Ерөнхий сайд цан цохин 3631 дэх арилжааг эхлүүлэв
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Монгол Улсад хөрөнгийн зах зээл үүсч, Монголын Хөрөнгийн Бирж байгуулагдсаны 19 жилийн ойг тохиолдуулан Хөрөнгийн биржид зочлон 3631 дэх арилжааг эхлүүлэх цан цохилоо. Ерөнхий сайд хэлсэн үгэндээ “Монгол Улсад хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх шаардлага, боломж байгааг дурьдаад 2010 он Монгол Улсад хөрөнгийн зах зээлийг идэвхитэй хөгжүүлэх шинэ үе шатыг тавьсан он жил болно гэдэгт итгэлтэй байна.
Засгийн газар хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, Хөрөнгийн биржийн үйл ажиллагааг сайжруулах талаар дэмжиж ажиллана. УИХ-д саяхан өмч хувьчлалын үндсэн чиглэлийг өргөн барьсан. УИХ удахгүй энэ үндсэн чиглэлийг хэлэлцэж батална хэмээн найдаж байна. Хөрөнгийн биржийн үйл ажиллагааг сайжруулан боловсронгуй болгох нь хөгжлийн хөшүүрэг- хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд чухал түлхэц болох юм. Та бүхнийг хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулаарай хэмээн хүсч байна” гэлээ.
Хүн төрөлхтөн хөрөнгийн зах зээл дээрээс мөнгө босгдог замаар замнаад 500 жил болжээ. Улс орны эдийн засагт сул чөлөөтэй байгаа мөнгөн хөрөнгийг урт хугацаанд хямд өртөгтэйгээр татах ажлыг зохион байгуулах хэрэгцээ тулгарлаа. 2010 он үндэсний томоохон хувьцаат компаниуд байгуулагдаж, хувьцаа нь дотоодын болон олон улсын хөрөнгийн зах зээл дээр арилжаалагдаж, Монгол Улсад санхүүгийн шинэ эх үүсвэр бий болж ашиглагдаж эхлэх анхны жил юм. Хөрөнгийн биржийн 19 жилийн ойг тохиолдуулан биржийн үйл ажиллагааг харуулсан “Хубилай хааны зарлиг” уран сайхны кино бүтээжээ