Засгийн газрын ээлжит хуралдаан 2009.12.23
Хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг жил бүрийн 1 улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байхыг Тэргүүн шадар сайдад, хөтөлбөрийн хэрэгжилтийг орон нутагт хангах үр дүнг жил бүрийн 2 дугаар сарын 1-ний дотор Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт ирүүлж байхыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус үүрэг болголоо. Монгол Улс, БНХАУ-ын хилийг 2001-2005 онд хоёр дахь удаа хамтран шалгасан үр дүнгийн баримт бичгийн агуулгад нийцүүлэх, хилийн тэмдгийн дугаар өөрчлөгдсөн тул Талуудын хилийн төлөөлөгч нарын хариуцах хэсгийг шинэчлэн тогтоох холбогдох өөрчлөлтийг гэрээнд тусгах зэрэг шалтгааны улмаас гэрээг шинэчлэх шаардлага гарсны дагуу “Монгол, Хятадын хилийн дэглэмийн тухай Гэрээний төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжээд Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр тогтлоо. Байнгын хорооны шийдвэр гарсны дараа уг гэрээнд гарын үсэг зурах бүрэн эрхийг ажлын шугамаар олгохоор тогтлоо.
Монгол Улс зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжин орсноор хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай асуудал өмнөх нийгмийн үеэс илүү хурцаар тавигдаж, хэрэглэгчийг төлөөлөн ажиллах анхны бүтэц болох төрийн бус байгууллага буюу Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг 1990 онд байгуулагдаж байжээ. 1991 онд “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай” хуулийг баталж, 1992 онд “Хэрэглэгчийн эрхийг хамгаалахад баримтлах үндсэн зарчим”-ыг хүлээн зөвшөөрч, 1993 онд “Монголын хэрэглэгчдийн эрхийн тухай тунхаг” улмаар 2003 онд “Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах тухай” хуулийг шинэчлэн найруулж баталснаар хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн бодлого, эрх зүйн үндэс суурь тавигдсан юм.
Гэвч сүүлийн 20 жил хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлийн хуулийн хэрэгжилт үндэсний болон орон нутгийн хэмжээнд хангалтгүй байгаатай холбогдуулан өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр батлах тухай асуудлыг хэлэлцэж батлав. Хөтөлбөрт тусгагдсан зорилт, үйл ажиллагаа болон түүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын болон орон нутгийн төсөв, бусад эх үүсвэрт тусган хэрэгжүүлэхийг Монгол Улсын Тэргүүи шадар сайд, Сангийн сайд, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.
Хилийн дэглэмийн тухай гэрээний төслийг дэмжив
Монгол Улс БНХАУ-тай 4709.658 км газар нутгаар хиллэдэг бөгөөд хилийн дэглэм, харилцааны асуудлыг хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээгээр зохицуулж иржээ. Даяаршиж буй зах зээлийн эдийн засгийн өнөө үед хар тамхи, мансууруулах бодис, галт хэрэгсэл, хууль бус хориотой бараа, хүнийг хууль бусаар хил давуулах, худалдаалах зэрэг хил дамнасан хэрэг зөрчил ихээр гарах болсон. Түүнчлэн хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа эдийн засаг, уул уурхайн салбарт өргөжин тэлснээр хил орчмын нутаг дэвсгэр дэх үйл ажиллагааны агуулга, цар хүрээ, тэнд ажиллаж амьдрагсдын тоо, шилжин суурьших, зорчих хөдөлгөөн өссөн.
Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгийн дүнг танилцуулав
Монгол Улсын Ерөнхий сайдын 2009 оны “Улсын үзлэг явуулах тухай” 37 дугаар захирамжийн дагуу явуулсан архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагуудын ажлын зохион байгуулалтын улсын үзлэгийн дүн болон цаашид авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай асуудлыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцууллаа. Төв комиссын ажлын хэсэг төрийн 96 байгууллагыг, Салбар комиссын ажлын хэсэг төрийн болон төрийн өмч оролцсон 2956 байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, үйл ажиллагааны түвшинг тогтоож, үнэлгээ өгч ажилласан байна. Улсын үзлэгийн нэгдсэн дүнгээс үзэхэд дундаж үзүүлэлт нь аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газрын хэмжээнд 92.0%, УИХ-д ажлаа тайлагнадаг байгууллагууд 89.3%, яамд 92.3%, агентлагууд 91.7% дүгнүүлсэн нь 2004 оны улсын үзлэгийн дундаж үзүүлэлтээс 4.5%-иар өссөн амжилттай гарчээ.
Товчхон
• Монгол Улсын үндэсний энгийн паспортыг ХБНГУ-ын үнэт цаасны компанид хэвлүүлсний зардалыг санхүүжүүлэх эх үүсвэрт зориулж Улсын бүртгэлийн Ерөнхий газарт улсын төсвийн хөрөнгөөс эргэн төлөгдөх нөхцөлөөр олгохыг Сангийн сайдад зөвшөөрөөд, буцаан төлүүлэх арга хэмжээ авахыг Тэргүүн шадар сайдад даалгалаа.
• УИХ-ын гишүүн Г. Баярсайханы санаачлан боловсруулсан Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд Засгийн газар “Хууль тогтоомжийг 2009-2012 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэл”-д заасны дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа тул уг төсөлтэй нэгтгэн хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн саналыг хууль санаачлагчид уламжлахаар тогтлоо.
• УИХ-ын гишүүн Д. Дамба-Очир нарын санаачлан боловсруулсан Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд Засгийн газраас Монгол Улсын Нэгдсэн төсвийн тухай хууль, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийг нэгтгэж шинэчилэн найруулахааар ажиллаж байгаа тул төсөлд тусгагдсан саналыг Засгийн газраас санаачлан боловсруулж буй хуулийн төсөлтэй нэгтгэн хэлэлцүүлэх нь зүйтэй гэж хууль санаачлагчид уламжлахаар тогтлоо.
• УИХ-ын гишүүн Б. Чойжилсүрэнгийн санаачлан боловсруулсан “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуульд нэмэлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжих нь зүйтэй гэж төсөл санаачлагчид уламжлахаар тогтлоо.
• Улсын Их Хурлаас 2009 оны 7 дугаар сарын 15-ны өдөр баталсан Цөмийн энергийн тухай хуулиар Цөмийн энергийн газар болон Цөмийн энергийн комиссын чиг үүрэгт зарим өөрчлөлт оруулсан тул тус комиссын дүрмийг шинэчлэн батлахаар боловсруулсан “Цөмийн энергийн комиссын дүрэм батлах тухай”, “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэж Засгийн газрын тогтоол гаргахаар тогтлоо.
• УИХ-ын 2009 оны 38 дугаар тогтоолд заасан Засгийн газраас санаачлан боловсруулж, 2009 онд УИХ-д өргөн мэдүүлэх хуулийн төслийн боловсруулалтын явцыг хэлэлцээд хангалтгүй байгааг тэмдэглэн, боловсруулалтын шатанд байгаа хуулийн төслүүдийг эцэслэн, 2010 оны эхний хагас жилд багтаан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг сайд нарт үүрэг болгов.
• Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д. Зоригтын 2009 оны 12 дугаар сарын 1-5-ны өдрүүдэд ИБУИНВУ-ын Лондон хотноо зохион байгуулагдсан “Монгол Европын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт”-д оролцож, тус улсад хийсэн айлчлал болон БНХАУ-ын Хөгжил, шинэчлэлийн хорооны урилгаар 2009 оны 12 дугаар сар 6-8-ны өдрүүдэд БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлал, 2009 оны 9 дүгээр сарын 11-13ны өдрүүдэд БНХАУ-ын Далянь хотноо зохион байгуулагдсан “Зуны Давос 2009” шинэ удирдагчдын чуулга уулзалтанд оролцсон тухай тайланг Засгийн газрын гишүүдэд танилцуулав.