Засгийн газрын ээлжит хуралдаан 2011 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа
ЗЭЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ДЭМЖИВ Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хооронд байгуулсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах хоёр үе шаттай зээл”-ийн төслийн хоёр дахь шатны Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжив. Ойролцоогоор 60 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг 40 жилийн хугацаатай, үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жил, жилийн 0,6 хувийн хүүтэй авахаар талууд яриа, хэлэлцээр хийсэн. Нийт зээлийн 45 сая ам. долларыг жижиг, дунд үйлдвэрийг дэмжих, 10 сая ам.долларыг байгаль хамгаалах, үүний дотор Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад зарцуулахаар төлөвлөжээ. Нэг зээлдэгчид олгох зээлийн дээд хэмжээ өмнөхтэй адил буюу 600 мянган ам. доллар бөгөөд 10 жилийн хугацаатай, үндсэн өрөөс чөлөөлөгдөх хугацаа 3 жил байхаар төсөлд тусгасан байна. “Жижиг, дунд үйлдвэр хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах хоёр үе шаттай зээлийн төсөл” нь 2006 оны 12 дугаар сараас эхлэн 4 жил амжилттай хэрэгжиж байгаа. Энэ хүрээнд нийт 40 орчим тэрбум төгрөгийн зээлийг Улаанбаатар хот, 18 аймаг, суурин газрын 125 аж ахуйн нэгжид олгоод байна. Үүний дүнд 1233 ажлын байр шинээр бий болсон бөгөөд боловсруулах үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, үйлчилгээний салбарынхан арилжааны 6 банкаар дамжуулан зээл авчээ. ХУРДАН МОРИНЫ БҮСИЙН УРАЛДААНЫ ХУВААРИЙГ ТОГТООЛОО Хурдан морины “Дүнжингарав -2010” хаврын бүсийн уралдааныг 2011 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Төв аймагт, Хаврын бүсийн уралдааныг 2011 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Булган аймаг, Багануур дүүрэгт, 2011 оны 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд Хангайн бүсийн зуны уралдааныг Архангай аймагт, Төвийн бүсийн зуны уралдааныг Өмнөговь аймагт, Зүүн бүсийн зуны уралдааныг Дорноговь аймагт, Баруун бүсийн зуны уралдааныг Увс аймагт зохион байгуулах боллоо. Хурдан морьдын уралдааныг дүрмийн дагуу, заагдсан хугацаанд нь зохион байгуулалт сайтай явуулахыг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад үүрэг болгов. Үндэсний их баяр наадмын тухай хууль батлагдахаас өмнө Засгийн газрын тогтоолгүй 1995-2005 оны хооронд Монголын морин спорт, уяачдын холбооноос санаачлан зохион байгуулсан “Их хурд” болон бүсийн уралдааныг одоогийн бүсийн уралдааны зэрэглэлд оруулан тооцож байхаар тогтлоо. ТУСЛАМЖИЙН ЦАГААН БУДАА ХУВААРИЛНА Бүгд Найрамдах Казахстан Улсаас манай улсад хүмүүнлэгийн тусламжаар өгсөн 1432,1 тонн цагаан будааг аймаг, нийслэлд хуваарилан олгож, тээвэрлэн байршуулахад шаардагдах 166,410,300 (нэг зуун жаран зургаан сая дөрвөн зуун арван мянга гурван зуу) төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд С.Баярцогтод зөвшөөрлөө. 25 вагон буюу 1500 тонн цагаан будааг холбогдох хууль тогтоомжийн дагуу гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлж, гаалийн бүрдүүлэлт хийн хадгалж байгаа бөгөөд мэргэжлийн хяналтын болон гаалийн улсын байцаагч нар вагон тус бүрээс дээж авч лабораторийн шинжилгээ хийсэн байна. 1 вагон буюу шаардлага хангаагүй 60 тонн цагаан будааг малын тэжээлд нийлүүлж, шаардлага хангасан 24 вагон буюу 1432,1 тонн цагаан будааг малчид, иргэдэд хүргэхээр боллоо. Тусламжийн цагаан будааг хуваарилан олгох ажлыг шуурхай зохион байгуулж, мэдээ, тайлангаа энэ I улиралд багтаан Улсын Онцгой комисст ирүүлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт Засгийн газрын хуралдаанаас даалгав. ПУУЖИНГИЙН ҮЛДЭГДЭЛ ХЭСГИЙГ АНУ-Д ЭРГҮҮЛЭН ӨГНӨ Төв аймгийн Бүрэн сумын нутагт унасан АНУ-ын Дельта-2 пуужингийн үлдэгдэл хэсгийг АНУ-д эргүүлэн өгөхөөр болов. Манай улс “Сансрын огторгуй, түүнчлэн сар болон бусад тэнгэрийн эрхсийг шинжлэн ашиглах талаар улс гүрний явуулах үйл ажиллагааны зарчмын тухай гэрээ”, “Сансрын нисэгчдийг аврах, нисэгчдийг эргүүлэн өгөх, сансрын огторгуйд хөөргөсөн биет юмыг эргүүлэн өгөх тухай хэлэлцээр”, “Сансрын биетээс хохирол учруулсны олон улсын хариуцлагын тухай конвенци” зэрэгт нэгдэн орсон тул олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, пуужингийн үлдэгдэл хэсгийг АНУ-д өгөхөөр шийдвэрлэжээ. АНУ-ын Флорида мужид байрлах Ж.Кеннедийн нэрэмжит сансрын төвөөс хөөргөсөн Дельта-2 хиймэл дагуул хөөргөх пуужингийн түлшний сав, гелийн хий агуулах металл бөмбөлөг 2010 оны 2 дугаар сард Төв аймгийн Бүрэн сумын нутагт унасан. Пуужингийн үлдэгдэл хэсгүүд тухайн орон нутаг, хүн, амьтанд ямар нэгэн хохирол учруулаагүй юм.