Засгийн газрын ээлжит хуралдаан 2011 оны 10 дугаар сарын 26-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ДЭМЖИВ
Засгийн газрын хуралдаанаар Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр боллоо. Хуулийн төсөл 5 бүлэг, 17 зүйлтэй бөгөөд төсөлтэй холбогдуулан Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах болон одоо мөрдөж байгаа Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай төслийг хамтад нь боловсруулжээ. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг дараах тохиолдолд гагцхүү хуульд заасан үндэслэл байвал хязгаарлаж болохоор төсөлд тусгасан байна.
Тухайлбал онц болон дайны байдал зарласан, үндэсний аюулгүй байдалд харш үйл ажиллагаа явуулсан, бусдын эрх, эрх чөлөө, алдар хүнд, нэр төр, ажил хэргийн нэр хүндийг хамгаалах, хуулиар төр, байгууллага, хувь хүний нууцад хамааруулсан мэдээ, мэдээллийг хамгаалах зорилгоор хязгаарлах юм. Төрийн байгууллага, албан тушаалтан хуульд заасан үндэслэл, журмаас гадуур хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хязгаарласан тушаал, шийдвэр гаргахыг хориглохоор төсөлд тусгажээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагааны баталгааг хуульчилж, тухайн байгууллага нь мэдээллийн эх сурвалжаа нууцлах эрхтэй бөгөөд мэдээ, мэдээлэлд нь төрөөс хяналт тавихыг хориглох юм байна. Хэвлэл мэдээллийн Зөвлөлийг хуулиар байгуулж, Зөвлөлийн бүрэн эрх, үйл ажиллагаатай холбоотой зохицуулалтыг тусгана. Энэ Зөвлөл хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэлсэн, нэвтрүүлсэн, тараасан мэдээллийн улмаас хууль ёсны эрх, ашиг сонирхол нь хөндөгдсөн иргэн, хуулийн этгээдийн гаргасан өргөдөл, гомдлыг хүлээн авч урьдчилан хэлэлцэн шийдвэрлэдэг, бие даасан, хараат бус, олон нийтийн байгууллага байх юм.
Мөн төрийн байгууллага өөрийн мэдэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглосныг хэвээр хадгалах бөгөөд олон улсын байгууллага, гадаад улстай хамтын ажиллагааг хөгжүүлэх, нийгэм, эдийн засаг, улс төрийн байдал, гадаад бодлого, олон улсын харилцааны талаархи мэдээ, мэдээллийг хилийн чанадад түгээх зорилгоор Үндэсний мэдээллийн агентлагт төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр төсөлд тусгасан байна.
Нийтэд цацсан мэдээ, мэдээллийнх нь улмаас учирсан хохирол болон хариуцлагыг тухайн хэвлэл мэдээллийн байгууллага хүлээх бол зар сурталчилгааны болон захиалгат нийтлэл, нэвтрүүлэгтэй холбоотой үүсэх хариуцлагыг захиалагч этгээд хариуцах юм. Мөн бодит байдлыг гажуудуулсан, бусдыг төөрөгдүүлсэн, худал, бодит бус мэдээ, мэдээлэл түгээхийг хориглосон зохицуулалтыг ч төсөлд тусгажээ. Өнөөдрийн байдлаар зөвхөн Улаанбаатар хотод гэхэд л 24 телевиз, тогтмол хэвлэгддэг 139 сонин, 20 Фм радио үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд дотоод, гадаадын хэдэн зуун сайт мэдээ, мэдээлэл түгээж байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
БНСУ-Д НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ АЖИЛЛАНА
БНСУ-д Нэг цэгийн үйлчилгээний төв байгуулахаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Энэ төв тус улсад ажиллаж, амьдарч байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалах, тэдэнд хөдөлмөр, нийгмийн даатгал, халамж, хүн амын асуудлаар зөвлөн туслах, дэмжлэг, туслалцаа үзүүлэх юм. Үйлчилгээний төвийн бүтэц, дүрэм, орон тооны дээд хязгаарыг батлан мөрдүүлж, удирдлагыг томилон ажиллуулахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Гандид даалгасан байна.
Хоёр улсын яам хооронд байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд БНСУ-д ажиллах хүч илгээх асуудлыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар хариуцах болсон юм. Энэ дагуу тус газар БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдээс 9 дүгээр сард солонгос хэлний түвшин тогтоох шалгалт авч, 4 мянга гаруй хүнийг БНСУ-ын Хөдөлмөрийн биржид байршуулахаар бэлтгэж байна.
Өнөөдрийн байдлаар БНСУ-д манай 8500 орчим иргэн “Гадаадад ажиллах хүч илгээх төв”-ийн шугамаар гарч хөдөө аж ахуй, барилга, загасны аж ахуй, үйлдвэр, хөргөх байгууламжийн салбарт ажиллаж байна. Үүн дээр тус улсад албан бусаар ажиллаж, амьдарч байгаа, Солонгос хүнтэй гэр бүл болсон иргэдээ нэмбэл 30 гаруй мянган хүн байна гэсэн тоо гарчээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
ХҮҮХДИЙН ХӨДӨЛМӨРИЙН ТЭВЧИШГҮЙ ХЭЛБЭРИЙГ 2016 ОН ГЭХЭД УСТГАНА
Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах тухай Үндэсний хөтөлбөрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Хөтөлбөрт тусгагдсан зорилт, үйл ажиллагааг өөрийн эрхлэх ажлын хүрээ болон орон нутгийн хэмжээнд хэрэгжүүлж ажиллах, шаардагдах хөрөнгийг ирэх оноос эхлэн жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн багцад тусгах, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлэх төслийн жагсаалтад оруулан санхүүжүүлэхийг холбогдох сайдууд болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгов.
Мөн жил бүрийн 6 дугаар сарын 12-ны өдөр тэмдэглэдэг “Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг Дэлхийн өдөр”-өөр хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг нийтэд мэдээлж, сурталчилж байхыг даалгалаа. 2006-2007 онд явуулсан судалгаагаар манай улсад 5-17 насны 71 мянга гаруй хүүхэд ажил хийж байгаагийн 89 хувь нь хөдөө аж ахуйн салбарт ажилладаг. Тэдний 90 хувь нь өрхийн бизнест цалин хөлсгүйгээр, 8,8 хувь нь хувиараа, 1,6 хувь нь тодорхой хэмжээний цалинтай ажилладаг байна. Ажил хийж байгаа нийт хүүхдийн 16 хувь буюу 11 мянга гаруй нь насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон, хүнд хортой нөхцөлтэй ажлын байранд, мөн уртасгасан цагаар ажиллаж байгаа нь дээрх судалгаагаар тодорхой болжээ.
Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэр гэдэгт :
- Боолчлолын бүх хэлбэр, хүүхэд худалдах, дамжуулан худалдах, барьцаалах, өрийн төлөөс, хамжлагын албат болгох, гуйлга гуйлгах, албадан хөдөлмөр хийлгэх зэрэг хөдөлмөрийн мөлжлөг
- Бэлгийн мөлжлөг буюу хүүхдийн биеийг үнэлэх, садар самууны зорилгоор ашиглах, зуучлах, санал болгох
- Хулгай, дээрэм хийлгэх, мансууруулах бодис зөөлгөх, борлуулах, үйлдвэрлэх зэрэг хууль бус ажиллагаанд ашиглах, зуучлах, санал болгох
- “Насанд хүрээгүй хүн ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт”-“д заасан аюултай ажлын байр, ажил мэргэжил, эсвэл газрын дор болон хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил хийлгэх, тэдгээртэй адилтгах ажилд оролцуулах зэрэг багтдаг байна.
ТОВЧ МЭДЭЭ
- Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 9 дүгээр сарын 17-24-ний өдөр НҮБ-ын Ерөнхий ассамблейн 66 дугаар чуулганы Ерөнхий санал, шүүмжлэлд оролцож, Нью-Иорк хотод ажилласан дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахаар тогтов.
- Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид 9 дүгээр сарын 11-14-ний өдрүүдэд ОХУ-ын Эрхүү хотноо болсон Байгалийн олон улсын эдийн засгийн 7 дугаар чуулга уулзалт, тус улсын Улаан-Үүд хотноо Ерөнхий консулын газар байгуулагдсаны 20 жилийн ойн арга хэмжээнд оролцсон. Энэ тухай хуралдаанаар хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахаар боллоо.
- УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Д.Очирбат нар Гэр бүлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг хэд хэдэн хуулийн төсөл санаачлан боловсруулсан байна. Хуралдаанаар эдгээрийг хэлэлцэн асуудлыг зарчмын хувьд дэмжиж, Засгийн газраас санаачлан боловсруулсан Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй нэгтгэн хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
- Засгийн газрын 2011 оны 9 дүгээр сарын үйл ажиллагааны мэдээллийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар танилцууллаа. Тайлант хугацаанд Засгийн газар 6 удаа хуралдаж, 42 асуудал хэлэлцэн 16 асуудалтай танилцаж холбогдох шийдвэр гаргажээ. Үйл ажиллагааны товч мэдээллийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын www.cabinet.gov.mn цахим хуудасны “Засгийн газрын мэдээ, мэдээлэл, хуралдаан” булангаас үзэх боломжтой юм. Мөн хуралдаанаар иргэдээс энэ оны 3 дугаар улиралд Засгийн газарт болон төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагуудад ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн байдалтай танилцлаа.
- Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий гэрээний төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн зарчмын хувьд дэмжлээ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөх, дэмжигдсэн тохиолдолд гэрээнд гарын үсэг зурах бүрэн эрхийг олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар болов.
- “Баруун бүсийн эмчилгээ, оношлогооны төвийн үйл ажиллагааг сайжруулах” төслийн гүйцэтгэгчээр Бельги Улсын FSEкомпанийг үргэлжлүүлэн ажиллуулахаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Төслийн санхүүжилтийн хэлэлцээр байгуулах ажлыг шуурхай зохион байгуулахыг Сангийн сайд С.Баярцогтод даалгажээ. 6 сая еврогийн өртөг бүхий төслийн хүрээнд баруун бүс нутгийн иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээнд олон жил ашиглаж байгаа эмчилгээ, оношлогооны тоног, төхөөрөмжийг шинэчлэн сайжруулах юм.
- Усны экологи, эдийн засгийн суурь үнэлгээ, ашиглалтын зориулалтыг тооцох итгэлцүүрийг хавсралтаар баталлаа. Усны нөөцийн хэмжээ, чанар, хэрэглээний ач холбогдол, усны нөөцөд учирсан хохирлыг үнэлэхэд дээрх үнэлгээг мөрдөхийг холбогдох сайдууд, агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.
- Сүү, сүүн бүтээгдэхүүн, бялууны төрлийн үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалтыг хавсралтаар баталж, ирэх оны 1 дүгээр сарын 1-нээс мөрдөхөөр болов. Зохицуулалтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн зохион байгуулалтын арга хэмжээг дэс дараатай авч ажиллахыг холбогдох сайд, агентлагийн дарга нарт үүрэг болголоо.