Засгийн газрын хуралдаан 2011 оны 2 дугаар сарын 09-ний өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа
Завхан, Говь-Алтай аймгийн хэрэглэгчдийг цахилгаанаар найдвартай хангах улмаар баруун аймгуудын эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор Завхан аймгийн Тэлмэн суманд дулааны цахилгаан станц байгуулахаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Станцыг Могойн голын нүүрсний уурхайг түшиглэн байгуулах бөгөөд 2012 оны сүүл гэхэд Завхан, Говь-Алтай аймгийн хэрэглэгчдийг цахилгаанаар бүрэн хангах 30 МВт чадалтай эхний хэсэг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Дулааны цахилгаан станц байгуулах талаар байгуулсан гэрээг Концессын хуулийн хүрээнд шинэчлэн зохих журмын дагуу байгуулж, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар нарт даалгалаа. Засгийн газрын 2009 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаар цаг үеийн тулгамдсан асуудал болох Завхан, Говь-Алтай аймгийн цахилгаан хангамжийн талаар хэлэлцэн асуудлыг шуурхай шийдвэрлэхийг Эрдэс баялаг, эрчим хүчний яаманд чиглэл болгосон юм. Энэ дагуу дулааны цахилгаан станц барих, Алтай-Улиастайн эрчим хүчний систем болон Хөвсгөл аймгийн хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангах чиглэлээр хамтарч ажиллах Санамж бичигт Эрдэс баялаг, эрчим хүчний яам, “Шинэ Азиа Майнинг групп” ХХК гарын үсэг зурсан байна. Мөн Могойн голын уурхайг түшиглэн 60 МВт-ын хүчин чадалтай станцыг “барих-ашиглах-өмчлөх” нөхцлөөр барих гэрээ байгуулжээ. Үүнээс хойш техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, тоног төхөөрөмж, технологи сонгох, захиалах, барилгын зураг төсөл хийх, геологийн судалгаа, тооцоо гээд эхний шатны ажил хийгдэж дууссан. Одоо Тэлмэн-Могойн голын 95 км, Могойн гол-Мөрөнгийн 175 км урт цахилгаан дамжуулах агаарын шугамын ажил хэвийн үргэлжилж байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ. ХУВИЙН ХЭВШЛИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИНЭ Хувийн хэвшлийн хөгжлийг дэмжих үндэсний стратеги, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Хэрэгжүүлэх арга хэмжээ, шаардагдах хөрөнгийг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улс, орон нутгийн төсөвт тусгаж, гадаад орон, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулан санхүүжүүлж байхаар болов. Үндэсний стратеги нь бизнес эрхлэх таатай орчин бүрдүүлэх, хувийн хэвшлийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, түншлэлийг харилцан ашигтайгаар хөгжүүлж, ажлын байр, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлэх зорилготой юм. “Хувийн хэвшлийн хөгжлийг дэмжих үндэсний стратеги”-ийн хүрээнд : · Хувийн хэвшлийн хөгжлийг дэмжих эрх зүйн таатай орчин бүрдүүлэх · Хувийн хэвшлийн хөгжлийг эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалт, гадаад худалдааны бодлогоор хөхиүлэн дэмжих · Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлж, төрийн үйлчилгээг ил тод, шуурхай болгох · Хувийн хэвшлийн хөгжлийг хөдөлмөр эрхлэлт, мэргэжлийн боловсрол, сургалт, хүний нөөцийн бодлогоор дэмжих юм байна. Стратегийг 2011-2013, 2014-2016 онд хоёр үе шаттай хэрэгжүүлснээр хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийн тогтвортой хөгжлийг дэмжиж ажиллах таатай орчин бүрдэн, хөрөнгө, санхүүгийн олон төрлийн эх үүсвэр бий болж, Дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл өсч, төсвийн бүрдүүлэлт нэмэгдэнэ. 2010 оны 7 дугаар сарын 1-ний байдлаар улсын хэмжээнд хувийн хэвшлийн 68 мянган аж ахуйн нэгж, байгууллага бүртгэлтэй байна. Эдгээрийн 40 орчим мянга нь идэвхтэй ажиллаж сүүлийн 4 жилийн байдлаар Дотоодын нийт бүтээгдэхүүний 64.4-71.9 хувийг бүрдүүлж байгаа гэсэн судалгаа гарчээ. Татварын нийт орлогын 30 орчим хувийг аж ахуйн нэгжийн орлогын албан татвар эзэлж, ажиллах хүчний 70 гаруй хувь буюу 800 мянга гаруй хүн энэ салбарт ажиллаж байгаа нь ажлын байр бий болгох, ядуурлыг бууруулахад томоохон үүрэг гүйцэтгэж байгаагийн илрэл юм. Дэлхийн банкны гаргасан судалгаагаар манай улс бизнес эрхлэх орчин, нөхцөл байдлаараа 2009 онд 181 орноос 58, 2010 онд 183 орноос 60 дугаар байрт орсон. Энэ нь зээлжих нөхцөл таатай бус, хугацаа богино, хүү өндөр, төрөөс бизнест үзүүлэх үйлчилгээ ил тод бус, зөвшөөрөл, лиценз авах шат дамжлага олон, санхүүжилтийн олон хэлбэрийн эх үүсвэр бий болгох эрх зүйн орчин бүрдээгүй зэрэг олон шалтгаанаас үүдэлтэй. Иймээс хувийн хэвшлийг дэмжиж, хөгжүүлэхээр Засгийн газар үндэсний стратеги боловсруулж хэлэлцэн баталлаа гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ. ЦЭРГИЙН АЛБАН ХААГЧИД НЭГ УДААГИЙН ТЭТГЭМЖ АВНА Цэргийн албан хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох журмыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-5 дахь заалтад хамаарах цэргийн албан хаагч, мөн хуулийн 8.1, 8.2-т заасан үндэслэлээр тэтгэвэр тогтоолгосон иргэн нэг удаагийн тэтгэмж авах эрхтэй. Хуулийн 19.1-д заасан үндэслэлээр цэргийн алба хаасны тэтгэвэр авах эрх үүссэн цэргийн албан хаагчид сүүлийн 5 жилийн цалин, хөлсний нийлбэрийг 60-д хувааж, гарсан дундаж цалин, хөлсийг 36 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр олгох юм. Хуулийн 8.1-д заасан хугацааг хангаагүй боловч 10-аас доошгүй жил цэргийн алба хаасан, орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэнд, цэргийн алба хаах нас хэтэрч халагдсан хүн сүүлийн 5 жилийн цалин, хөлсний нийлбэрийг 60-д хувааж, гарсан дундаж цалин, хөлсийг 18 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний тэтгэмж авах эрхтэй. Цэргийн алба хаасны тэтгэвэр авах эрх үүссэн, цэргийн жинхэнэ алба хаах хугацааг сунгасан шийдвэр гарсны дараа цэргийн албан хаагчийн нэг удаагийн тэтгэмжийн 18 сар хүртэлх хугацаанд ногдох хэсгийг өөрийнх нь хүссэнээр олгож болохоор журамд тусгажээ. Энэ журам зэвсэгт хүчин, хил, дотоодын цэрэг, тагнуул, цагдаа, шүүхийн шинжилгээний, онцгой байдлын болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хамаарна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ. ЦЭРГИЙН ДҮЙЦҮҮЛЭХ АЛБЫГ 2 САЯ ГАРУЙ ТӨГРӨГӨӨР ХААНА Цэргийн дүйцүүлэх албыг 2011 онд мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний нөхөн төлбөрийн хэмжээг 2,632,770 /хоёр сая зургаан зуун гучин хоёр мянга долоон зуун дал/ төгрөг байхаар Засгийн газрын хуралдаанаас тогтлоо. Мөн хуралдаанаар цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаарыг батлав. Өнгөрсөн онд Онцгой байдлын ерөнхий газрын харъяа анги, салбар, аврах отряд, хилийн цэрэгт туслах хүчин, хүмүүнлэгийн байгууллагад тодорхой тооны залуус цэргийн албаа дүйцүүлэн хааж цэргийн анхан шатны бэлтгэл эзэмшсэн байна. Үүний зэрэгцээ Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан экологийн сүйрлээс сэрэмжлэн хамгаалах, ойжуулах, цөлжилттэй тэмцэх, байгалийг нөхөн сэргээх, байгалийн гамшиг, ослын хор уршгийг арилгах, хүн, малын гоц халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, аймаг, орон нутгийн бүтээн байгуулалтын ажилд оролцжээ. ТАВАНТОЛГОЙН ОРДЫГ АШИГЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ СОНСОВ Тавантолгойн ордыг ашиглах үйл ажиллагааны явцын тухай танилцуулгыг Засгийн газрын хуралдаанаар сонсон танилцуулга, урьдчилсан сонгон шалгаруулалтын явцыг Улсын Их Хуралд танилцуулах нь зүйтэй гэж үзлээ. УИХ-ын 39 тоот тогтоолын хүрээнд Засгийн газар уг орд газрыг ашиглахтай холбоотой асуудлыг удаа дараа хэлэлцэн тогтоол, шийдвэр гарган ажиллаж байгаа. Үүний дүнд Тавантолгойн ордын Цанхийн зүүн талбайд уурхайн ажлыг эхлүүлж, нүүрс экспортод гаргаж эхлэхэд бэлэн болсон байна. Ордыг ашиглах үйл ажиллагааг цаашид хариуцах “Эрдэнэс Тавантолгой” компаний хувьцааг иргэд, аж ахуйн нэгжид эзэмшүүлэх, гадаад, дотоодын хөрөнгийн зах зээлд арилжаалах бэлтгэлээ хангаж байна. Тавантолгойн ордын тодорхой хэсэгт хөрөнгө оруулж, хамтран ажиллах аж ахуйн нэгжийг шалгаруулах олон улсын нээлттэй тендерийн эхний үе шат дуусах дөхөж байна. Үүний дараа оролцогчидтой УИХ-ын тогтоолын дагуу дамжин өнгөрөх тээвэр, угтуулан тавих нөхцөл, боомт ашиглалт, урьдчилгаа төлбөр, бүтээгдэхүүний борлуулалт, хөрөнгө оруулалтын нөхцөлийн талаар хэлэлцээ хийн хамтран ажиллах нэгдсэн компани /консерциум/-ийг шалгаруулна. 2011 он Тавантолгойн ордыг ашиглах үйл ажиллагааны эхлэлийн гол жил учир Засгийн газар онцгой анхаарал хандуулж байна. Тухайлбал тус ордоос эхний ээлжинд 2 сая орчим тонн нүүрс олборлож экспортод гаргах, төслийн санхүүжилт босгох, “Эрдэнэс Тавантолгой” компанийг гадаад, дотоодын Хөрөнгийн биржид гаргах, усны хангамж, баяжуулах үйлдвэр, уурхайчдын хотхон, цахилгаан станц, авто зам зэрэг их бүтээн байгуулалтын олон ажлыг эхлүүлэх юм. ЭНЭ САРД ДИЗЕЛИЙН ТҮЛШНЭЭС ОНЦГОЙ АЛБАН ТАТВАР АВАХГҮЙ Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав, Алтанбулаг боомтоор орж ирж байгаа А-80 автобензинд 190 мянган төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг 160 мянган төгрөг болгохоор Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. АИ-92 автобензинд 230 мянган төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг хэвээр үлдээсэн бол дизелийн түлшнээс авч байсан 20 мянган төгрөгийн онцгой албан татварыг “0” болгосон байна. Энэ шийдвэрийг 2011 оны 2 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. ОХУ-ын Роснефть компаниас манай улсад нийлүүлэх газрын тосны бүтээгдэхүүний импортын үнэ 2011 оны 2 дугаар сард А-80 автобензин тонн тутамд 72, АИ-92 автобензин 21, дизелийн түлш 78 ам. доллараар тус тус өссөн байна. ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХЫГ ДЭМЖИВ Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо. Төрийн захиргааны төв байгууллагын эрх үүрэг, эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч болон хэрэглэгчийн харилцаа, эрчим хүчний салбар зах зээлийн харилцаанд бүрэн шилжих тохиолдолд цахилгаан, дулааны үнийг индексжүүлэх, үнийн нөлөөллийг тооцох аргачлал болон салбарын ажилд баримтлах бодлого норм, гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллөөс үүссэн хохирлын нөлөөг багасгах, түлшний аюулгүйн нөөц бүрдүүлэх зэрэг асуудлын хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх, эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор хуулийн төсөл санаачилсан байна. Засгийн газар нь эрчим хүчний үнэ, тарифыг индексжүүлэх журам батлах, эрчим хүчний аюулгүйн нөөцийн жагсаалт батлах, нөөц бүрдүүлэх, түүний хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх, нэгдсэн сүлжээний арилжааны үйл ажиллагааг зохицуулсан зах зээлийн дүрэм батлах эрхтэй байхаар төсөлд тусгажээ. Төрийн захиргааны төв байгууллагын эрх, үүрэгт салбарын хэмжээний бодлогыг боловсруулахад шаардагдах зарим дүрэм, журам боловсруулан батлах, халаалтын улирлын хугацааг тогтоох, хүний нөөцийн бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх үүргийг нэмж тусган, байгууллагын эрх, үүргийг тодотгож өгсөн байна. Эрчим хүчний дамжуулалтын шугамын хамгаалалтын зурвасыг чөлөөлөх нь эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигчээс гадна орон нутгийн удирдлагын эрх, үүргийн нэг байхаар тусгасан байна. Зохицуулах газрыг Зохицуулагчдын зөвлөл болгон өөрчилж даргыг нь аж ахуйн ажлаас чөлөөлж, зөвхөн зохицуулалтын ажлаа хийх, зөвлөлийн бие даасан байдлыг хангах, орон тоог нэмэгдүүлэн үүрэг, хариуцлагыг нь дээшлүүлэхээр төлөвлөжээ. АЛДАНГИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООВ Хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй болон татварын албан, татварын улсын байцаагчийн буруугаар татвар төлөгчөөс үндэслэлгүй, илүү хураасан татварт тооцох алдангийн хэмжээг хоног тутамд 0.056 хувь байхаар тогтлоо. Алдангийн хэмжээг тогтоохдоо арилжааны банкуудаас олгосон төгрөгийн зээлийн жигнэсэн дундаж хүүнд үндэслэсэн байна. 2010 оны 11 сарын байдлаар зээлийн жигнэсэн дундаж хүү жилийн 20.15 хувь, сарын 1.68 хувь, хоногийн 0.056 хувь байжээ. БҮТЭЭГДЭХҮҮН ХУВААХ ГЭРЭЭГ БАТЛАВ Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт орших “Дарьганга-XXIV” талбайд үйл ажиллагаа явуулах тухай Газрын тосны газар, “Апекспро Инвестмент Лтд” ХХК-тай байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээг баталлаа. Бүтээгдэхүүн хуваах гэрээний үндсэн нөхцлүүдийг сайжруулах, гэрээний төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах талаар хэлэлцээ хийж, роялти /байгалийн нөхөн сэргээгдэшгүй баялаг ашигласны төлбөр/ 10 хувь байсныг 10.75 хувь, Засгийн газарт ногдох бүтээгдэхүүн хуваалтын доод хэмжээ 40 хувиас эхэлж байсныг 43 хувиар эхлүүлж, Засгийн газарт ногдох бүтээгдэхүүний дээд хэмжээ 60 хувь байхаар харилцан тохиролцсон байна. Мөн хуралдаанаар газрын тосны хайгуулын Төхөм-Xталбайд Газрын тосны газар, “Монголын алт” ХХК-тай байгуулах Бүтээгдэхүүн хуваах гэрээний төслийг зарчмын хувьд дэмжиж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулахаар боллоо. “Монголын алт” ХХК газрын тосны хайгуулын үе шат болох 5 жилд нийт 22 390 000 мянган ам. долларын хөрөнгө оруулалт хийж геологи, хайгуул, геофизик, чичирхийллийн судалгаа, хайгуулын өрөмдлөгө хийх юм. ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙГ ЕРӨНХИЙ САЙД АХАЛНА Манай улс 2011-2013 онд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг /АОХН/- ийг тэргүүлэн ажиллана. Үүнийг удирдан зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд ахалж ажиллахаар боллоо. Манай улс 2011 оны 7 дугаар сараас эхлэн АОХН-ийг даргалах эрхийг Литва Улсаас хүлээн авах юм. Энэ хугацаанд манай улс ардчиллын үнэт зүйлсийг улам бүр хэвшүүлэх, улмаар шинэ тулгар ардчиллыг тогтворжуулах, ардчиллын боловсролыг хөгжүүлэх, АОХН-ийн бүс нутгийн үйл ажиллагааг бэхжүүлэхийг зорьж ажиллахаар төлөвлөж байна. АОХН нь ардчиллыг дэмжин, ардчиллын хэм хэмжээ, институцийг түгээн бэхжүүлэхэд улс орнуудын нэгдмэл байр суурийг баталгаажуулах зорилготой Засгийн газар хоорондын байгууллага юм.