Сүхбаатарын Батболд Batbold Sukhbaatar

RSS Feed Facebook Twitter YouTube Wikipedia

Ерөнхий сайд С.Батболд Буриадын Ерөнхийлөгчтэй уулзлаа

Нийтэлсэн: - 2011/09/14 18:00 - Мэдээ, мэдээлэл , Мэдээ

Ерөнхий сайд С.Батболд Буриадын Ерөнхийлөгчтэй уулзлаа ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсад хүрэлцэн ирсэн Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод тус улсын Ерөнхийлөгч В.В.Наговицын 2011 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр бараалхав. Ах дүү буриадын нутагт хүрэлцэн ирсэндээ баяртай байгаагаа Ерөнхий сайд хэлээд Улаан-Үд хотын 345 жилийн ойн баярын мэндийг Ерөнхийлөгч В.В.Наговицынд хүргэв. Тэрээр хэлсэн үгэндээ Монгол Улс хил орчмын бүс нутагтай харилцах харилцаандаа өндөр ач холбогдол өгдөг гээд энэ бүс нутагт хоёр орны худалдааны эргэлтийн 70 орчим хувь ногддог,сүүлийн үед худалдааны тэнцвэрт байдал бий болж нааштай үзүүлэлтүүд гарч байгааг хэлэв.

Бараа эргэлт нэмэгдэхийн хэрээр ачаа тээвэр, шалган нэвтрүүлэх байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, хялбаршуулах,түргэн шуурхай болгох шаардлага байна. Энэ талаар хоёр талын эрх барих дээд байгууллага анхаарах, Монгол Улсын Засгийн газар энэ чиглэлээр тодорхой алхам хийж байгаагийн адил Оросын тал ч  анхаарч байгаа гэдэгт найдаж байгаагаа Ерөнхий сайд С.Батболд онцлон тэмдэглэлээ.

Мөн хоёр талаас ажлын хэсэг гарч шалган нэвтрүүлэх дээр гарч байгаа хүндрэл, саад бэрхшээлийг шийдэх зөвлөмж гаргахаар боллоо. ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын хувьд энэ чиглэлийн хууль тогтоомжид өөрчлөлт оруулах энэ талаархи төсөл, байр сууриа хууль тогтоох дээд байгууллагадаа уламжлахад бэлэн байгаагаа Ерөнхийлөгч В.В.Наговицын Ерөнхий сайдад хэллээ.   

ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсад хүрэлцэн ирсэнд нь Ерөнхийлөгч В.В.Наговицын Ерөнхий сайд Батболдод талархал илэрхийлээд таны тэргүүлсэн  Засгийн газраас явуулж байгаа бодлого, үйл ажиллагааны үр дүнд Монголын эдийн засаг  эрчимтэй хөгжиж байгааг харахад бахархалтай байна гээд улам их амжилт гаргахыг хүсэн ерөөв. Тэрээр Ерөнхий сайд С.Батболдын хэлсэнтэй санал нэг байгаагаа хэлээд хоёр талын худалдаа эргэлт түүний дотор Монголоос Буриад руу чиглэсэн экспортын хэмжээ жилээс жилд өсч, худалдааны тэнцвэрт байдал бий болсныг тэмдэглэлээ.

Монголын аж ахуйн нэгжүүд Буриад Улсын газар нутагт хөрөнгө оруулалт хийх,тухайлбал  хөргөлтийн агуулах барих болсон нь Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн худалдан авах хэмжээг нэмэгдүүлэхэд  ихээхэн үүрэг гүйцэтгэх болно гэлээ. Мөн иргэний нисэхийн байгууллага Улаан-Үд хотноо засвар үйлчилгээгээ хийлгэх, аж ахуйн нэгжүүд жижиг оврын онгоц худалдан авахаар гэрээ хэлцэл хийх сонирхол бий болж байгаад баяртай байгаагаа Ерөнхийлөгч В.В.Наговицын Засгийн газрын тэргүүнд илэрхийллээ.

Аялал жуулчлалын салбар хөгжиж байгааг дагалдан бага оврын нисэх онгоцны үйлдвэрлэл хөгжиж байгааг мөн тэмдэглэлээ. Мөн уулзалтаар талууд худалдаа, эдийн засаг, боловсрол, аялал жуулчлалын салбар болон иргэд хоорондын харилцан зорчих чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулах сонирхолтой байгаагаа харилцан илэрхийллээ.

Уулзалтын дараа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид Улаан-Үд хот дахь Монгол Улсын Ерөнхий консулын газрын 20 жилийн ойн ёслолд оролцов. ОХУ-ын Бүгд найрамдах Буриад Улсын төрийн дээд одонгоор Ерөнхий сайд С.Батболдыг  шагнасныг Ерөнхийлөгч В.В.Наговицын энэ үеэр гардууллаа

 

Prime Minister S.Batbold

УИХ-ын гишүүн С.Батболд иргэд, сонгогч та бүхэнтэй тогтмол холбоотой ажиллаж, таны санал бодлыг өөрийн үйл ажиллагаанд тусгаж, харилцан мэдээлэл солилцож ажил­лахыг чухалчилж байна.

Бусад цахим хуудсууд

Шинэчлэлийг мэйлээр авах