Ерөнхий сайд С.Батболдын Япон улсад хийх албан ёсны айлчлал эхэлж байна
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын Япон улсын Засгийн газрын урилгаар тус улсад хийх албан ёсны айлчлал өнөөдөр буюу 2012 оны гуравдугаар сарын 11-ний энэ өдөр эхэлж байна. Энэ нь Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг тэмдэглэх хүрээнд болж буй өндөр дээд хэмжээний айлчлал юм. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны ойрын болон хэтийн зорилт, ялангуяа уул уурхай, эрдэс баялаг, дэд бүтэц, эрчим хүч болон хөдөө аж ахуй, байгаль орчин, хүний нөөцийн салбарт хамтран ажиллах чиглэлийг нарийвчлан тодорхойлох, Монгол, Японы худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг цогц хэлбэрээр хөгжүүлэхэд түлхэц болох Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (EPA) байгуулах тухай албан ёсны хэлэлцээг эхлүүлэх, Монгол Улсын эдийн засгийн тогтворжилт, хөгжлийг дэмжих зээлийн төслийн 2-р ээлж болох Нийгмийн халамжийн салбарт зориулсан 20 сая ам.долларын зээлийн 1 төсөл, мөн буцалтгүй тусламжийн 3 төслийг хэрэгжүүлэх асуудлыг тохиролцож шийдвэрлэхэд чиглэж байгаагаараа айлчлал ач холбогдолтой юм.
Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Японы Угсаа залгамжлах Хунтайж Нарухитод бараалхаж, Япон Улсын Ерөнхий сайд Ё.Нода-тай албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Ёкомичи болон Зөвлөхүүдийн танхимын дарга К.Хирата нарт бараалхаж, Гадаад хэргийн сайд К.Гэнба, Эдийн засаг, үйлдвэрийн сайд Ю.Эдано нартай уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно. Японы зүүн бүс нутагт болсон байгалийн гамшгаас хойш яг нэг жил өнгөрч байна. Үүнтэй холбогдуулан өнөөдөр Японы Цог Жавхлант Эзэн хаан болон Япон Улсын Ерөнхий сайд нар оролцон Токио хотноо зохион байгуулагдах Гамшигт амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх цуглаанд Монгол Улсын Ерөнхий сайд оролцоно.
Түүнчлэн Японы Эдийн Засгийн байгууллагуудын холбоо (КЭЙДАНРЭН)-ны удирдлага болон Япон Улсын томоохон компанийн төлөөлөгчидтэй хийх уулзалт айлчлалын хөтөлбөрт мөн багтсан бөгөөд Монголын нүүрс, уран, газрын ховор элементийн орд газруудыг хамтран ашиглах, эрчим хүч, төмөр зам зэрэг дэд бүтцийн бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт хийх бололцоо нөхцөлийн талаар санал солилцох юм.
Ерөнхий сайд Японы “NHK” телевиз болон Никкэй, Санкэй, Майничи сонинд ярилцлага өгнө.
Мөн Ерөнхий сайд Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцааны тогтоосны 40 жилийн ойд зориулан гаргаж буй шуудангийн маркны нээлтийн ёслолд оролцож, маркны дээжийг Япон Улсын Ерөнхий сайдад гардуулна. Ерөнхий сайд Осака мужид зочилж, Осака хот дахь Монгол Улсын Ерөнхий консулын газрын нээлтэд оролцох юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Монгол Япончуудын харилцаанд агаарын тээвэр гүүр болох учиртай гэдгийг Ерөнхий сайд хэллээ
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын Япон улсад хийх албан ёсны айлчлалаа товлосон хугацаанаасаа нэг өдрийн өмнө эхэлж байна. Энэ ч учиртай юм. Японы зүүн бүс нутагт болсон байгалийн гамшгаас хойш яг нэг жил өнгөрч байна. Үүнтэй холбогдуулан өнөөдөр Японы Цог Жавхлант Эзэн хаан болон Япон Улсын Ерөнхий сайд нар оролцон Токио хотноо зохион байгуулагдах Гамшигт амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх цуглаанд Ерөнхий сайд С.Батболд оролцож Монголын ард түмнийхээ чин сэтгэлийн хүндэтгэлийг илэрхийлж байгаа юм.
Гуравдугаар сарын 11-ний ням гаригийн энэ өдөр Ерөнхий сайд С.Батболд Япон улсын хувийн хэвшлийн нэр бүхий томоохон компаниудийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод “АNА”компанийн ерөнхийлөгч Ш.Ито, тус компанийн гүйцэтгэх дэд ерөнхийлөгч К.Ода, Гадаад харилцаа хариуцсан дэд ерөнхийлөгч К.Шибата нар бараалхлаа.
ANA бол олон улсад нэр хүндтэй компани. Монгол Улс ANA компанитай агаарын тээврийн салбарт идэвхтэй хамтын ажиллагаа өрнүүлэх сонирхолтой байгаа юм. Тус компани нь Монголын агаарын тээврийн Изинес компанитай хамтын ажиллагааны гэрээ байгуулан дотоодын нислэгийг дэмжих чиглэлээр ажилладаг. Монголын эдийн засаг эрчимтэй хөгжиж байна. Энэ хөгжлийг улам хурдасгахад далайд гарцгүй орны хувьд агаарын тээврийн гүйцэтгэх үүрэг чухал гэдгийг Ерөнхий сайд С.Батболд тэмдэглээд аялал жуулчлалын салбарт хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хэрэгжүүлснээр хоёр улсад харилцан зорчих жуулчдын тоо нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Мөн монгол орон ардчилал, зах зээлийн замыг сонгосон үеэс шилжилтийн хүндрэлийг даван туулахад Япон улсын Засгийн газар, ард түмнээс үзүүлж ирсэн тусламж, дэмжлэгт Монголчууд талархдаг төдийгүй япончуудад элэгсэг дотно ханддаг. Тиймээс хоёр орны иргэдийн ийм дотно харилцаанд агаарын тээвэр гүүр болох учиртай гэдгийг ч дурдаж байлаа. ANA компанийн Ерөнхийлөгч техник, технологи нэвтрүүлэх, боловсон хүчний сургалт, хөрөнгө оруулалт хийхэд голлон анхаарч ажилладаг, энэ чиглэлээр Монгол Улстай хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаа. Үүнийг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар дэмжлэг үзүүлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ.
Засгийн газрын тэргүүн С.Батболд ANA компани нь Нарита болон Кансайн нисэх буудал дахь Монголын МИАТ компанийн газрын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж байгаад талархаж байгаагаа уулзалтын үеэр тэмдэглэлээ. Мөн Монгол Японы хооронд шууд нислэг бий болох нь бүх талын харилцаа хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байгаа энэ үед чухал ач холбогдолтой байгаа гэдгийг дурдлаа.
Мицубиши корпорацийн ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа
Японд төвтэй, дэлхийн 80 орчим оронд 200 гаруй салбартай, 500 гаруй охин компанитай Мицубиши корпорацийн ерөнхийлөгч К.Кобаяши төлөөлөгчдийнхөө хамтаар Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод мөн өнөөдөр бараалхлаа. Монгол Японы стратегийн түншлэлийн харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулахад идэвхтэй хамтран ажиллана гэдэт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд С.Батболд илэрхийллээ. Мицубиши корпорацийн ерөнхийлөгч уулзалтын үеэр бизнесийн төдийгүй боловсон хүчин зэрэг бусад хэлбэрээр хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаагаа тэмдэглэж байлаа.
Японы хэвлэлүүд Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалыг ихээхэн сонирхож байна
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын Япон улсад хийж байгаа албан ёсны айлчлал тус улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудын анхаарлын төвд байна. Японы NHKтелевиз,өдөр тутмын хамгийн нэр хүндтэй сонин болох “Никкэй” болон “Майничи” сонины сэтгүүчид өнөөдөр Ерөнхий сайдаас тусгайлан ярилцлага авлаа. Монгол Улсын эдийн засгийн өндөр хурдтай өсөлт, цаашдын төлөв байдал, бүтээн байгуулалтын чанартай томоохон төслүүд түүний дотор Тавантолгойн асуудлыг Японы сэтгүүлчид ихээхэн сонирхож байна.
Тавантолгойн баруун, зүүн цанхи дахь үйл ажиллагаа, олон улсын нээлттэй тендерийн явц, түүн дэх Японы оролцооны талаар Ерөнхий сайд С.Батболдын байр суурийн талаар тэд мөн асууж байлаа. Олон улсын нээлттэй тендерийн үйл ажиллагаа ном дүрмийн дагуу явж байгаа. Яриа хэлэлцээний явц амаргүй нөхцөлд байгаа ч Тавантолгойг Монгол Улсад ашигтайгаар Монголын ард түмний хүсэл сонирхлыг харгалзан шийдэх учиртай. Мөн хөрөнгө оруулагч талуудын байр суурийг ч хүндэтгэн үзэж асуудалд хандаж байгаа гэдгээ Ерөнхий сайд хэлээд энэ ондоо багтааж төслийг хэрэгжүүлж эхлэх төлөвлөгөөтэй байгаагаа хэллээ.
Түүнчлэн энэ айлчлалын зорилго, үр дүн болоод Солонгосын хойгийн асуудал ч сэтгүүлчийн сонирхсон сэдвийн нэг байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Ерөнхий сайд С.Батболд байгалийн гамшигт амь үрэгдсэн иргэдийн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээнд оролцлоо
Одоогоос яг нэг жилийн өмнөх өдөр буюу 3 дугаар сарын 11-ний өдөр Японы Зүүн бүс нутагт хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 16 мянга гаруй хүн нас барж япон улсын эдийн засаг, нийгмийн амьдралд асар их гамшиг учирсан. Байгалийн гамшигт амь үрэгдэгсдийн гэгээн дурсгалыг энэ өдөр япончууд хүндэтгэн мэхийн ёсолж, тэдний гэр бүлийнхэн, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийж байна.
Япон Улсын Үндэсний театрт амь үрэгдэгсдийг хүндэтгэх ёслолын ажиллагаа болж Японы Цог Жавхлант эзэн хаан, эрхэм дээд хатан, Японы Ерөнхий сайд Ё.Надо болон амь үрэгдэгсдийн ар гэрийнхэн, Японы ард иргэд оролцлоо. Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд оролцож, Монгол Улсын Засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийллээ. Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газрын тэргүүн оролцсон нь гадаадын төлөөлөгчдийн дундаас хамгийн өндөр түвшний зочин хүндэтгэл үзүүлсэн нь энэ байлаа.
Энэхүү ёслолын ажиллагаа Токиогийн цагаар 14.30-д Эзэн хаан морилон ирснээр эхэлж, Японы Төрийн дуулал хөгжимд эгшиглэхэд цугласан хүмүүс хүндэтгэн босож дуулцгаалаа. Үүний дараагаар 14 цаг 46 минутад амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн нэг минут чимээгүй зогслоо. Япон улсын Ерөнхий сайд Ё.Нода, Эзэн хаан болон амь үрэгдэгсдийн ар гэрийн төлөөлөл үг хэлээд цэцэг өргөх ёслол боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд Сүхбаатарын Батболд цэцэг өргөнө хэмээн танхимд танилцуулсны дараагаар тус улс дахь Дипломат төлөөлөгчийн 120 гаруй газрын нэрсийг цагаан толгойн дарааллаар дуудаж танилцуулахад тэргүүнүүд нь хүндэтгэн цэцэг өргөлөө. Гамшигт өртөж амь насаа алдсан иргэдээ дурсан санаж, дурсгалыг нь хүндэтгэх энэхүү ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд оролцсонд япончууд талархаж байлаа.
“Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас, тэвдэж явахад тэвнээр тусал” гэсэн монгол ардын зүйр цэцэн үг байдаг. Монгол орон ардчилал, зах зээлийн замыг сонгосон үеэс шилжилтийн хүндрэлийг даван туулахад Монгол Улсын дотно түнш, манай орны “гуравдахь хөрш” Япон Улсын Засгийн газар, ард түмнээс үзүүлж ирсэн сэтгэл харамгүй тусламж, дэмжлэгт монголчууд талархаж байдаг юм.
Японы ард түмэнд тохиолдсон энэхүү гамшгийн тухай мэдээг Монголын ард түмэн сэтгэл эмзэглэн хүлээн авч, орон даяар хандивын хөдөлгөөн өрнөж, хүүхэд залуусаас настан буурал хүртэл бүх хүмүүс эрвийх дэрвийхээрээ мөнгө, хөрөнгө цуглуулж гамшгийн бүсэд илгээж байсан.
Монгол Улсын Засгийн газраас энэ гамшигтай холбогдуулан 2011 оны гуравдугаар сарын 14-ний өдөр Япон улсын Засгийн газарт 1 сая ам.долларын мөнгөн тусламж үзүүлж, 2500 ширхэг дулаан хөнжил, ноолууран цамц 800, ороолт оймс зэрэг тусламжийн барааг өөрийн онгоцоор Японд хүргэсэн билээ. Мөн хувь хүн, албан байгууллагаас 2 тэрбум 100 сая орчим төгрөг хандивласныг Улаанбаатар дахь Японы Элчин сайдын яаманд гардуулж өгч байсан юм.
Монголын ард түмэн цаашид ч Японы ард түмэнтэй хүнд бэрх цагт ч, хөгжлийн түүхэн үед ч сэтгэл зүрхээрээ үргэлж хамт байх болно гэдгээ Японы хэвлэлүүдэд ярилцлага өгөхдөө хэлсэн. Мөн ажилч хичээнгүй, хөдөлмөрч баатарлаг Японы ард түмэн байгалийн гамшгийн хохирлыг богино хугацаанд даван туулна гэдэгт бид бат итгэлтэй байгаа илэрхийлж байлаа. Монгол Улсын Засгийн газрын тэргүүний албан ёсны айлчлал 3 дугаар сарын 12-нд эхэлж байгаа ч Японы ард иргэдэд хүндэтгэл үзүүлэх энэхүү ёслолд оролцохын тулд айлчлалаа нэг өдөр урагшлуулсан юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.