Сүхбаатарын Батболд Batbold Sukhbaatar

RSS Feed Facebook Twitter YouTube Wikipedia

Засгийн газрын хуралдаан 2011 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Нийтэлсэн: - 2011/04/27 20:05 - Мэдээ, мэдээлэл , Тайлан

засгийн газрын хуралдаанБАГА ОРЛОГОТОЙ ИРГЭДИЙГ ОРОН СУУЦТАЙ БОЛГОНО    

Засгийн газар бага орлоготой иргэдээ орон сууцжуулахад онцгой анхаарч үе шаттай арга хэмжээ авч байна. Иргэд орон сууцтай болох хүсэл их байдаг ч банкны зээлийн хүү өндөр, хугацаа бага, урьдчилгаа төлбөрийн боломжгүй учир ихээхэн хүндрэл учруулж байлаа. Тэгвэл энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор Засгийн газар “100 мянган орон сууц” хөтөлбөрийн хүрээнд бага орлоготой иргэдийг орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулах санхүүжилтийн загварыг хэлэлцэн баталлаа.   

 

Бага орлоготой, анх удаа орон сууцтай болохоор хүсэлт гаргасан иргэдийг жилийн 6 хүртэл хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлд хамруулах харилцааг зохицуулахтай холбогдон гарах журмуудыг боловсруулан хамтран баталж, орон сууцаар хангах ажлыг зохион байгуулахыг сайд С.Баярцогт, Х.Баттулга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр нарт даалгав. Үүний хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллахыг Орон сууцжуулах ажлыг эрчимжүүлэх Үндэсний хорооны дарга, Шадар сайд М.Энхболдод даалгалаа.

Хөгжлийн банкны эх үүсвэр болон дамжуулан зээлдүүлж байгаа хүү хоорондын зөрүү, Хөгжлийн банкны холбогдох үйл ажиллагааны зардлыг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлж байхыг сайд С.Баярцогтод даалгажээ. “Хүний хөгжил сан”-гаас хуваарилагдсан хишиг, хувийг орон сууцны зээлд ашиглах хүсэлт гаргасан иргэнд төлбөрийн дансны бүртгэл хийж, орон нутаг дахь захиалгыг тухайн аймаг дахь Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраар гүйцэтгүүлэн, биелэлтийг нэгтгэхийг “Орон сууцны санхүүжилтийн корпораци”-ийн даргад үүрэг болголоо.

Ипотекийн хоёрдогч зах зээлийг дэмжих үүднээс санхүүжилтийн эх үүсвэртэйгээ уялдуулан Монголын Ипотекийн Корпорацид урт хугацаат зээлийн санхүүжилт олгох талаар судалж шийдвэрлэх, “Хүний хөгжил сан”-гаас иргэдийн хишиг, хувийг орон сууцны зээлд ашиглахтай холбогдуулан шаардагдах хөрөнгийг тухайн жилийн улсын төсвийн төсөлд тусгахыг сайд С.Баярцогт, Т.Ганди нарт даалгалаа. Шинэ суурьшлын бүсэд орон сууц барихад шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээ авахыг сайд Х.Баттулга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр нарт үүрэг болгов гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

СУМ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ТУХАЙ ХЭЛЭЛЦЭН ТОГТООЛ ГАРГАВ

“Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, ашиглалтад хяналт тавих журам, гэрээний загвар батлах тухай” Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн тогтоол гаргалаа. Үүнтэй холбогдуулан сумын хөгжлийн сангийн үлдэгдэл хөрөнгийг “Сум хөгжүүлэх сан”-д шилжүүлэхийг аймгуудын Засаг дарга нарт үүрэг болгосон байна. Сангийн хөрөнгийг сумдад жижиг, дунд үйлдвэр шинээр байгуулах буюу үйл ажиллагааг нь өргөтгөх, сэргээх, шинээр ажлын байр бий болгох, үйлдвэрлэл эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор хөнгөлөлттэй зээл олгоход зарцуулна.

Хөнгөлөлттэй зээлийн хүүгийн дээд хэмжээ жилд 3 хүртэл хувь, хугацаа нь 36 сар хүртэл байх юм. Сангаас олгох зээлийн хүүгийн орлогын 50 хүртэл хувийг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр төсөл сонгон шалгаруулах, зээлийн ашиглалтад хяналт тавих ажлыг зохион байгуулахад зарцуулж болно. Үлдэх хувийг сангаас олгох зээлийн эргэлтийн хөрөнгө болгож ашиглахаар журамд тусгасан байна. Сангаас зээл авч төсөл хэрэгжүүлэх этгээд нь тухайн сумандаа бүртгэлтэй, Сум хөгжүүлэх сан болон Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас өмнө нь авсан зээлийн өргүй, зээлээ зориулалтын дагуу ашиглаж хугацаанд нь төлөх чадвартай байх ёстой юм. Мөн журмаар сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрх, үүрэг, Засаг даргын чиг үүргийг нарийвчлан тусгасан байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

НӨӨЦӨӨС УЛААН БУУДАЙН ҮР ӨГНӨ

2011 оны хаврын тариалалтад зориулж улсын нөөцөөс улаан буудайн 5100 тонн үрийг Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон тариалан эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд худалдаж, борлуулалтын орлогоор нь энэ оны 12 дугаар сарын 1-ний дотор нөхөн бүрдүүлэхээр болов. Улаан буудайн нэг тонн үрийг 560 мянган төгрөгөөр худалдах чиглэл баримтлахыг Онцгой байдлын ерөнхий газрын дарга Ц.Амгаланбаярт Засгийн газрын хуралдаанаас даалгалаа.

Энэ хавар манай улс 281,2 мянган га талбайд үр, үүнээс 276,4 мянган га уриншийн талбайд улаан буудай тариалах юм. Үүнд 46,8 мянган тонн үр шаардлагатай. Өнгөрсөн онд 36,8 мянган тонн улаан буудайн үр нөөцөлсөн бөгөөд дутагдаж байгаа 10 орчим мянган тонн үрийг дотоодоос бүрэн хангах боломжтой гэж салбарын яам тооцоолжээ. 2010 онд манай улс 344,5 мянган тонн улаан буудай хураан авч, 276,4 мянган га талбайд дэвшилтэт технологиор, чанар сайтай уринш боловсруулж хаврын тариалалтад бэлтгэжээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

“ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬ”-Д НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХЫГ ДЭМЖИВ

“Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр боллоо. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас хуулийн зарим зүйл, заалтын талаар санал ирүүлсний дагуу судалгаа явуулж,  согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийг нутаг дэвсгэрийн байршил, согтууруулах ундааны агууламжийн зэрэглэл зэргээс хамааруулан ялгаатай байхаар тусгажээ.  

Тухайлбал, спиртын өндөр агууламжтай согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөл олгоход нийслэлд нэг сая төгрөг, аймгийн төвд 600 мянга, сумдад 300 мянга, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахад нийслэлд 300 мянга, аймгийн төвд 200 мянга, сумдад 100 мянган төгрөг байхаар боллоо. Мөн спиртийн сул агууламжтай согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөл олгоход нийслэлд 300, аймгийн төвд 200, сумдад 100 мянга, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахад нийслэлд 100, аймгийн төвд 70, сумдад 40 мянган төгрөг байхаар тусгажээ.

Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн бодисын жагсаалтад орсон бодисуудыг импортлох, худалдах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээг 10 сая төгрөг болгож , бусад химийн бодис экспортлох, импортлох, худалдах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээг холбогдох мэргэжлийн байгууллагуудын саналын дагуу тусгасан байна. Хуулийн төсөл батлагдсанаар тэмдэгтийн хураамжийн зарим хувь хэмжээг холбогдох тооцоо судалгаа, тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны онцлог, хүрээ зэргийг харгалзан нийтлэг бус ялгавартай байдлаар тогтоох нөхцөл бүрдэх юм.

ДЭЭД БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛНА

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Дээд боловсролын шинэчлэл төсөл”-ийг зарчмын хувьд дэмжиж Улсын Их Хурлын Байнгын хороотой хороотой зөвшилцөхөөр тогтлоо. Байнгын хороо дэмжсэн тохиолдолд Зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах бүрэн эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар болжээ. Төсөл нь “Дээд боловсролын хөтөлбөрийн чанар, нийцлийг сайжруулах, Дээд боловсролын засаглал, менежмент, санхүүжилтийг сайжруулах, Тэгш байдал ба хүртээмжийг сайжруулах” гэсэн гурван бүрэлдэхүүн хэсэгтэй юм.

Төслийн хүрээнд дээд боловсролын салбарын шинэчлэлийн бодлогын зөвлөмж боловсруулж, сургалтын хөтөлбөрийг шинэчлэн, сургалтын орчин, тоног төхөөрөмжийг сайжруулж, багш, сурган хүмүүжүүлэгчдэд үндэсний үнэлгээний стандарт тогтоон, хөдөө орон нутгийн их, дээд сургуулиудын чадавхийг дээшлүүлэх юм байна. 2016 оны 11 дүгээр сарын 30 хүртэл хэрэгжүүлэх энэ төсөлд Азийн хөгжлийн банкны 20 сая ам.доллар зарцуулах бөгөөд зардлын 90 хувийг Азийн хөгжлийн банк, 10 хувийг Засгийн газар гаргахаар төлөвлөжээ.

Хөнгөлөлттэй зээл нь 32 жилийн хугацаатай, үүнээс эхний 8 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө. Зээлийн хүү үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаанд жилийн 1 хувь, үлдэх хугацаанд жилийн 1,5 хувь байх юм. Манай улс өрсөлдөх чадвараараа 2011 онд 139 орноос 99 дүгээр байранд орж өмнөх жилүүдтэй харьцуулахад харьцангуй дээшилсэн ч дотоодын сургалт, судалгааны төвийн боломж, бололцоогоороо сүүл мушгиж, дээд боловсролын системийн болон удирдлагын чанараар 135-136 дугаар байрт оржээ.

Энэ нь эдийн засгийн хурдацтай өсөлт, уул уурхайн салбарын хөгжлийг дагасан чадварлаг боловсон хүчний эрэлт, хэрэгцээг хангахын тулд дээд боловсролын системийг шинэчилж, олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөх чадвартай сургалт бий болгох зайлшгүй шаардлагатай болсныг харуулж байгаа юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

БОР-ӨНДӨР ХОТЫГ СУМ БОЛГОХЫГ ЗАРЧМЫН ХУВЬД ДЭМЖИВ

Хэнтий аймгийн Дархан сумаас Бор-Өндөр хотыг салгаж, шинээр Бор-Өндөр сум байгуулахыг зарчмын хувьд дэмжиж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо. Дархан сумыг хэвээр үлдээж, шинээр Бор-Өндөр сум байгуулах тухай Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хандсан байна. Мөн Хэнтий аймгаас сонгогдсон Улсын Их Хурлын гурван гишүүн ч энэ асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсчээ.

Дархан сумын 2008 оны орон нутгийн сонгуулийн мандатыг хуваахдаа 1908 хүн амтай 1,2,3,4 дүгээр багт тус бүр нэг, үлдсэн 21-ийг нь 9311 хүн амтай 5 дугаар баг болох Бор-Өндөрт өгсөн байна. Дархан сумын дээрх багууд үүнийг хүлээн зөвшөөрөлгүй, хүн амын тоонд нь бус, газар нутгийн хэмжээнд хуваах ёстой гэсэн шаардлага тавьж, орон нутгийн хурлын сонгуульд оролцоогүй юм. Үүнээс болж сумын иргэд хоорондоо талцаж, сонгуулийн асуудлаас үүссэн маргаан эцэслэн шийдэгдэлгүй өнөөг хүрчээ.

Асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэх гэхэд тухайн үеийн орон нутгийн сонгуулийн тойрог, салбар хэсгийн хороод татан буугдсан учир боломжгүй, шинээр байгуулагдсан тойрог, салбар, хэсгийн хороод шийдвэр гаргавал шүүхийн байгууллага хүчин төгөлдөр бус гэж үздэг юм байна. Иймд Хэнтий аймаг, Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн зарчмын хувьд дэмжлээ.

САНХҮҮЖИЛТИЙН ЗЭЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ДЭМЖИВ

Монгол Улсын Засгийн газар, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Тогтвортой амьжиргаа-2 төслийн нэмэлт санхүүжилтийн төсөл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг дэмжиж, Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр боллоо. Нэмэлт санхүүжилт болох 11 сая ам.долларын зээл нь хүүгүй бөгөөд зээлийн үйлчилгээний шимтгэлд жилийн 0.75 хувийн хураамж төлж, зээлийг 20 жилд багтаан буцаан төлөхөөс эхний 10 жилд нь үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх юм. 

11 сая ам.долларын дийлэнхийг Олон нийтийн санаачилга, Бэлчээрийн мал аж ахуйн эрсдлийн удирдлага, Бичил санхүүгийн хөгжлийн сан гэсэн бүрэлдэхүүн хэсэгт хуваарилагдаж, орон нутагт дэд төслүүд хэрэгжүүлэхэд зарцуулах юм. “Тогтвортой амьжиргаа-2” төслийн хүрээнд орон нутагт төсвийн хуваарилалтын төвлөрлийг сааруулах, хөгжлийн чиг хандлагыг анхан шатнаас тодорхойлон гаргаж хөрөнгө оруулалт хийх, хөгжлийн гарцаа тодорхойлох аргачлалыг турших, Засгийн газраас хэтийн бодлогоо тодорхойлоход баримтлах загвар бий болгох юм.

ТҮЛШ, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ ХИЙХ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТЛАВ

“Түлш, эрчим хүчний салбарын талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2010 оны 72 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтэд хяналт тавьж ажиллан, улирал тутам Засгийн газрын хуралдаанд танилцуулж байхыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайдад үүрэг болгов. Төлөвлөгөөг Улсын Их Хурлын тогтоолын заалт бүрээр задлаж нарийвчлан боловсруулсан байна.

Тухайлбал Багануур, Шивээ-Овоогийн уурхайн болон эрчим хүчний салбарын төрийн өмчит компаниудын урт хугацаат зээлийг анх зээлсэн үеийн ханшаар тооцон төгрөгт шилжүүлэх, ханшийн зөрүүнээс үүсэх алдагдлыг Засгийн газар бүрэн хариуцаж тухайн салбарт оруулсан хөрөнгө оруулалт  болгон тооцох, төвийн бүсийн эрчим хүчний компаниудад олгож байгаа татаасын хэмжээгээр компани, уурхай хоорондын хуучин өр, авлагыг бүрэн хаахаар төлөвлөөд байна.

Мөн хэрэглэгчдэд ирэх ачааллыг хөнгөвчлөхийн тулд 3 жилийн хугацаанд Багануур, Шивээ-Овоогийн уурхай болон төрийн өмчийн эрчим хүчний компаниудад олгож байгаа татаасыг бууруулахгүй байх, эрчим хүчний шинэ эх үүсвэрийг Багануурын болон бусад уурхайг түшиглэн байгуулах, 3,4 дүгээр цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг олон ажил хийхээр тусгажээ. Үүний дүнд төрийн өмчийн компаниудын дүнгээр эргэлтийн хөрөнгө нэмэгдэн, богино хугацаат өр төлбөр, хэрэглэгчдээс авах авлага буурна. Мөн төлбөр барагдуулах чадвар нэмэгдэж, компаниудын санхүүгийн байдал эрүүлжинэ гэж Засгийн газар тооцоолж байна.

АМРАЛТЫН ӨДРӨӨ АЖИЛ ХИЙЖ ИДЭВХТЭЙ ӨНГӨРҮҮЛЬЕ   

Жил бүрийн 5 дугаар сарын эхний 7 хоногийн бямба гарагийн амралтын өдрийг “Хөгжлийн төлөө хамтдаа” уриан дор “Бүх нийтийн хөдөлмөрийн өдөр” болгох талаар гаргасан уриалгаа Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди Засгийн газрын хуралдаанд танилцуулав. Ажил, хөдөлмөр эрхэлж байгаа 786 мянга гаруй хүн байдаг бөгөөд нэг хүн жилдээ нийтээр тэмдэглэх баяр, ээлжийн болон амралтын бусад өдөр гээд 130 өдөр амардаг байна. Энэ нь нэг жилийн бүх өдрийн 34.5 хувийг амралт, баяр тэмдэглэхэд зориулдаг гэсэн үг юм.

Иргэд амарч, баярлаж цэнгээд байх бус, харин нийгмийн сайн сайхны төлөө жилд ганцхан өдөр сайн дураараа хөдөлмөрлөхөд 12,5 тэрбум төгрөгийн баялаг бүтээж чадна гэсэн тооцоо гарсан байна. Иймээс нэг өдрийг эрүүл, аюулгүй орчин бий болгох, хот, сум суурингаа цэцэрлэгжүүлж, тохижуулах, дэд бүтцийг нь сайжруулах, байгаль орчноо нөхөн сэргээх, соёлын дурсгалт газруудыг сэргээн засварлах зэргээр бүтээн байгуулалтын ажил хийхэд зарцуулъя гэж төрийн бус байгууллагууд, иргэд цөөнгүй удаа Засгийн газарт ханджээ.

Саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжлээ. Энэ дагуу “Бүх нийтийн хөдөлмөрийн өдөр”-ийг орон даяар хэвшүүлэн, цаашдаа үндэсний бүтээмжийн хөдөлгөөн болгон өрнүүлэхийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, хөдөлмөрийн харилцааны түншлэгч талуудад Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам уриалж байна.  

“Улаанбаатарын Дулаан цахилгаан станц-5” төслийн талаар ирэх 7 хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтод даалгав. 

НЭГДСЭН ТӨСВИЙН I ДҮГЭЭР УЛИРЛЫН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ ТАНИЛЦАВ

Монгол Улсын 2011 оны нэгдсэн төсвийн 1 дүгээр улирлын гүйцэтгэлийг Сангийн сайд С.Баярцогт Засгийн газрын гишүүдэд танилцуулав. 3 дугаар сарын гүйцэтгэлийн мэдээгээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлогын бүрдүүлэлт 126.2 хувь, нийт зарлага 71.3 хувийн гүйцэтгэлтэй, төсвийн нийт тэнцэл 83.2 тэрбум төгрөгийн ашигтай гарч, төлөвлөсөн дүнтэй харьцуулахад 517.7 тэрбум төгрөгөөр бага байна. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 3 дугаар сарын гүйцэтгэлээр 904.7 тэрбум төгрөгт хүрч, орлогын төлөвлөгөө 187.6 тэрбум төгрөг буюу 26.2 хувиар давж биелсэн байна. Энэ нь 2010 оны мөн үеийнхээс 63.1 хувь буюу 349.9 тэрбум төгрөгөөр өсчээ.

Нэгдсэн төсвийн нийт зарлага 1,151.6 тэрбум төгрөг байхаар төлөвлөгдсөнөөс 821.5 тэрбум төгрөгийн буюу 71.3 тэрбумын гүйцэтгэлтэй гарсан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 23.7 хувь буюу 157.4 тэрбум төгрөгөөр өссөн нь “Хүний хөгжил сан”-гаас иргэдэд олгох бэлэн мөнгө нэмэгдсэн, оюутнуудад сургалтын тэтгэлэг олгох болсонтой холбоотой байжээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.    

Засгийн газрын хуралдаанаар мөн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Улаанбаатар хотын эрчим хүчний 5 дахь эх үүсвэр, эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, цаашдын чиглэл, Үндэсний их баяр, наадмыг зохион байгуулахад шаардагдах зардал зэрэгтэй танилцаж байна.

ТОВЧ МЭДЭЭ

  • “Саарал чоно хамгаалах тухай хуулийн төсөл”-ийг дэмжих боломжгүй гэж үзэн хууль санаачлагч, Улсын Их Хурлын гишүүн Г.Баярсайханд уламжлахаар тогтлоо. Тоо толгой нь эрс цөөрч байгаа учир салбарын сайдын тушаалаар зарим аймаг, сумын нутагт саарал чоно агнахыг 2010 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 2 жилийн хугацаатай хориглосон. Иймд байгалийн тэнцэл алдагдах, байгалийн нөөцийн хомсдлоос сэргийлэх зорилгоор саарал чоныг хамгаалах, говь, тал, хээрийн бүсэд чоно, үр төлийг нь агнах, барихыг хориглосон бие даасан хууль гаргалгүйгээр одоогийн эрх зүйн зохицуулалтын хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж Засгийн газар үзсэн байна.
  • Жүдо бөхийн дэлхийн цом, дэлхийн мастеруудын тэмцээн, “Астана-Алма-Ата-2011” Азийн өвлийн спортын VII наадам, “Гуанжоу-2010” Азийн паралимпийн Xнаадам, казах-күрес, сумо бөхийн дэлхийн аварга, кураш бөх, чөлөөт бөхийн залуучуудын дэлхийн аварга, таэквондогийн өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн 46 тамирчин, 18 дасгалжуулагчид мөнгөн шагнал олгохоор тогтлоо.
  • “Ус ба ойн тогтвортой менежмент” сэдэвт Ази, Европын уулзалтын гишүүн орнуудын Байгаль орчны сайд нарын түвшний уулзалтыг 2011 оны 10 дугаар сарын 10-11-ний өдөр Улаанбаатар хотод зохион байгуулахаар боллоо.

Prime Minister S.Batbold

УИХ-ын гишүүн С.Батболд иргэд, сонгогч та бүхэнтэй тогтмол холбоотой ажиллаж, таны санал бодлыг өөрийн үйл ажиллагаанд тусгаж, харилцан мэдээлэл солилцож ажил­лахыг чухалчилж байна.

Бусад цахим хуудсууд

Шинэчлэлийг мэйлээр авах