Ерөнхий сайд тамирчдадаа мөнгөн шагнал гардууллаа
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд өргөж, амжилт үзүүлсэн тамирчид, дасгалжуулагчдадаа баяр хүргэж, мөнгөн шагнал гардууллаа.
Бээжингийн олимпын аваргын буухиаг амжилттай үргэлжлүүлж байгаа тамирчид, дасгалжуулагчид, спортын байгууллагуудын хамт олны шаргуу хөдөлмөрөөр бахархаж байгаагаа уулзалтынхаа эхэнд тэрбээр тэмдэглэлээ. Мөн “Жүдочид маань биднийг байнга баярлуулж байна. Та бүхний хөдөлмөр гайхамшигтай сайхан үр дүн авчирч байна.
Чөлөөт бөхийн холбооныхны маань ч хичээж ажиллаж байгаагийн үр дүн гарч байна. Дэлхийн аваргаас алтан медаль хүртэнэ гэдэг бол үнэхээрийн том амжилт. Оюун ухаанаа уралдуулдаг шатрын том тэмцээнд амжилт гаргаж байгаад мөн баяртай байна” гэж Гүйцэтгэх засаглалын тэргүүн онцолсон юм. Амжилтын буухиа үргэлжлэхийн зэрэгцээ бахдам амжилт үзүүлсэн та бүхэнд шагналын хур бууж байна гэж тамирчид, дасгалжуулагчдад мөнгөн шагнал өгөхдөө Ерөнхий сайд хэллээ.
Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль авсан Соронзонболдын Батцэцэгт 30 сая, Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн Хашбаатарын Цагаанбаатар, Мөнхбаатарын Бундмаа нарт тус бүр найман сая, 2010 оны оюутны шатрын дэлхийн аварга болсон Батхуягийн Мөнгөнтуулыг 10 сая төгрөгөөр, эдгээр тамирчдын дасгалжуулагчдыг ч мөн Засгийн газрын журмын дагуу мөнгөн шагналаар шагнасныг Засгийн газрын тэргүүн С.Батболд өнөөдөр гардууллаа