Засгийн газрын ээлжит хуралдаан 2010.02.24
Монгол Улсын Засгийн газрын 12-р хуралдаан болж УИХ-ын зарим гишүүний санаачлан боловсруулсан хуулийн төслийг хэлэлцэн санал, дүгнэлт гаргав. - Улсын Их хурлын гишүүн Э.Мөнх-Очир, Р.Амаржаргал нарын санаачлан боловсруулсан “Дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай” хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд хуулийн төслийг бүхэлд нь дэмжих боломжгүй гэж үзэн хууль санаачлагч нарт уламжлахаар тогтов. - Улсын Их Хурлын гишүүн Д.Дондог, Л.Гантөмөр нарын санаачлан боловсруулсан Төрийн аудитын байгууллагын чадавхийг бэхжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцээд хэд хэдэн үндэслэлээр дэмжих боломжгүй гэж үзэн хууль санаачлагчдад уламжлахаар болов. - Улсын Их хурлын гишүүн Н.Ганбямба, Н.Энхболд, Я.Батсуурь, Д.Дондог, Ц.Сэдваанчиг нарын санаачлан боловсруулсан “Өндөр технологийн аж үйлдвэрийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжин Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг нэмж тусган хууль санаачлагч нарт уламжлахаар тогтов. - Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж, Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо. - Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Оюуны өмчийн хувьд мэргэжлийн түвшинд үйлчилгээ үзүүлэх, нийгмийн хөгжил, олон улсын чиг хандлагад нийцсэн эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох” зорилтыг хэрэгжүүлэх шаардлагын дагуу “Барааны тэмдгийн хуулийн тухай” Сингапурын гэрээнд нэгдэн орохыг соёрхон батлуулахаар Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтов. ТОВЧХОН: - Компьютерийн кирилл ба монгол үсгийн нэгдсэн кодын MNS 5552:2005 стандартыг төрийн байгууллагын албан хэрэгт мөрдүүлэхээр шийдэв. - Хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийн 2009 оны жилийн эцсийн дүнг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын болон Байнгын хороодын тогтоол, Засгийн газрын шийдвэрийн заалт, арга хэмжээ бүрийг хяналтад авч, хэрэгжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах, биелэлтийг тогтоосон хугацаанд нь бодитойгоор тайлагнах, 2009 оны эцсийн байдлаар тасарсан болон хэрэгжилт нь удааширч байгаа асуудлыг хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг сайд, Засгийн газрын агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа. - Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүхийг 2010 оны 3 дугаар сарын 15-25-ны өдрүүдэд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад зохион байгуулагч талын зардлаар ажлын айлчлал хийхийг зөвшөөрөв. - Төрийн захиргааны албан хаагчдад зэрэг дэв олгуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарын саналыг үндэслэн Төрийн албаны зөвлөлөөс оруулсан төрийн захиргааны нэр бүхий албан хаагчдад төрийн захиргааны тэргүүн түшмэлийн албан тушаалын зэрэг дэв олгуулах тухай асуудлыг хэлэлцэн дэмжээд Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзэв. Түүнчлэн төрийн захиргааны нэр бүхий албан хаагчдад эрхэлсэн түшмэлийн зэрэг дэв олгох тухай асуудлыг хэлэлцээд Ерөнхий сайдын захирамж гаргахаар болов. - Мал өвөлжилтийн нөхцөл байдал онц хүндэрсэнтэй холбогдуулан хөрш орон, олон улсын байгууллагаас ирүүлсэн тусламжийн зарим бараа, материалыг хуваарилах талаар холбогдох байгууллагуудаас ирүүлсэн саналын талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга М.Энхболд Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Үүнтэй холбогдуулан тусламжийн бараа, материалыг тухайн зориулалтынх нь дагуу өвөлжилт хүндэрсэн аймгуудад хуваарилахыг зөвшөөрч, тээвэрлэлт, зарцуулалтад хяналт тавьж ажиллахыг Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга М.Энхболдод даалгав. - Засгийн газрын хэрэгжүүлэгч Автотээврийн газрын балансад бүртгэлтэй, Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт байрлах 20 айлын орон сууцыг сууц эзэмшигчдэд нь үнэ төлбөргүйгээр хувьчлах болов.
- 2010 оны 1 дүгээр сарын 12-13-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Эдийн засгийн хамтын ажиллагааны Монгол, Унгарын Засгийн газар хоорондын комиссын III хуралдааны дүнг сайшааж, уг хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлан, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд, комиссын Монголын хэсгийн дарга Х.Баттулгад даалгалаа.
Томуу, томуу төст өвчний талаарх мэдээллийг сонсов
2 дугаар сарын 17-18-наас энэ өвчин хөдөө аймгуудад дэгдэлт байдлаар илэрч эхэлсэн байна. Нийслэлийн хэмжээнд 2 дугаар сарын 22-нд 1174 хүүхэд хэвтэн эмчлүүлж байсан бөгөөд 322 хүүхэд шинээр хэвтэж, 302 хүүхэд эдгэрч гарсан байна. 23-ны өдөр 235 хүүхэд шинээр хэвтэж 126 хүүхэд эдгэрч гарчээ. Томуу, томуу төст өвчин 2 сараас 2 хүртэлх насны хүүхэд хатгалгаа байдлаар хүндрэх хандлагатай байна. Дүүрэг, аймгуудын нэгдсэн эмнэлгүүдийн ачаалал хэт ихэсч, өрхийн эмнэлгүүд ердийнхөөс 4 дахин илүү ачаалалтай болж нэг оронд 3 хүүхэд ноогдож байна.
Жич:
Ерөнхий сайд Засгийн газрын хуралдааны төгсгөлд нийслэлийн амаржих газруудад гараад байгаа өнөөгийн хүндрэлтэй байдлын талаар мэдээлэл бэлтгэн зохих албан тушаалтнуудад хариуцлага тооцох асуудлаар ирэх баасан гарагт Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Эрүүл мэндийн сайд С.Ламбаад үүрэг болгов гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
Томилгоо
Азадын Баатарцогтыг Монгол Улсаас Оросын Холбооны Улсын Эрхүү хотод суух Ерөнхий консулаар томилов.
А.Баатарцогт 1957 онд Завхан аймгийн Улиастай хотод төрсөн. Эхнэр, хүүхдийн хамт амьдардаг.
- 1975 онд дунд сургууль
- 1975-1980 онд Москва хотын Хилийн цэргийн командын дээд сургууль
- 1988-1991 онд Фрунзийн нэрэмжит ерөнхий цэргийн академи
- Москва хотноо цэргийн дээд курс, Англи Улсад хэлний курс тус тус төгссөн.
- Оператив-тактикийн цэргийн командын мэргэжилтэй. Хошууч генерал цолтой.
- 1980-1985 онд хилийн дугаар ангид хилийн албаны тасгийн туслах, тасгийн дарга
- 1985-1988 онд Хилийн ба ДЦУЕГ-ын штабт чиглэлийн дарга, тасгийн дарга, штабын дарга
- 1991-1998 онд УАБХЕГ-ын Хилийн цэргийн штабт ахлах офицер, хэлтсийн дарга
- 1998-2004 онд Москва дахь ЭСЯ-нд хилийн албаны төлөөлөгч, хоёр, нэгдүгээр нарийн бичгийн дарга
- 2004-2009 онд Хил хамгаалах ерөнхий газарт дэд дарга бөгөөд хилийн цэргийн штабын дарга, Ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагчаар ажиллаж байсан. Төрийн албанд 29 жил, Дипломат албанд 6 жил ажилласан юм.