Сүхбаатарын Батболд Batbold Sukhbaatar

RSS Feed Facebook Twitter YouTube Wikipedia

Засгийн газрын хуралдаан 2011 оны 5 дугаар сарын 31-ний өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа

Нийтэлсэн: - 2011/05/31 20:07 - Мэдээ, мэдээлэл , Мэдээ

засгийн газрын хуралдаанБНХАУ-ААС 500 САЯ АМ.ДОЛЛАРЫН ЗЭЭЛ АВНА

БНХАУ-ын Засгийн газраас манай улсад олгох 500 сая ам.долларын экспортын зээлийг ашиглах тухай Сангийн яам, БНХАУ-ын Экспорт-Импорт банкны хооронд байгуулах Ерөнхий хэлэлцээрийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн зарчмын хувьд дэмжлээ. УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөн шийдвэр гарсны дараа хэлэлцээрт гарын үсэг зурах бүрэн эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамжийг ажлын шугамаар гаргахаар болсон байна.

500 сая ам.долларыг мах, хуурай сүү боловсруулах үйлдвэр, гурилын үйлдвэр, үр тарианы элеватор байгуулах, бага оврын трактор худалдан авахад зарцуулна. Мөн “Шинэ зууны боловсрол”, “Цахим эрүүл мэнд”, Баруун 4 зам, Баянбүрд, Саппорогийн аюулгүйн тойргийг багтаасан “Замын олон түвшний огтлолцол” төсөл, автозамын уулзвар, төмөр зам дээгүүр гүүрэн гарц барих ажлыг санхүүжүүлэхээр төлөвлөж байна.  

Төслүүдийн санал, техник, эдийн засгийн үндэслэл, тооцоо, судалгааг боловсруулж Сангийн яаманд энэ оны 6 дугаар сард багтаан хүргүүлэхийг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр нарт даалгалаа. 500 сая ам.долларын зээл нь 20 жилийн хугацаатай, үндсэн төлбөрөөс 7 жил чөлөөлөгдөх бөгөөд жилийн 2 хувийн хүүтэй байх юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТИЙН ТАЛААР ХЭЛЭЛЦЭВ

Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай” болон “Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хууль”-д нэмэлт оруулахаар төсөл санаачилсан байна. Засгийн газрын хуралдаанаар төслийг хэлэлцээд хэд хэдэн саналыг төсөл санаачлагчид уламжлахаар тогтлоо. Тэтгэврийн хэмжээг тогтоохдоо уламжлалт аргачлалаар бус, шууд механик аргаар тооцон тэнцүүлэх нь бодлогын хувьд тэтгэвэр тооцох суурь зарчмыг алдагдуулах сөрөг талтайг анхаарах нь зүйтэй гэж үзсэн байна.

Мөн одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль, тогтоомжийн дагуу “Нийгмийн даатгалын сан”-гаас олгох тэтгэвэр, тэтгэмжийг цалин хөлсний хэмжээтэй уялдуулж байгаа нь тэтгэврийн зөрүүг арилгаж чадахгүй байгаа. Иймээс тэтгэврийн даатгалын шинэтгэлийн хүрээнд тэтгэврийн олон давхаргат тогтолцоо, ялангуяа өндөр насны суурь тэтгэврийг бий болгох шаардлагатай.

Тэтгэврийн тогтолцоог шинэчлэх, боловсронгуй болгох, бага тэтгэвэр авдаг иргэдийн тэтгэврийг нэмэгдүүлэх, огт тэтгэвэр авдаггүй иргэдэд тодорхой хэмжээний тэтгэвэр олгохын тулд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас боловсруулж байгаа Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй уг хуулийн төслийг нэг мөр авч үзэх нь зүйтэй гэсэн байна. Засгийн газар энэ асуудлыг цогцоор нь шийдэхээр ажиллаж байгаа юм. 

  • Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын комиссын 12 дугаар хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн ажлын удирдамжийг зөвшөөрлөө. 2011 оны 6 дугаар сарын 13-нд Улаанбаатар хотноо болох энэ хуралдаанд оролцох төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг батлахыг Монгол Улсын Шадар сайд, комиссын Монголын хэсгийн дарга М.Энхболдод даалгасан байна.
  • “Цахим гарын үсгийн тухай” хуулийн төсөл болон хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай зэрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хэлэлцээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.
  • “Атрын гурав дахь аян” тариалангийн хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд тариалангийн талбайн хөрсний үржил шимийн шинжилгээ хийсэн тухай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай танилцуулав. Үүнтэй холбогдуулан тариалангийн газрын хөрсний агрохимийн шинжилгээг хуульд заасны дагуу хийлгэж дүгнэлт гаргуулж байх, хөрсний үржил шимийг сайжруулах, ойн зурвас байгуулах, нөхөн сэргээх, хамгаалахад шаардагдах бордоо, ургамал хамгааллын бодисын жил бүрийн хэрэгцээг тооцож холбогдох арга хэмжээ авахыг салбарын сайдад даалгалаа.

Prime Minister S.Batbold

УИХ-ын гишүүн С.Батболд иргэд, сонгогч та бүхэнтэй тогтмол холбоотой ажиллаж, таны санал бодлыг өөрийн үйл ажиллагаанд тусгаж, харилцан мэдээлэл солилцож ажил­лахыг чухалчилж байна.

Бусад цахим хуудсууд

Шинэчлэлийг мэйлээр авах