Засгийн газрын хуралдаан 2011 оны 10 дугаар сарын 12-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа
МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБОО, ТЕХНОЛОГИЙН ТАЛААР ТӨРӨӨС БАРИМТЛАХ БОДЛОГЫГ ХЭЛЭЛЦЭВ
Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн талаар төрөөс баримтлах бодлогын тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжээд, Засгийн газрын гишүүдийн гаргасан саналыг тусгаж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Энэхүү баримт бичиг батлагдсанаар мэдээлэл шуудан харилцаа холбоо, технологийг эрчимтэй хөгжүүлж, мэдлэгт суурилсан нийгэм, эдийн засгийн хөгжлийг бий болгоход ихээхэн түлхэц болох юм.
Тус салбар нь нийгэм, эдийн засгийн шинэ харилцаанд хамгийн хурдан, эрсдэл багатайгаар шилжин, шинэчлэгдэж байгаа салбарын нэг юм. 2000 оноос хойших 10 жилийн хугацаанд хөдөө орон нутагт шилэн кабелын сүлжээ байгуулсны дүнд өнөөдөр манай улсын бус аймаг, сумын төв суурингууд газрын болон хөдөлгөөнт холбооны сүлжээнд холбогдох боломжоор хангагдаад байна. Мөн Үүрэн телефон хэрэглэгчдийн тоо 2002 онд 235 мянга байсан бол өнөөдрийн байдлаар 2 сая 500 мянгад хүрч хөдөлгөөнт холбооны нэвтрэлтийн түвшин 90,3 хувь байгаа нь хөгжиж буй орнуудын болон дэлхийн дундажтай харьцуулахад харьцангуй өндөр үзүүлэлт юм.
АГНУУРЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ЖУРМЫГ ДЭМЖЛЭЭ
Агнуур зохион байгуулалт хийх журам батлах тухай Засгийн газрын тогтоолын төслийг өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, Засгийн газрын гишүүдийн гаргасан саналыг тусгаж тогтоол гаргахаар болов. Энэхүү журам батлагдсанаар орон нутагт агнуурын бус нутгийг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоох, зөвхөн эрх бүхий байгууллагаас баталсан агнуурын бус нутагт агналт хийдэг байх, улмаар агнуурын бус нутгийг аж ахуйн нэгж, байгууллага, нөхөрлөл, иргэнд эзэмшүүлснээр ашиглагч нь хамгаалагч байх зарим амьдралд бодитоор хэрэгжих нөхцөл бүрдэх зэрэг байгаль хамгааллын ач холбогдолтой гэж үзжээ.
УИХ-Д ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН МЭДҮҮЛЭХЭЭР ТОГТОВ
Женев хотноо 2008 онд хуралдсан Дэлхийн шуудан холбооны Бүрэн эрхт төлөөлөгчдийн ээлжит их хурлаар хэлэлцэж баталсан “Дэлхийн шуудан холбооны дүрмийн наймдугаар нэмэлт протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд Улсын Их хуралд өргөн мэдүүлэхээр тогтов. Хуулийн төсөл батлагдсанаар шуудангийн салбарын тогтвортой хөгжлийг хангах, үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүүлэх, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, шуудангийн сүлжээгээр дамжуулах илгээмжийг чөлөөтэй солилцох баталгааг бүрдүүлэх, шинэ техник,технологи нэвтрүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой юм.
ГАЗРЫН ТОСНЫ ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИ БАЙГУУЛАХААР БОЛОВ
Дархан-Уул аймагт жилд 2 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэр байгуулах тухай асуудлыг өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцээд Засгийн газрын тогтоол гаргахаар боллоо. Тогтоолд Засгаас ямар нэгэн санхүүгийн баталгаа гаргахгүй гэдгийг тодорхой тусгахаар боллоо. Энэхүү үйлдвэр нь хоногт 44 мянган баррель буюу жилд 2 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай байх бөгөөд жилд 1,7 сая тонн орчим шингэн түлш үйлдвэрлэх боломжтой гэсэн тооцоог гаргасан байна. Мөн үйлдвэрлэсэн бензин шатахуун нь олон улсын хэмжээнд дээд зэрэглэлийн чанарын стандартыг хангасан, хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд хор хөнөөлгүй экологийн давуу талтай юм байна.
КОНЦЕССЫН ЖАГСААЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХААР БОЛОВ
“Концессын зүйлийн жагсаалт батлах тухай” Засгийн газрын 2010 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 198 дугаар тогтоолоор баталсан “Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-д Улаанбаатарын дулааны 5 дугаар цахилгаан станц болон Дорнодын дулааны цахилгаан станц барихтай холбоотойгоор өөрчлөлт оруулахаар боллоо. Ингэснээр Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж байгаа дулааны болон цахилгаан эрчим хүчний хэрэглээг хангах зорилгоор цахилгаан дулааны 5 дугаар шинэ эх үүсвэрийг ҮАБЗ-өөс өгсөн зөвлөмжийн дагуу “Барих-ашиглах-шилжүүлэх” зарчмаар олон улсын нээлттэй уралдаант шалгаруулалтаар хийх болов.
Харин Дорнод аймгийн хувьд 100 Мвт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станцыг “Барих-ашиглах-шилжүүлэх” нөхцөлтэйгөөр барих юм. Энэ төслийг хэрэгжүүлэхэд авто болон төмөр замын дэд бүтэц хөгжсөн, барилга байгууламж барих нөөц талбайтай, нүүрс болон усны нөөцийн ойрхон байрлалтай, 500 гаруй мэргэшсэн боловсон хүчний нөөцтэй зэрэг нь уг төслийн томоохон давуу тал болж байна.
АГААРЫН ТЭЭВЭРЛЭЛТИЙН ТАВДУГААР ЭРХ ЭДЛЭХ АСУУДАЛД АНХААРНА
Засгийн газрын өнөөдрийн хуралдаан дээр Монгол улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын Агаарын харилцааны тухай хэлэлцээрийн дагуу байгуулсан санамж бичгээр тохирсон асуудлаар Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга танилцуулга хийлээ. Хуралдаанаас Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын Агаарын харилцааны тухай хэлэлцээрийн дагуу 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдөр байгуулсан санамж бичгийн 1 дэх заалтаар тохиролцсон нислэгийн давтамж болон маршрутын хуваарийн талаар тохиролцсон асуудлуудыг дэмжин баталгаажуулах талаар холбогдох шугамаар ХБНГУ-ын талд мэдэгдэхийг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар нарт даалгалаа.
Европын холбооны гишүүн улсын Засгийн газартай шинээр байгуулах Агаарын харилцааны хэлэлцээр болон байгуулаад байгаа хоёр талын Агаарын харилцааны хэлэлцээрийн дагуу нислэгийг зохицуулах асуудлыг аль болох Монголын талд агаарын тээвэрлэлтийн 5 дугаар эрх эдлэх асуудалд түлхүү анхаарч, ашигтай байх хувилбарыг баримтлан хийж байх нь зүйтэй гэж үзлээ.
ӨНГӨРСӨН САРД ЗАСГИЙН ГАЗАР 46 УДАА ХУРАЛДЖЭЭ
2011 оны эхний 9 сард Засгийн газрын хуралдааныг 46 удаа ( үүнээс ээлжит хуралдаан 35, ээлжит бус хуралдаан11) зохион байгуулж, нийт 148 цаг 32 минут хуралдсан байна. Энэ хугацаанд 739 асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулж, үүнээс 536 асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, 203 асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж шийдвэрлүүлсэн болно.
Засгийн газрын хуралдаанаас 56 асуудлыг УИХ-д өргөн мэдүүлэхээр, 43 асуудлыг Хууль санаачлагчдад уламжлахаар, 12 асуудлыг УИХ-ын байнгын хороотой зөвшилцөхөөр, 5 асуудлыг Монгол улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр, 23 асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулахаар шийдвэрлэсэн байна. Мөн 37 асуудлыг хуралдаан дээр Засгийн газрын гишүүдээс гаргасан саналын дагуу дахин хэлэлцэхээр хойшлуулжээ. Мөн хугацаанд Засгийн газрын хуралдаанаас 287 тогтоол, Ерөнхий сайдын захирамж 66-г гаргахаар шийдвэрлэснийг зохих журмын дагуу албажуулсан байна.
Товчхон
- Хадгаламжийн даатгалын тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн дэмжээд, хуралдаан дээр Засгийн газрын гишүүдийн гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Уг хуулийн төсөлд тусгагдсан гол асуудал нь хадгаламжийн даатгалд хамрагдах хадгаламжийн хэмжээ юм. Даатгалын тохиолдол үүсвэл Корпораци даатгагдах хадгаламж эзэмшигчдийн тухайн банкин дахь нийт төгрөг ба валютын хадгаламжийг 20 сая төгрөг хүртэл хэмжээгээр нөхөн төлнө зэрэг заалтын төсөл оржээ.