Засгийн газрын хуралдаан 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдөр болж дараах асуудлуудыг шийдлээ
ШАТАХУУНЫ ҮНИЙГ ТОГТВОРТОЙ БАЙЛГАНА
Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав, Алтанбулаг боомтоор орж ирж байгаа А-80 автобензины тонн тутамд 150 000 төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг 190 00 төгрөг болгож, АИ-92 автобензины тонн тутамд 170 000 төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг 230 000 төгрөг болгохоор Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ.
Харин дизелийн түлшинд 20 000 төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг хэвээр үлдээж 2010 оны 12-р сарын 10-ны өдрөөс эхлэн ногдуулахаар, бусад алслагдсан боомтоор орж ирж байгаа автобензин, дизель түлшинд ногдуулж байгаа онцгой албан татварын хэмжээг хэвээр мөрдөхөөр болов.
Ингэснээр дотоодын зах зээл дэх жижиглэн худалдааны үнэ харьцангуй тогтвортой байх боломж бүрдэж байна. ОХУ-аас манай улсад нийлүүлэх газрын тосны бүтээгдэхүүний үнэ 2010 оны 12 дүгээр сард А-80 автобензин тонн тутамдаа 25 ам. доллар, АИ-92 автобензин 43 ам. доллараар буурч, дизелийн түлшнийх 10 ам. доллараар өсчээ.
“ҮНДЭСНИЙ ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН СҮЛЖЭЭ” ХӨТӨЛБӨРИЙГ БАТЛАВ
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хамтран баталж, хэрэгжилтийг улсын хэмжээнд удирдан зохион байгуулахыг Эрүүл мэндийн сайд болон Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны удирдлагад даалгалаа. Шаардагдах хөрөнгийг 2011 оноос эхлэн жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, тухайн жилийн төсвийн төсөлд тусгах, хувийн хөрөнгө оруулалтыг татах, хандивлагч орон, олон улсын байгууллагын зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлэх арга хэмжээ авахыг холбогдох сайд нар болон байгууллагад үүрэг болгов.
Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг жил бүрийн 2 дугаар улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байхыг Эрүүл мэндийн сайд С.Ламбаад Засгийн газрын хуралдаанаас үүрэг болгожээ. Түргэн тусламжийн үйлчилгээг үр дүнтэй бүтэц, зохион байгуулалтад оруулах, менежментийг нь сайжруулах, техник, багаж тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийх, энэ салбарт ажиллагсдын мэдлэг, чадварыг дээшлүүлэн олон улсын жишигт ойртсон нэгдсэн тогтолцоо бий болгохын тулд энэ хөтөлбөрийг боловсруулсан байна. Хөтөлбөрийг 2010-2016 онд хоёр үе шаттай хэрэгжүүлэхээр боллоо.
Манай улсын хүн амын нас баралтын зонхилох шалтгааны дотор яаралтай тусламж шаардлагатай цусны эргэлтийн тогтолцооны өвчин, осол гэмтэл ордог. Гэтэл түргэн тусламжийн автомашин хуучирсан, багаж тоног төхөөрөмж муу, дэд бүтэц, үйлчилгээний стандарт, эмнэлзүйн удирдамж дутмаг, салбарын эмч, мэргэжилтэн нь яаралтай тусламжийн технологи, арга барилыг бүрэн эзэмшээгүй, яаралтай түргэн тусламжийн мэргэшсэн эмч, сувилагч, ажилтанг тусгайн бэлтгэх тогтолцоо бүрдээгүй байгаа юм.
Түргэн тусламжийн дуудлагын тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа бөгөөд жилд дунджаар 600 гаруй мянган дуудлага гардаг байна. Өнгөрсөн оны байдлаар 480 гаруй мянган өвчтөнд газар дээр нь эмнэлгийн тусламж үзүүлсэн бол 2220 тохиолдолд эмч очихоос өмнө өвчтөн нас баржээ. Улсын хэмжээнд үйлчилж байгаа түргэн тусламжийн автомашины 90 гаруй хувь нь зориулалтын дагуу тоноглогдоогүй. Олон улсад 10 мянган хүн тутамд түргэн тусламжийн нэг баг үйлчилдэг бол нийслэл хотод гэхэд л өдөрт 40 хүрэхгүй автомашин үйлчилж байгаа нь 3 дахин бага гэсэн үг юм. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд хүлээн авсан нийт дуудлагын 76 хувь нь 20 минутаас дээш хугацаагаар хүлээгдэж байна. Эмнэлгийн түргэн тусламжийн салбарт 719 хүн ажиллаж байгаагийн 185 нь их эмч, 56 нь бага эмч, 126 нь сувилагч, 277 нь жолооч юм.
ЗАСГИЙН ГАЗАР 600 ГАРУЙ АСУУДАЛ ХЭЛЭЛЦЭН ШИЙДВЭРЛЭЭД БАЙНА
Монгол Улсын Засгийн газар 2010 онд 581 асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр төлөвлөж 12-р сарын 1-ний байдлаар 61 удаа хуралджээ. Энэ хугацаанд 834 асуудлыг хуралдаанаар оруулж, үүнээс 604 асуудлыг хэлэлцэж, 230 асуудалтай танилцсан бөгөөд Засгийн газрын тогтоол 314, Ерөнхий сайдын 90 захирамж гаргасан байна. 79 асуудлыг УИХ-д өргөн мэдүүлэхээр, 43 асуудлыг хууль санаачлагчид уламжлахаар, 14 асуудлыг УИХ-ын Байнгын хороотой зөвшилцөхөөр, 8 асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр, 23 асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулахаар болж, 47 асуудлыг хэлэлцэхээ хойшлуулжээ.
БҮТЭЭГДЭХҮҮН ХУВААХ ГЭРЭЭГ БАТЛАВ
Дорнод аймгийн нутаг, “Баянтүмэн-XVII” талбайд Газрын тосны газар, “Магнай трейд” ХХК-тай 2009 оны 12 дугаар сарын 23-нд байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээг баталлаа. Ингэснээр газрын тосны үндэсний компаний хөрөнгө оруулагчдын хөрөнгөөр хайгуул хийж, энэ талбайг хамарсан геологи, геофизикийн анхдагч мэдээлэл, судалгаатай болно. Цаашид газрын тосны хайгуул эрчимтэй өрнөж, цар хүрээ нь тэлэхийн зэрэгцээ улсын төсөвт оруулах орлого нэмэгдэх, ажлын байр шинээр бий болох зэрэг ач холбогдолтой юм.
“Магнай трейд” компани нь хайгуулын 5 жилд 28,9 сая ам доллар зарцуулахаар төлөвлөсөн бөгөөд туслан гүйцэтгэгчээр манай улсын “Хэт”, “Рэдхил Монголия”, Австрали-Английн хамтарсан “Би Эйч Пи Биллитон” компани ажиллахаар урьдчилсан байдлаар тохиролцсон байна.
Бүтээгдэхүүн хуваах гэрээний үндсэн үзүүлэлт болох нөхөн сэргээгдэшгүй байгалийн баялаг ашигласны төлбөрийг 10 хувиар, өртөг нөхөлтийг 40 хувиар, сургалтын зардлыг хайгуулын 5 жилд нийт 60 мянга, Засгийн газрыг дэмжих санд жил бүр 5 мянга, олборлолт эхэлсний урамшуулалд 20 мянга, гарын үсгийн урамшуулалд 5 мянган ам доллар, Бүтээгдэхүүн хуваалтыг Засгийн газар 40 хувь, гэрээлэгч 60 хувиар эхэлж, цаашид олборлолтын хэмжээтэй уялдуулан Засгийн газарт ногдох хувийг нэмэгдүүлэхээр болжээ.
Мөн “Дарьганга-XXIV” талбайд Газрын тосны газар, “Апекспро Инвестмент Лтд” ХХК-тай бүтээгдэхүүн хуваах гэрээнд гарын үсэг зурах эрхийг Газрын тосны газрын дарга Д.Амарсайханд олголоо. Бүтээгдэхүүн хуваах гэрээний үндсэн нөхцлүүдийг сайжруулах, гэрээний төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах талаар хэлэлцээ хийж, роялти /байгалийн нөхөн сэргээгдэшгүй баялаг ашигласны төлбөр/ 10 хувь байсныг 10,75 хувь, Засгийн газарт ногдох бүтээгдэхүүн хуваалтын доод хэмжээ 40 хувиас эхэлж байсныг 43 хувиар эхлүүлж, Засгийн газарт ногдох бүтээгдэхүүний дээд хэмжээ 60 хувь байхаар харилцан тохиролцсон байна.
ИРГЭДИЙН МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХ ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ
Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан зарим хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжиж гишүүдийн гаргасан саналыг тусган Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтов. Хуулийн төсөл батлагдсанаар төрийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдал болон иргэдийн мэдээлэл авах эрх, эрх чөлөөг хангах эрх зүйн орчин бий болох юм.
Засгийн газраас 2010 оныг “Бизнесийн орчны шинэтгэлийн жил” болгон зарласан бөгөөд энэ хүрээнд Мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэхээр төлөвлөсний дагуу хуулийн төслийг боловсруулсан байна.
ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭН ДЭМЖЛЭЭ
Монгол Улсын төрөөс баримтлах соёлын бодлогын шинэчилсэн төслийн тухай УИХ-ын тогтоолийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр болов. Соёлын үйл ажиллагаанд үндэсний агуулгатай тухайн цаг үеийг тодорхойлсон, ирээдүй рүү чиглэсэн хэв загварыг бий болгож төлөвшүүлэх, үндэсний хөгжил, нийгэм, эдийн засагт соёл урлагын салбарын оруулах хувь нэмэр, эзлэх байр суурь, үр ашгийг дээшлүүлэх шаардлага тулгарч байна.
Энэ дагуу үндэсний эрх ашгаа хамгаалах, улс үндэстний аюулгүй байдлыг бататгахад чиглэсэн соёлын стратегийн зорилтуудаа шинээр томъёолж, тулгарч буй бэрхшээл, тэдгээрээс хамгаалахад чиглэсэн, соёлын тогтвортой хөгжлийг хангах зорилго, зорилт, зарчим, бүрэлдэхүүн хэсгийг тодорхойлон тусгасан соёлын бодлогыг шинэчилсэн төслийг боловсруулжээ.
ЧУЛУУНЫ ГАНХУЯГИЙГ САНГИЙН ДЭД САЙДААР ТОМИЛЛОО
Засгийн газрын хуралдаанаас Чулууны Ганхуягийг Сангийн дэд сайдаар томиллоо.
Ч.Ганхуяг 1973 онд төрсөн. Ам бүл 5. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг.
1991 онд Нийслэлийн 23 дугаар тусгай дунд сургууль, 1997 онд Унгар Улсын Будапешт хотын Эдийн засгийн их сургууль төгссөн. АНУ, Египет, Бангладеш, ХБНГУ-д санхүүгийн менежмент, удирдах ажилтны манлайллыг дээшлүүлэх чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. Эдийн засагч мэргэжилтэй. Орос, англи, унгар хэлтэй.
Ч.Ганхуяг нь :
• 1991-1992 онд Монголын Хөрөнгийн биржид арилжааны хянан шалгагч
• 1997-1998 онд Монгол банк (Төв банк)-нд хянан шалгагч, улсын байцаагч
• 1998-1999 онд НYБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “МикроСтарт” төслийн санхүүгийн менежер
• 1999-2001 онд “Хөгжлийн Алтан Сан” ХХК-ийн менежер, гүйцэтгэх захирал
• 2002-2009 онд “Хас” банкны гүйцэтгэх захирал,
• 2009 оны 1 дүгээр сараас “Тэнгэр санхүүгийн нэгдэл” ХХК-ийн гүйцэтгэх захирал, Монгол Улсын Ерөнхий сайдын эдийн засгийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан юм