Ерөнхий сайд С.Батболд Кувейтийн үндэсний ассамблейн даргатай уулзав
Кувейт Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд тус улсын Үндэсний Ассамблейн дарга Жассем Аль-Харрафи-тай уулзлаа. Ерөнхий сайд уулзалтын салхийг хагалж хэлсэн үгэндээ Монгол Улсын хөгжлийн гол салбар болох дэд бүтцийн салбарт Кувейт Улс туслалцаа, дэмжлэг үзүүлж ирсэнд талархав. Ялангуяа аймгуудыг холбосон хатуу хучилттай зам тавих, жижиг оврын усан цахилгаан станц барих төсөл амжилттай хэрэгжсэн, одоо парламентын шинэ ордон барих төсөл үргэлжлэн хэрэгжиж байгааг Ерөнхий сайд онцлоод цаашид өөр олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэн баяжуулах боломж байгааг дурьдав. Хүүхдийн эмнэлэг барих асуудлыг Засгийн газрын тэргүүн дахин хөндөж дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Кувейтийн сан онцгой үүрэг гүйцэтгэж байгааг Ерөнхий сайд үнэлээд Олон улсын парламентын холбооны шугамаар талуудын харилцаа идэвхтэй хөгжиж байгааг тэмдэглэв. Кувейтийн Үндэсний ассамблейн дарга хэлсэн үгэндээ Ерөнхий сайд С.Батболд тэргүүтэй Монголын найз нараа эх орондоо, Парламентын ордондоо хүлээж авч байгаадаа баяртай байна гэлээ. Хоёр талын харилцаа түүний дотор өндөр дээд түвшинд тогтсон харилцаа үлгэр жишээ үзүүлэх найрсаг хэмжээнд байна. Харин одоо иргэд хоорондын болон худалдаа бизнесийн салбарынхны холбоог бэхжүүлэх талаар ярилцсан асуудлаа бодит ажил хэрэг болгохын төлөө хүчин чармайлт гаргах хэрэгтэй гэв.