Засгийн газар хариуцлагын тогтолцоог төлөвшүүлнэ
Хэдийгээр 20 жилийн өмнө ардчилалд шилжсэн ч бид өнөөг хүртэл хангалттай хариуцлагын тогтолцоонд шилжиж чадсангүй. Хүссэн үр дүндээ хүрээгүй, хөгжлийн хоцрогдлоо давж чадаагүй нь ажилгүйдэл, ядуурлын тоо хэмжээнээс харагдаж байна. Үүнийг өөрчлөхийн тулд хариуцлагатай ардчилалд хүн бүр суралцах ёстой гэж Ерөнхий сайд С.Батболд Баянхонгор аймгийн иргэдтэй уулзахдаа хэлэв. Хариуцлагатай ардчилал гэдэг нь хариуцлагатай улс төр, хариуцлагатай сонголт, хариуцлагатай банк санхүүгийн тогтолцоо, хариуцлагатай боловсрол, сургалт, иргэн бүр эрүүл мэнддээ хандах хариуцлага, бусдын өмнө болон өөрийнхөө төлөө хүлээх хариуцлага гээд өргөн хүрээтэй олон талтай. Хөгжлийн төлөө хүн гэдэг нь хариуцлагатай иргэнийг хэлнэ гэж тэрээр үзэж байна. Монгол Улсын Засгийн газар хамтдаа хичээж, зүтгэж Их бүтээн байгуулалт өрнүүлэн, эдийн засгийн өсөлтийн 20 жилийг эхлүүлэхийг зорьж байгаа юм. Олон жил яригдсан хөгжлийн томоохон асуудлыг эхнээс нь шийдвэрлэж, улсын хөгжлийг түргэтгэх анхны алхмаа хийн, үйлдвэрлэл, бизнес хөгжих илүү тааламжтай нөхцөл бүрдүүлсэн тухай Ерөнхий сайд хэлсэн үгэндээ тэмдэглэв. Засгийн газар ард иргэдийнхээ амьдралыг дээшлүүлэх, улс орноо хөгжүүлэх зорилтоо аж үйлдвэржүүлэлтийн бодлоготой уялдуулж, хамтад нь шийдвэрлэхийг зорьж байна. Бүх шатанд хариуцлагыг дээшлүүлснээр бүтээн байгуулалтын зорилтуудаа амжилттай хэрэгжүүлнэ гэж Ерөнхий сайд хэлээд үүнд бие сэтгэлээрээ бэлэн байж, гар бие оролцохыг Хонгор нутгийнханд уриаллаа. ЗАСГИЙН ГАЗАР ТӨВЛӨРЛИЙГ СААРУУЛНА Төвлөрлийг сааруулж, орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх замаар Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх талаар Засгийн газар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлж эхлээд байгаа тухай Ерөнхий сайд С.Батболд баруун аймгуудын иргэд, хөдөлмөрчид, малчидтай уулзахдаа ярьж байна. Үүний тулд Засгийн газраас хөдөөгийн хөгжлийн индексийн судалгааг хийж эхлээд байна. Хөгжлийн индекст тулгуурлан эрчим хүч, дэд бүтэц, эрүүл мэнд, боловсролын зэрэг салбарт төрөөс үзүүлэх төсвийн дэмжлэгээ тухайн орон нутгийн хөгжлийнх нь түвшингээр тооцон үзүүлж байх юм. Мөн төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, орон нутгийн чанартай ажил, үйлчилгээг үнийн дүнгээс үл хамааран тухайн орон нутгийн удирдлага худалдан авдаг байх журамтай болгохоор төлөвлөж байна. Боловсон хүчний босоо тогтолцоог өөрчилснөөр аймаг, нийслэлд ажиллаж байгаа төрийн онцгой чиг үүргийн болон мэргэжлийн хяналтын агентлагаас бусад агентлагийн дарга нарыг аймаг, нийслэлийн Засаг дарга нар томилж, чөлөөлөх эрхтэй болох юм.