Ерөнхий сайд С.Батболд: Галт тэрэг хөдлөж байна. Одоо хурдаа авах ёстой
Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга С.Дэмбэрэл 2010 оны 11 дүгээр сар 15-ны өдөр Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдод бараалхан “Бизнесний орчны шинэтгэлийн жил”-ийн хүрээнд боловсруулсан төсөл хөтөлбөр, бодлогын баримт бичгүүдийг хүлээлгэн өглөө. Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхим хувийн хэвшлийнхэнтэй хамтран “Экспортыг хөгжүүлэх үндэсний стратеги”, ”Хилийн худалдааг хөнгөвчлөх, хөгжүүлэх тухай”, “Аялал жуулчлалын салбарын хөгжлийн стратеги”,“Төр болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”, “Эрчим хүчний үр ашгийг 20 хувиар нэмэгдүүлэх, Хүлэмжийн хийн ялгарлыг 20 хувиар бууруулах, Байгальд оруулах хөрөнгө оруулалтыг 20 хувиар нэмэгдүүлэх зэрэг “Таван 20-ийн зарчим”, “Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагад шилжүүлэх тухай” 12 төсөл хөтөлбөр, бодлогын баримт бичиг боловсруулсан байна.
Ерөнхий сайд С.Батболд эдгээр баримт бичгүүдтэй танилцаад Ихээхэн ач холбогдолтой энэ төсөл хөтөлбөрийг бодит ажил болгох ёстой.12 дугаар сард Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлүүлэхийн тулд энэ сард багтаан төслүүдийг нягталж, эцэслэн танилцуулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг өгөөд Засгийн газар зорилтоосоо ухраагүй, дэвшүүлсэн зорилтынхоо хэрэгжилтийг улам эрчимжүүлэх болно. Галт тэрэг хөдлөж байна. Одоо хурдаа авах ёстой гэж тэрээр хэллээ