзэж танилцлаа, мэргэжлийн хүмүүсийн тайлбар дүгнэлтийг сонслоо. Тайширын усан цахилгаан станцыг байгуулахад бүтээн байгуулалтын томоохон ажил хийгдэж, ажиллаж эхлэх бэлтгэлээ сайтар хангаж байгаа нь харагдаж байна. Усан сан дахь усны түвшин 6 дугаар сард 1690 гаруй метрт хүрсэн учир одоогоор жижиг тоноглолуудыг ажиллуулж Тайшир, Жаргалан сумыг эрчим хүчээр хангаж эхэлсэн байна. Энэ жил төвийн нутгаар бороо хур сайтай байсны үр дүнд усан сангийн дүүргэлт зохих түвшинд буюу 1696 метрт ойртож байгаа учир станцыг ирэх 9 дүгээр сараас эхлэн бүрэн хүчин чадлыг туршилтаар ажиллуулж, үйл ажиллагаа нь цаашид хэвийн явагдах боломжтой эсэхийг судлахаар төлөвлөж байна. Хэрэв туршилт амжилттай болж, нааштай сайн үр дүн үзүүлбэл ирэх өвлийн улирлаас эхлэн станц бүрэн хүчин чадлаараа ажиллах боломжтой гэж мэргэжилтнүүд үзэж байна. Үүний зэрэгцээ Завхан, Говь-Алтай аймгийн нийт хэрэглэгчдийг тасралтгүй байнгын эрчим хүчээр хангах, улмаар баруун бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээг бүрдүүлэхийн тулд Хөвсгөлийн Могойн голд дулааны цахилгаан станц байгуулахаар Засгийн газраас шийдвэрлэж, сар гаруйн өмнө Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутагт шавыг нь тавьсан. Мэргэжлийн байгууллагын хийсэн техник эдийн засгийн үндэслэлийн дагуу станцыг барьж байгуулах ажил ямарваа саадгүй байвал ирэх 2011 онд багтаан барьж дуусгахаар төлөвлөсөн байна. Станцыг шалгаж зүгшрүүлэх, мэргэжлийн байгууллагууд, улсын комисс шалгаж, нягтлан хүлээн авах зэрэгт тодорхой цаг хугацаа орно. Ямар боловч Засгийн газар бүрэн эрхийнхээ хугацаанд багтаан бид эрчим хүчний найдвартай сүлжээнд бүх аймаг, сумдыг холбох зорилтыг бүрэн хэрэгжүүлэхээр зорьж байна. Энэ зорилт маань үндсэндээ ирэх 2011 оны эцэст хэрэгжих боломж бүрдэнэ гэж үзэж байна. Ийнхүү Тайширын усан цахилгаан станцын үйл ажиллагаа зүгширч, улмаар Могойн голын дулааны цахилгаан станцыг ашиглалтад оруулснаар Говь-Алтай, Завхан аймгийн ард иргэдийн олон арван жилийн туршид хүлээж байгаа байнгын найдвартай эрчим хүчний эх үүсвэрт холбогдох зорилт хэрэгжих юм. Ерөнхий сайд болон манай Засгийн газрын гишүүд орон нутагт томилолтоор явж ажиллахдаа зөвхөн иргэдтэй уулзаж, ярилцах гэж байгаа бус тухайн аймаг, сумдын түвшинд Засгийн газрийн мөрийн хөтөлбөрийн зорилт хэрхэн хэрэгжиж байгаа явцтай танилцах, тулгамдсан шийдвэрлэвэл зохих асуудлыг хэрхэн шийдвэрлэх оновчтой арга замыг олох, зөвлөлдөхөд оршиж байгаа юм. Өмнөх Засгийн газрын үед аймгийн удирдлагаас Засгийн газарт хандаж шийдвэрлэвэл зохих, УИХ, Засгийн газрын дэмжлэг туслалцаа шаардлагатай гэж үзсэн тодорхой 5 асуудлаар хүсэлт тавьж байжээ. Үүнд: 2. Тайширын усан цахилгаан станцыг гадаадын төслийн зээлийн болон улсын төсвийн нийт 40,0 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгөөр барьж байгуулсан. Завхан аймгийн сумдыг Тайширын усан цахилгаан станцтай цахилгаан дамжуулах шугамаар холбох, сумдын дэд станц барихад 2008-2009 онуудад улсын төсвөөс 21,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгджээ. 3. Сумдын усалгаатай газар тариаланг дэмжих, мал эмнэлгийн үйл ажиллагааг бэхжүүлэх зорилгоор 2010 оны улсын төсвөөс 455,0 сая төгрөг зарцуулж байна. 4. Тайширын УЦС ашиглалтад бүрэн орж, эрчим хүчний хангамжийн асуудал тогтворжсон нөхцөлд дараагийн жилүүдэд Завхан аймагт хөдөө аж ахуйн түүхий эд болон зарим төрлийн ашигт малтмалыг боловсруулах жижиг, дунд үйлдвэрлэлийг барьж байгуулах төслийг улсын төсвийн болон бусад эх үүсвэрээр шийдвэрлэж эхлэх боломжтой болно. Ийнхүү манай үе үеийн Засгийн газар, УИХ-ын гишүүд орон нутагт ажиллаж, орон нутгийнхаа удирдлагуудын ажилтай танилцсаны мөрөөр тодорхой үр дүнтэй ажлыг, хөрөнгө санхүүгийн боломждоо тулгуурлан хэрэгжүүлж байгаа, цаашид ч ийм байдлаар ажиллах болно. Энэ хүрээнд Завхан аймгийн удирдлагууд, Завхан аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд ч багагүй ажил хийж байгаа. Аймгийн төвд тавих хатуу хучилттай 4 км зам, Донойн хөндийн замд шаардлагатай хөрөнгийг 2011 оны төсөвт тусгах, гэр хорооллын авто замын асуудлыг шийдэх зэргийг холбогдох яамдын сайд нарт үүрэг болгож байна. Гагцхүү бүх асуудлыг УИХ, Засгийн газар, гадаадын зээлийн хөрөнгөөр шийдвэрлэх бус орон нутагт, өөрсдийн санал санаачлагаар шийдвэрлэж болох олон асуудлыг санаачлан зохион байгуулж хийдэг байх учиртай. Орон нутагт асуудлаа аль болох өөрсдөө шийдвэрлэдэг болохын тулд Засгийн газраас орон нутгийн санхүүгийн эрх мэдлийг өргөжүүлэх чиглэлээр хийж байгаа зүйл бий. Тухайлбал Монгол Улсын Төсвийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээг худалдан авах журмын тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн, УИХ-ын намрын чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаа. Эдгээр хуулийн шинэ найруулга, нэмэлт өөрчлөлтийн хүрээнд орон нутгийн төсвийн эрх мэдлийг тодорхой хэмжээгээр өргөжүүлэх алхмыг хийхээр тусгасан. Цаашид ч аливаа асуудлыг шийдвэрлэхэд нэг талаас Улсын Их Хурал, Засгийн газар, нөгөө талаас орон нутгийн засаг захиргааны санаачлага, зохион байгуулалт, гуравт түүнийг хэрэгжүүлэх гол хүч болох ард иргэдийн идэвхтэй оролцоо хамтарч байж гэмээнэ бидний тавьсан зорилт, арга хэмжээ бүхэн хурдан шуурхай хэрэгжих боломжтой гэдгийг та бүхэн сайтар ойлгож ажиллах нь зүйтэй байна. Эрхэм хүндэт Завханчуудаа, Завхан нутаг сайхан нутаг, замын хүн саатам нутаг гэдэг. Үнэхээр тийм байна. Энэ сайхан нутаг, байгалиа хайрлаж хамгаалах нь та бүхний журамт үүрэг гэдгийг хэлье. Өнөөдөр байгаль орчны асуудал амин чухал болоод байна. Завханчууд хөдөлмөрч, авъяаслаг, оюунлаг, хийморлиг ард түмэн. Завхан нутгаас улс орны түүх, хөгжилд дорвитой хувь нэмэр оруулсан хутагт хувилгаад, төр нийгмийн зүтгэлтнүүд, урлаг соёлын алдартнууд, хөдөлмөрийн баатар, гавъяатнууд олноор төрөн гарсан билээ. Монгол Улсын Ерөнхий сайд, Жалханз хутагт С.Дамдинбазар, Улиастайн сайд Дилав хутагт Б.Жамсранжав, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын анхны дарга Н.Багабанди болон төр нийгмийн зүтгэлтэн Б.Элдэв-Очир, Улсын баатар, Армийн генерал Б.Дорж, Хөдөлмөрийн баатар, хоньчин Ц.Намхайнямбуу, Дорнын их яруу найрагч Б.Явуухулан, Урлагийн гавъяат зүтгэлтэн Л.Ванган, уран нугараач Б.Норовсамбуу, Улсын гарьд Ц.Цэрэнпунцаг нарын алдартнаар Завханчууд төдийгүй Монголын ард түмэн бахархдаг юм. Энэ сайхан бахархалт түүхээ үргэлжлүүлж, эх нутагтаа бүтээн байгуулалт өрнүүлж, элбэг хангалуун амьдарч, эх орныхоо хөгжилд их хувь нэмэр оруулахыг Та бүхнээсээ хүсье. Монгол Улс маань цэцэглэн хөгжих болтугай.
2010 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Улиастай хот
Монгол орны оройн дээд ариун шүтээн Отгонтэнгэр хайрхан уулаа олон үеэрээ тахин шүтэж, энэ сайхан нутагтаа эзэн нь болж, энх тунх, эрх чөлөөтэй аж төрөн суугаа Завхан нутгийн зон олон Та бүхнийхээ амрыг эрэн мэндчилье. Мөн намайг нааш гарахад биечлэн уулзан, нутаг ус, хүн зоныхоо тухай, орон нутгийн хэтийн хөгжлийн тухай санаа бодлоо илэрхийлж, санал, зөвлөмжөө хэлсэн Монгол Улсын 2 дахь Ерөнхийлөгч Нацагийн Багабанди гуайн нутгийн олон Та бүхэндээ хандсан чин сэтгэлийн мэндийг уламжилъя.
Хөдөө аж ахуй бол манай эдийн засгийн нэг голлох салбар бөгөөд хүн амын амьжиргааны үндсэн эх үүсвэр билээ. Орон нутгийн хөгжил дэвшил ч хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэлээс ихээхэн хамаарна. Өөрөөр хэлбэл хөдөө аж ахуйн салбар бол орон нутгийн хөгжлийн нэг тулгуур үндэс хэвээр байх болно.Хөдөө аж ахуйн салбарт газар тариалан, мал аж ахуйг эрчимжүүлэн хөгжүүлж, хураан авч байгаа үр тарианы чанар, дотоодын хүнсний үйлдвэрлэлийн хэрэгцээг бүрэн хангахуйц түвшинд хүргэхээр ажиллаж байна. Энэ нь зөвхөн тухай салбарын үйлдвэрлэлийн тоо хэмжээг өсгөх төдий биш, бүхэлдээ манай эдийн засгийн, тэр дундаа хүнсний аюулгүй байдалтай холбоо бүхий том агуулга, том зорилт тавьж байгаа юм.
Ийнхүү тавьсан дараахь асуудлуудыг шийдвэрлэсэн буюу хэрэгжүүлэн ажиллаж байна.
1. Арвайхээр-Баянхонгор чиглэлийн нийт 77 км хатуу хучилттай автозамын барилгын ажил үргэлжилж байгаа. Улсын 2010 оны төсвийн төсөлд уг ажилд зориулан 8,8 тэрбум төгрөгийн хөрөнгө тусгаж, замын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулаад байна. Баянхонгор-Алтай чиглэлийн 269 км, Баянхонгор-Улиастай чиглэлийн 470 км хатуу хучилттай автозамыг тус тус барьж байгуулах төслийг “Концессийн тухай хууль”-ийн дагуу концессын гэрээгээр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжээр бариулахаар Засгийн газраас саяхан шийдвэрлээд байна. Удахгүй гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулах ажил үе шаттай хийгдэх болно.