Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2010 оны 7 дугаар сарын 5-ны өдөр болов
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2010 оны 7 дугаар сарын 5-ны өдөр болов. Хурлаар “Хүний хөгжил сан”-гийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.4 дэх заалтын “стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд ашиглахтай холбогдуулан авсан урьдчилгаа мөнгө, зээл.. гэснийг “стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд ашиглахтай холбогдуулан авсан урьдчилгаа мөнгө, зээлийн тодорхой хэсгийг” гэж өөрчлөх шаардлагатай гэж Засгийн газар үзэж байна. “Хүний хөгжил сан”-гийн тухай хуулинд тус сангийн орлого нь стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн төрийн өмчид ногдох хувьцааны ногдол ашиг, хувьцаа борлуулсны орлого, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогын улсын төсөвт ногдох хэсэг,хөрөнгө оруулалтын цэвэр ашиг болон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд газар ашиглахтай холбогдуулан авсан урьдчилгаа мөнгө, зээл зэрэг эх үүсвэрээс бүрдэхээр заасан. Уул уурхайн салбарын үйлдвэрлэл жил ирэх тусам өсөн нэмэгдэж, цаашид стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд газрууд эдийн засгийн эргэлтэд орж, энэ хэрээр “Хүний хөгжил сан”-д төвлөрөх хөрөнгийн хэмжээ нэмэгдэж, төсвийн орлогод эзлэх хувь хэмжээ өсөхөөр байна. Иймээс “Хүний хөгжил сан”-гийн орлогын эх үүсвэрийг тодорхой хүрээнд хязгаарласан зохицуулалтыг уян хатан, өргөн хүрээтэй болгож, нэгдсэн төсвийн өөрийн уян хатан байдлыг хангах зорилгоор хуульд өөрчлөлт оруулахаар хуулийн төслийг боловсруулжээ. Хуульд өөрчлөлт орсноор “Хүний хөгжил сан”-гийн орлогын эх үүсвэр бүрдүүлэлтийн тодорхой хязгаарлалт уян хатан, өргөн хүрээтэй болох бөгөөд ашигт малтмал, уул уурхайн салбарын орлогоос хуримтлал үүсгэж, тогтвортой өсөн нэмэгдэх байнгын нөөц бүрдүүлэн иргэддээ тэгш хүртээх зорилгыг тогтвортой хангах нөхцөл бүрдэх юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.