Сүхбаатарын Батболд Batbold Sukhbaatar

RSS Feed Facebook Twitter YouTube Wikipedia

Засгийн газрын хуралдаан 2010 оны 12 дугаар сарын 29-ний өдөр болж дараах асуудлуудыг шийдлээ

Нийтэлсэн: - 2010/12/29 04:30 - Мэдээ, мэдээлэл , Тайлан

2011 ОНЫГ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ЖИЛ БОЛГОН ЗАРЛАЛАА

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд энэ жилийн хүрээнд хийх ажлыг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах, үйл ажиллагаанд хяналт тавих үүрэг бүхий Үндэсний хороог ахлана. Үндэсний хороонд Засгийн газрын нэр бүхий гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга, Мэргэжлийн боловсрол, сургалтын газар, Нийгмийн халамжийн үйлчилгээний газрын дарга нар, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч нар багтжээ. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн ажлын хүрээнд зохион байгуулах арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах 70 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргах болсон байна.

Хөдөө орон нутагт шинээр байгуулагдсан боловсруулах үйлдвэр болон мал аж ахуй, газар тариалангийн чиглэлээр ажилладаг аж ахуйн нэгжид бий болгосон ажлын байрны тооноос хамаарч татвар, зээлийн хөнгөлөлт үзүүлэх, хөрөнгө оруулалтын бодлогоор дэмжих, жижиг, дунд үйлдвэрийн татвар, санхүүгийн ачааллыг багасгах, аж ахуйн нэгжийн бүртгэлийн тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах  асуудлыг судлан шийдвэрлүүлэхийг нэр бүхий сайд нарт даалгалаа.

Уул уурхай, эрдэс баялаг, эрчим хүч, зам, барилга, хот байгуулалтын салбарт хэрэгжих томоохон төсөл, хөтөлбөр болон холбогдох тендерийн баримт бичигт үндэсний ажиллах хүчнийг бэлтгэж, ажлын байраар хангахыг тусгайлан заах, хэрэгжилтэд хяналт тавих, энэ талаар мэдээллийн сан байгуулж ажиллахаар боллоо.

Үндэсний ажиллах хүчнийг бэлтгэх урт хугацааны төлөв хийж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, их, дээд сургуульд элсэгчдийг ажил олгогчийн захиалга, санхүүжилтээр сургах тогтолцоонд шилжих, томоохон үйлдвэр, аж ахуйн нэгжийн дэргэд Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, сургалтын дадлагын бааз байгуулах, тэдгээрт татварын хөнгөлөлт үзүүлэхийг судлан шийдвэрлүүлэх юм.

“Монгол мал”, “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих хөтөлбөр” болон энэ салбарт хэрэгжиж байгаа олон улсын төсөл, хөтөлбөрийн хүрээнд малчдыг эрсдэлээс хамгаалах, аж ахуй эрхлэх ур чадварыг дээшлүүлэх, хөдөлмөр зохион байгуулалтыг сайжруулахад дэмжлэг үзүүлнэ. Байгаль орчныг нөхөн сэргээх, ногоон ажлын байр бий болгох хөтөлбөр, төслийг нийтийг хамарсан хэлбэрээр зохион байгуулж, ажилгүй, орлого багатай иргэдийг хамруулах юм.

Хүн амын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн харилцааны шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх, нийгмийн түншлэлийн арга, механизмыг боловсронгуй болгож хөгжүүлэх чиглэлээр ажил олгогчийн болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах байгууллагын үүрэг, оролцоог нэмэгдүүлж ажиллана. Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нар “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн хүрээнд хийж байгаа ажлаа Үндэсний хороонд улирал тутам тайлагнаж байх юм.

ХИШИГ ХУВИА АВААГҮЙ Ч ИРЭХ ОНД СААДГҮЙ НӨХӨН ОЛГОНО

Засгийн газрын хуралдаанаар “Хүний хөгжил сангаас хөрөнгө зарцуулах журам”-ын зарим заалтыг өөрчиллөө. Бэлэн мөнгөөр хүртээх хишиг, хувийн санхүүжилтийг аймаг, дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний байгууллагын Хүний хөгжил сангаас иргэнд хишиг, хувь хүртээх санхүүжилтийн дансанд, сургалтын төлбөрөөр хүртэх хишиг, хувийн санхүүжилтийг тухайн сургалтын төрийн сангийн дансанд, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлбөр хэлбэрээр хүртэх хишиг, хувийн санхүүжилтийг аймаг, дүүргийн нийгмийн даатгалын байгууллагын эрүүл мэндийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ.

Тухайн иргэн бэлэн бусаар хишиг, хувь хүртэхээр сонголт хийсэн /сургалтын төрийн сангийн болон банкны зээлийн өр төлөх, эрүүл мэндийн үйлчилгээний хөлс төлөх, худалдан авсан тоног төхөөрөмжийн үнэ гэх мэт/ бол иргэн бүрийн “Хүний хөгжил сан” дэвтэрт бичилт хийж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагын дансанд мөнгийг нь шилжүүлнэ.

Хүний хөгжил сангаас иргэнд хишиг, хувь хүртээхтэй холбоотойгоор нийгмийн хамгааллын салбарт үүсч байгаа ажлын ачааллыг харгалзан нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад 5, төрийн захиргааны байгууллага, нийслэл, аймаг, дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний газар, хэлтсийн ажилтны орон тоог 77-гоор нэмэхээр тогтлоо.

“ШИНЭ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ” ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

“Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг Засгийн газрын 2010 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. 2011 он бодитой ажил хийсэн жил байх ёстой. Иймээс ирэх оны 3 дугаар сар гэхэд бэлтгэл ажлаа хангаж дуусгах, Ажлын хэсэг сар бүр хуралдаж ажлын явцыг хянаж байхыг Ерөнхий сайд онцгойлон анхаарууллаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад газрын харилцаатай холбоотой асуудал сөхөгдөх учир үүнийг тодорхой болгохыг ч үүрэг болгосон байна.

“Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд хот байгуулалт, төлөвлөлт, дэд бүтэц, орон сууцны хангамж, ажлын байр нэмэгдүүлэх, боловсрол,  хөдөөгийн хөгжил, үйлдвэржилтийг дэмжих, шилжилт хөдөлгөөнийг сааруулах зорилт тавьж байна. Шинэ бүтээн байгуулалтын төслүүдийг хэрэгжүүлэх үндэсний мэргэжилтнүүд, инженер, техникийн ажилтнууд, мэргэжилтэй ажилчдыг бэлтгэж, гадаадад ажиллаж байгаа мэргэжилтэй ажилчдыг татан оролцуулах юм.

 Орон сууцны нийлүүлэлт талыг дэмжиж, инженерийн  хангамж, дэд бүтцийн хөрөнгө оруулалт татах, захиалагчийн хяналт, мэргэжилтэй ажилтан бэлтгэх, хувийн хэвшлийн оролцоог тэгш хангах бололцоо бүрдүүлэхээр болсон байна. Дарханы төмөрлөгийн үйлдвэрт технологийн шинэчлэл хийн жилд 500 мянган тонн ган төмөр, бүтээц үйлдвэрлэх хүчин чадалтай болгож, Төмөр толгойн төмрийн хүдрийн олборлолт, боловсруулалтын түвшинг гүнзгийрүүлэх, хүдэр хайлах, төмөр ялган авах технологи нэвтрүүлнэ.

Хөтөлбөрт тусгагдсан орон сууцны хороолол, зам, гүүр, инженерийн шугам сүлжээ, барилга байгууламжийн газрын байршлыг тогтоох, газар олгох, чөлөөлөх, барилга барих зөвшөөрлийг шуурхай шийдвэрлэж байхыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгожээ. Шинэ дэвшилтэт техник, технологи нутагшуулах, мэргэжлийн боловсон хүчинтэй үндэсний чадамж бүхий аж ахуйн нэгж бий болгох зорилгоор бүтээн байгуулалтын ажлуудад дотоодын аж ахуйн нэгжүүдээ оролцуулахад бүх талын дэмжлэг үзүүлэх болсон байна.

ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ДЭМЖИВ

Засгийн газрын хуралдаанаар Хөгжлийн банкны тухай хуулийн төслийг хэлэлцэн гишүүдээс гарсан саналыг тусгаж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр боллоо. Үйлдвэрлэлийн салбарын хөгжилд Хөгжлийн банкаар дамжуулан оруулах Засгийн газрын хөрөнгө оруулалт 2010 оны эцсийн байдлаар 16.7 тэрбум төгрөг байх нь. Банкаар дамжуулан уул уурхай, түүнийг дагасан дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалт хийсэн тохиолдолд 100 тэрбум төгрөг тутам эдийн засгийн өсөлтийг 1 хувиар нэмэгдүүлэх боломжтой гэсэн судалгаа гарчээ. Засгийн газраас Хөгжлийн банкинд зээлийн баталгаа гаргах бөгөөд үр өгөөжтэй төслийг Хөгжлийн банк шууд санхүүжүүлэх юм байна.

Хөгжлийн банкны санхүүжилтээр байгуулах дэд бүтэц, хүнд аж үйлдвэрүүд нь манай улсын хөгжлийг түргэтгэх, боловсруулах аж үйлдвэр хөгжүүлэх, импортыг орлуулах, дотоодын нийт бүтээгдэхүүний бүтцийг боловсронгуй болгож, төрөлжилтийг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.100 хувь төрийн өмчит Хөгжлийн банк хөрөнгөө улсын төсөв болон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн төрийн өмчид ногдох хувьцааны зохих хэсгээр бүрдүүлнэ.

ОЛОН УЛСЫН БООМТЫН ТООГ НЭМНЭ

Дорнод аймгийн Чойбалсан, Ховд аймгийн Ховд, Өмнөговь аймгийн Даланзадгад, Хөвсгөл аймгийн Мөрөн хотын нисэх буудлыг зорчигч, ачаа тээврийн харилцааны хилийн олон улсын боомт байхаар тогтлоо. Даланзадгад, Мөрөн хотын нисэх буудлын хилийн олон улсын боомт 2012 оны 5 дугаар сараас ажиллаж эхэлнэ.

Нисэх буудлуудыг олон улсын боомт болгосноор Улаанбаатараас эдгээр аймгаар дамжин олон улсын нислэг хийж, хоёр хөршийн хил орчмын хотууд руу агаарын харилцаа өргөжин, бүс нутгийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжинө гэж Засгийн газар үзэж байна. 

• Монгол Улсыг хөгжүүлэх сангаас газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд зээлээр олгосон 4 мянган тонн дизелийн түлшийг нөөцөлсөн буудайн борлуулалтаас 2011 оны 6 дугаар сарын 1-ний дотор нөхөн бүрдүүлэх болов.
• Мал эмнэлэг, хорио цээрийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Кувейт Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах нь зүйтэй гэж үзэв. 9 зүйл бүхий энэ хэлэлцээрт Ерөнхий сайдыг ирэх оны 1 дүгээр сард Кувейт Улсад албан ёсоор айлчлах үеэр гарын үсэг зурахаар төлөвлөжээ.
• БНХАУ-ын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр барьсан Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын байрыг Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимд холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээний үндсэн дээр эзэмшүүлэх боллоо.

ДОТУУР БАЙРНЫ ХҮҮХЭД ХОНОГТ 1545 ТӨГРӨГИЙН ХООЛ ИДНЭ

 Ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын дотуур байранд амьдрах нэг хүүхдийн хоногийн хоолны зардлыг 1545 төгрөг байхаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ.
Мөн сургуулийн өмнөх, бага, дунд, мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж нормативыг хавсралтаар батлав.

 Нэг хүүхдэд ногдох дундаж нормативаар санхүүжүүлэх зардлын гүйцэтгэлийг хүүхэд өдрөөр хянаж зөрүүг хагас, бүтэн жилээр тооцож санхүүжүүлж байхыг сайд Ё.Отгонбаяр, С.Баярцогт нарт даалгалаа. Хүүхдийн хоолонд хэрэглэх хүнсний бүтээгдэхүүний чанар, өдрийн хоолны илчлэг, шимт бодисын хэмжээ, эрүүл ахуйн шаардлага, орчны ариун цэвэрт тогтмол хяналт тавьж байхыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт үүрэг болгосон байна.

 ЗАСГИЙН ГАЗАР 11 ДҮГЭЭР САРД 4 УДАА ХУРАЛДЖЭЭ

Засгийн газрын хуралдаанаар 53 асуудлыг хэлэлцэн, 17 асуудалтай танилцаж, Засгийн газрын тогтоол 23, Ерөнхий сайдын захирамж 3-ыг гаргасан байна. 2 асуудлыг Улсын Их хуралд өргөн мэдүүлэхээр, 1 асуудлыг холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр, 1 асуудлыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр, 1 асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулахаар болж, 7 асуудлыг дахин хэлэлцэхээр хойшлуулжээ.

Засгийн газар 11 дүгээр сард 2011 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2011 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2011 оны төсвийн тухай хуулийн төслийг УИХ-аар батлуулсан байна. “Уул уурхайн эцсийн бүтээгдэхүүний жагсаалт”, “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийг Засгийн газрын тогтоолоор баталжээ.

“Урьдчилсан цэвэрлэх байгууламж” нийслэлийн өмчит үйлдвэрийн газарт техник, технологийн болон иж бүрэн шинэчлэлийн 1 дүгээр шатны ажилд шаардагдах 1740.0 сая төгрөгийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчтай гэрээ байгуулан төсвийн зээл хэлбэрээр олгох болсон зэрэг томоохон олон ажил амжуулсан байна.
Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний биелэлтийн явц 2010 оны эхний 3 улирлын байдлаар 64.1 хувьтай байна.

• “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн хүрээнд хийсэн ажил, үр дүнтэй Засгийн газрын гишүүд танилцлаа. Энэ жилийн ажлын хүрээнд бизнес эхлэх үйл ажиллагаа, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн үйлчилгээ, татвар төлөх явц болон гадаад худалдааг хөнгөвчлөх, барилга барихад шаардагдах зөвшөөрөл, гарын үсгийн тоог цөөлөх, зээл авах боломж, нөхцөлийг сайжруулах, хөрөнгө оруулагчдыг хамгаалах, бизнесийн гэрээний хэрэгжилтийг сайжруулах зэрэг чиглэлээр бодитой олон ажил хийсэн байна. Жилийн хүрээнд хийхээр төлөвлөсөн ажлыг бүрэн хэрэгжүүлэх чиглэлээр эрчимтэй ажиллахыг Засгийн газрын холбогдох гишүүд, агентлагийн дарга нар үүрэг болгожээ.
• Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн барилгыг шинээр барьж, орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангах, Ховд, Өвөрхангай, Орхон, Дорнод аймагт цусны төв байгуулах, эмнэлзүйн трансфузиологич, иммуногематологийн мэргэжлээр 4 хүн бэлтгэх, Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Дундговь, Төв, Дархан-Уул аймгийн цусны банкийг үндсэн тоног төхөөрөмжөөр хангахаар шийдвэрлэлээ. Шаардагдах хөрөнгийг 2011-2012 оны төсөвт тусгахыг сайд С.Ламбаа, С.Баярцогт нарт даалгажээ.

Prime Minister S.Batbold

УИХ-ын гишүүн С.Батболд иргэд, сонгогч та бүхэнтэй тогтмол холбоотой ажиллаж, таны санал бодлыг өөрийн үйл ажиллагаанд тусгаж, харилцан мэдээлэл солилцож ажил­лахыг чухалчилж байна.

Бусад цахим хуудсууд

Шинэчлэлийг мэйлээр авах