Сүхбаатарын Батболд Batbold Sukhbaatar

RSS Feed Facebook Twitter YouTube Wikipedia

Засгийн газрын хуралдаан 2011 оны 10 дугаар сарын 05-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа

Нийтэлсэн: - 2011/10/05 14:55 - Мэдээ, мэдээлэл , Мэдээ

ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮЙЛДВЭРҮҮДИЙН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ 85 ХУВЬТАЙ БАЙНА

Засгийн газрын хуралдаанаар түлш, эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцав. Үүнтэй холбогдуулан түлш, эрчим хүчний үйлдвэр, компаниудын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг 11 дүгээр сарын 01-ний дотор дуусгахыг холбогдох сайд, агентлагийн дарга нарт үүрэг болголоо. Дулааны станцуудын нүүрсний аюулгүйн нөөц бүрдүүлэхтэй холбогдуулан нүүрс гаргах, вагоноор тасралтгүй хангах, нүүрс хүлээн авах ажлыг сайтар зохион байгуулж дээр дурдсан хугацаа гэхэд 20 хоногийн нөөцтэй болгохыг мөн даалгасан байна.

Түүнчлэн Баянхонгор аймгийн Баацагаан, Баян-Өндөр, Шинэжинст сумын дизель станцад дутагдаж байгаа дизелийн түлшний 120 сая төгрөгийн татаасыг ч шийдвэрлэхээр боллоо. Увс, Хөвсгөл, Сүхбаатар аймагт баригдаж байгаа дулааны станцуудын ашиглалтын өмнөх захиргаа байгуулах болсон байна.  

Эрчим хүчний салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэлийн явц 9 дүгээр сарын 20-ны байдлаар 85 хувьтай байна. Дулааны станц, шугам сүлжээний тоноглолын их засвар, шинэчлэлийн ажлын явц 87, цахилгаан дамжуулах, түгээх сүлжээнүүдийнх 70 хувьд хүрчээ. 2009 оноос “Нүүрсний аюулгүйн нөөц” бүрдүүлэхэд шаардагдах хөрөнгийг улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр олгож эхэлснээр станц, уурхайн хоорондын төлбөрийн хүндрэл арилж байна. Салбарын хэмжээнд дулааны цахилгаан станцууд 21 хоногийн нүүрсний нөөцтэй болжээ.

Төвлөрсөн дулаан хангамжтай 5 аймаг, 1 сум өвлийн бэлтгэлээ графикийн дагуу хийж байна. Харин өнгөрсөн өвөл гал алдаж багагүй хүндрэл учруулж байсан Увс аймгийн Улаангом хотын дулааны хангамжийн найдвартай ажиллагааг хангах, өвлийн бэлтгэлийг нь хангуулах зорилгоор Эрчим хүчний газар, “Увс дулааны станц”-тай 1 жилийн гэрээ байгуулан ажиллаж засвараа бүрэн хийж дуусчээ.

Дизель станцтай Завхан аймгийн Улиастай, Говь-Алтай аймгийн Есөнбулаг эрчим хүчний  үйлдвэрүүдийн дизель болон цахилгаан шугам сүлжээний их засвар 80-85 хувьтай байна. “Есөнбулаг эрчим хүч” компанид төсвийн хөрөнгөөр шинээр 2 дизель станц суурилуулсан бөгөөд 25 хоногийн түлшний нөөцтэй болжээ. Харин Улиастай 24 хоногийн нөөцтэй байна.

Үүнээс гадна сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй сумдын нар, салхи хосолсон цахилгаан станцад горимын тохируулга болон засвар үйлчилгээг хийж дуусчээ. Түлшний салбарын хэмжээгээр өвөлжилтийн бэлтгэлийн явц 90 хувьд хүрсэн бөгөөд Багануурын уурхай 90, Шарын гол 87,6, Шивээ-Овоо 91,5, Адуунчулууны уурхай 89,5, хувьтай байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.  

АШИГТ МАЛТМАЛЫН БОЛОН АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРТ ХБНГУ-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

Ашигт малтмалын болон аж үйлдвэрийн салбарын түншлэлийн ХБНГУ болон Монгол Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах нь зүйтэй гэж Засгийн газрын хуралдаанаас үзэв. Хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтод олгохоор боллоо. Хоёр орны хоорондын иж бүрэн түншлэлийн харилцааг стратегийн түншлэлийн хэмжээнд хүргэхэд энэ хэлэлцээр чухал ач холбогдолтой юм. Хэлэлцээр байгуулснаар дэлхийн өндөр хөгжилтэй, Европын Холбооны гол хөдөлгүүр болж байгаа ХБНГУ-тай стратегийн түншлэлтэй болж, ХБНГУ-ын стратегийн сонирхол манай улсад бодит байдлаар бий болно гэж Засгийн газар үзэж байна.

МОНГОЛ УЛС, ЕВРОПЫН ХОЛБООНЫ ХАМТАРСАН ХОРООНЫ ХУРАЛ БОЛНО

10 дугаар сарын 13-ны өдөр Брюссель хотноо Монгол Улс, Европын Холбооны Хамтарсан хорооны 14 дүгээр хуралдаан болно. Хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийг Шадар сайд М.Энхболд ахлах юм. Хуралдаанаар улс төр, эдийн засгийн байдал болон гадаад бодлогын талаар харилцан мэдээлэл солилцоно. Мөн харилцааг цаашид өргөжүүлэх боломж, хөгжлийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал, үр дүн, түүний дотор 2011-2013 оны Хөгжлийн хамтын ажиллагааны баримжаалсан хөтөлбөрийн чиглэл, хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн талаар ярилцах юм байна.

Талууд боловсрол, шинжлэх ухаан, нийгмийн хамгаалал, хөдөлмөр, хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчин, дэд бүтэц, мэргэжлийн хяналт, цөмийн аюулгүй байдал болон эрүүл ахуйн салбарт хамтран ажиллах боломжийн талар санал солилцоно. Түүнчлэн Европын Холбооны зарчим, хэм хэмжээ, стандартыг Монгол Улсад нэвтрүүлэх чиглэлээр хийж байгаа ажлаа ч танилцуулахаар төлөвлөжээ.

Монгол Улс, Европын Холбооны хооронд Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийг эцэслэн байгуулах, Ерөнхий сайдыг Европын Холбоонд айлчлуулах, Европын холбооны Дипломат төлөөлөгчийн газрыг Улаанбаатар хотноо нээх, “Зах зээлийн бус эдийн засагтай орнуудын жагсаалт”-аас улсаа хасуулах, худалдааны тусгай хөнгөлөлтийн /GSP+/ системийн ашиглалтыг нэмэгдүүлэх боломжийг хэлэлцэх юм байна.

ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 40 ЖИЛИЙН ОЙ БОЛНО

Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой ирэх оны 12 дугаар сарын 24-нд болно. Япон Улстай хөгжүүлж байгаа харилцааны өнөө болон ирээдүйн ач холбогдлыг харгалзан хоёр орны иргэдийн харилцан ойлголцол, улс төр, худалдаа, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэх үүднээс түүхт ойг ёслол төгөлдөр тэмдэглэх юм.

Ойг тохиолдуулан хоёр улсын төрийн тэргүүн нар илгээлт солилцох, өндөр дээд хэмжээний харилцан айлчлал зохион байгуулах, Японы томоохон хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөлөгчдийг Монгол Улсад урьж тэднээр дамжуулан улс орноо сурталчлах зэрэг 20 гаруй арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөөд байна. Ойн арга хэмжээнүүд нь хоёр орны харилцааны амжилтыг бататгаж, ард түмний найрамдлыг бэхжүүлэх, улс орноо сурталчлахад чухал түлхэц болох юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАН ХААГЧДЫН ЦОЛНЫ НЭРИЙГ ӨӨРЧЛӨХИЙГ ДЭМЖИВ

Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын тусгай албан хаагч нь шадар түрүүч, тэргүүн түрүүч, дээд түрүүч, офицер нь шадар дэслэгч, тэргүүн дэслэгч, дээд дэслэгч, шадар ахмад, тэргүүн ахмад, дээд ахмад, комиссар гэсэн цолтой байдаг. Энэ нь албан хаагчдаас иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлэх, харьцахад одоо хэрэглэж байгаа цолны нэршил ойлгомжгүй, олон улсын хэмжээнд тогтсон цэргийн болон цэрэгжсэн байгууллагын албан хаагчийн цолны нийтлэг ойлголтоос гажууд, гадаад орон, олон улсын болон ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай харилцахад бэрхшээлтэй, бүрэн утгаараа орчуулагддаггүй, оновчгүй байдаг зэрэг хүндрэл учруулдаг байна.

Иймээс дэлхий нийтийн жишиг, албаны онцлог, албан хаагчийн нийтлэг эрх ашигт нийцүүлж цолны нэрийг өөрчлөх нь зүйтэй гэж Засгийн газар үзэн хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн барихаар боллоо. Өөрчлөлт орсноор онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын тусгай албан хаагч ахлагч нь дэд ахлагч, ахлагч, ахлах ахлагч, офицер нь онцгой байдлын дэслэгч, ахлах дэслэгч, ахмад, хошууч, дэд хурандаа, хурандаа гэсэн цолтой болох бөгөөд Ерөнхий газрын удирдлага нь цэргийн дээд цолтой болох юм.

Prime Minister S.Batbold

УИХ-ын гишүүн С.Батболд иргэд, сонгогч та бүхэнтэй тогтмол холбоотой ажиллаж, таны санал бодлыг өөрийн үйл ажиллагаанд тусгаж, харилцан мэдээлэл солилцож ажил­лахыг чухалчилж байна.

Бусад цахим хуудсууд

Шинэчлэлийг мэйлээр авах