ЗАСГИЙН ГАЗАР САНХҮҮГИЙН ШИНЭЧЛЭЛИЙГ ЭХЛҮҮЛЛЭЭ
~ Засгийн газрын ээлжит хуралдаан 2012 оны 03 дугаар сарын 21-ний өдөр боллоо. Засгийн газар жижиг, дунд бизнес эрхлэгчдэд татварын таатай нөхцөл олгохыг зорьж татвартай холбоотой хэд хэдэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулсан, нүүрсний 20 хоногийн аюулгүйн нөөц бүрдүүлэх хөрөнгө гаргахаар шийдвэрлэсэн, Иргэний үнэмлэх олгох ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах Ажлын хэсэг байгуулсан зэрэг нь онцлох сэдэв байлаа ~
Засгийн газрын хуралдаанаар “Хувийн хэвшлийн хөгжлийг дэмжих үндэсний стратеги”-ийн нэгдүгээр шатны төлөвлөгөөнд тусгагдсан ажлын хэрэгжилттэй танилцаад, ажлаа эрчимжүүлэхийг сайд нар болон Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороонд даалгалаа. 2011-2013 онд хэрэгжих Үндэсний стратегийн нэгдүгээр шатанд 36 ажил хийхээр тусгасан бөгөөд 2011 онд хэрэгжүүлэх 12 ажил дунджаар 51 хувийн биелэлттэй байгаа нь хангалтгүй гэж Ерөнхий сайд үзэн ийм үүрэг өгсөн байна.
Засгийн газар сүүлийн гурван жил төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж, тодорхой судалгааны үр дүнд татвартай холбоотой хэд хэдэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулсан байна. Ерөнхий сайд С.Батболдоос өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, Нэмэгдсэн өртгийн албан татвар, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг ирэх лхагва гаригийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр болов.
Ингэснээр Нэмэгдсэн өртгийн албан татварын босгыг дээшлүүлэх, орлого нь тодорхой бус болон жижиг, дунд бизнес эрхлэгчдэд татварын таатай нөхцөл, хөнгөлөлт үзүүлэх асуудал хүчтэй яригдаж эхэллээ. Энэ тухай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай Засгийн газрын хуралдааны дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ онцлов. Хэрэв тухайн аж ахуйн нэгж, хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн орлогын дүн 50 сая төгрөгөөс дотогш байвал “НЭГ” хувийн татвар төлж байхаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн төсөлд тусгасан гэж сайд хэллээ.
Түүнчлэн одоо мөрдөгдөж байгаа Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан гаргагч аж ахуйн нэгж, иргэний татвар ногдох орлогын хэмжээ 10 сая төгрөг байвал татвар төлөгчөөр бүртгэгддэг бол үүнийг 50 сая төгрөг болгохоор тусгажээ. Мөн орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй бизнес эрхлэгчдээс авдаг татварын хувь, хэмжээг тодорхой хязгаарт өөрчлөх эрхийг орон нутагт олгохоор хуулийн төсөл боловсруулсан байна.
Засгийн газар ийнхүү санхүүгийн шинэчлэлийг эхлүүлж байгаа бөгөөд цаашид улсын хэмжээнд санхүүгийн эрх чөлөө олгох /өршөөл/ ажлыг эхлүүлж, санхүүгийн бүртгэлийн тайлан тооцоог нэг мөр цэгцтэй, шударга явуулах нь зүйтэй гэж сайд Т.Бадамжунай хэлэв хэмээн Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ ОЛГОХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСГИЙГ ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД АХАЛНА
Монгол Улсын иргэний үнэмлэх олгох ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржоор ахлуулан байгууллаа. Харин аймаг, нийслэл, сум, дүүрэг, хороо бүрт тухайн шатны Засаг дарга Ажлын хэсгийг ахлах болжээ. Иргэний үнэмлэх нь УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалтад зайлшгүй хэрэгтэй төдийгүй сонгуулиас өмнө үнэмлэхийг иргэдэд түргэн шуурхай хүргэхэд төрийн болон орон нутгийн байгууллагын дэмжлэг туслалцаа, оролцоо шаардлагатай учир Засаг дарга нарыг тухайн орон нутаг дахь Ажлын хэсгийн ахлагчаар томилсон байна.
Үнэмлэх олгох ажлыг шуурхай зохион байгуулахыг Ажлын хэсгийн ахлагч нарт даалган, иргэний үнэмлэхний олголтын талаар 6 дугаар сард багтаан Засгийн газарт танилцуулахыг сайд Ц.Нямдоржид үүрэг болголоо. Иргэний үнэмлэхийг 496 нэгжээр дамжуулан шууд олгохоор төлөвлөөд байна. Үнэмлэх хэвлэх байр, тоног төхөөрөмж бэлэн болсон бөгөөд нууцлал бүхий бэлдэцийг 4 дүгээр сарын 3-ны өдрөөс 5 дугаар сарын 29-ний хооронд Финлянд Улсаас авчирна. Энэ дагуу үнэмлэхийг 4 дүгээр сарын 6-ны өдрөөс 6 дугаар сарын 11 хүртэл хугацаанд тасралтгүй хэвлэж, иргэдэд тараах юм. Иргэний үнэмлэх нэг удаа олгоход шаардагдах хураамжийг иргэдээс авахгүй байхаар Засгийн газар шийдвэрлэсэн юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
“НҮҮРСНИЙ АЮУЛГҮЙН НӨӨЦ” БҮРДҮҮЛЭХ ЗОРИЛГООР ТӨСВИЙН ЗЭЭЛ ОЛГОНО
Түлш, эрчим хүчний үйлдвэрүүдийн найдвартай ажиллагааг хангах, өр авлагыг нэмэгдүүлэхгүй байх зорилгоор “Нүүрсний аюулгүйн нөөц” бүрдүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрт зориулж 7 тэрбум 305 сая 800 мянган төгрөгийн төсвийн зээл олгохыг Сангийн сайд Д.Хаянхярваад Засгийн газрын хуралдаанаас зөвшөөрлөө. Олгосон зээлийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулж, энэ онд багтаан бүрэн буцаан төвлөрүүлэхийг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтод даалгажээ.
“Нүүрсний аюулгүйн нөөц” бүрдүүлэхэд шаардагдах санхүүжилтийг өвлийн оргил ачааллын үед 20 хоногийн нөөцтэй байлгахаар тооцсон байна. Зээл нь станц, уурхайнууд хооронд өр авлага үүсгэхгүй байх, хуримтлагдсан өр авлагыг бууруулах, эдийн засаг, санхүүгийн чадавхийг нь дээшлүүлэхэд дэмжлэг болох учиртай юм. Түүнчлэн уурхайнууд энэ оны 2 дугаар улиралд хийхээр төлөвлөсөн уулын тоног төхөөрөмж, технологийн автомашин, механизмуудын засвараа хугацаанд нь гүйцэтгэх боломж бүрдэж, нүүрсний нөөц бэлдэх тээврийн хэрэгслүүдийн найдвартай байдал ч бий болно гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР 82 ХУВЬТАЙ БАЙНА
Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт 2011 оны байдлаар 82 хувьтай. Зарим зорилтын энэ онд хүлээгдэж байгаа үр дүнг тооцож үзэхэд эхний хагас жилийн байдлаар 87 орчим хувьд хүрэх төлөвтэй байна. Энэ тухай Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар гишүүдэд танилцууллаа. Засгийн газар 2010 онд санхүү, эдийн засгийн хүндрэлийг амжилттай даван туулж, үр дүнд нь бий болсон олон эерэг үзүүлэлтийг тогтворжуулан, дэвшүүлсэн зорилтоо хэрэгжүүлэх эдийн засаг, хөрөнгө, санхүүгийн үндэс сууриа бэхжүүлж чаджээ.
Тэгвэл өнгөрсөн онд нэн тэргүүнд макро эдийн засгийн өсөлтийг хангах, дэд бүтэц, бүтээн байгуулалт, жижиг, дунд үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн салбарыг дэмжих замаар эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлжээ. Энэ ололт амжилтдаа тулгуурлан ажлын байр нэмэгдүүлж, ажилгүйдлийг бууруулах, иргэдийн бодит орлогыг нэмэх, нийгмийн хамгааллыг сайжруулах, хүүхэд, залуус, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ дэмжлэг, туслалцаа үзүүлэх чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын заримынх нь үр дүн гарч байгааг сайд Ч.Хүрэлбаатар танилцуулгадаа дурдлаа.
Түүнчлэн 2011 он тодорхой хугацааны дараа үр дүн нь мэдэгдэх олон ажлыг эхлүүлж, хэрэгжих эх суурийг нь тавьсан жил болсон байна. Цаашид Дотоодын нийт бүтээгдэхүүнд аж үйлдвэр, үйлчилгээний салбарын эзлэх хувийн жинг нэмэгдүүлэх, аймгуудын онцлог, эрэлт хэрэгцээнд нийцсэн жижиг, дунд үйлдвэр, Үйлдвэрлэл, технологийн парк байгуулах, газрын тос боловсруулах, нүүрс шингэрүүлэх, хийжүүлэх төслүүдийг хэрэгжүүлж, шатахуунаар дотоодын хэрэгцээгээ хангаж эхлэх, нөөц нь тогтоогдсон стратегийн зарим ордыг эргэлтэд оруулах зэрэг зорилтын хэрэгжилтийг эрчимжүүлэх шаардлагатай гэж үзжээ. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг сайтар нягтлан, сайд нараас гаргасан саналыг тусгаж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ.
ТОВЧ МЭДЭЭ
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Эрүүгийн байцаан шийтгэх тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Шүүхийн тухай, Онц байдлын тухай, Иргэний бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж, хэд хэдэн саналыг уламжлахаар боллоо.
- “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтийн талаар Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Ц.Дашдорж Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Үүнтэй холбогдуулан төмөр замын талаар авах зарим арга хэмжээний тухай асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулахыг сайд Ц.Дашдоржид даалгалаа.
- Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр боллоо. Хуулийн 15 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 3 дахь заалтад “химийн хорт” гэсний өмнө “тэсэрч дэлбэрэхээс бусад” гэж, 15 дугаар зүйлийн 10 дахь хэсгийн 4 дэх заалтад “тэсэлгээний хэрэгсэл” гэсний дараа “импортлох, экспортлох, худалдах” гэж нэмэхээр төсөлд тусгажээ.
- Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн даргаар Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг томиллоо. Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёл, боловсрол, хил орчим, бүс нутгийн харилцааг хөгжүүлэхэд чухал үүрэгтэй энэ комиссын хуралдааныг жил бүр хоёр улс ээлжлэн зохион байгуулдаг бөгөөд 16 дугаар хуралдаан энэ жил Улаанбаатар хотноо болох юм.
- Шинжээч эмч, криминалистик, шүүх эмнэлэг болон шинжилгээний лабораторийн шинжээч, бага эмч, эхо-рентген эмч, лаборант, туслах ажилтан нарын онцгой нөхцлийн нэмэгдлийг үндсэн цалингийн 20 хувиар бодож олгоно. Мөн эдийн засгийн шинжээч, галт зэвсэг, гар, мөрний сангийн ажилтан, санч, оператор, өнгөт гэрэл зураг, дүрс бичлэгийн лабораторийн эрхлэгч, шуурхай албаны жолооч, жижүүр нарт 15 хувь, захиргаа, санхүү, аж ахуйн ажилтан болон бусад албан хаагчдад 10 хувь байхаар тооцон олгох болов. Шүүх шинжилгээний ажилтнууд нь өдөрт зөвхөн цогцосноос ялгарах 22 төрлийн хорт бодисоор амьсгалж, эд эс, хими, биологи, физик, криминалистикийн лабораторид олон төрлийн хорт бодис, урвалжтай цаг тутам харьцдаг нь эрүүл мэндэд нь хортойгоор нөлөөлдөг байна.
- Хил хамгаалах ерөнхий газрын дэд дарга Б.Буянжавт Бригадын генерал цол хүртээлгэхийг дэмжиж Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр боллоо.