Зам засварын ажлын талаар үүрэг өгөв
2010 оны 5 дугаар сарын 13-ны байдлаар Улаанбаатар хотод Гурвалжингийн гүүрний зэрэг томоохон засварын ажил хийгдэж байна. Зам засварын ажил болон гэрлэн дохионы шинэчлэлийн төсөл хэрэгжиж байгаа учир Замын цагдаагийн газраас нэмэлт хүч татан ажиллуулж байна. Мөн автомашины хөдөлгөөнийг цагийн зохицуулалт болон дугаараар нь ангилж хөдөлгөөнд оролцуулах талаар судалгаа хийж байгаа тухай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр танилцууллаа. Энэ жил нийслэл хот 35 газарт зам засварын ажил хийх бөгөөд улс, хотын төсөв, эргэн төлөгдөх нөхцөл гэсэн гурван эх үүсвэрээр санхүүжүүлэхээр төлөвлөсөн байна. Нийслэл хотод 140 гаруй мянган авто тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
Цаашид аль зам, уулзварыг засах талаар иргэдээс санал асуулга авдаг болох, засварын ажилтай холбогдуулан хөдөлгөөнийг хэрхэн зохицуулж байгаа тухай иргэдэд эртнээс ойлгомжтой мэдээлэх, хөдөлгөөний зохицуулалтаа сайжруулж байж засварын ажлаа хийж байхыг үүрэг болгов. Томоохон худалдааны төв, захууд амардаг өдөр, эсвэл ажил эхлэхээс өмнө, ажил тарсны дараа зам засварын ажил хийдэг байх, засварын чанарт онцгой анхаарах, чанаргүй хийсэн аж ахуйн нэгжид хариуцлага тооцох, дахин сонгон шалгаруулалтад оруулахгүй байх чиглэл баримтлахыг Ерөнхий сайд анхааруулж хийж байгаа ажлынхаа үр дүнг 14 хоногийн дотор эргэн танилцуулахыг үүрэг болгов.