Ерөнхий сайд С.Батболдын Эрдэнэт хотын иргэдтэй хийсэн уулзалтад хэлсэн үг
2010 оны 9 дүгээр сарын 4 Эрдэнэт хот Манай улсын 20 дугаар зууны манлай бүтээн байгуулалтын эзэд болсон Эрдэнэт хотын бүтээлч, хөдөлмөрч иргэд Та бүхэнтэй намрын их ажил хөдөлмөр өрнөж байгаа энэ өдрүүдэд уулзаж байгаадаа баяртай байна. Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд би энэ онд бүх аймгаар явж, орон нутгийн ажил амьдралтай танилцах, Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа болон хийхээр төлөвлөж буй ажил хэргийн талаар олон түмэндээ танилцуулан, ард иргэдийнхээ санал бодлыг сонсох зорилго тавин ажиллаж байгаа юм. Энэ зорилгын үүднээс наадмын дараагаас төвийн болон баруун бүсийн 9 аймаг, мөн говийн 4 аймгаар явж, иргэдтэй уулзаж, ахуй амьдрал, ажил байдалтай нь танилцлаа. Энэ удаагийн томилолтоороо манай орны үйлдвэрлэл, газар тариалангийн гол бүс нутгийн аймгуудад ажиллаж байна. Манай хөдөөгийн иргэд маань өвөг дээдсийнхээ гал голомтыг залгамжлан өөрийн төрж өссөн нутаг орондоо мэдлэг оюун, ажил үйлсээ зориулан бүтээлчээр хөдөлмөрлөж, ахуй амьдралаа дээшлүүлэх, аймаг, сумаа хөгжүүлэх үйлсэд идэвхийлэн ажиллаж байгаа нь харагдлаа. Аймгуудад өөр өөрийн онцлогтой олон сайхан бүтээлч ажлуудыг хийж хэрэгжүүлэн, зарим үр дүнд хүрч байгааг газар дээр нь үзэж танилцлаа. Үүний зэрэгцээ төр засгийн хэмжээнд анхааралдаа авч нэгдсэн бодлоготойгоор шийдвэрлэх асуудлууд ч цөөнгүй байгаа нь уулзсан орон нутгийн иргэд, удирдлагуудын санал хүсэлтээс харагдаж байна. Эдгээр асуудлыг шийдвэрлэх зорилгоор саяхан Засгийн газрын хуралдаанаар тусгайлан хэлэлцэж, шийдвэр гаргаж, тодорхой арга хэмжээ авч байна. Тодруулан хэлэхэд хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хязгаарлах зорилгоор гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний улсын нөөц бүрдүүлэх, хөдөө аж ахуйн бирж болон мах боловсруулах үйлдвэрийн сүлжээ байгуулах, малгүй болсон малчдын банкны зээлийн өрийн зарим хэсгийг Хүний хөгжил сангаас иргэн бүрт хүртээх хишиг, хувиас нөхөн төлүүлэх зэрэг асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Байгаль бол бидний гэр орон, бүлээн дулаан өлгий, амьдрал тэтгэгч эх булаг билээ. Гэвч эх болсон байгаль дэлхийтэйгээ хэрхэн харьцаж буйгаа эргэцүүлж нэг нухацтай бодож, эргэн тойрноо бодитой харвал асуудал ноцтой байдалд хүрээд байгаа нь нэн тодорхой байна. Тодорхой нэг улс үндэстний төдийгүй хүн төрөлхтний ирээдүй байгальтайгаа цаашид хэрхэн харьцахаас шууд хамаарах болжээ. Сүүлийн жилүүдэд дэлхийн цаг уурт гарч буй огцом өөрчлөлт, байгалийн элдэв гамшигт үзэгдлүүд нь ихэвчлэн хүний болчимгүй буруу үйл ажиллагаатай холбоотой гэдгийг судлаачид нотолж байгаа. Эрс тэс уур амьсгал, эмзэг онгон хөрс, ургамалтай манай орны хувьд байгаль экологийн энэхүү сөрөг өөрчлөлтийн үр дагавар хурц тодоор шууд мэдрэгдэх боллоо. Дулааны улирлын хугацаа богиносон, хэт халалт, хүйтрэлт, хуурайшилт явагдаж бэлчээрийн даац хомсдсон нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд суурилсан манай хөдөөгийн ард иргэдийн амьдралд хүндээр тусч байна. Цөлжилт нь манай гариг дэлхийн нэг тэрбум гаруй хүний амьдралд шууд аюул учруулж байгааг НҮБ болон Олон улсын байгаль орчныг хамгаалах байгууллагуудаас удаа дараа хийсэн судалгаа тайланд дурьдсан байна. Энэ асуудалд олон нийтийн анхаарлыг онцгойлон хандуулахын тулд Засгийн газрын хуралдааныг анх удаа цөлжилт ихээр явагдаж байгаа Өмнөговь аймгийн Баяндалай сумын нутаг Гашууны хоолойд саяхан хийлээ. Уг хуралдаанаар манай оронд болон дэлхий нийтийн өмнө ч нэгэн адил тулгарч байгаа уур амьсгалын өөрчлөлтийн тухай асуудлыг хэлэлцэж, хурдацтай явагдаж буй цөлжилт, цаг уурын өөрчлөлт, түүний дэлхий дахинд үзүүлж буй нөлөөллийн асуудалд дэлхийн улс гүрний анхаарлыг төвлөрүүлэх зорилтыг тавьсан юм. Энэ хүрээнд Монгол оронд хэрэгжүүлэх Уур амьсгалын өөрчлөлтийн хөтөлбөрийг Засгийн газрын дээрх хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ. Байгаль дэлхийгээ хайрлан хамгаалахын зэрэгцээ, байгалийнхаа баялагийг зөв зохистой ашиглан эдийн засгаа өсгөн, хүн ардынхаа хөгжил дэвшил, сайн сайхан амьдрах нөхцлийг бүрдүүлэх нь Засгийн газар бүрийн эрхэм зорилт төдийгүй түүний сорилт, шалгуур болдог. Энэ жишгийн дагуу манай хамтарсан Засгийн газар асуудлын хүнд бэрхээс халгаж халшралгүй, өнөө маргаашаар аргацаалгүйгээр ирээдүйд үр дүнгээ өгөх их бүтээн байгуулалтын томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр зориглон ажиллаж байна. Энэхүү төсөл хөтөлбөрүүдээ Та бүхэндээ тайлбарлан таниулж, иргэд олон түмнийхээ сэтгэл зүтгэлийг их бүтээн байгуулалтын зүг хандуулах нь энэ удаагийн томилолтын нэг гол зорилт юм. Их бүтээн байгуулалтын ажлын гол цөм нь улс орноо аж үйлдвэржүүлэхэд оршино. Учир нь орчин үеийн эдийн засгийн өсөлтийн үндэс тулгуур нь аж үйлдвэржүүлэлт, өндөр технологи, мэдлэг мэдээлэл болоод байна. Тиймээс ч аж үйлдвэржүүлэх бодлого улс орны хөгжлийг шинэ шатанд гаргана хэмээн манай Засгийн газар үзэж байгаа юм. Улс оронд олон жилийн туршид яригдаж байсан боловч бүрэн шийдэж чадаагүй байсан асуудлуудын зангилааг хамтарсан Засгийн газар тайлж, бүтээн байгуулалтын зарим томоохон ажлуудыг эхлүүллээ. Тухайлбал стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах эхний алхам болох Оюу толгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг байгуулснаар одоо үйлдвэрлэлийн бэлтгэл ажил ид өрнөж байна. Мөн Таван толгойн орд газрыг ашиглах талаарх төрийн бодлого, үзэл баримтлалыг Улсын Их Хурлаар батлууллаа. Ингэснээр Монгол улсын иргэн бүр эх орныхоо байгалийн баялгаас хувь эзэмших, ашиг хүртэх орд газрыг эзэмших болон түүнийг дагасан бүтээн байгуулалтын ажилд манай иргэд, дотоодын аж ахуйн нэгж давуу эрхтэйгээр оролцох, цаашид үндэсний компаниуд өсөн бэхжих бодлого эрх зүйн үндэс баталгаажиж байгаа юм. Орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлын эхлэлүүд ч ач холбогдлоо өгч эхэлж байна. Тухайлбал, оны эхний саруудын байдлаар уул уурхайн салбарт ажиллагсдын тоо 1100 гаруй хүнээр нэмэгдэж, өнөөгийн байдлаар Оюу толгой төсөлд 3600 гаруй монгол ажилчид ажиллаж байна. Үүнээс гадна манай хувийн хэвшлийнхэн Өмнөговь аймгийн Ухаа худаг, Нарийн сухайт, Ховдын Хөшөөтийн нүүрсний орд, Сэлэнгэ аймгийн Төмөртэйн төмрийн хүдрийн орд газрын олборлолтыг эхлүүлж, түүнийг дагалдсан дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил эрчтэй өрнөж байна. Мөн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт анх удаа үндэсний мэргэжилтэн, ажилчдын хүч хөдөлмөрөөр дулааны цахилгаан станцыг барьж байгуулж байна. Ийнхүү ашигт малтмал, уул уурхайг түшиглэсэн томоохон бүтээн байгуулалтын ажил эх орны өнцөг булан бүрт өрнөж эхэллээ. Үйлдвэрлэлийн бэлтгэл ажил хэвийн үргэлжилбэл 2012 оноос Таван толгойн, 2013 оноос Оюутолгойн орд газрын үндсэн олборлолт эхэлж, түүхий эд бүтээгдэхүүнээ зах зээлд гаргана. Ашигт малтмалыг боловсруулах, улмаар эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж нэмүү өртөг бий болгох, ингэснээр ард иргэдээ ажлын байраар хангаж аж амьдралыг нь дээшлүүлэхэд төр засгийн бодлого чиглэж байгаа билээ. Оюутолгойн үндсэн олборлолт эхлэхэд өнөөгийн үйл ажиллагаагаа явуулж буй Эрдэнэт үйлдвэрээс 3 дахин илүү бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргана гэсэн тооцоо судалгаа бий. Улс орны эдийн засаг хүндрэлтэй байсан зарим он жилүүдэд Эрдэнэт үйлдвэр дангаараа экспортын нийт орлогын 40-50 хувь, улсын төсвийн орлогын 40 гаруй хувийг бүрдүүлж байсан. Монгол улс зах зээлийн эдийн засгийн шилжилтээ эхэлсэн 1990-ээд оноос хойш өнөөг хүртэл Эрдэнэт үйлдвэр улс орны эдийн засгийн томоохон хувь нэмэр оруулж, санхүү, эдийн засгийн хямралтай байсан он жилүүдэд ч улсын төсөвт олон зуун тэрбум төгрөгийн татварын орлого оруулж, улс орны өмнө тулгамдаж байсан олон талын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд жинтэй хувь оруулж ирснийг ч өнөөдөр энд хэлэхэд таатай байна. Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа нийт ажилтан, албан хаагчид та бүхний бүтээлч хөдөлмөрийг төр засаг өнөөдөр ч гэсэн өндөрөөр үнэлж байгаа билээ. Ойрын жилүүдэд Оюутолгой, Тавантолгой, Ухаахудагт бий болж байгаа томоохон бүтээн байгуулалтын үр дүнд Монгол улсын төсөв болон хүн амыг ирэх 30-40 жилд мөнгөн орлогоор тасралтгүй хангах шинэ орд газар, үйлдвэрийн газрууд баригдаж, эхнээсээ зарим төрлийн түүхий эдээ экспортод гаргаж, улсын төсөвт багагүй хувь нэмрээ оруулж байна. Импортыг багасгаж, экспортыг нэмэгдүүлэхэд чиглэсэн аж үйлдвэржилтийн бодлогыг цогцоор хэрэгжүүлснээр улс орны хөгжил шинэ шатанд гарна. Энэ бүх ажлыг нэгтгэж зангидсан алсын хараатай төрийн бодлого, сайн зохион байгуулалт хэрэгтэй. Засгийн газраас баталсан "Орон нутагт үйлдвэрлэл хөгжүүлэх чиглэл", “Монгол Улсыг үйлдвэржүүлэх хөтөлбөр" зэрэг баримт бичгүүд нь энэхүү бодлого, зорилгод чиглэж байгаа юм. Эдгээр хөтөлбөр, чиглэлийн дагуу улс орны эрчимтэй хөгжлийг хангах зорилгоор Оюутолгой, Тавантолгойн орд газруудыг түшиглэсэн аж үйлдвэрийн цогцолборыг Сайншанд хотод байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Энэхүү аж үйлдвэрийн цогцолбор байгуулах төслийн хүрээнд зэс хайлуулах, газрын тос боловсруулах, хар металлургийн, кокс химийн, нүүрс химийн, барилгын материалын үйлдвэр зэрэг улс орны цаашдын хөгжлийг тодорхойлсон томоохон үйлдвэрүүд баригдана. Ингэснээр Монгол Улс уул уурхайн баялгаа түүхийгээр нь гадагш гаргах бус дотооддоо боловсруулах, нэмүү өртөг шингэсэн, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, улс орныхоо эрэлт хэрэгцээг хангахаас гадна гадаадад экспортлох боломжтой болно. Томоохон бүтээн байгуулалтын ажил өрнөж, хэдэн мянган шинэ ажлын байр бий болж, орчин үеийн аж үйлдвэрийн хот үүсч хөгжинө. Сайншанд аж үйлдвэрийн цогцолборыг ашиглалтад оруулснаар урьдчилсан тооцоогоор манай улсын эдийн засгийн бодит өсөлт эрс хурдацтай нэмэгдэж, ДНБ-д аж үйлдвэрийн салбарын эзлэх хэмжээ 60 орчим хувьд хүрч, нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ 2 дахин нэмэгдэх, өрх гэр бүлийн орлого хурдацтай өсөн нэмэгдэх зэргээр ард иргэдийн аж амьдралд мэдэгдэхүйц нааштай өөрчлөлт гарах болно. Ингэхдээ орон нутгаас, иргэдээс гаргасан хүсэлтийн дагуу аймаг тус бүрт суралцах залуучуудын квот гаргаж, бүтээн байгуулалтын ажилд бүхий л аймгийн залуучуудыг хамруулна. Үүнд Орхон аймгаас энэ удаад 111 иргэнийг хамруулахаар төлөвлөсөн. Монгол улсад уул уурхай, дэд бүтцийн салбарт ажлын байр олноор бий болж, түүнд ажиллах хүсэл сонирхол бүхий залуус мэргэжлийн дадал, ур чадвар олгох сургуулиуд нь бэлэн байна. Одоо гагцхүү суралцагчийн, залуучуудын маань өөрсдийн сахилга хариуцлага, санаачлагатай байдлаас л цаашдын сайхан амьдралын баталгаатай эсэх байдал шалтгаалах болно гэдгийг сайтар анхаарах ёстой. Саяхан батлагдсан "Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлого"-ын хүрээнд эхний ээлжинд Тавантолгой-Сайншанд-Чойбалсан чиглэлийн хэвтээ тэнхлэгийн нийт 1000 гаруй км төмөр зам барихаар төлөвлөж үүнийг гүйцэтгэснээр эдийн засгийн хөгжилд томоохон түлхэц өгч, шинэ шинэ ажлын байр бий болох боломж мөн бүрдэнэ. Аж үйлдвэрийн цогцолбор, төмөр зам төслийн зэрэгцээ 2011-2016 онд хэрэгжүүлэх "Шинэ бүтээн байгуулалт" хөтөлбөрийн хүрээнд барилгын салбарыг сэргээх, нийслэл болон хүн ам төвлөрсөн хот суурин, бүс нутгийн дэд бүтцийг сайжруулах, орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх, иргэдийн тав тухтай, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх олон талын томоохон зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Аж үйлдвэржүүлэлт, шинэ бүтээн байгуулалтын зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд Засгийн газраас хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, төрийн өмчийн компаниудыг нээлттэй болгох, олон шаттай зөвшөөрлийн тогтолцоог өөрчлөх, бүртгэл мэдээллийн шинэ тогтолцоог бүрдүүлэх, бизнесийн болон боловсролын салбарын шинэчлэлийг эрчимжүүлэх, өөрөөр хэлбэл эдийн засгийг ардчилахад чиглэсэн удирдлага зохион байгуулалтыг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Уул уурхай, аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхийн зэрэгцээ манай орны эдийн засгийн нэг үндсэн тулгуур болох хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд Засгийн газар онцгойлон анхаарч байгаа. Газар тариалангийн салбарыг эрчимжүүлэн хөгжүүлж, хураан авч байгаа үр тариа бусад ургацын чанар, хэмжээг нэмэгдүүлэх замаар дотоодын хүнсний үйлдвэрлэлийн хэрэгцээг бүрэн хангахуйц түвшинд хүргэх нь бидний ойрын зорилт юм. Энэ нь зөвхөн тухайн салбарын үйлдвэрлэлийн тоо хэмжээг өсгөх төдий бус бүхэлдээ манай эдийн засгийн тэр дундаа улс үндэстний маань хүнсний аюулгүй байдлын чухал холбогдолтой том зорилт гэдгийг хэлье. Атрын 3 дугаар аян үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд хүн амын гурилын хэрэгцээг дотоодоосоо бүрэн хангах зорилт тавьж, тариаланчдыг дэмжих олон арга хэмжээг авч хэрэгжүүлснээр тодорхой үр дүн гарч байна. Энэ онд 330 гаруй мянган тонн улаан буудай хураан авч, 250.0 мянга орчим тонн гурил үйлдвэрлэх боломжтой, ингэснээр гурилын хомсдол гарахгүй байх нөхцөл бүрдэнэ гэсэн тооцоо, судалгааг холбогдох мэргэжлийн яам, байгууллага гаргаад байгаа. Мал аж ахуй бол манай орон нутгийн үндсэн салбар, хөдөөгийн иргэдийн маань амьжиргааны гол эх үүсвэр билээ. Иймд Засгийн газрын онцгой анхаарлын төвд байдаг. Уур амьсгалын өөрчлөлт, нийгмийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн мал аж ахуйн үйлдвэрлэлийг эрчимжүүлэн хөгжүүлэх, зах зээлийн нөхцөлд өрсөлдөх чадвартай эдийн засгийн үр ашигтай салбар байх нөхцөлийг бүрдүүлэх, малыг эрүүлжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх зорилго бүхий "Монгол мал" үндэсний хөтөлбөрийг УИХ-аас батлан гаргасныг хэрэгжүүлэхээр Засгийн газраас холбогдох арга хэмжээг авч эхлээд байна. Өнгөрсөн өвөл, хавар байгаль цаг агаарын гамшигт үзэгдэл зуд болж, мал аж ахуйн салбар, малчдын аж амьдралд ихээхэн хүндрэл учруулсан. Энэхүү зудын улмаас 44,0 сая толгойд хүрч байсан мал сүрэг 9,7 сая толгойгоор хорогдож, олон арван тэрбум төгрөгийн шууд хохирол учирч, 8700 гаруй өрх огт малгүй болсон. Зудын хор хохирлыг арилгах, зутарч хохирсон малчдынхаа амьжиргааг тэтгэх зорилгоор Засгийн газраас саяхан тогтоол гарган "Малчин өрхийг малжуулах журам"-ыг батлан хэрэгжүүлж эхэллээ. Энэ журмаар улсын хэмжээнд малгүй болсон нийт өрхийн 50 хувийг 2010 онд малжуулна. Үүнд зориулан эхний ээлжинд Засгийн газар 3 тэрбум төгрөгийн эх үүсвэр гаргаж, аймаг бүрт хуваарилан олгож эхэлсэн. Манай Засгийн газрын тэргүүлэх үндсэн зорилго бол Монгол хүнээ хөгжүүлэхэд чиглэгдэж байгаа. Монгол хүн бүр ажилтай, орлоготой, эрүүл саруул, эрдэм боловсролтой, бүтээлч чадвартай байх нь бид бүхний нийтлэг хүсэл эрмэлзэл билээ. Засгийн газар юуны өмнө нийгмийн баялгаас иргэн бүрт хувь хишиг хүртээх, хувь хүний болон өрхийн орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээг авч байна. Эхний ээлжинд иргэн бүрт 70 мянган төгрөг олгосон. Сүүлийн жилүүдэд буюу 2005 оноос хойш төрөлт ихээхэн хурдацтай нэмэгдсэнтэй холбоотойгоор энэ жилээс эхлэн сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хүүхдийн асуудал тулгамдсан асуудал болон гарч ирж байна. УИХ, Засгийн газраас сургуулийн өмнөх боловсролын тогтолцоо, цэцэрлэгийн хүрэлцээг сайжруулахад ихээхэн анхаарч жил бүрийн төсөвт цөөнгүй тооны цэцэрлэгийг шинээр барих хөрөнгийг тусган гүйцэтгэж ирсэн. Үүний үр дүнд улсын хэмжээнд 2009 онд 31, энэ оны эхний 8 сарын байдлаар 28 цэцэрлэгийн барилга тус тус шинээр баригдаад байна. Өнгөрсөн хичээлийн жилд улсын хэмжээнд 814 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаа боловч жил тутам 60,0-67,0 мянган хүүхэд шинээр төрж байгаагийн улмаас, шинээр төрсөн хүүхдийн тооны өсөлтийг цэцэрлэгийн анги, танхимын хангамж гүйцэж чадахгүй байна. Ойрын жилүүдэд ч хүн амын насны бүтэц, өсөлттэй холбоотой энэ асуудал ирэх жилүүдэд ч сургуулийн өмнөх боловсрол, ЕБС-уудад дамжин олон жил үргэлжлэх хандлагатай байна. Удахгүй Засгийн газраас Монгол улсын ирэх 2011 оны төсвийн төслийг боловсруулж, өргөн мэдүүлэхээр бэлтгэж байгаа. Энэхүү төсвийн төсөлдөө ч бид хүүхдийн цэцэрлэг, яслийн барилга, өргөтгөлийн асуудлыг дахин анхаарч тусгах, зохистой шийдлийг олох, олон улсын байгууллагуудын төсөл, хөтөлбөрийн хүрээнд шийдвэрлэх зэрэг олон талын арга хэмжээг авах болно. Эрхэм хүндэт иргэдээ, Засгийн газар эдийн засаг, нийгмийн бодлогын дээрх зорилтуудаа хэрэгжүүлэхийн тулд төрийн байгууллагын ажил, үйлчилгээг бүх шатанд сайжруулах, хариуцлагын тогтолцоог бүрдүүлэхийг эрмэлзэж байна. Энэ чиглэлээр төвлөрлийг сааруулж, орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх талаар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлж эхэлсэн. Засгийн газраас орон нутагт олгож байгаа төсвийн шилжүүлгийг тухайн орон нутгийн хөгжлийн индекст тулгуурлан тодорхойлж байх зарчимд шилжинэ. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, улс, бүс нутгийн шинж чанартайгаас бусад бүх бараа, ажил, үйлчилгээг үнийн дүнгээс үл хамааруулан тухайн орон нутаг худалдан авдаг байх журам тогтооно. Боловсон хүчний босоо тогтолцоог өөрчлөн аймаг, нийслэлд ажиллаж байгаа төрийн онцгой чиг үүргийн агентлагаас бусад агентлагийн дарга нарыг томилох, чөлөөлөх эрхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт шилжүүлэх зэрэг арга хэмжээг авна. Бүх шатанд хариуцлагын тогтолцоог бий болгож, хууль дүрмийг чанд мөрдүүлэх, гэмт хэрэг, нийгмийн ёс суртахууны эсрэг үзэгдэлтэй тууштай тэмцэж, ард иргэдийн амгалан тайван байдлыг хангахад ч онцгойлон анхаарч ажиллаж байгаа, ажиллах ч болно. Төр засгийн шийдвэр, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ бүх салбар, орон нутгийн түвшинд бодит ажил болон өрнөж, түүний үр дүн ард иргэдэд шууд хүрч, мэдрэгдэж байх учиртай. Тийм ч учраас энэ удаагийн томилолтын нэг зорилго бол гаргасан шийдвэрийг аймаг, сум, багийн түвшинд иргэдэд хүргэх талаар хэрхэн ажиллаж байгаа, иргэдийн санал бодол ямар байгаатай танилцах, мөн орон нутагт тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх талаар ямар арга хэмжээ авч болох талаар санал бодлоо солилцоход чиглэж байна. Эрдэнэт хотын иргэдээ! Манай улсын аж үйлдвэрийн томоохон төв болсон Эрдэнэт хотын хэмжээнд 2010 оны эхний 8 сарын байдлаар 756.2 тэрбум төгрөгийн аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 55.5 хувь өссөн өөдрөг үзүүлэлт нааштай сайн мэдээ гарсан байна. Энэ оны эхний 8 сарын байдлаар аймгийн жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан болон өрхийн үйлдвэрлэлийг дэмжих сангаас 93 аж ахуйн нэгж, 51 төсөлд 2.8 тэрбум төгрөгийн зээл тус тус олгож, 330 байнгын ажлын байр шинээр бий болгожээ. Үүний үр дүнд жилд 3000 тонн яс боловсруулах, 165.2 мянган метр квадрат сендвичин хавтан үйлдвэрлэх, 1100 ширхэг арьс шир боловсруулж суран бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хөнгөн блок, өнгөлгөөний тоосгоны зэрэг үйлдвэрүүд, гахайны 300 аж ахуй шинээр байгуулагдсан байна. Бүтээн байгуулалтын чиглэлээр сүүлийн 2 жилд хүүхдийн цэцэрлэг, эмнэлэг, цэвэр усны өргөтгөх станц, 11.5 км хатуу хучилттай зам баригдаж, хотын цэвэрлэх байгууламжийн өргөтгөл барих ажлууд хийгдэж байна. Ирэх онд тохиох Эрдэнэт хот байгуулагдсаны 35 жилийн ойг угтаж томоохон бүтээн байгуулалтын ажил өрнүүлж байгаа нь сайшаалтай. УИХ-аас Засгийн газарт өгсөн үүрэг чиглэлийн дагуу Зэс хайлуулах үйлдвэрийг барих асуудлыг нарийвчлан судлан, боловсруулж байна. Холбогдох тооцоо судалгааг ойрын хугацаанд бэлэн болгож, УИХ-д танилцуулахаар Засгийн газар ажиллаж байна. Бид аль болох богино хугацаанд урьдчилсан бэлтгэлийг хангаж зэс хайлуулах үйлдвэрийг барьж эхлүүлэх болно. Мөн Үйлдвэр технологийн хууль батлагдсантай холбогдуулан Эрдэнэт хотод аж үйлдвэрийн парк байгуулах асуудлыг шийдвэрлэхээр Засгийн газар нухацтай судалж байна. Эрхэм хүндэт иргэдээ, Орхон аймаг, Эрдэнэт хот улам бүр өргөжин хөгжиж, улс орныхоо хөгжил дэвшилд улам их хувь нэмэр оруулахын хамт та бүхний амьдрал ахуй ямагт өөдлөн дэвжиж байхын өлзийтэй ерөөлийг Та бүхэндээ өргөн дэвшүүлье. Анхаарал тавьсанд баярлалаа.
Эрхэм хүндэт Эрдэнэтчүүдээ!
Тавтай сайхан намаржиж байна уу?
Эрхэм хүндэт иргэд ээ!
Аж үйлдвэрийн цогцолборыг байгуулахад эхний ээлжинд нийт 5000 инженер техникийн ажилтан, мэргэжилтэй ажилчид шаардагдана гэсэн урьдчилсан тооцоо байдаг. Ерөнхий боловсролын сургууль болон Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг төгссөн, одоогоор ажилгүй байгаа залуучуудыг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ ихтэй байгаа инженер техникийн ажилтан, гагнуурчин, бетон цутгагч, засварчин зэрэг ажил мэргэжлээр сургахаар бид шийдвэрлэж, энэ онд эхний удаад 3000 гаруй залуучуудыг ямар нэгэн төлбөргүйгээр холбогдох чиглэлийн МСҮТ-д сургахаар шийдвэрлэсэн.
Төслийн хүрээнд дэвшилтэт техник, өндөр технологи бүхий үйлдвэрүүд тэдгээрийн найдвартай үйл ажиллагааг хангах дэд бүтэц, инженерийн болон нийгмийн хангамжтай, байгаль орчинд ээлтэй, шилдэг хот төлөвлөлттэй, олон улсын хэмжээнд эдийн засгийн хувьд өрсөлдөх чадвар бүхий аж үйлдвэрийн цогцолборыг төрийн болон хувийн хөрөнгө оруулалтаар байгуулах болно.
Мөнгийг бэлнээр, бөөнөөр олгох нь инфляци өсгөж, юмны үнэ хөөрөгдөх сөрөг үр дагавартай байгаа учир, цаашид сар бүр тогтмол олгож байхаар саяхан шийдсэн. Тухайлбал, энэ оны 8 дугаар сарын 1-нээс он дуустал иргэн бүрт 10 мянган төгрөг олгож байгаа бол 2011 оноос эхлээд сар бүр 20 мянгаас доошгүй төгрөг олгохоор тогтож байна. Үүнийг удахгүй 2011 оны улсын төсвийн төсөл, Хүний хөгжил сангийн төсвийг хэлэлцэн батлах үед эцэслэн шийдвэрлэж, баталгаажуулах болно.
Үлдэх 1.0 сая төгрөгийг иргэдэд боловсролын болон эрүүл мэндийн үйлчилгээ, нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөр болон орон сууцны, малчны ба бусад зээлийн төлбөрт нь зарцуулах хэлбэрээр олгохоор судалгаа тооцоог холбогдох яам байгууллагууд хийж байна. Саяхан манай Засгийн газрын хуралдаанаар “Сургалтын төлбөрийн талаар авах зарим арга хэмжээний тухай” асуудлыг хэлэлцээд тогтоол гаргаж, их, дээд сургууль, коллежийн суралцагчийн төлбөрөөс 500,0 мянган төгрөгийг 2011 оны 1 дүгээр сараас эхлэн Хүний хөгжил сангаас бэлэн бусаар олгохоор шийдвэрлэлээ.
Энэ арга хэмжээ нь манай ард иргэдэд учирч байсан сургалтын төлбөрийн болон банкны зээлийн дарамтыг багасгаж, тэдний ахуй амьдралд томоохон дэмжлэг болохуйц зөв зүйтэй арга хэмжээ болсон гэж манай ард иргэд, олон нийт үзэж, ихээхэн дэмжиж байна. Мөн энэ оны 10 дугаар сараас төрийн албан хаагчдын цалин болон иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг 30 хувиар нэмэхээр шийдсэн. Олон хүүхэдтэй эхэд олгох мөнгийг нэмэгдүүлсэн бөгөөд түүнийг энэ оны IV улирлаас олгохоор шийдвэрлээд байна.