Ерөнхий сайд С.Батболд Дэлхийн аварга С.Батцэцэгт чин сэтгэлийн баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүллээ
Монгол Улсын Ерөнхий сайд, Олимпын наадамд бэлтгэх үндэсний хорооны дарга Сүхбаатарын Батболд Чөлөөт бөхийн дэлхийн шинэхэн аварга Соронзонболдын Батцэцэгт чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж баяр хүргэлээ. Мэндчилгээнд ”Москва хотноо зохион байгуулагдаж буй Насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээнээс алтан медаль хүртэж “Дэлхийн аварга” хэмээх алдрын буухиаг эх орондоо залгуулсан Соронзонболдын Батцэцэг Танд болон Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагчид, Монголын Чөлөөт бөхийн холбооны удирдлагуудад Монгол Улсын Засгийн газрын өмнөөс болон хувиасаа чин сэтгэлээсээ баяр хүргэж байгаагаа илэрхийлье. Сингапур улсад зохиогдсон Залуучуудын зуны олимпийн анхдугаар наадмаас Монголын тамирчид ихэр аваргыг төрүүлсэн баярт мөчөөс хойш сар хүрээгүй хугацаанд чөлөөт бөхийн төрөлд Дэлхийн аваргатай болсон тухай сайхан мэдээг эх орон, ард түмэн тань сэтгэл догдлон бахдал дүүрэн хүлээж авлаа. Чөлөөт бөхийн төрөлд 35 жилийн дараа дэлхийн аваргын эрхэм алдрыг хүртсэн С.Батцэцэг Таны тэвчээр хатуужил, хүч хөдөлмөр, оюун ухаан тамирчид, залуучуудын бахархал болж араасаа олон аваргуудыг төрүүлнэ гэдэгт итгэж байна. Танд болон чөлөөт бөхийн багийн хамт олонд спортын өндөр амжилт хүсэн ерөөе. Монгол Улсын Ерөнхий сайд, Олимпийн наадамд бэлтгэх үндэсний хорооны дарга С.Батболд” гэжээ.