Ерөнхий сайд уурхайчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Налайхын орд газарт хувиараа нүүрс олборлогч 30 гаруй мянган уурхайчдын төлөөлөл болсон иргэдийг өнөөдөр өрөөндөө хүлээн авч уулзлаа. Эдгээр хүмүүс Налайхын уурхайд ажиллаж байсан бөгөөд уурхай хаагдсан учир хувиараа нүүрс олборлож амьдрал ахуйгаа залгуулж байгаа юм байна. Уулзалтад Найлайх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Батбаяр, тус дүүргийн Засаг дарга Б.Баяндэлгэр, Уурхайчдын Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга А.Ганболд нар байлцлаа.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, энэ уулзалтад дарга нарын ярихыг биш, уурхайчдын төлөөллөө сонсъё. Та бүхэн Засгийн газрын тэргүүндээ юу хэлж, яримаар байна гэж уулзалтыг эхлүүллээ. “Сүүлийн 20 гаруй жилд олон удаа хүсэлт гаргасан хэдий ч Монгол Улсын үе үеийн Ерөнхий сайд нар уурхайчдын төлөөллийг хүлээн авч уулзаж байгаагүй. Тиймээс Ерөнхий сайд С.Батболд таныг биднийг цаг гарган хүлээн авч уулзан, зовлон жаргалыг минь сонсож байгаад баярлалаа” гэж Налайхын уурхайчдын Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга хэлээд Налайхын ам бүрийг агаар хэмждэг багажтай, тэнд нүүрс олборлож байгаа хүн болгоныг хамгаалах багтай болгомоор байна гэсэн хүсэлтийг тавилаа.
Энэхүү уулзалтын үеэр мөн уурхайчдын нөхөн олговор, нөхөн төлбөр, өдгөө 50 гаруй сая тн-ын нөөцтэй Налайхын уурхайг цаашид хэрхэн үр дүнтэй ажиллуулах болон нүүрс олборлож байгаа хүмүүсийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдал, ажлын байрны асуудал хөндөгдсөн. Мөн цэрэгт алба хааж байгаад тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэврийн зөрөөний талаар ч мөн хөндлөө.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд уурхайчдын төлөөлөл болсон тэдгээр хүмүүст хандаж, Монгол Улсын Засгийн газар нийт иргэдийнхээ нийтлэг эрх ашгийн төлөө анхаарч ажиллаж байгаагийн нэгэн адил түвшинд уурхайчдад анхаарал тавьж байгаа гэдгээ илэрхийллээ. Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар уурхайчдад нөхөн төлбөр олгох тухай асуудлыг оруулж шийдвэрлүүлсэн. Нэг уурхайчинд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөр олгохоор болсон гэдгийг тэмдэглэлээ.
Орд газрын ашиглалт, нүүрсний борлуулалт, уурхайчдын сургалт, ажлын байрны аюулгүй байдал зэрэгт Засгийн газар үүргийнхээ хувиар анхаарч байгаа гэдгийг хэлээд уурхайчдын тавьсан хүсэлтийг судалж, шийдвэрлэх талаар холбогдох албаны хүмүүст үүрэг өглөө. Мөн тэтгэврийн зөрөөний асуудалд цэргийн алба хааж байсан гэж тусгайлан ялгахгүй цогцоор нь шийдэх болно гэдгийг Засгийн газрын тэргүүн онцоллоо