Ерөнхий сайд С.Батболд: Та бүхэн Лондонгийн олимпын найдварууд шүү
Өсвөр үеийнхний зуны олимпийн анхдугаар наадам, өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах шатрын тэмцээн, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах буудлагын тэмцээнээс медаль хүртсэн тамирчдад Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд мөнгөн шагнал олголоо.
Тэрбээр тамирчдад хандаж “Засгийн газрын тэргүүний хувьд Монгол Улсынхаа нэр хүндийг өндөрт өргөж, Төрийн далбаагаа мандуулсан өсвөр үеийн сайхан залуучууд та бүхэнтэй уулзаж байгаадаа баяртай байна. Би олимпын хорооны зүтгэлтэн, спортыг дэмжигч иргэн. Хүүхдийн олимпын наадмын чөлөөт бөхийн төрөлд Батцэцэг алтан медаль авлаа гэсэн мэдээг Монголын олимпын хорооноос анх өгсөн. Та нарын амжилтын тухай мэдээлийг цаг мөч бүрт нь авч байлаа.
Та бүхнийг их спортод маш сайхан ирээдүй хүлээж байна. Эцэг эх, ах дүүс, ард түмнээ баярлуулж, улс орныхоо нэрийг өндөрт өргөхийн төлөө улам илүү хөдөлмөрлөөрэй. Ийм нөхцөл боломжийг төр засаг олгож, урамшуулж байх ёстой” гэж хэллээ. Мөн “Та нар 2012 оны Лондонгийн зуны олимпын найдварууд нар шүү. Бэлтгэл сургуулилтаа улам сайн хийгээрэй” гэсэн юм. Сингапурт болсон Өсвөр үеийнхний зуны олимпын анхдугаар наадмаас алтан медаль хүртсэн Б.Батцэцэг, Г.Эрдэнэболд нарт тус бүр 36 сая, мөнгөн медаль хүртсэн О.Дөлгөөнд 5 сая 400 мянган төгрөг, мөн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах буудлагын тэмцээнээс алтан медаль хүртсэн Ц.Хонгорзулд 12 сая, өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах шатрын тэмцээнээс алтан медаль хүртсэн А.Энхтуулд 500 мянган төгрөгийг Монгол Улсын Засгийн газрын тэргүүн С.Батболд, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа нар гардууллаа.
Тамирчдаа ийм өндөр амжилтад хүргэсэн дасгалжуулагч багш П.Жигжидсүрэн, Л.Ундралбат, Д.Мөнхбаяр, Ц.Алтантөгс, Д.Энхбаатар нарт ч мөн энэ үеэр мөнгөн шагнал олголоо