Ерөнхий сайд Хятадын жанжин штабын дэд даргыг хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Монгол-Хятадын батлан хамгаалах салбарын жил бүрийн зөвлөлдөх уулзалтад оролцохоор манай улсад ирээд байгаа БНХАУ-ын Ардын Чөлөөлөх Армийн (ХАЧА) Жанжин штабын дэд дарга, генерал Ма Сяотан тэргүүтэй төлөөлөгчдийг 2010 оны наймдугаар сарын 19-ний өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Монгол-Хятадын харилцаа, хамтын ажиллагаа, тэр дундаа хоёр улсын зэвсэгт хүчний хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд амжилттай хөгжиж ирснийг, тухайлбал монголын цэргийн албан хаагчдыг БНХАУ-ын цэргийн сургууль, дамжаанд сургах, хамтарсан дадлага сургууль зохион байгуулах, буцалтгүй тусламж олгох чиглэлээр үр ашигтай хамтран ажиллаж байгааг дурдлаа.
Түүнчлэн Монгол Улсын Батлан Хамгаалах Яаманд (БХЯ) БНХАУ-ын БХЯ-аас үзүүлсэн буцалтгүй тусламжаар Монголын зэвсэгт хүчин Нөхөн сэргээх төвтэй болж байгаа нь дэлхийн халуун цэгүүдэд үүрэг гүйцэтгэж байгаа монголын энхийг сахиулагчдын бие бялдар, сэтгэл санааг дэмжих чухал ач холбогдолтой үйл явдал болсон гэдгийг тэмдэглэлээ.
2009 оны долдугаар сард хоёр орны зэвсэгт хүчин энхийг сахиулах чиглэлээр БНХАУ-д хамтарсан сургууль амжилттай явуулсан нь хоёр талын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой арга хэмжээ болсныг Ерөнхий сайд мөн онцлоод, цаашид талууд энхийг сахиулах чиглэлээр хамтарсан сургууль, дадлага хийх, манай улсад зохиогддог “Хааны эрэлд” олон улсын хээрийн сургуульд ХАЧА-иас цэргийн баг оролцуулж хамтран ажиллах, туршлага солилцох боломжтой юм гэдгийг хэллээ.
БНХАУ нь НҮБ-ийн Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн орон. Тиймээс хоёр тал НҮБ-ийн хамтын ажиллагааны хүрээнд олон улс, бүс нутгийн аюулгүй байдлыг сахин хамгаалах, энхийг сахиулах хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломж байна гэж Ерөнхий сайд мөн хэлэв.
Генерал Ма Сяотан өндөр түвшинд хүлээн авч байгаад Ерөнхий сайдад талархал илэрхийлээд, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вень Зябаогийн мэндчилгээг хүргэлээ. Тэрээр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн түвшин, тэр дундаа батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийллээ