Ерөнхий сайд С.Батболд ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтой уулзав
Мөн өдөр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Оросын Холбооны Улсын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтой уулзав. Ерөнхий сайд С.Батболд Оросын Холбооны Улсын Гадаад хэргийн сайд С.В.Лавров нар өөрсдийн төгссөн сургууль болох Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийн тухай, оюутан насныхаа дурсамжаа ярилцаж нөхөрсөг уур амьсгалаар уулзалт яриаг эхлүүллээ. Ноён С.В.Лавров эрхэм зочиндоо өөрийн төгссөн Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийн “Хүндэт доктор” цол хүртсэнд баяр хүргээд Монгол Улсын Ерөнхий сайдын энэхүү албан ёсны айлчлал Монгол Оросын харилцааг шинэ шатанд гарган хөгжүүлэхэд түүхэн үүрэг гүйцэтгэх ач холбогдолтой болно гэдэгт итгэж байгаагаа хэлэв. Талууд хоёр орны харилцааны тулгамдсан асуудлууд, цаашдын хамтын ажиллагааны төлөвийг хэлэлцэж, бүс нутгийн болон олон улсын харилцан сонирхсон зарим асуудлаар санал солилцов. ОХУ-тай чөлөөт худалдааны хэлэлцээр ойрын үед байгуулах, төмөр замын гэрээг шинэчлэх, хамтарсан үйлдвэрүүдийн үр ашгийг нэмэгдүүлэхэд хоёр талаасаа идэвх санаачлагатай ажиллах хэрэгтэй байгааг уулзалтын үер Монгол Улсын Ерөнхий сайд хөндлөө. ОХУ-ын Гадаад хэргийн сайд ч Ерөнхий сайдын байр суурийг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Энэ өдөр мөн Ерөнхий сайд С.Батболд Монгол Оросын бизнес эрхлэгчдийн уулзалтанд оролцож үг хэллээ. Уулзалтын үеэр Монгол Оросын худалдаа, бизнесийг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааны хүрээнд хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурав.