Сүхбаатарын Батболд Batbold Sukhbaatar

RSS Feed Facebook Twitter YouTube Wikipedia

Ерөнхий сайд С.Батболд: Засгийн газрын тэргүүний хувьд Шинжлэх Ухааны салбартаа ихээхэн анхаарал тавьж байна

Нийтэлсэн: - 2011/01/27 19:44 - Мэдээ, мэдээлэл , Мэдээ

Ерөнхий сайд С.Батболд: Засгийн газрын тэргүүний хувьд Шинжлэх Ухааны салбартаа ихээхэн анхаарал тавьж байнаМонгол Улсын Шинжлэх ухааны академийнхан ололт амжилт,алдаа дутагдлаа хэлэлцэн чуулж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2011 оны 1-р сарын 27-ны өдөр Шинжлэх ухааны академийн эрдэм шинжилгээ,  үйл ажиллагааны 2010 оны тайлан хэлэлцэх Их чуулганд оролцож улс орныхоо шинжлэх ухаан технологийн өнөөгийн байдал, цаашдын зорилтын талаарх санал бодлоо хуваалцлаа. Шинжлэх ухааны салбараа улс орныхоо эдийн засаг, нийгмийн хөгжил, аюулгүй байдлын ашиг сонирхолд нийцүүлэн хөгжүүлэх замаар эдийн засаг дахь шинжлэх ухааны өгөөж, нийгэм дэх шинжлэх ухааны нэр хүндийг дээшлүүлэхэд байнга анхаарч ажиллах хэрэгтэйг Ерөнхий сайд үгийнхээ эхэнд хэлээд Шинжлэх ухааны салбарын санхүүжилт бага байгааг бид хүлээн зөвшөөрөх ёстой.

Гэхдээ санхүүжилт бага байгаагаас чадавх сул, чадавх сулаас итгэлгүй, мухар эргүүлэгт орчихсон байна гэж шүүмжилдэг. Санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэхийн өмнө салбарын бүтэц, зохион байгуулалт, салбар дундын уялдаа, хамтын ажиллагаа нь хүлээгдэж буй хэмжээнд байна уу гэдгийг эргэцүүлмээр байна гэлээ. Түүнчлэн Засгийн газрын тэргүүн Шинжлэх ухаан технологийн сангийн үйл ажиллагаанд хийсэн хөндлөнгийн мониторингийн судалгаанаас үзэхэд 1000 хүнд ногдох эрдэм шинжилгээний ажилтны тоогоор дэлхийд дээгүүр байр эзэлдэг боловч шинжлэх ухааны тодорхой судалгааны чиглэлд ногдох судлаачийн тоо, чадавх сул байна хэмээн дүгнэснийг анхааруулаад энэ чиглэлд Шинжлэх ухааны академи, их, дээд сургуулиуд, Боловсрол, соёл шинжлэх ухааны яам, Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо идэвх санаачилгатай ажиллах хэрэгтэйг хэллээ.

Мөн манай улсын хувьд асар том боломж, шинэ зорилт, сорилтууд тулгарч байна. Энэ бүхнийг даван туулахад эрдэмтэн мэргэд та бүхнээс олон зүйл шалтгаална. Тиймээс шинжлэх ухааны салбартаа ихээхэн анхаарал тавьж ажиллахаа Ерөнхий сайд С.Батболд илэрхийлээд Байгалийн баялгаа улс орныхоо, хүнийхээ хөгжилд зарцуулах, шавхагдашгүй баялаг бүтээх зайлшгүй шаардлага бий. Энэ бодлогын нэг зорилт болгож Монголын геологи, эрдэс баялгийн үндэсний төв байгуулах, Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн барих кокс, химийн үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэлийг хийхэд Шинжлэх ухааны академи, үндэсний эрдэмтэн мэргэдийг оролцох ёстой гээд...

-  Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийг их, дээд сургуулийн эрдэм судлалын ажилтай уялдуулах талаар тодорхой ажил хийх,

-  “Бэлчээр сайжруулах экологийн туршилт судалгааны төв”-ийг цаг алдалгүй байгуулах,

-   Экспортын бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлд технологийн шинэчлэл хийх,

-   Эдийн засгийн дэд бүтэц, хөдөө аж ахуй, уул уурхайн маш сайн хөгжсөн гадаадын технологийг өөрийн орны нөхцөлд тохируулан нутагшуулахад онцгой анхаарах хэрэгтэйг хэлсэн юм.

Засгийн газрын тэргүүн Шинжлэх ухааны академийн өмнө тулгамдсан, мөн дээрх асуудлуудыг энэ оны эхний хагаст Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлүүлэхийг Боловсрол соёл, шинжлэх ухааны сайд, Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны дарга, Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч нарт үүрэг болголоо. Мөн тэрээр 2011 онд Монголд анхны орчин үеийн шинжлэх ухааны байгууллага “Судар бичгийн хүрээлэн” байгуулагдсаны 90 жил, Шинжлэх ухааны академийн 50 жилийн түүхэн ойг тэмдэглэх ажилд амжилт хүсч, эрдэмтэн мэргэд  эрдэм судлал, оюуны нөр их хөдөлмөр тань улам өргөн дэлгэр байхыг ерөөсөн юм.

Энэ үеэр тус академийн тэргүүлэгчдийн хурлаас Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын Шинжлэх ухааны салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлж, Монгол Улсын Шинжлэх ухааны академийн дээд шагнал “Хувилбай хааны одон”-гоор  шагнаснаа гардуулсан юм. Сүүлийн жилүүдэд тус салбарынхан хорт хавдрыг эмчлэх, сэргийлэх чиглэлээр ажиллаж, дотоодын эмийн үйлдвэрлэлийн хувь хэмжээг  өсгөх, хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүний гүн боловсруулалтыг нэмэгдүүлэх зэрэг олон ажлыг хийж гүйцэтгэжээ.

Бид 50 дахь удаагаа тайлангаа хэлэлцэх Их чуулганаа хийж байна. Төр засаг шинжлэх ухааны салбарт анхаарч байдаг хэдий ч энэ хугацаанд Ерөнхий сайд бидний чуулганд биеэр оролцож, шинжлэх ухааны салбарт анхаарч ажиллахаа биечлэн хэлж байсан удаагүй. Тиймээс Засгийн газрын тэргүүндээ талархаж байгаагаа илэрхийлэе хэмээн Академич Т.Намжим энэ үеэр хэлж байлаа.

Prime Minister S.Batbold

УИХ-ын гишүүн С.Батболд иргэд, сонгогч та бүхэнтэй тогтмол холбоотой ажиллаж, таны санал бодлыг өөрийн үйл ажиллагаанд тусгаж, харилцан мэдээлэл солилцож ажил­лахыг чухалчилж байна.

Бусад цахим хуудсууд

Шинэчлэлийг мэйлээр авах