Сүхбаатарын Батболд Batbold Sukhbaatar

RSS Feed Facebook Twitter YouTube Wikipedia

Засгийн газрын ээлжит хуралдаан 2011 оны 6 дугаар сарын 29-ний өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргажээ

Нийтэлсэн: - 2011/06/29 20:05 - Мэдээ, мэдээлэл , Тайлан

7 ДУГААР САРЫН 9, 10-НЫ БЯМБА, НЯМ ГАРАГИЙГ АЖЛЫН ӨДӨР БОЛГОВ

Их Монгол Улс байгуулагдсаны 805 жил, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 90 жилийн ойн баярыг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлэх, иргэдэд ажил, амралтын цагаа зөв зохицуулах боломж бүрдүүлэх үүднээс 7 дугаар сарын 14-ний пүрэв, 15-ны баасан гарагийн ажлын өдрийг 7 дугаар сарын 9 болон 10-ны бямба, ням гарагийн амралтын өдөрт шилжүүлэхээр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ.

ТАВАНТОЛГОЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ЯВЦТАЙ ТАНИЛЦАВ

Тавантолгойн ордыг ашиглах хэлэлцээрийн явцын талаар Монгол Улсын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар нар Засгийн газрын хуралдаанд танилцуулав. Тэргүүн шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг Тавантолгойн төслийн хэлэлцээрийг амжилттай дуусгахын төлөө ажиллаж байна. Ингэхдээ Засгийн газар УИХ-ын 39, 40 дүгээр тогтоолыг үндсэн зарчим, удирдамжаа болгон  ажиллаж байгаа.

Мөн үндэсний хөгжлийн цогц бодлого, Засгийн газрын мөрийн хөтөлбөр, УИХ-ын 39, 40 дүгээр тогтоол, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж, Төмөр замд төрөөс баримтлах бодлогын баримт бичиг, Өмнийн говийн дэд бүтцийн хөгжлийн хөтөлбөр, Сайншандын аж үйлдвэрийн парк, Гадаад бодлогын үзэл баримтлалыг стратеги, бодлоготой уялдуулж байна. УИХ-ын 39 дүгээр тогтоолоор дамжин өнгөрөх тээвэр, угтуулан тавих нөхцөл, урьдчилгаа төлбөр, боомт ашиглалт, хөрөнгө оруулалт, борлуулалтын нөхцлийн талаар хэлэлцээ хийж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын оролцоотой нэгдсэн компани /консерциум/-ийг нээлттэй хэлбэрээр сонгон шалгаруулж, хөрөнгө оруулалтын гэрээний төслийг УИХ-аар хэлэлцүүлэх, бусад баримт бичгийн төслийг танилцуулахыг үүрэг болгосон.

Харин 40 дүгээр тогтоолын дагуу одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжид нийцүүлэх, нөөц ашигласны төлбөр, албан татварын тодорхой хэсгийг урьдчилан авах, шинээр барих эрчим хүч, авто болон төмөр зам, усан хангамж зэрэг дэд бүтцийн барилга, байгууламж, хот тосгон, нийгэм, соёлын асуудлыг шийдэх, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зарчим баримтлах, үндэсний боловсон хүчин бэлтгэх хөтөлбөр, төлөвлөгөөг тохиролцох, орчин үеийн шилдэг техник, технологи ашиглах ба байгаль орчны нөхөн сэргээлтийг бүх үе шатанд хэрэгжүүлэх, гадаад, дотоодын нэр хүнд бүхий компаниудын уул уурхайн салбарын туршлага, санхүүгийн чадамж, ирүүлсэн санал зэргийг харгалзан үзэхийг зарчим, удирдамж болгон ажиллаж байгаа юм.  

Энэ сонгон шалгаруулалтад дэлхийд тэргүүлдэг 15 оролцогч өрсөлдсөнөөс АНУ-ын Пибоди энэржи, БНХАУ-ын Шинхуа энэржи болон Мицуи компаниудын консерциум, ОХУ, Япон, БНСУ-ын консерциумын нэгдэл, Австрали-Швейцарийн Экстрата Коул, Бразилийн Валэ, Люксембургийн АрсэлорМитал гэсэн 6 оролцогч шалгарсан байна. Дээрх 6 оролцогчтой 18 удаа гэрээ, хэлцэл хийж явцын дунд 3 нь тунаж үлдээд байгаа тухай сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар хэллээ.

Засгийн газар Тавантолгойн ордыг дэлхийн хэмжээний нэр хүнд бүхий уурхай болгох, уурхайн аюулгүй ажиллагаа, хөдөлмөр хамгааллыг өндөр түвшинд хэрэгжүүлэх, байгаль орчин хамгаалах, нөхөн сэргээлтийг олон улсын стандартын түвшинд байлгах, нүүрсийг өндөр үнээр борлуулах, эцсийн хэрэглэгчид хүргэхийг зорилтоо болгож байна.

Иймээс ил уурхайн нүүрсний олборлолт хийх операторт тодорхой шаардлага тавьж байгаа юм. Тухайлбал ил уурхайд олон жил олборлолт хийсэн туршлагатай, тэргүүний техник технологи хэрэглэдэг, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, байгаль орчны нөхөн сэргээлтийн өндөр стратегитай, олборлолтыг бага өртөг зардлаар, үр ашигтай хийх илүү чадвартай, олон улсад нэр хүнд бүхий компани байх, монгол ажилчдад мэргэжил олгох цогц сургалтын хөтөлбөртэй байх зэргийг нь харгалзан үзнэ. 

Тиймээс оролцогч талуудтай хийж байгаа гэрээ хэлцэл амаргүй нөхцөлд үргэлжилж байгаа ч  Монгол Улсын Засгийн газар УИХ-аас өгсөн удирдамж, чиглэлийн дагуу өмнөө тавьсан зорилтоо биелүүлэхийн төлөө ажиллаж байна. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас Тавантолгойн ордыг ашиглах хэлэлцээрийн явцыг УИХ-д танилцуулах нь зүйтэй гэж үзлээ.   

БАЙГАЛЬ ОРЧИНД УЧРУУЛСАН ХОХИРЛЫН ХЭМЖЭЭ, УУРХАЙН ХААЛТ, НӨХӨН СЭРГЭЭЛТИЙН ЗАРДЛЫГ НӨӨЦ САНГААС ГАРГАНА

Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт алтны шороон ордын ашиглалтын үйл ажиллагаа явуулснаар байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээ, уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн зардлын хэмжээг тогтооход шаардлагатай 1 541 533 500 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо.

Үүнд тусгай зөвшөөрлийн талбай байршиж байгаа 12 аймгийн чиглэл тус бүрт гарах жишиг зардал, энэ жишиг зардлын дагуу хуулиар хориглосон бүс дэх алтны шороон ордын 246 тусгай зөвшөөрөлтэй талбай тус бүрт байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээ, уурхайн хаалт, нөхөн сэргээхэд шаардлагатай хөрөнгө багтсан байна. Шаардлагатай зардлыг байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагуудаас ирүүлсэн үнийн саналын дагуу Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний комиссын хурлаар хэлэлцжээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ГАМШГААС СЭРГИЙЛНЭ

Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн байна. Үүнтэй холбогдуулан гамшгийн аюулын эрт зарлан мэдээлэх тогтолцоог сайжруулахад шаардлагатай 11.6 тэрбум төгрөгийг гадаадын зээл, тусламж, хөтөлбөрийн хүрээнд, хотын барилга, байгууламжийн газар хөдлөлтийн тэсвэртэй байдлыг шалгах, үнэлэлт хийх нүүдлийн станц шинээр авахад хэрэгтэй 1.9 тэрбум төгрөгийг салбарын сайдын төсвийн багцад тусгахаар боллоо.

Гамшгийн аюулыг эрт зарлан мэдээлэх, сэрэмжлүүлэх тогтолцоог сайжруулах, олон нийтийн болон орон сууцны барилга, байгууламжийн газар хөдлөлтийн тэсвэртэй байдлыг шалгах, үнэлэлт өгөх ажлыг шуурхайлж, хэрэгжилтийн явц, үр дүнг ирэх оны 1 дүгээр сард танилцуулахыг холбогдох сайд, албан тушаалтанд даалгажээ.

Гамшгийн аюулыг эрт зарлан мэдээлэх зорилгоор нийслэлийн гудамж, талбайд дуут 60 цамхаг суурилуулж, газар хөдлөлтийн идэвхтэй бүс болох Дундговь аймгийн Дэрэн, Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Булган аймгийн Могод суманд газар хөдлөлтийн бүртгэлийн сүлжээ станц байгуулна. Мөн үүрэн холбоо болон телевизийн тус бүр 4, Эф Эм өргөн нэвтрүүлгийн 3 байгууллага, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, стратегийн ач холбогдолтой үйлдвэрүүдийг төв системд холбохоор төлөвлөжээ.

Ингэснээр газар хөдлөлт, үер, гал түймэр, үйлдвэрлэлийн ослын үед төв удирдлагын системээс сэрэмжлүүлэг мэдээг телевиз, радио, дуут дохиоллын цамхаг, үүрэн холбооны оператор зэрэг бүхий л дамжуулан иргэдэд хүргэх юм. Барилга, байгууламжийн газар хөдлөлтийн тэсвэртэй байдлыг шалгаж байгаа ажлын явцын талаар Засгийн газрын хуралдаанаар мөн хэлэлцлээ.

Энэ онд 42 барилгыг шалгаж, үнэлэлт өгч паспортжуулах бөгөөд эхний шатанд 20, үүнээс 8 барилгад иж бүрэн судалгаа явуулаад байна. Цаашид энэ ажлыг эрчимжүүлэхийн тулд хэмжих багаж, хэрэгслийг худалдан авахад шаардлагатай 1.9 тэрбум төгрөгийг салбарын сайдын төсвийн багцад тусгах нь зүйтэй гэж үзэв хэмээн Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.  

ЕРӨНХИЙ САЙДЫН ТОМИЛОЛТЫН МӨРӨӨР ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТЛАВ

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнгөрсөн 5 дугаар сард Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт албан томилолтоор ажилласан билээ. Энэ үеэр орон нутгийн удирдлага, иргэдээс тавьсан санал, хүсэлтийг үндэслэн 24 зүйл бүхий хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Тухайлбал Төв аймгийн Угтаалцайдам суманд 36 мянган тонн үр тарианы элеватор байгуулах, Жаргалант сумын 23, Борнуур сумын 7.8 км хатуу хучилттай зам тавих ажлыг эхлүүлэхээр төлөвлөгөөнд тусгасан байна.

Мөн Хэнтий аймагт дулааны цахилгаан станц барих хөрөнгийг шийдвэрлэх, хатуу хучилттай зам тавих, 1 дүгээр сургуулийн барилгын засвар, Өлзийт тосгоны хүн эмнэлгийн автомашин, тоног төхөөрөмжийг шинэчлэх зэрэг томоохон ажил хийх юм. Тэгвэл Сүхбаатар аймгийн 640 хүүхдийн сургуульд урлагийн болон биеийн тамирын заал, 200 хүүхдийн дотуур байр, 50 ортой төрөх эмнэлэг барьж, Өндөрхаан-Баруун-Урт, Баруун-Урт-Бичигт боомтын чиглэлд хатуу хучилттай зам тавьж эхлэхээр төлөвлөөд байна.

Дорнод аймгийн хувьд шинээр барьж байгаа Хүүхдийн паркдаа тоглоом худалдан авах, цэцэрлэгт хүрээлэн байгуулахад 500 хүртэл сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх, Хан-Уул цогцолбор сургуулийн 640 хүүхдийн хичээлийн байрыг өргөтгөхөд шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэх зэрэг хүсэлтийг Ерөнхий сайдад тавьсныг хийх ажлын төлөвлөгөөнд тусгажээ. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнгөрсөн онд зүүн гурваас бусад аймагт ажилласан. Үүний мөрөөр хийх ажлын төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталж, хэрэгжүүлж байгаа.

2010 оны жилийн эцсийн байдлаар төлөвлөгөөнд тусгасан 99 арга хэмжээ 70 гаруй хувийн биелэлттэй байна. Бусад нь хэрэгжих шатандаа буюу судалж, төсвийн тодотгол, гадаадын төсөл, хөтөлбөр гээд санхүүжилтийн бусад эх үүсвэрт хамруулахаар холбогдох яамд ажиллаж байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

“ЯЛТАН ШИЛЖҮҮЛЭХ ГЭРЭЭ”-Г УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ

“Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, БНХАУ хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл”-ийг УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж Засгийн газрын хуралдаанаас үзлээ. “Ялтан шилжүүлэх тухай” гэрээнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр талууд гарын үсэг зурсан юм.  Ингэснээр ял эдэлж байгаа иргэдээ эх орондоо авчрах, ялын төрөл, хугацааг бууруулах эрх мэдэл бүхий байгууллагын шийдвэрт хамруулах, эх орондоо нийгэмших, гэр бүл, ах дүү, хамаатан садантайгаа эргэлтээр ойрхон уулзаж байх зэрэг олон боломж бүрдэнэ гэж Засгийн газар үзэж байна.

Мөн хуралдаанаар гэмт хэрэгтэй тэмцэх талаар хамтран ажиллах тухай Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжив. 12 зүйлтэй энэ хэлэлцээрт талууд олон улсын террорист үйл ажиллагаа, хар тамхи, мансууруулах бодис, эм бэлдмэл болон сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус наймаа болон хууль бусаар хил нэвтрүүлэх, мөнгөн тэмдэгт, үнэт цаас хуурамчаар үйлдэх, мөнгө угаах, галт зэвсэг, сум, тэсэрч дэлбэрэх бодис, шатамхай зүйл, химийн хорт болон цацрагт идэвхт бодисыг хууль бусаар хил нэвтрүүлэх, хүнийг зохион байгуулалттайгаар хууль бусаар хил нэвтрүүлэх, тээвэрлэх үйл ажиллагааг зохион байгуулах зэрэг 11 төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллахаар тусгасан байна.

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛУУДЫН ХЭРЭГЖИЛТ 95 ХУВЬТАЙ БАЙНА

“Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн хүрээнд гаргасан Засгийн газрын “Жагсаалт батлах тухай” 325, 57 дугаар тогтоолын хэрэгжилт 95 хувьтай байна гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газар дүгнэжээ. Дээрх тогтоолуудаар аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх 101 зөвшөөрлийг хүчингүй болгож, 10 тусгай зөвшөөрлийг гэрээний үндсэн дээр төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэн, барилга барих зөвшөөрөл, баталгаажуулалтад гарын үсэг зурах албан тушаалтны тоог багасгасан юм.

Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Шадар сайдын өгсөн үүрэг, даалгаврын дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай”, “Ариун цэврийн тухай” хуульд орсон өөрчлөлтүүдийг төрийн байгууллагууд хэрхэн хэрэгжүүлж байгааг шалгасан байна. Шалгалтын дүнг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд хүчингүй болсон боловч Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас үргэлжлүүлэн олгох зайлшгүй шаардлагатай гэж дүгнэсэн зарим зөвшөөрлийн эрх зүйн орчин бүрдүүлэх талаар холбогдох арга хэмжээ авч, Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэг болголоо. 

  • Ховд аймгийн орон нутгийн төсвийн байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулахад зориулан 600 сая, Сүхбаатар аймгийн хөрөнгө оруулалтын санхүүжилтэд дутагдаж байгаа 635 сая төгрөгийн зээлийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр олгохоор болов. Зээлийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулж, энэ онд багтаан бүрэн буцааж төвлөрүүлэхийг Ховд, Сүхбаатар аймгийн Засаг дарга нарт даалгалаа.
  • Гашуунсухайт хилийн боомтын дамжин өнгөрөх автозам, барилгын ажлыг иж бүрнээр нь боомтын ерөнхий төлөвлөгөөний үндсэн шийдлийн дагуу эхлүүлэх, боомтуудын ерөнхий төлөвлөгөөг боловсруулах хөрөнгийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр санхүүжүүлэн, зураг төслийг нь яаралтай боловсруулах нь зүйтэй гэж Засгийн газрын хуралдаанаас үзлээ. Гашуунсухайт, Шивээхүрэн, Булган, Бургастай, Ханги, Бичигт боомтын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах зураг төслийн үнэ болох 1 тэрбум 190 сая төгрөгийг тухайн боомтуудад үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдээс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр санхүүжүүлэх саналыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам гаргаад байна.
  • Дипломат паспорт эзэмшигч иргэд харилцан визгүй зорчих тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Засгийн газар, дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар,  Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах нь зүйтэй гэж үзлээ. Хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Гадаад харилцааны дэд сайд Б.Болорт олгохоор болов.
  • Иргэн, эдийн засгийн чиглэлийн хуулиудын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах багц хуулийн төслийг дэмжиж, Засгийн газрын гишүүдийн саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.

Prime Minister S.Batbold

УИХ-ын гишүүн С.Батболд иргэд, сонгогч та бүхэнтэй тогтмол холбоотой ажиллаж, таны санал бодлыг өөрийн үйл ажиллагаанд тусгаж, харилцан мэдээлэл солилцож ажил­лахыг чухалчилж байна.

Бусад цахим хуудсууд

Шинэчлэлийг мэйлээр авах