Сүхбаатарын Батболд Batbold Sukhbaatar

RSS Feed Facebook Twitter YouTube Wikipedia

Ерөнхий сайд С.Батболд эрхэмсэг зочноо хүндэтгэн үдийн зоог барилаа

Нийтэлсэн: - 2011/10/13 19:25 - Мэдээ, мэдээлэл , Мэдээ

 

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Канцлер, эрхэмсэг хатагтай Ангела Меркелийг хүндэтгэн зоог барилаа. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайдын С.Батболд “Миний урилгыг хүлээн авч Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа эрхэмсэг хатагтай Канцлер Ангела Меркель болон ХБНГУ-ын төр, засгийн төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай морилж, тухлан саатахыг хүсье” гэлээ. Мөн тэрбээр, 

- Энэ жил Монгол нутагт анхны төрт улс байгуулагдсаны 2220 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 805 жил, Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100 жил гээд манай улс, ард түмний түүхэнд  тохиосон олон чухал үйл явдлыг Монголын ард түмэн ёслон тэмдэглэж байна. Билэг дэмбэрэлтэй энэ цаг мөчид Герман Улсын Засгийн газрын тэргүүн ийнхүү Монгол Улсад анх удаа зочлон ирж байгаа нь монголчууд бидэнд өндөр хүндэтгэл үзүүлж байгаа хэрэг гэж үзэж байна. 

Канцлер Таны айлчлал манай хоёр орны болон ард түмний найрамдалт харилцаа, хамтын ажиллагаа гүнзгийрч байгааг, энэхүү харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Герман Улсын Засгийн газар чухалчлан анхаарч байгааг илтгэн харуулж байна. Энэхүү айлчлал нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг  шинэ шатанд гаргана гэдэгт итгэлтэй байна.

Та бидний яриа хэлэлцээ чин сэтгэлийн, харилцан ойлголцсон уур амьсгалд боллоо. Хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, бүс нутаг болоод олон улсын тавцанд хамтран ажиллах асуудлаар санал солилцсон маань үр ашигтай боллоо. Цаашдын хамтын ажиллагаанд ихээхэн түлхэц үзүүлэх Хэлэлцээрүүдэд айлчлалын үеэр гарын үсэг зурлаа.

Герман Улстай тогтоосон иж бүрэн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг юм. Герман Улс нь манай Европ дахь гол түнш. Монгол Улсын Засгийн газар Европын холбоотой харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж, Түншлэл хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулах, Европын холбоонд баримталдаг нийтлэг зарчим, хэм хэмжээ, норм стандартуудыг нутагшуулахыг эрмэлзэж байна.

Монгол, Германы харилцаа, хамтын ажиллагаа өнөө цагт ардчилсан нийгмийн үнэт зүйлс, итгэл үнэмшлээр бэхжиж, улмаар хоёр орны болон бүс нутгийн энх тайван, хөгжил цэцэглэлтийн тусын тулд улам өргөжин тэлж байгааг тэмдэглэхэд таатай байна. Цаашид ч ардчиллыг бэхжүүлэх, худалдаа, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө Эрхэмсэг хатагтай Канцлер Тантай хамтран ажиллахдаа таатай байх болно.

Германы алдарт зохиолч Курт Тухольски “Найрамдал, нөхөрлөл бол эх орны адил”  гэж хэлсэн байдаг. Энэ ишлэлийн мэргэн утга санаа монгол хүнд их дотно бөгөөд ойлгомжтой санагдаж байна. Манай хоёр орны найрамдал, түншлэлийг мөн энэ өргөн утгаар тайлбарлан тодорхойлж болж байна. Эрхэмсэг хатагтай Ангела Меркель Таныг зуны дэлгэр цагт Монгол Улсад энэ удаагийнхаас арай урт хугацаагаар дахин айлчлан ирэхийг урьж байна гэлээ.

ХБНГУ-ын Канцлер хатагтай Ангела Меркель, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд гэргийн хамт хүндэтгэл үзүүлж, халуун дотноор хүлээн авч байгаад талархал илэрхийллээ. Монгол Улсад богино хугацаанд айлчилсан хэдий ч Монгол орны үзэсгэлэнт байгаль, хүн ардынх нь зочломтгой сайхан зан чанарыг мэдэрлээ. Монгол Улсын Ерөнхий сайд зуны дэлгэр цагаар ирээрэй гэж дахин урьсанд талархаж байгаагаа эрхэмсэг хатагтай Ангела Меркель илэрхийлээд “Эрхэм Ерөнхий сайд С.Батболд таныг ХБНГУ-д албан ёсны айлчлал хийхийг урьж байна” гэлээ. 

Тэрбээр мөн айлчлалын үеэр хийсэн албан ёсны хэлэлцээ, Монгол Улсын Төрийн өндөрлөгүүдтэй хийсэн уулзалт, УИХ-ын хүндэтгэлийн чуулганд үг хэлсэн нь Монгол Германы харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргасан түүхэн айлчлал боллоо. Энэ бүх хэлэлцээр, баримт бичгүүдийг ажил хэрэг болгох, бодит үр дүнд хүргэхийн төлөө ХБНГУ-ын Канцлерийн хувьд анхаарч ажиллах болно гэж хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Prime Minister S.Batbold

УИХ-ын гишүүн С.Батболд иргэд, сонгогч та бүхэнтэй тогтмол холбоотой ажиллаж, таны санал бодлыг өөрийн үйл ажиллагаанд тусгаж, харилцан мэдээлэл солилцож ажил­лахыг чухалчилж байна.

Бусад цахим хуудсууд

Шинэчлэлийг мэйлээр авах