Сүхбаатарын Батболд Batbold Sukhbaatar

RSS Feed Facebook Twitter YouTube Wikipedia

Ерөнхий сайд С.Батболдын “Хөдөөг хоршоолох аян”, Хоршоологчдын III чуулганы нээлтэд хэлсэн үг

Нийтэлсэн: - 2012/03/29 13:29 - Мэдээ, мэдээлэл , Хэлсэн үг

“Хөдөөг хоршоолох аян”-ны нээлтэд оролцож буй зочид, төлөөлөгчид, Хоршоологчдын III чуулганы оролцогчид Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе.

Манай Засгийн газрын санаачилгаар энэ оныг НҮБ-ын Ерөнхий ассамблейн 64 дүгээр чуулганаас “Олон улсын хоршооллын жил” болгон зарласан. Тив дэлхий бидний сайн дураараа нэгдэн нийлж, хамтран ажиллаж, амьдрал ахуй улс орноо хөгжүүлэх хичээл зүтгэлийн үнэт зүйлсэд тулгуурласан санаачилгыг дэмжиж, олон орон хэрэгжүүлэхээр ажиллаж буй цаг үед Та бид хуран чуулж байгаа нь ихээхэн ач холбогдолтой, өргөн утга агуулгатай юм. Тиймээс бид хоршооллыг хөгжүүлэх, бэхжүүлэх талаарх бодлого, шийдвэр, үйл ажиллагаа, санаачилгаараа олон улсад үлгэр дууриал үзүүлэх учиртай. Цаг үеэ олсон энэхүү арга хэмжээний элч төлөөлөгч болж, эх орондоо ардчиллын үндэс суурь болсон сайн дураараа нэгдэн ажиллах арга замыг дэлгэрүүлэх үйл хэрэгт хувь нэмэр оруулж, хоршооллын хөдөлгөөний манлайлагч, хоршоодыг хөгжүүлэх үйлсэд идэвхитэй оролцож ирсэн Та бүхэндээ Монгол Улсын Засгийн газрын тэргүүний хувьд талархал илэрхийлье.

 

Иргэдийн хамтын санаачилга, оролцоонд тулгуурласан хоршооллыг өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрт хөгжүүлж ирлээ. Хамгийн гол нь хоршооллоор дамжуулан тулгамдсан асуудал, сорилтуудыг шийдвэрлэх хандлага түгээмэл бий боллоо. Их Британичууд хоршооллоор дамжуулан өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулж байсан бол Германчууд зээлийн системийг өөрчлөх хоршоо байгуулж амжилтанд хүрсэн. Харин Францууд ажлын байр бий болгох зорилгоор жижиг, дунд үйлдвэрлэлийн хоршоодыг байгуулж асуудал бэрхшээлээ шийдсэн зэрэг түүх дэлхийн ихэнхи оронд бий.  

Өнөөдөр дэлхийн долоон тэрбум хүний гурван тэрбум нь хоршооноос ашиг хүртэж, 100 сая ажлын байрыг бий болгожээ. Энэхүү тоон үзүүлэлт хоршоололд ямар их боломж бололцоо байгааг, хамтраад яаж үр дүнд хүрдэгийг харуулж байна. Мөн олон улсын байгууллагын судалгаанаас харахад дэлхийн эдийн засгийн хямралыг хоршоолол хамгийн гарз хохирол багатайгаар даван туулсан нь нэгийг өгүүлж байна. Монголын хоршооллыг хөгжүүлэхэд олон улсын байгууллагын төсөл хөтөлбөрүүд ихээхэн хувь нэмэр оруулж, дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэн. Тиймээс Монголын хоршооллыг бэхжүүлэхэд хөрөнгө санхүү, туршлага, үйл ажиллагаа гээд бүхий л талаар дэмжлэг үзүүлж ирсэн олон улсын байгууллагынхан, төсөл хөтөлбөрийнхэнд талархал илэрхийлье.    

Бидний өвөг дээдэс хамтран ажиллах арга хэлбэрийг амьдрал ахуйдаа олон зуун жилийн өмнөөс хэвшүүлж, “саахалт хүний санаа нэг” хэмээн сургамжилж ирсэн. Анх ардын хувьсгал ялсны дараа 1921 онд төрийн бүтцэд хоршоог оруулж, ажиллах бодлого, үйл ажиллагааг тодорхой болгосон төдийгүй “Ардын харилцан туслалцах хоршоо”-г байгуулж байсан юм. Энэ үүднээс авч үзвэл хоршин ажиллах арга хэлбэрийн олон жилийн туршлага монголчууд бидэнд бий. Мөн хоршоо нь өнгөрсөн зуунд манай орны хөгжил дэвшил, соёл боловсрол, эдийн засагт үлэмж их нөлөө үзүүлснийг олон баримтаар ярьж болно.

Манай ард түмэн хэзээнээс хоршин ажиллаж, сайн дурын үүсгэл санаачилгаа бэхжүүлж ирсэн арвин туршлагатай.

Өргөн уудам газар нутагтай, цөөн хүн амтай манай улсын хувьд жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажлын байрыг бий болгох, орон нутгийн хөгжлийг хангах үндсэн арга хэлбэр нь хоршоо байж ирсэн. Тиймээс Засгийн газраас явуулж байгаа бодлого шийдвэр нь хоршоодыг хөгжүүлэх, ард иргэдийн нэгдэн нийлж багаар ажиллах арга замыг дэмжихэд чиглэгдэж байна. Тухайлбал Засгийн газраас “2003 оныг хоршоог дэмжих жил” болгон зарлаж, 2009 онд “Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр-II”-ийг батлан хэрэгжүүлсэн. Мөн хоршоодод тулгуурлан үйл ажиллагаа явуулах хөдөө аж ахуйн бараа түүхийн бирж байгуулахаар шийдвэрлэж, “улсын тэргүүний малчдын бүлэг”-ийг шалгаруулах, хоршооны гишүүн малчдын үндэсний үйлдвэрүүдэд нийлүүлсэн ноосонд урамшуулал олгох, хоршоог хөгжүүлэх татварын таатай орчинг бүрдүүлэх зэрэг олон ажлууд нь хоршоог бэхжүүлэхэд чиглэгдсэн. Эдгээр ажлуудыг шат дараатайгаар хэрэгжүүлж байгаа нь төр, засгаас хоршоод, Та бүхэнд итгэл хүлээлгэж буйн илрэл юм. Манай хоршоологчид энэ итгэл, хариуцлагыг дааж зөвхөн өөрсдийгөө төдийгүй улс орныхоо эдийн засаг, нийгмийн амьдралд дорвитой хувь нэмэр оруулж чадна гэдэгт итгэж байна.    

Хөдөө орон нутагт хоршоологчдын хүч, хөдөлмөрийг зөв зохион байгуулах,  малчид, тариаланчдийн хорших үйл ажиллагааг дэмжих, хөдөлмөрийг нь үнэлэх,хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бараа бүтээгдэхүүний борлуулалтыг сайжруулах, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулахад Засгийн газар анхаарч тодорхой ажлуудыг хийсэн. Эдгээр бодлого, шийдвэр нь хөдөөгийн хөгжлийг дэмжих, өрсөлдөх чадварыг сайжруулах хоршоолох явцыг өргөжүүлэх томоохон түлхэц болсон.  

Манай улсын хоршооллыг хөгжүүлэх явцад салбарын эрдэмтэн мэргэд, нийгмийн зүтгэлтнүүдийн санаачилгаар олон төрийн бус байгууллага байгуулагдсан нь нэг том дэвшил юм. Эдгээр төрийн бус байгууллага, удирдлага нь монгол оронд хоршооллыг хөгжүүлэх, ард иргэдийн хоршооллын талаарх ойлголт хандлагыг дээшлүүлэх, дэлхийн тэргүүн туршлагыг нэвтрүүлэх, эдийн засгийн зөв арга замыг сонгох талаар ихээхэн хүчин зүтгэл гаргаж ирсэнийг онцлон тэмдэглэж байна.

Хоршооллыг зөвхөн хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт хэрэгжүүлдэг гэсэн ойлголт манай нийгэмд түгээмэл байгааг өөрчлөх цаг болсон. Хоршооллыг хөгжүүлэхэд хөдөөгийнхнөөс гадна хот суурин газрын иргэдийн идэвхитэй оролцоо чухал юм. Хоршоолол хөгжих эх суурь нь хүн бүрийн сайн дурын нэгдэл, ижил тэгш оролцоо юм. Тиймээс хоршоолол хаана ч гэсэн хөгжин цэцэглэх боломж нээлттэй байх ёстой. Үүний нэг илрэл нь манай улсад эд хэрэглэгчдийн, мал аж ахуй, газар тариалан, үйлдвэрлэл, үйлчилгээ, банк санхүү, хадгаламж зээлийн гэх мэт бүхий л төрлийн хоршоод бий болж үйл ажиллагаагаа бэхжүүлж байна.

Иргэдийн санал санаачилга, сайн дурын нэгдэл гэдэг утгаараа хоршоолол нь хөдөө орон нутгийн төдийгүй нийслэл Улаанбаатарын өмнө тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэхэд чухал үүрэгтэй. Тиймээс хоршоолол нь малчид болоод ард иргэдийн амьдрах арга замаас гадна асуудлыг зөв зүйтэй шийдвэрлэх хамтын удирдлагын нэг хэлбэр юм.  

Эрхэм нөхөд өө,

Өнөөдөр бид хоршоог шинэ түвшинд өөр утга агуулгаар баяжуулан хөгжүүлэх зорилттой тулгарч байна. Өөрөөр хэлбэл хоршоог өөрийнх нь мөн чанар, агуулга, үнэт зүйлсэд нийцүүлэн, ардчиллын сайн дураараа эвлэлдэн нэгдэх, багаар ажиллах зарчимд тулгуурлан хөгжүүлэх ёстой. Тиймээс хөдөөгийн хөгжлийг эрчимжүүлэх, хүн амын ажиллаж амьдрах таатай орчинг бүрдүүлэх, бүсийн ялгааг багасгах зорилгоор Монголын хоршооллын үндэсний нэгдсэн холбооны санаачилгыг дэмжиж “Хөдөөг хоршоолох аян”-ыг эхлүүлж байгаагаа мэдэгдэе.

Засгийн газар өчигдөрийн хуралдаанаар “Хөдөөг хоршоолох аян”-ыг эхлүүлэх, сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөс тодорхой хэсгийг нь жишиг хоршоо байгуулахад зарцуулах, Хүнс, хөдөө аж ахуйн сайдын багцад зохицуулалт хийх замаар 2012 онд хоршоололд хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлэх, цаашид жил бүрийн төсөвт тусгах, хоршооллын үндэсний зөвлөлийг Монгол Улсын Шадар сайдаар ахлуулан ажиллуулах шийдвэрийг гаргаснаа Та бүхэндээ дуулгая. Бид аливаа зөвлөлгөөний дараа Засгийн газрын шийдвэрийг гаргаж байсан бол энэ удаад “Хөдөөг хоршоолох аян”-ы санаачилгад ач холбогдол өгч урьдчилан шийдвэр гаргалаа.   

Хоршооллыг хөгжүүлэхдээ гишүүдийн сайн дурын санаачилгын үнэт зүйлсийг бэхжүүлэх, зөвхөн гишүүдийнх нь өмчлөлтэй байлгах, удирдлагын үйл ажиллагаанд оролцохгүйгээр эдийн засгийн арга хэлбэрээр дэмжих бодлогыг баримтлана. Ард, иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх, амьдралын түвшний ялгааг багасгах, нийгмийн дундаж давхаргыг бүрдүүлэх, бүс нутгийн жигд хөгжлийг бий болгох, сумдын бие даасан байдлыг хангах, бүтээлчээр хөдөлмөрлөх боломжийг хүн болгонд олгох арга замуудын нэг нь хоршоолол юм. Хоршоо нь ард иргэдийг баялагийг бүтээхэд оролцох тэгш боломжийг бүрдүүлдэг, шинэ ажлын байрыг гаргадаг, гишүүдийнхээ өрсөлдөх чадварыг дээшлүүлдэг, асуудлыг шийдвэрлэхийн тулд олонхиороо шийдвэр гаргадаг бололцоог хангадаг олон давуу талтайг Та бид ярьж ойлгуулах үүрэгтэй.

Хоршоог хөгжүүлэх өөр нэг зорилт хөдөөгийн баялаг бүтээгчдийг үйлдвэрлэгч, хэрэглэгчтэй шууд холбох тогтолцоог бүрдүүлэхэд чиглэгдэх учиртай. Ингэснээр малчид үйлдвэрлэгчдийн дундаас ашиг олж, бараа бүтээгдэхүүний үнийг зохиомлоор өсгөдөг ченжийн тогтолцооноос гарах бодлого хэрэгжинэ. Үүний зэрэгцээ тодорхой зах зээл, бүртгэл хяналтын зөв тогтолцоо, нэгдсэн стандартыг тогтоож, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний сүлжээг байгуулж, үнийн нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх боломж бүрдэх юм. Мөн мал аж ахуйн үйлдвэрлэлийн эрсдлийг бууруулахын тулд даатгалтай болгох, хөрөнгө, хүчээ нэгтгэн хоршин ажиллах нөхцөл ч бий болно. Тиймээс хоршоологчдын хөдөө аж ахуйн гаралтай бараа түүхий эдийн боловсруулалт, ноос, ноолуур, арьс шир, мах, сүү, чацарганын үйлдвэрлэлийг хоршин хөгжүүлэх үүсгэл санаачлагыг бүхий л талаар дэмжих болно. Хөдөлмөрөө хорших, хоршоолох аян өрнүүлж шинэ хоршоодод тулгардаг бэрхшээл болох санхүүгийн хомсдлын асуудлыг шийдвэрлэхэд Засгийн газраас тодорхой дэмжлэг үзүүлнэ. Тиймээс Монгол Улсын бүх аймаг, сум, баг бүрт хоршоодыг шинээр байгуулах аяныг мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагуудынхаа дэмжлэгтэйгээр амжилттай хэрэгжүүлцгээе. Малчин бүр багаар ажиллаж, тэгш оролцоог эрхэмлэж, сумаараа, багаараа, хамт олноороо хамтран хоршоо байгуулж, өөрсдийн амьдрал ахуйгаа өөд нь татахыг уриалж байна.

“Хөдөөг хоршоолох аян”-ыг дэмжиж Засгийн газраас дараах үүрэг чиглэлийг холбогдох газруудад өгч байна,

  • Монгол Улсын сум бүрт жишиг хоршоодыг ажиллуулж, үйл ажиллагааг нь дэмжих,
  • Хоршоодыг хөгжүүлэх, бэхжүүлэх ажлыг хүн л хийнэ. Тиймээс сум бүрээс хоршоодыг удирдах хүмүүсийг сонгож сургаж, мэргэшүүлэх ажлыг энэ жилдээ багтаан эхлүүлэх,
  • “Сум хөгжүүлэх сан”-гийн хөрөнгийн 80-аас доошгүй хувийг жишиг хоршоодод олгох
  • Малчид, тариаланчдыг дэмжих урамшуулалын тогтолцоог хоршооны бүтэц үйл ажиллагаатай шууд холбон хөгжүүлэх,  
  • Салбарын мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагуудтай хамтран “Хөдөөг хоршоолох аян”-ыг тухайн орон нутгийн хэмжээнд удирдан зохион байгуулахыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгож байна,  
  • Холбогдох сайд, яам, агентлагийн дарга нар хоршоолох аяныг эрчимжүүлэх, хоршооллын эрх зүйн орчинг сайжруулах, санхүү, хөрөнгө оруулалт, зохион байгуулалтын арга хэмжээ авах саналаа боловсруулан шуурхай арга хэмжээ авахыг чиглэл болгож байна,  

Манай Засгийн газар төрийн зарим үйлчилгээг төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодоор гүйцэтгүүлэх, иргэний нийгмийг бэхжүүлэх талаар багагүй ажлыг эхлүүлж байна. Үүний нэг илэрхийлэл болгож “Хөдөөг хоршоолох аян”-ыг эхлүүлэх, хоршооллын үндэсний IIIчуулганы шийдвэрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд манай Засгийн газар, Монголын хоршооллын үндэсний нэгдсэн холбоотой хамтран ажиллах албан ёсны байр сууриа илэрхийлж, харилцан үүрэг, хариуцлага хүлээсэн санамж бичигийг байгуулахаар төлөвлөж байна. Тиймээс уг санамж бичигт тусгагдсан бүхий л зүйлийг хэрэгжүүлэхийн төлөө Засгийн газрын тэргүүний хувьд анхаарч ажиллах болно. 

Эх орныхоо өнцөг булан бүрээс хүрэлцэн ирж, хуран чуулж, “Хөдөөг хоршоолох аян”-ы нээлтийн ажиллагаанд оролцож буй орон нутгийн удирдлага, мэргэжлийн холбоод, хоршоологчид Та бүхний идэвхи санаачилгаас Монголын хоршооллын хөгжлийн нэгэн үе шууд шалтгаалах болно. Тиймээс Та бүхнийг “Хөдөөг хоршоолох аян”-ыг ард иргэдэд ойлгуулах, тэдний сайн дурын санаачилга дэмжлэгийг дэлгэрүүлэх их ажилд амжилт хүсье.    

“Хөдөөг хоршоолох аян”, Хоршоологчдын үндэсний III чуулганыг нээснийг мэдэгдье.

2012 оны 3 дугаар сар 29.      Төрийн ордон

Prime Minister S.Batbold

УИХ-ын гишүүн С.Батболд иргэд, сонгогч та бүхэнтэй тогтмол холбоотой ажиллаж, таны санал бодлыг өөрийн үйл ажиллагаанд тусгаж, харилцан мэдээлэл солилцож ажил­лахыг чухалчилж байна.

Бусад цахим хуудсууд

Шинэчлэлийг мэйлээр авах