Ерөнхий сайд Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооныхонтой уулзав
Ерөнхий сайд судалгаа, дүгнэлтэд түшиглэн хурдтай ажиллахыг даалгав
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооныхонтой уулзаж тус байгууллагын 2009 оны ажлын тайлантай танилцан үг хэлж, үүрэг даалгавар өглөө. Ерөнхий сайд “Танай хороо улс орны хэмжээний хөгжлийн бодлогыг зангидахын хувьд салбарын яамдын үгээр бус, өөрсдийн тооцоо, судалгаандаа үндэслэн аливаа асуудалд хандах ёстой. Гэхдээ салбарын яамдын үгийг огт хэрэгсэхгүй бай гэж хэлж байгаа юм биш.
Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2010-2015 онд хөгжүүлэх дунд хугацааны чиглэлүүд, орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор төсвийн хөрөнгө оруулалтыг хуваарилахад онцгой шаардагдах нийгэм, эдийн засгийн хөгжлийн индексийг боловсруулах, 2010 оны 2 дугаар сард зохион байгуулах “Эдийн засгийн чуулга уулзалт”-ын бэлтгэлийг хангах зэрэг олон асуудлыг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй байна.
Монгол Улсын хөгжлийг эрчимжүүлэхийн тулд хөгжлийн тэргүүлэх салбараа тодорхойлон түүн рүү чиглэсэн системтэй бодлого боловсруулан ажиллах, хөгжлийнхөө чиг хандлага, хүрэх түвшингээ өндөр хэмжээнд боловсрогдсон судалгаанд үндэслэн тогтоох, мэдлэгт суурилсан эдийн засгийн үндсийг тавих өндөр технологитой аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх нь бидний тэргүүн зэргийн зорилт болоод байна.
Танай хорооны ажлын бас нэг чиглэл нь хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого, төлөвлөгөөг боловсруулах явдал юм. Ингэхдээ урт, дунд болон богино хугацааны төлөвлөгөөг уялдуулах, хэрэгжүүлэхээр тусгагдсан арга хэмжээнүүдийг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт суулгах явдал юм гэлээ. Тэрбээр Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооныхонд олон чиглэлээр үүрэг өгч, хурдтай, тооцоотой, мэдрэмжтэй, чиглэсэн зорилготой, судалгаа дүгнэлттэй ажиллахыг даалгав