Сүхбаатарын Батболд Batbold Sukhbaatar

RSS Feed Facebook Twitter YouTube Wikipedia

Засгийн газар тариаланчдыг дэмжсэн шиг дэмжлээ

Нийтэлсэн: - 2011/09/06 17:30 - Мэдээ, мэдээлэл , Мэдээ

Засгийн газар тариаланчдыг дэмжсэн шиг дэмжлээ Энэ жил манай улс 420 мянган тонн үр тариа хураан авах боломж бүрджээ. Энэ бол сүүлийн 20 жилд авч байгаагүй арвин их ургац бөгөөд чанарын хувьд маш сайн, үр тариа төдийгүй төмс хүнсний ногоо  ч сайхан ургасан  байна. Рекорд тогтоох энэ ургацаа хураан авахад тэнгэр хангай сайхан байгаасай гэж хэн хүнгүй залбирч байна. Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд  даваа гаригт газар тариалангийн гол бүсүүд болох Сэлэнгэ сумын Сайхан, Баянгол, Мандал болон Төв аймгийн Сүмбэр сумдаар явж ургац хураалтын ажил байдалтай танилцах үеэр очсон газар бүрийн тариаланчид ийм мэдээллийг өгч байв.

Энэ их арвин ургац, үр өгөөж нь манай тариаланчид, мехникжуулагчдын хөдөлмөр зүтгэл юм, тэдний ажлыг урамшуулах зорилгоор Засгийн газраас ч  тариаланчдынхаа ургацыг худалдан авах, урамшуулах, чанартай хүнсээр дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах  нөхцөлийг нь сайжруулах гээд бүх талын дэмжлэг үзүүлж байна гэдгийг Ерөнхий сайд  С.Батболд энэ үеэр онцлон тэмдэглэж,  тэдний хүсч  горьдлого тээн хүлээж  байсан хэд хэдэн таатай мэдээллийг тэдэнд  өглөө.

Юуны өмнө хурааж авах үр тарианы 15 мянга орчим тонныг улсын үрийн нөөцөд авч, гурилын үйлдвэрүүддээ 90 мянга орчим тонныг худалдаж, 50 мянган тонныг тэжээл болон бусад үйлдвэрүүдэд борлуулах бөгөөд тариалан эрхлэх санд 130-140 орчим тонныг төвлөрүүлэх зорилготой байгаа аж. Харин үлдэж байгаа 100 гаруй мянган тонн үр тариаг Засгийн газар худалдаж авах, борлуулах тал дээр  дэмжлэг үзүүлнэ, ер нь энэ жилийн ургацыг бүх л хэлбэрийн оролцоотойгоор шийдвэрлэж, урамшуулна хэмээн мэдэгдсэн нь тариаланчдыг баярлуулсан шиг баярлууллаа.

Харин үнийн хувьд гадаад дотоод нөхцөл байдал харьцангуй сайн байгаа хэдий ч  дотоодын аж ахуйн нэгжээ хамгаалах зорилгоор Засгийн газар боломжтой бүх л арга хэмжээгээ үргэлжлүүлж авна гэдгийг Засгийн газрын тэргүүн мэдэгдэж байна. Тухайлбал,  нэг тонн буудайг    350 мянгаар худалдан авч   байсан энэ  үнэ хэвээр хадгалагдах төдийгүй,  сайн чанарын улаан буудайд  тонн тутамд  50 мянган төгрөгөөр урамшуулдаг уг  урамшуулал ч энэ жил дахин үргэлжилнэ хэмээсэн нь тариаланчдын маань хүсэн хүлээсэн мэдээлэл мөн байлаа. Тэд нижигнэсэн алга ташилтаар энэ мэдээллийг хүлээн авсан нь ёстой л загатнасан газар маажих шиг болсон.

Энэ нь Атрын гуравдугаар аяныг  амжилттай үргэлжлүүлж, цаашдаа  экспортын түвшинд ч хүргэх алсын зорилго төдийгүй урт хугацааны бодлогын дэмжлэг болох юм гэдгийг Засгийн газрын тэргүүн онцолж байсан. Түүнчлэн НӨАТ-аас чөлөөлж, татварыг импортын хүнс ногоон дээр тавьж байгаа нь  гадны  чанартай, чанаргүй  хүнсний ногооноос  иргэдээ хамгаалж байгаа хэлбэр  гэдгийг  Ерөнхий сайд С.Батолд тэмдэглэж байна. Түүнчлэн татварын болон борлуулалтыг дэмжихийн зэрэгцээ урт хугацаанд тогтвортой борлуулах энэ нөхцөлийг  хангаж ажиллана гэдгийг  ч дурьдаж байв .

Зоорь агуулахаас авахуулаад борлуулалтын сүлжээг төв газруудад нээж ажиллуулах үүргийг зохих газруудад  Засгийн газрын тэргүүн өгчээ.  Харин энэ нөхцөл боломжоо үр дүнтэй ашиглах, ургацаа хугацаанд нь бүрэн  хурааж авах асуудал та бүгдийн хариуцлагын асуудал юм шүү гэдгийг Ерөнхий сайд тариаланчдад сануулаад,  хүйтэн орохоос өмнө  14-21 хоногийн хугацаанд ургацаа хурааж авч дуусгахыг тэдэнд үүрэг болголоо. Ерөнхий сайд С.Батболд болон салбарын сайд нь хөдөө аж ахуй, газар тариалангийн  энэ салбараа дэндүү сайн мэддэг нь энэ уулзалтын явцаас илт харагдаж байсан. Тиймдээ ч тэдний хүсэн хүлээж байсан санхүүгийн дэмжлэгийг хэрэгтэй үед нь үзүүлж, хэрхэн яаж ажиллахыг харилцан  ийнхүү ярилцлаа. Засгийн газар, тариаланчдын ойлголцлын түвшин нэг байна.

Монголчууд бид дээд зэргийн чанартай гурил хүнсэндээ хэрэглэх нь

Газар тариалангийн бүсүүдээр Ерөнхий сайд С.Батболдыг явж байхад тариаланчид маань энэ жилийн ургацад хоёр давуу тал, онцлог байгааг тэмдэглэж байв. Юуны өмнө энэ жилийн тарианы талбай маш цэвэрхэн, хогийн ургамал бараг ургаагүй . Хоёрдугаарт тариан түрүү маш их арвин, дээд тал нь 60 ширхэг байгаа нь маш их онцлогтой төдийгүй цавуулаг сайтай байгааг хэлж байсан. Энэ нь гурил чанартай болох хамгийн гол үндэс юм гэдгийг тэд дурьдаад, Атрын гуравдугаар аян үнэхээр үр дүнгээ өгч, Засгийн газраас ч  биднийг сайн дэмжсэний үр дүн. Одоо бидэнд цаг агаарын мэдээг хурдан шуурхай гаргаад өгчихвөл бид ажлаа сайн хийх л үлдлээ хэмээн ярьцгааж байсан нь Засгийн газрын тэргүүнд ч бас урам нэмсэн үг байлаа.

Дэлхийн стандарт ургацын талбайд хүч түрэн орж ирж байна

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд техник тоног төхөөрөмжүүдээ сайн шинэчилсэн , төрөл тус бүртээ 60-80 хувь шинэчлэгдэж чадсан нь  ургац сайн авахад нөлөөлсөн нь дамжиггүй хэмээн тариаланчид ярьж байна. Энэ жилийн хувьд АНУ-ын Жон Дейр  компанийн комбайн манай ургацыг хураахад хүч түрэх  нь.  Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын тариалангийн талбайд ажиллах зуураа тус компанийн 10 комбайныг Хөвсгөл, Сэлэнгэ, Булган, Дорнод зэрэг аймгийн  газар тариалан эрхэлдэг  компаниудад  хүлээлгэж өглөө.

Манай монголчуудын хэрэглэдэг байсан ОХУ-ын Нива комбайн  өдөрт дээд тал нь 24 га газрыг хураадаг байсан бол, АНУ-ын Жон Дейр  40 га газрыг буюу хоёр дахин хурдтай өгөөжтэй ажиллах хүчин чадалтай   гэнэ.  Мөн хураалтын явцад хаягдал бараг  гардаггүй, будаагаа няцалдагггүй зэрэг олон сайн талтай юм байна. Сүүлийн үеийн технологид суурилсан техник авахыг тариаланчид хүсдэг болсон бөгөөд энэ нь ч ургацад сайнаар нөлөөлж байгааг тэд ярилаа. Гэхдээ  ОХУ-ын Нива бидний ажлыг нэлээдгүй нугалж байсан шүү гэх үгсийг ч унагаж байсан.

Түүнчлэн төмс, хүнсний ногоо тариалж байгаа жижиг аж ахуйн нэгж, өрхүүдэд гар ажиллагааг мехникжуулах тоног төхөөрөмжийг Сэлэнгэ аймгийн Баянгол сумын тариаланчдад олгосон. Энэ жил 500 –гаад аж ахуйн нэгжид ийм тоног төхөөрөмжийг өгөх зорилттой байгааг Засгийн газрын тэргүүн тэмдэглэж байв . Дотоодын компаниудаа  дэмжихийн зэрэгцээ өрхийн үйлдвэрлэл, тэдний аж ахуйг дэмжих бодлого тэднийг тойроогүй гэдгийг Ерөнхий сайд дурьдаж байлаа.   Мөн энэ үеэр яригдаж байсан нэг зүйл нь жижиг аж ахуйн нэгжүүдийн хооронд дундын үйлчилгээний төвүүдийг байгуулснаар тэд бусдыгаа ажлаа хийж дуусахыг хүлээж, цаг алддаг байдал энэ жил алга боллоо хэмээн хэлж байсан нь нэг онцлог гэж хэлж болно.

Тансаг рестораны хэмжээний зоогийг Сэлэнгийн нэгэн айлд амталлаа

Ерөнхий сайд С.Батболд Сэлэнгэ аймгийн Мандал суманд ажиллахдаа тус сумын иргэн Чүлтэм гуайнхаар зочилсон. Тэрбээр хашаандаа гүзээлзгэнэ, бөөрөлзгөнө бас бус ховор ногоо жимс тарьсан нь олны нүдийг хужирлаж байв. Долоо хоногт хоёр удаа ургац авч, нэг удаа авахдаа бараг 20 кг орчим гүзээлзгэнэ хураан авч байгаагаа энэ буурал Засгийн газрын тэргүүнд хуучилсан. Ихэнхдээ захиалгаар гүзээлзгэнээ борлуулчихдаг хэмээн ярих энэ буурал тун ч тохилог амьдардаг төдийгүй  хотын тансаг зочид буудлын хоолны цэсэнд байдаг хоол амттан энэ айлын ширээн дээр харагдсан нь   ажилсаг хүн  хаана ч  сайхан амьдардагийн томхон жишээ болж байлаа гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

 

Prime Minister S.Batbold

УИХ-ын гишүүн С.Батболд иргэд, сонгогч та бүхэнтэй тогтмол холбоотой ажиллаж, таны санал бодлыг өөрийн үйл ажиллагаанд тусгаж, харилцан мэдээлэл солилцож ажил­лахыг чухалчилж байна.

Бусад цахим хуудсууд

Шинэчлэлийг мэйлээр авах