Сүхбаатарын Батболд Batbold Sukhbaatar

RSS Feed Facebook Twitter YouTube Wikipedia

Засгийн газрын ээлжит хуралдаан 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдөр болж дараах асуудлыг шийдэв

Нийтэлсэн: - 2010/10/27 02:05 - Мэдээ, мэдээлэл , Тайлан

Засгийн газрын ээлжит хуралдаан 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдөр болж дараах асуудлыг шийдэв ЕРӨНХИЙ САЙДЫН АЙЛЧЛАЛЫН ДҮНГ ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛД ОРУУЛНА

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын 2010 оны 9 дүгээр сарын 27-ноос 10 дугаар сарын 1-ний өдрүүдэд Канад Улсад хийсэн албан айлчлалын дүнг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад харилцааны сайд Г.Занданшатарт даалгав. Монгол, Канад Улсын хооронд дипломат харилцаа тогтоосон 1973 оноос хойш 37 жилийн дараа Монгол Улсын Ерөнхий сайдын хувиар Канад Улсад хийсэн анхны айлчлал нь энэ юм. Сүүлийн жилүүдэд эрс эрчимжиж байгаа хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг улам бататгах, улс төр, эдийн засгийн  харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, яриа хэлэлцээг тогтмолжуулах, эх орноо Канадад сурталчлан таниулах, ажил хэрэгч хүмүүсийг холбоход айлчлал чухал ач холбогдолтой боллоо гэж Засгийн газар үзэж байна.

Канад Улс байгалийн нөөц ашиглалт, уул уурхай, тээвэр холбоо, хөдөө аж ахуйн салбарт баялаг туршлагатай, эрс тэс уур амьсгалдаа зохицсон техник, технологи хөгжүүлсэн. Иймээс Канадыг Монгол Улсын хөгжлийн загвар орон болгох, хөгжлийн шилдэг туршлага, техник, технологи, стандартыг нэвтрүүлэх зорилт нь чухал ач холбогдолтой гэж хоёр улсын Засгийн газрын тэргүүний түвшинд үзсэн байна.

Айлчлалын үеэр хэд хэдэн салбарт хамтран ажиллах тухай баримт бичигт гарын үсэг зурсан нь хамтын ажиллагааны эрх зүйн суурийг улам бататгасан. Мөн айлчлалын дүнгээр талууд Хамтарсан мэдэгдэл гаргасан нь харилцаа, хамтын ажиллагааныхаа өнөөгийн байдлыг дүгнэж, цаашдын төлөв, чиглэлээ тодорхойлон, талуудын харилцааны түвшинг шинэ шатанд гаргах эхлэлийг тавьж, итгэлцэл, ойлголцол гүнзгийрэхэд ач холбогдолтой болжээ. Монгол Улсын Ерөнхий сайдын Канад Улсад хийсэн айлчлал богино хугацаанд ажил хэрэгч, үр дүнтэй болж айлчлалын хүрээнд дэвшүүлсэн зорилтоо бүрэн биелүүлсэн гэж үзлээ.

Мөн хуралдаанаар Ерөнхий сайд С.Батболд Нью-Иорк хотноо 2010 оны 9 дүгээр сарын 20-27-нд ажиллан, Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг хянан хэлэлцэх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дээд хэмжээний бүгд хуралдаан, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 65 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцсон дүнг хэлэлцэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахаар болов.

ЛОГИСТИКИЙН ТӨВИЙГ ХӨГЖҮҮЛЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА

Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Бүс нутгийн логистикийн төвийг хөгжүүлэх төсөл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг зарчмын хувьд дэмжиж Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр тогтлоо. Байнгын хороод дэмжсэн тохиолдолд хэлэлцээрт гарын үсэг зурах бүрэн эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргах болов.

Төслийг хэрэгжүүлэхэд Азийн хөгжлийн банк 40 сая ам долларын хөнгөлөлттэй зээл, 5 сая ам долларын буцалтгүй тусламж олгохоор төлөвлөсөн байна. Төслийн хүрээнд Замын-Үүдийн хяналт шалгалтын цэг, ачаа дамжин өнгөрүүлэх газрын ачааллыг багасгах, зохицуулах зорилгоор ачааны холимог тээвэр, логистикийн үйлчилгээг хөгжүүлэх, Замын-Үүд өртөөнд холимог тээврийн терминал, аж ахуй, логистикийн үйлчилгээ бий болгох юм.

Буцалтгүй тусламжийн хөрөнгийг зөвлөх үйлчилгээ, төсөл хэрэгжүүлэгч нэгжийн зардал, байгаль орчин, газар шорооны ажилд зарцуулах бөгөөд Засгийн газрын хөрөнгөөр тоног төхөөрөмж худалдан авч, замын ажил, дотоод татвар, магадлашгүй зардал зэргийг 2012-2015 онд санхүүжүүлнэ. “Бүс нутгийн логистикийн төвийг хөгжүүлэх төсөл”-ийг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам 2011 оны 6 дугаар сараас эхлэн 3 жилийн хугацаанд хэрэгжүүлэх юм.

БАРАА, ТҮҮХИЙ ЭДИЙН БИРЖИЙН АРИЛЖАА НЭВТРҮҮЛЭХИЙГ ДЭМЖИВ

Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж, Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо. Хууль батлагдсанаар хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг эдийн засгийн эргэлтэнд оруулах, түүхий эд бэлтгэх, тээвэрлэх, хадгалах стандартууд хэрэгжих, үйлдвэрлэгчид улирлын чанартай бэлтгэдэг түүхий эдээр тасралтгүй хангагдах урьдчилсан нөхцөл бүрдэх юм.

Бирж нь зөвхөн арилжааг зохицуулах чиг үүрэг гүйцэтгэж, харин арилжааны зуучлагч /брокер/ болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн санаачлагаар бий болсон хоршоод нь бараа, түүхий эдийг чанарын шаардлагад нийцүүлэн анхан шатны тордолт хийж, биржид цахим хэлбэрээр арилжихаар хуулийн төсөлд тусгаад байна. Ингэснээр хөрөнгө, цаг хугацаа хэмнэхээс гадна суманд байгаа анхан шатны нэгж хоршоод ямар нэг шат дамжлагагүйгээр биржийн арилжаанд оролцох боломж бүрдэх юм.

Зуучлагч /брокер/ нь бараа, түүхий эдээ орон нутгаасаа шууд экспортод гаргах тохиолдолд  биржид цахим хэлбэрээр бүртгүүлж, орон нутгаасаа гарал үүслийн гэрчилгээ авахаар төсөлд тусгасан байна. Биржээр арилжих бараа, түүхий эдийн жагсаалтыг холбогдох төрийн захиргааны төв байгууллага батлах бөгөөд бараа, түүхий эдийг экспортод гаргахдаа биржид бүртгүүлэх буюу биржээр дамжуулан арилжихаар заасан байна. Энэ нь түүхий эдийн худалдааны урсгалыг хянах, хууль бус экспортыг зогсоох, татвар төлөлтийг нэмэгдүүлэх зэрэг олон давуу талтай.

Биржийн арилжаанд зуучлагч /брокер/ болон хоршоо оролцохоор төсөлд тусгасан нь малчид, тариаланчид хамтрах, түүхий эдээ ангилж тордон нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгон үнэ хүргэж, орлогоо тогтворжуулах боломж бүрдүүлэх юм. Биржийн арилжааны оролцогчид бараа, түүхий эдээ арилжаанд бэлтгэх зорилгоор анхан шатны тордолт хийхэд нь шаардагдах байр, хүн хүчний хэрэгцээг харгалзан төрөөс дэмжих тухай ч хуулийн төсөлд тусгаад байна.

ЗЭЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙГ СОЁРХОН БАТЛАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ДЭМЖИВ
 
Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Сэргээн босголт, зээлийн банк хооронд байгуулсан “Улаанбаатар хотын хүнсний хангамжийг сайжруулах зорилгоор бүс нутгийн тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтов.

Төсөлд олгох зээлийн нийт дүн 7 сая евро, зээлийн эргэн төлөх хугацаа нь 40 жил, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жил, зээлийн хүү 0,75 хувь юм. Төслийн зээлийн хөрөнгөөр ирэх жилээс Улаанбаатар-Дархан-Алтанбулаг чиглэлийн замаас салаалан Төв аймгийн Борнуур сум хүртэлх 7.45 км, Жаргалант сум чиглэлийн 24.72 км хатуу хучилттай замыг шинэчлэн, Сонгинохайрхан дүүргийн Жаргалант тосгон хүртэл 16.6 км хатуу хучилттай зам тавих юм. Дэд бүтэц сайжирснаар сумдын хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчид хүнсний баталгаатай бараа бүтээгдэхүүнээр нийслэлчүүдийг хангаж, импортын хүнсний  бүтээгдэхүүнээс хараат байдгийг багасгах юм.

ТЕЛЕВИЗ, РАДИОГ ЗОХИЦУУЛНА

Телевиз, радиогийн зохицуулалтын талаар баримтлах чиглэлийг Засгийн газрын хуралдаанаар баталлаа. Телевиз, радио нь олон нийтийн санаа бодол, хандлагыг өөрчлөх хүчтэй хэрэгсэл тул зохицуулалт зайлшгүй хэрэгтэй болсон байна. Дээрх салбарт ашигладаг радио долгионыг үндэсний эрх ашгийн төлөө ашиглах, соёл, уламжлал, зан заншил, хүүхдийн хүмүүжилд нөлөөтэй оролцогчийнх нь хувьд үйл ажиллагаа, эзэмшигч, хөрөнгө оруулагч нь ил тод,  ёс зүйн дүрэмтэй байх шаардлагатай. Мөн шударга өрсөлдөөний зарчим, дүрэм, журам, хязгаарлалт, хариуцлага болон хяналтын систем нь хөрөнгө оруулагчдад ойлгомжтой байх зэрэг үндэслэлээр телевиз, радиогийн зохицуулалт хийх шаардлагатай гэж Засгийн газар үзлээ.

Зохицуулалтын журам, телевизийн нэвтрүүлэгт тавигдах нөхцөл, шаардлагыг шинэчлэн тогтоох, телевизэд мөрдөх мэргэжлийн болон ёс зүйн дүрмийг батлаж мөрдүүлэхэд зохих хяналт тавьж ажиллахыг Харилцаа холбооны зохицуулах хороонд даалгалаа. Ингэхдээ Монголын телевизүүдийн холбоо зэрэг мэргэжлийн холбоодтой нягт хамтран ажиллахыг зөвлөмж болгов.

Зохицуулалт хийснээр үндэстний эрх ашиг, соёл уламжлал, зан заншлаа дээдэлсэн, үзэгчдийн таашаалд нийцсэн, өрсөлдөөнт, үр ашигтай телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн салбар олон улсын жишгээр хөгжихөд түлхэц болно гэж үзэж байна.Телевиз, радиогийн зохицуулалтын талаар баримтлах чиглэлийг боловсруулахад мэргэжлийн холбоо, тухайлбал Монголын телевизүүдийн холбоог  оролцуулсан нь томоохон дэвшил гэж Ерөнхий сайд тэмдэглэлээ.

Телевиз, радиогийн талаар төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомжийг боловсронгуй болгох талаар санал боловсруулж, мэргэжлийн холбоод, холбогдох төрийн бус байгууллагын саналыг авч зөвшилцөн 2011 оны 1 дүгээр улиралд багтаан Засгийн газарт танилцуулахыг Харилцаа, холбооны зохицуулах газар, Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газарт даалгав.  
 
ТООН РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ӨРГӨН НЭВТРҮҮЛЭГТ ШИЛЖИНЭ

Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “ Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлж, телевизийн олон сувгийг орон даяар хүлээн авах боломжийг бүрдүүлнэ” гэж заасан. Энэ дагуу боловсруулсан Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж 2014 оны 7 дугаар сарын 31-ний 00 цаг хүртэл хугацаанд бэлтгэл ажлаа хангах нь зүйтэй гэж Засгийн газрын хуралдаанаар шийдлээ.

Хөтөлбөрийг 2010-2015 онд хэрэгжүүлэх бөгөөд 4 зорилт дэвшүүлж, тоон өргөн нэвтрүүлгийн сүлжээнд үе шаттай шилжүүлэх, тоон радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээг бэлтгэх, дамжуулах, хүлээн авах боломжийг бүрдүүлэх цогц арга хэмжээ, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулжээ.

Тоон технологид шилжсэнээр радио, телевизийн нэвтрүүлгийн дуу, дүрсийг чанарын өндөр түвшинд хүлээн авах, дамжуулах мэдээллийн багтаамжийг нэмэгдүүлэх, радио давтамжийн ашиглалтыг сайжруулах, шинэ төрлийн хэрэглээ, үйлчилгээг иргэдэд хүргэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих боломж бүрдэнэ.

Мөн төрийн үйлчилгээ иргэдэд шуурхай хүрч, радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн сувгийн тоо нэмэгдэн, мэдээлэл холбооны шинэ төрлийн үйлчилгээ нэвтэрч, үйлчилгээний хамрах хүрээ, хүртээмж нэмэгдэнэ. “Тоон радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд шаардлагатай 47,4 тэрбум төгрөгийг улсын төсөв, гадаадын зээл, тусламж, буцалтгүй тусламж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, Харилцаа холбооны зохицуулах хорооны санхүүжилт зэргээс бүрдүүлэх юм.

Олон улсын цахилгаан холбооны байгууллагын 2006 онд хуралдсан Радиогийн их хурлаас 2015 он хүртэлх хугацаанд дэлхийн улс орнуудыг радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн сүлжээ, үйлчилгээгээ тоон технологид шилжүүлэх шийдвэр гаргасан байна. Өнөөдрийн байдлаар гадаадын 10 гаруй улс тоон радио, телевизийн өргөн нэвтрүүлэгт шилжсэн. Европын бүх орон 2015 он, Австрали, Япон, БНСУ, БНХАУ-ын Засаг захиргааны Тусгай бүс-Хонконг, Тайвань, Малайз, Шинэ Зеланд, Филиппин зэрэг улс 2013 онд аналог өргөн нэвтрүүлгийн систем, сүлжээгээ бүрэн зогсоохоо албан ёсоор зарлаад байна. 

ТОВЧХОН

• Олон улсын хорио цээрт, мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөр өвчилсөн малыг устгаж малчдад нөхөн олговор олгоно. Засгийн газрын хуралдаанаар асуудлыг хэлэлцэн нөхөн олговрын зардалд Дорнод аймагт 758 сая 356 мянган төгрөг,   Сүхбаатар аймагт 1 тэрбум 399 сая 717 мянган төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов. Сүхбаатар аймагт 16264 мал шүлхийгээр өвчилснөөс 16245 малыг, Дорнод аймагт 6952 мал өвчилснөөс 6951 малыг устгажээ. Голомтод үзлэг танадалт, ариутгал халдваргүйжүүлэлт хийх, хорио цээрийн дэглэм хэрэгжүүлэхэд аймаг, орон нутгийн удирдлага, мэргэжлийн байгууллагын 1620 хүн, 328 автомашин, механизм, 84 мотоцикл, ариутгалын 47 цэг, хөдөлгөөнт хяналтын 114 цэг ажиллаж байна.

• Монгол Улсын Засгийн газар, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Хөгжлийн бодлогын санхүүжилт-2” хөтөлбөрийн Санхүүжилтийн хэлэлцээр болон “Олон салбарыг хамарсан техник туслалцааны төсөл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.

• “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийн эргэлтэд хяналт тавих чиглэлээр мэдээлэл солилцон хамтран ажиллах журам”-ыг баталлаа. Журамд гадаад харилцааны, эрүүл мэндийн, байгаль орчны, тагнуул, цагдаа,  гааль, хилийн тагнуул, мэргэжлийн хяналт, мал эмнэлэг, үржлийн байгууллагын эрх, үүргийг тусгасан байна. 

• 2010 оны 11 дүгээр сарын 1-3-ны өдрүүдэд БНАЛАУ-ын Вьентьян хотноо болох Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Лаосын Засгийн газар хоорондын комиссын 8 дугаар хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг зөвшөөрөв. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг батлахыг Эрүүл мэндийн сайд, комиссын Монголын хэсгийн дарга С.Ламбаад даалгалаа.

Prime Minister S.Batbold

УИХ-ын гишүүн С.Батболд иргэд, сонгогч та бүхэнтэй тогтмол холбоотой ажиллаж, таны санал бодлыг өөрийн үйл ажиллагаанд тусгаж, харилцан мэдээлэл солилцож ажил­лахыг чухалчилж байна.

Бусад цахим хуудсууд

Шинэчлэлийг мэйлээр авах