Ерөнхий сайд С.Батболд ахмад дайчдад баярын мэнд хүргэлээ
Түүхэн ялалтын 65 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдөрт зориулсан баярын арга хэмжээнд Монгол улсын ерөнхий сайд С.Батболд оролцож, дайнд оролцож явсан ахмад дайчдад баяр хүргэж, үг хэллээ.
Ерөнхий сайд энд хэлсэн үгэндээ XX зууны түүхэнд бараан мөр үлдээн, хүн төрөлхтөнд гай гамшиг гашуун зовлон учруулсан дэлхийн II дайны сүүлчийн голомтыг дарсан энэ дайны ялалтын түүхэн ач холбогдол нь фашист эвслийн түрэмгий бодлогыг няцааж, дэлхий дахинд энх тайван тогтооход эргэлтийн үйл явдал болсны дээр Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг баталгаажуулан зөвшөөрүүлэх онцгой үр дагавартай байсанд оршино хэмээн тэмдэглэж байв.
Улиран одох он жилүүдэд үл мартагдах энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай тогтоолыг Засгийн газраас гаргаж, улс орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнол, бүтээн байгуулалтын төлөө өөрийн амь бие хүч хөдөлмөрөө зориулж явсан ахмад үеэ бахархах өдөр болгон тэмдэглэж байгаа юм. Чөлөөлөх дайнд манай улсын 24 мянган дайчин эх орныхоо төлөө тулалдаж явсан бөгөөд 960 орчим ахмадууд эдүгээ энх тунх аж төрж байгаа юм байна. Тэдэнд 65 жилийн ойн медаль гардуулж, 163 ахмад дайчдыг төрийн дээд одон медалиар шагналаа. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний үеэр 60 ахмад дайчинд орон сууцны түлхүүр гардуулан өгсөн ажээ