Сүхбаатарын Батболд Batbold Sukhbaatar

RSS Feed Facebook Twitter YouTube Wikipedia

Засгийн газрын хуралдаан 2011 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргав

Нийтэлсэн: - 2011/09/07 17:35 - Мэдээ, мэдээлэл , Тайлан

Засгийн газрын хуралдаан 2011 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргав ЗЭЭЛИЙН ХҮҮ БУУРАХ ЗАХ ЗЭЭЛИЙН ОРЧНЫГ БҮРДҮҮЛНЭ

“Зээлийн хүү буурах зах зээлийн орчныг бүрдүүлэх хөтөлбөр”-ийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн зарчмын хувьд дэмжлээ. Хөтөлбөрийг хамтарч батлан хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг холбогдох сайд, агентлагийн дарга нарт даалгаж, Монголбанкны Ерөнхийлөгч болон Санхүүгийн зохицуулах хорооны дарга нарт зөвлөв. Хөтөлбөрийн биелэлтийг жил тутам Засгийн газарт танилцуулж байхыг мөн үүрэг болголоо. Хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэхийн тулд инфляцийг нам, тогтвортой түвшинд байлгах, банкуудын үйл ажиллагааны шударга, зохистой байдлыг хангуулах, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангаж, хөрөнгийн зах зээлийн хөгжлийг түргэтгэх, энэ салбарын дэд бүтэц, хууль, эрх зүйн орчинг сайжруулах шаардлага гарч байна.

Тухайлбал инфляцийг нам, тогтвортой түвшинд байлгахын тулд хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцийн түвшинг шат дараатай бууруулах, индекст голлох нөлөөтэй өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний нөөц бүрдүүлж, оновчтой хуваарилан, нийлүүлэлтийг жигд хангаж, үнийн хэлбэлзлийг бууруулах бодлого баримтлах юм. Мөн Замын-Үүд, Алтанбулаг, Гашуунсухайт, Шивээхүрэн, Булган, Бургастай, Бичигтийн боомтын хүчин чадлыг нэмэгдүүлж, хэрэглээний үнийн индекст голлох нөлөөтэй импортын бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангана.  Төрийн мөнгөний болон төсвийн бодлогыг уялдаатай, мөчлөг сөрсөн байдлаар явуулж, инфляцийг нам, тогтвортой байлгах макро нөхцөл бүрдүүлэх юм.

Хөтөлбөрийг 2011-2013 он хүртэл хэрэгжүүлэх бөгөөд үүний дүнд инфляцийн түвшинг энэ онд нэг оронтой тоонд, 2012 онд 8 хувь, 2013 онд 5 хувьд хүргэнэ гэж тооцоолж байна. Энэ оны эхний улирлын байдлаар төгрөгийн хадгаламжийн жигнэсэн дундаж хүү 10.5 хувь болж өмнөх оны мөн үеэс 1.8 нэгж хувиар, өмнөх улирлаас 0.2 хувиар буурч, зээлийн жигнэсэн дундаж хүү 15.8 хувь болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 4.3 нэгж хувиар, өмнөх улирлаас 2.1 хувиар буурсан гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл зээлийн хүүгийн түвшин хадгаламжийн хүүгийн бууралтаас илүү хурдацтай байгаа нь банкуудын зээлийн хүүгийн зөрүү буурч байгааг харуулж байна. Мөн валютын зээлийн хүү болон хадгаламжийн хүүгийн түвшин ч буурах хандлагатай байна.

НЭГДСЭН ТӨСВИЙН ТЭНЦВЭРЖҮҮЛСЭН НИЙТ ОРЛОГО 380 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ДАВЖ БИЕЛЖЭЭ

Монгол Улсын 2011 оны нэгдсэн төсвийн хоёрдугаар улирлын гүйцэтгэлийг  Сангийн сайд С.Баярцогт өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Манай улсын нэгдсэн төсвийн 2011 оны эхний хагас жилийн гүйцэтгэлийн мэдээгээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлогын бүрдүүлэлт 124,6 хувийн, нийт зарлага 78,3 хувийн гүйцэтгэлтэй, төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 57,8 тэрбум төгрөгийн ашигтай гарч, төлөвлөсөн дүнтэй харьцуулахад 897,0 тэрбум төгрөгөөр их байна.

Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого оны эхний 6 сарын гүйцэтгэлээр 1,926,0 тэрбум төгрөгт хүрч, орлогын төлөвлөгөө 380,0 тэрбум төгрөгөөр буюу 24,6 хувиар давж биелж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 55,4 хувиар буюу 686,4 тэрбум төгрөгөөр өссөн байна. Нийт орлогын 87,8 хувь нь татварын орлогоор, 11,8 хувь нь татварын бус орлогоор, 0,4 хувь нь хөрөнгийн орлогоос тус тус бүрджээ. “Төсвийн тогтвортой байдлын тухай хууль”-ийн дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, өсөн нэмэгдэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болон аж ахуйн нэгжийн орлогын албан татварын орлогоос нийт 40,7 тэрбум төгрөгийг тогтворжуулалтын сангийн орлогод бүртгэжээ. 

Харин нэгдсэн төсвийн нийт зарлага 2011 оны 6 дугаар сарын байдлаар 2,385,3 тэрбум төгрөгөөр төлөвлөгдсөнөөс 1,868,2 тэрбум төгрөгийн буюу 78,3 хувийн гүйцэтгэлтэй гарч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 32,8 хувиар буюу 461,1 тэрбум төгрөгөөр өссөн байна. Хүний хөгжил сангаас иргэдэд олгох бэлэн мөнгийг нэмэгдүүлж сар тутам 21,000 төгрөг болгосон, оюутнуудын сургалтын төлбөрт дэмжлэг болгож 500,000 төгрөгийг шинээр олгох болсон нь зарлага нэмэгдэхэд голлон нөлөөлсөн байна.

Монгол Улсын төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 2011 оны 2 дугаар улирлын гүйцэтгэлээр 1,321,2 тэрбум төгрөгт хүрч, орлогын төлөвлөгөө 215,3 тэрбум төгрөгөөр буюу 19,5 хувиар давж биелж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 35,0 хувиар буюу 342,9 тэрбум төгрөгөөр өссөн байна. Импортын бараанд ногдуулж байгаа онцгой албан татварын орлогын гүйцэтгэл 36,8 тэрбум, гаалийн албан татварын орлогын гүйцэтгэл 27,7 тэрбум төгрөгөөр тус тус давж биелсэн нь манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт өмнөх оноос 77,1 хувиар буюу 2,053,4 сая ам.доллараар нэмэгдсэнтэй холбоотой байна.

ЕРӨНХИЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТӨСЛИЙГ ДЭМЖИВ

“БНСУ-ын Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сан /ЭЗХХАС/-аас 2011-2015 онд хөнгөлөлттэй зээл авах тухай Ерөнхий хэлэлцээр”-ийг Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хооронд байгуулах гэж байна. Ерөнхий хэлэлцээрийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн  зарчмын хувьд дэмжиж, УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр тогтов. 1993-2007 онд манай улсад 8 төсөл хэрэгжүүлэхэд ЭЗХХАС 60-аад сая ам.долларын зээл олгосон байна. Харин 2011-2015 онд 300 сая ам.доллараас хэтрэхгүй солонгос вонын зээлийг олгохоор тохиролцжээ. Зээлийг үндэсний оношлогоо, эмчилгээний төв байгуулах, холбоо, хяналт, мэдээллийн нэгдсэн сүлжээ төслийг үргэлжлүүлэх, бөөний худалдааны төв байгуулах, нүүрсийг хийжүүлэх замаар эрчим хүчний цэвэр түлш гаргах үйлдвэр барих зэрэгт зарцуулахаар төлөвлөжээ.        

ИННОВАЦИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ДЭМЖЛЭЭ

“Инновацийн тухай хууль”-ийн төсөл болон хуулийн төсөлтэй холбогдуулан бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, гишүүдийн гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. 6 бүлэг, 18 зүйлтэй хуулийн төсөл батлагдсанаар манай улсад инновацийн тогтолцоог бүрдүүлэн хөгжүүлэх эрх зүйн орчин бий болгох чухал алхам болно гэж Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам үзэж байна. 

Тухайлбал шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн холбоог хөгжлийн шинэ шатанд гаргах, өрсөлдөх чадвартай мэдлэг шингэсэн шинэ бүтээгдэхүүнүүд зах зээлд нэвтрэх, үндэсний аж үйлдвэрийн салбарт технологийн шинэчлэл хийх, экспортод чиглэсэн өндөр технологийн аж үйлдвэрийг хөгжүүлэх үндэс суурийг тавих ач холбогдолтой юм. Одоогоор улсын захиалгат болон улсын бүртгэлд бүртгэгдсэн инновацийн төслүүдийг хэрэгжүүлэхэд эхний жил ойролцоогоор 5 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарчээ.

ЭНХИЙГ ДЭМЖИХ АЖИЛЛАГААНД ОРОЛЦСОН БИЕ БҮРЭЛДЭХҮҮНД ОЛГОХ ТОМИЛОЛТЫН ЗАРДЛЫН ХЭМЖЭЭГ ӨӨРЧЛӨВ

Энхийг дэмжих ажиллагааны аюулгүй байдлын эрсдлийн түвшний нэмэгдэх хандлага, цэргийн албан хаагчийн нийгмийн баталгааг байнга бэхжүүлэх үүднээс гадаад цэргийн ажиллагаанд оролцсон албан хаагчийн томилолтын хэмжээг дэс дараатай өсөн нэмэх хэрэгцээ гарч байна. Засгийн газрын ээлжит хуралдаанаар үүнийг хэлэлцэн Энхийг дэмжих ажиллагаанд оролцогчдын томилолтын зардлыг НҮБ-ын ажиллагаанд цэрэг оролцуулсны нөхөн төлбөр болон тусгай мэргэжилтний нэмэгдлийн 70 хувиар тогтоох, үлдэх 30 хувийг Зэвсэгт хүчний хөгжлийн санд төвлөрүүлж байхыг Сангийн сайд С.Баярцогт, Батлан хамгаалахын сайд Л.Болд нарт даалгалаа. Энэ шийдвэрийг 2012 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж эхлэх юм байна.

ЭРТНИЙ НҮҮДЭЛЧНИЙ ЯЗГУУРТНЫ БУНХАНТ БУЛШ, ТҮҮНИЙ ОЛДВОРУУДЫГ ХАМГААЛАЛТАНД АВЛАА

Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Түүхийн Хүрээлэн, Казахстан Улсын Евро-Азийн их сургуулийн Түрэг-Алтай судлалын хүрээлэнгийн хамтарсан судалгааны анги 2011 оны 7-9-р сарын сард Булган аймгийн Баяннуур сумын нутаг, Улаан хэрмийн ойролцоо археологийн малтлага хийж, эртний нүүдэлчдийн язгууртны бунхант булш илрүүлжээ. Маш ховор, нэг доороос бөөнөөрөө илэрсэн иж бүрэн дурсгалт олдвор бүхий бунхант булш нь VIIзуунд хамаарах юм. Улаан хэрмийн ойролцоох нүүдэлчдийн бунхант булшийг улсын хамгаалалтад авч, хамгаалалтын бүсийг тогтоон, сэргээн засварлаж ил музей болгох, цаашид аялал жуулчлалын маршрутад оруулах нь зүйтэй гэж Засгийн газрын хуралдаанаас үзлээ.

  • “Цагдаагийн байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Тагнуулын байгууллагын  тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол улсын хилийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн нууцын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль-ийн төслүүдийг хэлэлцэн дэмжэиж, Засгийн газрын гишүүдийн гаргасан саналыг тусган УИХ-д мэдүүлэхээр тогтлоо.
  • УИХ-ын гишүүн Н.Ганбямба нарын санаачлан боловсруулсан “Технологийн инновацийн үйл ажиллагааг дэмжих тухай хууль”-ийн төслийг хэлэлцээд  тодорхой саналуудыг хууль санаачлагчид уламжлахаар тогтов.

Prime Minister S.Batbold

УИХ-ын гишүүн С.Батболд иргэд, сонгогч та бүхэнтэй тогтмол холбоотой ажиллаж, таны санал бодлыг өөрийн үйл ажиллагаанд тусгаж, харилцан мэдээлэл солилцож ажил­лахыг чухалчилж байна.

Бусад цахим хуудсууд

Шинэчлэлийг мэйлээр авах