Ерөнхий сайд С.Батболд Өвөрхангай аймгийн Хархорин сумын иргэдийн төлөөлөгчидтэй уулзав
2010 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Хархорин хот Эрхэм хүндэт Хархоринчууд аа! иргэд ээ! Их Монгол Улс, Монголын эзэнт гүрний гал голомт нутагт аж төрөн суугаа иргэд Та бүхэндээ Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж мэндчилье. Энэ удаагийн хөдөө орон нутгийн томилолтоо би Монгол эх орныхоо “хүйс” нь болсон төвийн бүсийн тулгуур төв Хархорин хотоос эхэлж байна. “Халхын буян хишиг”-ийн өдөр Хархоринчуудтайгаа уулзаж байгаа нь бүр ч бэлгэшээлтэй юм. Өнөөдөр бол “Монголчуудын буяныг тогтоон арвижуулах сайн үртэй, идэрийн барилдлагатай өдөр” хэмээн цаг улирлын бичигт тэмдэглэжээ. Бэлгэ ерөөлт энэ өдөр Автай сайн Хааны үүсгэн байгуулсан Монголын бурхан шашны түүхт хийд Бат-Эрдэнэ зуудаа нийт ард иргэдийнхээ сүлд хийморийг даатган мандал өргөлөө. Ард иргэдийн амьдрал ахуйтай танилцаж, нутаг орондоо хийж бүтээж байгаа ажил үйлсийг нь нүдээр үзэж, хөгжил дэвшлийн хэтийн зорилт, чиглэлийн талаар санал, бодлоо хуваалцах их аяны эхний уулзалтын эзэд Та бүхэн боллоо. Нөхцөл байдлаа бодитоор дүгнэж, илэн далангүй ярилцацгаая. Миний бие хамтарсан Засгийн газрын тэргүүнээр томилогдоод 9 сарын нүүр үзэж байна. Улс орныхоо эдийн засаг, нийгмийн байдалд дүн шинжилгээ хийж, ард олныхоо аж амьдралыг судлан, Засгийн газрын үйл ажиллагааныхаа тэргүүлэх чиглэлээ тодорхойлж, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх зорилттой ажиллалаа. Энэ хугацаанд хамтарсан Засгийн газар олон жил яригдаад шийдэж чадаагүй байсан томоохон асуудлуудыг эхнээс нь шийдвэрлэж улс орныхоо хөгжлийг түргэтгэх талаар анхны алхамаа хийж, үйлдвэрлэл, бизнес хөгжих илүү тааламжтай нөхцөл бүрдүүлж эхэллээ гэж хэлэх байна. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах эхний алхам болох Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг байгуулан Таван толгойн орд газрыг ашиглах эрх зүйн орчны үндсийг тавилаа. Ингэснээр Монголын ард иргэд, үндэсний компаниуд давуу эрхийн хувьцаа эзэмших боломж нээгдэж, Монгол Улсын иргэн бүр өөрийн гэсэн өмчтэй болох,байгалийн баялагтаа эзэн нь байх түүхэн шийдвэрийг хамтдаа гаргаж чадлаа. Уул уурхайн салбарын үр шимийг хүртэхийн тулд зөвхөн орд газруудыг ашиглалтанд оруулснаар хязгаарлагдахгүй, олборлосон ашигт малтмалыг тээвэрлэх дэд бүтцийг хөгжүүлэх, ашигт малтмалыг эцэслэн боловсруулах, олон улсын зах зээлд үнэ хүргэн арилжаалах, мэргэжилтэй ажилтан бэлтгэх гээд олон олон ажлууд ар араасаа ундарч байна. Энэ бүхнийг Засгийн газар ээлж дараатай, тодорхой үндэслэл судалгаатайгаар, нэгдсэн бодлого, нэгдмэл удирдлагаар хангахын төлөө шаргуу ажиллаж байна. Энэ арга хэмжээний нэг болох Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогын төслийг Засгийн газраас боловсруулан Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн батлууллаа. Энэ бодлого хөтөлбөрийн дагуу эхний ээлжинд 2011-2014 онуудад нийтдээ мянга гаруй км Төмөр замыг Таван толгой-Сайншанд-Баруун Урт-Чойбалсангийн чиглэлд барих болно. Энэ бол аварга том бүтээн байгуулалт, ажлын шинэ байрны төсөл. Зам дагаж хөгжил гэдэг. Төмөр замын төсөлтэй уялдаад “Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор” байгуулах төсөл боловсруулагдаад дуусч байна. Өнгөрсөн 5 сард Засгийн газар хуралдаанаараа энэ асуудлыг хэлэлцээд, уг төслийг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий зөвлөлийг Ерөнхий сайдаар ахлуулан байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ цогцолборт нүүрсийг боловсруулан кокс гаргах үйлдвэр, үрлэн төмрийн үйлдвэр, нүүрс хийжүүлэх үйлдвэр, газрын тос боловсруулах үйлдвэр, зэс хайлуулах үйлдвэр болон бусад үйлдвэрийн газруудыг барьж байгуулахаар төлөвлөж байна. Цогцолборын эхний ээлжийг 2011-2014 онд барьж байгуулах юм. Ингэснээр 2015 оноос Монгол Улс уул уурхайн түүхий эдийг экспортлогч бус, түүхий эдийн тодорхой хэсгийг боловсруулан, эцсийн бүтээгдэхүүн экспортолдог улс орон болох боломжтой. Хамгийн гол нь “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор”-ыг бүрэн байгуулснаар 2010-2021 онд нийтдээ 70,0-80,0 орчим ажлын байр шинээр бий болгоно гэж гэж үзэж байгаа юм. Ийнхүү Уул уурхайд түшиглэсэн Үндэсний Их Бүтээн байгуулалтын үе эхэлснийг Засгийн газрын тэргүүн би зоригтойгоор хэлж чадах байна. Энэ бүх том төслүүдийн зорилго нь Монгол Улсын эрх ашиг, эдийн засгийн бат суурь, Монгол хүний аж амьдралын баталгаа, хөгжлийн үндсийг бэхжүүлэхэд чиглэгдэж байгаа юм. Засгийн газар ийнхүү алсыг харж, ард түмнийхээ амьдралын чанар, ахуй нөхцлийг сайжруулах зорилтыг аж үйлдвэржүүлэлтийн бодлоготой уялдуулж, хамтад нь шийдвэрлэхийг зорьж байна. Үүний тулд хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, боловсролын салбарын шинэчлэлийг эрчимжүүлэх, 2010 оныг “Бизнесийн орчны, шинэтгэлийн жил” болгох зэргээр асуудлыг аль болох цогцоор шийдвэрлэхийн төлөө ажиллаж буй. Энэ удаагийн томилолтын нэг зорилго нь Засгийн газар ойрын болон хэтийн бодлого зорилт, хөтөлбөр төслөө орон нутгийн ард иргэддээ танилцуулж, Та бүхнийг Их бүтээн байгуулалтад бие сэтгэлээрээ бэлэн байж, гар бие оролцохыг уриалахад оршиж байгааг хэлье. Уул уурхай, аж үйлдвэржүүлэлтийн том зорилтын зэрэгцээ Хөдөө аж ахйн салбарт газар тариалан, мал аж ахуйг эрчимжүүлэх замаар дотоодын хүнсний үйлдвэрлэлийн хэрэгцээгээ бүрэн хангах, хөнгөн үйлдвэрийг хөгжүүлэхийг зорьж байгаа. Хүн амынхаа хүнсний хэрэгцээ, аюулгүй байдлыг хангах үүднээс “Атрын 3 аян”-ыг цаашид эрчимжүүлж, 2010 онд Улсын хэрэгцээт буудай, төмсийг 100%, хүнсний ногооны 60%-ийг дотоодын ургацаас хангах зорилт тавин ажиллаж байна. Энд Хархоринчуудын хувь оролцоо нэн чухал гэдгийг онцлон хэлье. Мал аж ахуйг уур амьсгалын өөрчлөлт, нийгмийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн хөгжүүлэх, зах зээлийн нөхцөлд өрсөлдөх чадвартай, эдийн засгийн үр ашигтай салбар байх нөхцөлийг бүрдүүлэх, малыг эрүүлжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх зорилго бүхий "Монгол мал" үндэсний хөтөлбөрийг саяхан Улсын Их Хурлаас батлан гаргасныг Засгийн газар үе шаттайгаар хэрэгжүүлж эхлээд байна. Өнгөрсөн өвөл, хавар манай орны мал аж ахуйд учирсан гарз хохирол, гамшгийн хор уршгийг арилгах, амин зуулга болох мал сүргээ алдсан малчдын санаа сэтгэл, ахуй амьдралыг харж үзэж, бололцоотой бүх арга хэмжээг авах нь Засгийн газрын нэн ойрын зорилтын нэг байсаар байх болно. Хорогдсон мал сүрэг жил жилээр өсөж үржинэ. Хамгийн гол нь хүний амь, амьдралын баталгааг хангах нь нэн тулгамдсан асуудал гэдгийг бид ойлгож байгаа. “Монгол хүний хөгжлийг хангах нь Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл болно” гэдгийг би энэ ажлыг хүлээж авах үедээ онцлон хэлсэн. Энэ байр суурь одоо ч, цаашид ч хэвээр байх болно. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Стратегийн болон томоохон орд газраас олсон орлогоос иргэн бүрт 1,5 сая төгрөг хүртээх эрх зүйн орчин болон санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлнэ” гэсэн зорилт хэрэгжих хууль эрх зүйн орчинг өнгөрсөн хугацаанд бүрдүүллээ. Хүний хөгжил сангийн тухай хуулийг УИХ-аар батлуулан байгалийн баялгаас олсон орлогыг иргэддээ тэгш, шударгаар хүргэх ажлыг эхлүүлсэн. “Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2010 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын дагуу эхний ээлжинд 70,000 төгрөгийг иргэддээ олгоод байна. Хүний хөгжлийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг саяхан УИХ-д өргөн барьсан. Энэ хуулиар Хүний хөгжлийн сангаас иргэдэд бэлэн мөнгө олгож буй хугацаанд өөрчлөлт оруулж 2010 оны 08 дугаар сарын 01-нээс эхлэн сар бүр иргэн бүрт 10,000 төгрөг олгож байх, цаашид 2011 оны 01 дүгээр сараас сар бүр олгох мөнгөний хэмжээг нэмэгдүүлэн 21,000-аас доошгүй төгрөгт хүргэхээр зорьсон болно. Үүнийг Засгийн газар хэрэгжүүлнээ. Иргэн бүрт олгох 1,0 сая төгрөгийг тэтгэврийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх, боловсрол, эрүүл мэнд, орон сууцны эрхийн бичиг олгох зэрэг хэлбэрээс нь сонголт хийх саналыг иргэдээс авах ажлыг зохион байгуулсан. Нийт саналын 50 шахам хувь нь орон сууц худалдан авах урьдчилгаа зээл болон малчны зээл ба бусад зээлийн төлбөрт зориулахаа илэрхийлсэн байна. Үүнийг ч Засгийн газар бодолцох болно. Төрийн албан хаагчдын цалин болон иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг 2010 оны 10 дугаар сарын 1-нээс 30 хувиар өсгөхийн зэрэгцээгээр төрийн албан хаагчдийг орон сууцжуулах үүднээс 4 мянган хүнийг хөнгөлттэй зээлд хамруулах шийдвэрийг гаргаж хэрэгжүүлж эхлээд байна. Хүний хөгжил нь зөвхөн халамж, тэтгэмж, цалин орлогоор хангагдахгүй. Түүгээр хэмжигдэхгүй ээ. Харин хөгжлийн түвшин нь Монгол хүний эрүүл мэнд, боловсролын түвшин, амьдралын чанар, өрсөлдөх чадвараар л тодорхойлогдоно. Тиймээс эрүүл мэнд, боловсролын салбарт ахиц шинэчлэл гаргах иж бүрэн бодлогыг бид хэрэгжүүлэхийг зорьж байна. Их бүтээн байгуулалтыг эрүүл бие бялдартай, өндөр боловсрол мэдлэгтэй, өрсөлдөх чадвартай, хөгжлийн төлөө хүсэл эрмэлзэлтэй, хөдөлмөрч хичээнгүй хатуужилтай хүн л хийх болно. “Монгол хүний хөгжил” гэдгийг манай Засгийн газар ийм өргөн утгаар харж, Их бүтээн байгуулалт хийх, иргэн хүний хөгжлийг хангах хос том зорилтыг нэг зоосны хоёр тал хэмээн үзэж, нэгдмэлээр шийдэхийг зорьж байна. Хархоринчууд аа! Хархорин сумын хөгжлийн тулгуур нь уламжлалт газар тариалангийн салбар билээ. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа атаржсан газраа сэргээн ашиглаж, газар тариаланг хөгжүүлэх зорилго бүхий “Атрын 3 аян”-ы хүрээнд Хархорин сумынхан өнгөрсөн онд 1100 тн төмс, хүнсний ногоо, 700 тн үр тариа хураан авч аймгийнхаа хэрэгцээнд нийлүүлжээ. Хураан авсан үр тарианы хэмжээ урьд оныхоос 4 дахин өссөн хэдий ч ахмад буурлуудын маань сангийн аж ахуйд ажиллаж байх үеийн ургацын хэмжээтэй харьцуулвал хэд дахин бага байгаа нь хойшид нэгийг бодож, ихийг хийгүүштэй. Орхоны хөндийд газар тариалан эрхлэх бүрэн боломжтойг ахмад үеийнхэн маань бидэнд амжилт бүтээл, амьдралын туршлагаараа нотлон харуулсан билээ. Энэ ялдамд Хархорин сангийн аж ахуйд ажиллаж газар тариалан эрхлэх их үйлсэд гар бие оролцож явсан ахмад буурлууддаа гүн талархлаа илэрхийлье. Хархорин суманд орчин үеийн технологитой, усалгаатай тариалан эрхлэх болон малын тэжээл тариалалтыг ч нэмэгдүүлэх замаар төвийн бүсийн улмаар үндэсний хэрэгцээг хангахад хувь нэмрээ оруулж, сум орны эдийн засгийн бие даасан байдлыг хангах бүрэн бололцоо бий. Газар тариалангийн салбарын шинэ бүтээн байгуулалтыг эндээс эхлүүлж болно. Тийм ч шаардлага байна. Энэ талаар бүтээлч санал санаачлага гаргаж, бодит ажлыг эхлүүлбэл санхүүгийн болон орчин үеийн машин механизм,технологийн хангалтыг нэмэгдүүлэх талаар Засгийн газраас ч анхаарч ажиллах болно. Үйлдвэрлэл тэр дундаа жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх нь Хархорин хотын хөгжлийн бас нэг тулгуур гэж үзэж байна. Засгийн газраас жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх бодлого боловсруулан аймгуудад хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл олгож эхэлсэн билээ. Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас тус сумын 28 жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд 357.0 сая төгрөгний хөнгөлөлттэй зээл олгож 434 ажлын байр шинээр бий болсон мэдээ байна. Гэсэн хэдий ч ажилгүйдлийн түвшин 6.0 хувьтай байгаа нь ажлын байр бий болгох, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх талаар хийж буй ажлыг улам эрчимжүүлэх шаардлагатайг харуулж байна. Монгол Улсын Засгийн газраас Хархорин хотын цэвэр бохир усны инженерийн шугам сүлжээг шинээр байгуулахад эхний ээлжинд 1.0 тэрбум төгрөгний санхүүжилт олгохоор шийдвэрлэсэн. Инженерийн шугам сүлжээ ашиглалтанд орсноор бизнес эрхлэгчдэд бас нэг таатай нөхцөл бий болно гэж үзэж байна. Хархорин хотын хөгжлийн бас нэг тулгуур нь яах аргагүй аялал жуулчлалын салбар мөн. Монгол Улсын аялал жуулчлалын үндсэн маршрутад Хархорин хот хамаардаг нь энэ салбарын бизнес, үйлчилгээ хөгжих бүрэн боломжтой билээ. Орхоны хөндийн цогцолборт газрууд, Монголын эзэнт гүрний нийслэл Харахорум хотын туурь, Эрдэнэзуу хийдийг түшиглэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Та бүхэн туршлага хуримтлуулж, амжилт олж байгаа. Цаашид мэргэшсэн хөтөч бэлтгэх, аялал жуулчлалын шинэ төрлийн шинэ менежмент бүхий соёлтой үйлчилгээнүүдийг бий болгох, байгаль орчныг хамгаалахад ихээхэн анхаарч ажиллах шаардлагатай байна. Японы Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр баригдаж буй 5.0 сая долларын төсөвт өртөг бүхий” Хархорин-Музей”энэ онд багтаж ашиглалтанд орох ёстой. ”Хархорин-Музей” ашиглалтанд орсноор тус хотод аялал жуулчлал хөгжих өргөн боломжийг нэмэгдүүлнэ гэж үзэж байна. Энэ бүхэн бол ойрын үеийн дүр зураг юм. Би Хархорины ирээдүйг дор хаяж арван жилээр, тэгэхдээ их өөдрөгөөр төсөөлж явдаг. Түүх сөхвөл өнөө жил Чингис хааны зарлигаар Их Монгол Улсын нийслэл Хархорум хот үүсгэн байгуулагдсаны 790 жилийн ой тохиож буй. 2005 онд Ерөнхийлөгчийн зарлиг гарч Хархорин хотыг сэргээн байгуулах ажлыг судалж, Улсын Их Хуралд санал оруулахыг Засгийн газарт чиглэл болгосон байдаг. Миний бодоход уул уурхайн болон аж үйлдвэрийн цогцолборын их бүтээн байгуулалт алсуураа Хархорины ирээдүйтэй холбогдоно гэж үзэж байна. Саяхан Засгийн газар “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийг УИХ-аар батлуулсан. Энэ хөтөлбөрийн агуулга зөвхөн одоогийн нийслэл Улаанбаатарын хөгжлөөр хязгаарлагдаагүй, бүсийн хөгжлийн бодлого, орчин үеийн хот байгуулалттай нягт уялдаатай. 2020 онд Хархорум хотын 800 жилийн ойг бид шинэ хотын бүтээн байгуулалтаар угтах боломж байхыг үгүйсгэхгүй. Энэ бол биелэхгүй мөрөөдөл биш. Бид зоригловол, хамтдаа зүтгэвэл бүтээж чадах зүйл. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг. Та бидний өмнө хэтийн сайхан ирээдүй байна. Эрхэм хүндэт Хархоринчууд аа,
Танай суманд дэд бүтэц бусад сумдаас түлхүү хөгжсөн, ялангуяа байршлаараа улсынхаа газар нутгийн төв цэгт оршиж, хатуу хучилттай замаар улсынхаа нийслэлтэй холбогдсон, байнгын найдвартай эрчим хүчний эх үүсвэрээр хангагдсан, олон хүн амтай, орон нутгийн чанартай хотын статустай гээд олон давуу тал байна. Монгол Улсын Их Хурлаас баталсан “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”, ”Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого” зэрэг бодлогын баримт бичигт Хархорин хотыг Хангайн бүсийн тулгуур төв байхаар тусгаж, аялал жуулчлал, газар тариалан, үйлдвэрлэл-үйлчилгээг түлхүү хөгжүүлэхээр төлөвлөсөн нь ирээдүйн хөгжлийн сайхан боломжийг нээж өгчээ.
Өнгөрсөн жилийн ололт амжилтаа улам бататгаж, 2011 онд тохиох төрөлх аймгийнхаа түүхт 80 жилийн ойгоо ажил хөдөлмөр, амжилт бүтээлийн дээдээр угтахыг хүсэн ерөөе. Ирээдүйн Хархорины их бүтээн байгуулалт өнөөдрөөс Та бүхний сэтгэл оюунд ургаж, хожим биелэлээ олох болтугай.