Засгийн газрын ээлжит хуралдаан 2011 оны 2 дугаар сарын 23-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа
МОНГОЛ ТУУРГАТНЫ ХҮҮХДИЙН УРЛАГИЙН НААДАМ БОЛНО
Монгол туургатны хүүхдийн урлагийн III наадмыг 2011 оны 7 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болов. Наадмыг Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100, Ардын хувьсгалын 90 жилийн ойн хүрээнд зохион байгуулахаар хүүхэд, өсвөр үеийнхэн санал гаргасан байна. Энэ удаагийн наадамд ОХУ-ын Буриад, Тува, Саха, Халимаг, БНХАУ-ын Өвөр Монголын болон Шинжан Уйгарын Өөртөө засах орон, Эрхүү муж, Агийн тойрог зэрэг газар амьдарч байгаа 10-18 насныхан оролцоно. Мөн манай улсын аймаг, нийслэлээс шалгарсан 200 хүүхэд оролцох төлөвтэй байна.
Наадмын хөтөлбөрт хүүхдийн урлагийн нэгдсэн тоглолт, “Гайхам монгол урлаг”, “Ногоон дэлхийд амьдрах эрх” өдөрлөгүүд, “Монгол түмэн” тойрон бүжгийн баяр зэрэг арга хэмжээ тусгажээ. Монгол туургатны хүүхдийн урлагийн наадмыг 1994, 2006 онд манай улсын Засгийн газрын санаачилгаар зохион байгуулж байсан юм.
АЙЛЧЛАЛЫН ДҮНГ ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛД ОРУУЛНА
Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын Кувейт, Арабын Нэгдсэн Эмират Улсад хийсэн албан ёсны болон ажлын айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахаар болов. Ерөнхий сайд 2011 оны 1 дүгээр сарын 4-6-нд Кувейт Улсад албан ёсны, 8-10-нд АНЭУ-д ажлын айлчлал хийсэн юм.
Монгол Улсын Ерөнхий сайдын Булангийн орнуудад хийсэн айлчлал нь тус бүс нутгийн орнуудтай дээд, өндөр хэмжээний айлчлалуудын давтамжийг хадгалах, улс төрийн найрсаг харилцааг бататгах, санхүүгийн их чадавхитай Кувейт болон АНЭУ-аас манай улсад олгож байгаа зээл, тусламжийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт татах яриа хэлэлцээг урагшлуулах, тус бүс нутагт улс орноо таниулах, бүс нутгийн орнуудтай харилцаагаа бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болсон гэж манай тал үзэж байна.
Кувейтэд хийсэн айлчлалын үеэр Ерөнхий сайд С.Батболд тус улсын Эмир, Үе залгамжлах хунтайж нарт бараалхаж, Үндэсний ассамблейн даргатай уулзан Ерөнхий сайдтай нь албан ёсны хэлэлцээ хийсэн. Мөн Арабын Эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сан, Хөрөнгө оруулалтын агентлаг, Худалдаа, аж үйлдвэрийн танхим, Шинжлэх ухаан, судалгааны хүрээлэнгийн удирдлагуудтай уулзжээ. Айлчлалын үеэр Кувейттэй соёл, , боловсрол, шинжлэх ухаан,мэдээллийн салбарт 2011-2013 онд хамтран ажиллах хөтөлбөр, Мал эмнэлэг, хорио цээрийн салбарт хамтран ажиллах хэлэлцээр байгуулсан байна.
Ерөнхий сайд Монгол-Кувейтийн бизнес эрхлэгчдийн уулзалтад оролцон үг хэлэн айлчлалын дүнгийн талаар талууд хэвлэлийн хамтарсан мэдэгдэл гаргажээ. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд АНЭУ-д айлчлах үеэр тус улсын Дэд ерөнхийлөгч бөгөөд Ерөнхий сайд, Дубайн захирагч, Ерөнхий сайдын орлогч бөгөөд Дотоод хэргийн сайд, Абу Дабигийн Хөрөнгө оруулалтын газрын Удирдах захирал, Эмиратын Цөмийн эрчим хүчний корпорацийн гүйцэтгэх захирал нартай уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож, яриа хэлэлцээ хийв.
Эдгээр айлчлалын үеэр манай улсад хэрэгжүүлэх томоохон төслүүдэд дээрх орнуудаас зээл, тусламж авах, хөрөнгө оруулалт татах талаар тодорхой санал тавьсан байна. Мөн дээд, өндөр хэмжээний уулзалтуудын үеэр бүс нутгийн болон олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцож, байр сууриа танилцуулжээ.
ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨРИЙН ТӨСЛИЙГ ДЭМЖИВ
“Эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого” болон “Эрдэс баялгийн салбарыг 2012 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр боллоо. Монгол Улсын нутаг дэвсгэрийн геологийн тогтцыг үе шаттайгаар судлан, эрдэс баялгийн сан хөмрөгийг баяжуулснаар, хариуцлагатай ил тод уурхайг хөгжүүлж, улмаар нэмүү өртөг шингэсэн, эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн цогцолборыг үе шаттайгаар байгуулах замаар Монгол Улсын эдийн засгийн чадавхийг дээшлүүлэх, үндэсний язгуур эрх ашгийг хангаж, ард түмний амьдралын чанарыг дээшлүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах, тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогын зорилго чиглэж байгаа юм.
Эрдэс баялгийн салбар нь Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэгч салбар бөгөөд эрхэм зорилтын хүрээнд тус салбарыг бүс нутгийн болон олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай байлгах, дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалтыг татах, хувийн хөрөнгө оруулалтыг дэмжих, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, ялангуяа зэс, цайр, хөнгөн цагааны баяжмалыг боловсруулж, цэвэр металл үйлдвэрлэх, алт цэвэршүүлэх, нүүрс, жонш боловсруулах, хар болон өнгөт төмөрлөгийн цогцолборыг үе шаттай хөгжүүлэх татвар, санхүү болон хууль эрх зүйн таатай орчин бүрдүүлэх зорилтуудыг хэрэгжүүлэх юм.
ОРОН СУУЦЖУУЛАХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг УИХ-аар батлуулсан. Засгийн газрын 2010 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 343 дугаар тогтоолоор энэхүү зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг дэмжин зохион байгуулалтын ажлыг эхлүүлээд байна. Гэвч “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд орон сууцжуулах ажлыг эрчимжүүлэх, нэгдсэн удирдлагаар хангах, салбар дундын харилцаа, төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллага хоорондын уялдааг шуурхай зохицуулах, зохих хөрөнгийн эх үүсвэр бүрдүүлэх шаардлагатай байгаа нь ажлын явцаас ажиглагдаж байна.
Иймд Ерөнхий сайдаас чиглэл өгсний дагуу улсын хэмжээнд орон сууцжуулах ажлыг эрчимжүүлэх, нэгдсэн удирдлагаар хангах, салбар дундын харилцаа, төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллага хоорондын уялдааг шуурхай зохицуулах, явцыг тухай бүр Засгийн газарт танилцуулж байх үүрэг бүхий Үндэсний хороог Шадар сайдаар ахлуулан байгуулахаар тогтов.
ҮЙЛДВЭРЛЭЛ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ЖУРМЫГ БАТЛАНА
“Сумдад үйлдвэрлэл хөгжүүлэх сангийн хөрөнгийн зарцуулалт, нөхөн бүрдүүлэлт, хяналтыг зохион байгуулах журам”-ын танилцуулгыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай Засгийн газрын хуралдаанд хийлээ. Сумдад үйлдвэрлэл хөгжүүлэх сангийн асуудлыг Засгийн газраас батлан хэрэгжүүлж байгаа “Монгол Улсыг үйлдвэржүүлэх хөтөлбөр”, Орон нутагт үйлдвэрлэл хөгжүүлэх чиглэл”, аймаг нийслэлийн хөгжлийн хөтөлбөр, сумдын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө зэрэг бодлогын хэрэгжилтэд чиглүүлэн, 2009-2010 онд ЖДҮ-ийг дэмжих хөнгөлөлттэй зээл олгох явцад бий болсон туршлагад тулгуурлан, зохион байгуулах журмыг Сангийн сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын хамтарсан тушаалаар батлан хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын багцад “Сумдад үйлдвэрлэл хөгжүүлэх сан” байгуулах, орон нутагт үйлдвэрлэл хөгжүүлэх зорилгоор 24 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр батлагдсан. Иймд “Сумдад үйлдвэрлэл хөгжүүлэх сан” бий болгож сум, дүүрэгт үйлдвэрлэл хөгжүүлэх төсөл арга хэмжээг сонгон шалгаруулж зээл олгох, сангийн хөрөнгийн зарцуулалт, нөхөн бүрдүүлэлт, хяналтыг зохион байгуулах журмын төслийг боловсруулжээ.
Сумдын болон сум хоорондын хэрэглэгчийн хэрэгцээ, үйлдвэрлэл явуулах боломж, нөөцийн судалгааг үндэслэн хүн амын тооноос хамааруулан 3000 хүртэл хүн амтай сумдад 50 сая төгрөг хүртэл, 3001-5000-хүн амтай сумдад 60 сая төгрөг хүртэл, 5001-10000 хүн амтай сумдад 75 сая төгрөг хүртэл, 10000 дээш хүн амтай сумдад 200 сая төгрөг хүртэл, нийслэлийн дүүрэг бүрт 200 сая төгрөгийн эх үүсвэрийг тус тус хуваарилаад байна.
ИРГЭД 17 МЯНГА ГАРУЙ ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ИРҮҮЛЖЭЭ
2010 онд төрийн захиргааны төв байгууллагуудад иргэдээс 17 814 өргөдөл, гомдол ирүүлсний 97.3 хувийг нь шийдвэрлэсэн байна. Иргэд гэр, орон сууцаар хангах, ажлын байртай болох, газар эзэмших, хөдөлмөр эрхлэх, зээл, мөнгөн тусламж, эмчилгээний зардал хүсч төрийн захиргааны төв байгууллагуудад ханджээ. Тэгвэл нутгийн захиргааны байгууллагууд иргэдээс 765840 өргөдөл, гомдол хүлээж авсан бөгөөд шийдвэрлэлт 98.3 хувьтай байна.
ТОВЧХОН
· Газрын тосны салбарын үйл ажиллагааны талаар Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Үүнтэй холбогдуулан “Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулга, “Газрын тосны салбарт төрөөс баримтлах бодлого, 2015 он хүртэлх үйл ажиллагааны үндсэн чиглэл”-ийн баримт бичгийн төслүүдийг эцэслэн боловсруулах ажлыг шуурхай зохион байгуулж, 1 дүгээр улиралд багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг сайд Д.Зоригтод даалгалаа.
· “Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн төслүүдийг дэмжиж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтов. Улс хоорондын шуудангийн илгээмжээр хувь хүний нэр дээр ирсэн, арилжааны шинж чанаргүй, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүнтэй барааг олон улсын нийтлэг жишгийн дагуу гаалийн татвараас чөлөөлөхөөр төсөлд тусгасан байна.
· Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Болгар Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталлаа