Засгийн газар бүх аймаг, сумыг найдвартай эрчим хүчтэй болгоно
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2010 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Говь-Алтай аймгийн Алтай хотод хүрэлцэн ирэв. Тэрээр аймгийн “Айргийн хад” болон “Ентум” компаний үйлдвэр, удахгүй ашиглалтад хүлээн авах гэж байгаа эмнэлгээр орж байдалтай нь танилцсаны дараа Алтай хотын иргэдтэй уулзаж ярилцлаа. Саяхан 70 жилийн ойгоо тэмдэглэсэн Алтайчуудад Ерөнхий сайд Засгийн газрынхаа нэрийн өмнөөс баярын мэнд хүргээд Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажил, бодлого, шийдвэрийн талаар танилцуулав. Засгийн газар бүрэн эрхийнхээ хугацаанд Монгол Улсын бүх аймаг, сумыг эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй болгож, нэгдсэн сүлжээнд холбохыг зорьж байна гэж Ерөнхий сайд хэлсэн үгэндээ тэмдэглэв. Говь-Алтай аймгийн хувьд цахилгаан эрчим хүчний хангамж хамгийн тулгамдсан асуудал. Говь-Алтай, Завхан аймгийг эрчим хүчтэй болгохын тулд усан цахилгаан станц барихад зориулж төр, засгаас сүүлийн 3 жил 50 гаруй тэрбум, сумдын 1800 гаруй км урттай цахилгаан дулааны шугам, дэд станцуудыг барихад 40,0 орчим тэрбум, нийт 90-95 орчим тэрбум төгрөг зарцуулаад байгааг ч тэрээр хэллээ. Байгаль орчинд хор нөлөө багатай учир усан цахилгаан станц барихыг Засгийн газар дэмжиж байгаа. Тайширын усан цахилгаан станцын усан сан шаардлагын хэмжээнд дүүрэхгүй байгаа учир одоогоор Тайшир, Жаргалан сумыг л эрчим хүчээр хангаж байна. Гэхдээ энэ жил хур бороо ихтэй байсны дүнд усны хэмжээ нэмэгдсэн учир станцыг ирэх 9 дүгээр сараас эхлэн туршилтын журмаар бүрэн хүчин чадлаар нь ажиллуулахаар төлөвлөжээ. Говь-Алтай аймагт эрчим хүчний хангамж хамгийн сүүлд шийдвэрлэгдэж байгаа боловч байгаль орчинд хамгийн хор нөлөө багатай, орчин үеийн технологи бүхий усан болон нарын эрчим хүчний цахилгаан станц баригдаж байна. Завхан, Говь-Алтай аймгийг эрчим хүчтэй болгох, улмаар баруун бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээ бүрдүүлэхийн тулд Хөвсгөлийн Могойн голд дулааны станцыг 2011 оны 11 дүгээр сард ашиглалтад оруулна. Тайширын усан цахилгаан станц жигд ажиллаж, Могойн голын дулааны цахилгаан станц ашиглалтад орвол гэрэл, цахилгаантай болох гэсэн Говь-Алтай, Завхан аймгийн иргэдийн хэдэн арван жил хүлээсэн хүсэл биелэх юм.